Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/674

 

 

 

 

 

 

 

 

 

      2022         5            25                                      2022/ШЦТ/674

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Д.Эрдэнэчимэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.М, түүний өмгөөлөгч Н.Нямдорж,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ю.Батболд, Х.Даваахүү нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Эрдэнэчимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалт, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2103 00352 0073 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1997 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Санхүү Эдийн засгийн их сургуулийн 1 дүгээр курсийн оюутан, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн, урьд ял шийтгэлгүй,

/,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Toyota Crown-S210 маркийн 48-00 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 01 цаг 10 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Саппоро төвийн урд замд явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч С.Лыг мөргөж, эрүүл мэндэд хүн хохирол учруулсан, улмаар ослын газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 99 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирол төлбөртэй холбоотой баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Б.Б.

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлэн, түүний өмгөөлөгч нар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон болно.

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар нь улсын яллагчтай адил байр сууринаас оролцсон. 

 

            3. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд нь шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Toyota Crown-S210 маркийн 48-00 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон, улмаар 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 01 цаг 10 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Саппоро төвийн урд замд явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч С.Лыг мөргөж зам тээврийн осол гаргасан, улмаар хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйл баримт тогтоогдлоо.  

Энэ нь хохирогч С.Лын “...2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 01 цагийн орчим 1 дүгээр хорооллын Саппорогийн замын гарцаар дүү С.М, найз Б.Б нарын хамт замын гарцаар гарч байгаад зам тээврийн осолд орсон. Би нөгөө хоёроосоо 1 алхмын хойно хоцорч явсан юм. Гэтэл гэнэт машинд дайрагдан зам дээр 20 орчим метр зайтай шидэгдсэн байна лээ. Тухайн үед цочролд ороод ухаан орж гараад бодит байдал мөн эсэхийг ялгаж чадахгүй байна. Одоо бодоход дугарч ч чадахгүй болсон байснаа санаад байна. Тэгээд шууд гэмтлийн эмнэлэг дээр очоод шууд хагалгааны заалт өгсөн учраас хэвлий, хөндий, давсагны хагалгаанд орсон. Хэвлийн хөндийн хүнд хагалгаанд орсон тул тулгуур эрхтэн буюу хөлийн шагай болон аарцагны хагалгаанд ороогүй бөгөөд эмч нарын зөвлөгөөнөөр хэвтрийн дэглэм барих учир өөрөөр нь эдгээх зөвлөгөө өгсөн...” гэсэн мэдүүлэг /1хх65-68/,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Мын “...миний эгч С.Л нь осол гарсан өдрөөс хойш гэмтлийн болон Мөнгөнгүүр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад гараад одоогоор гэртээ эмчилгээ хийлгэж байгаа. Одоогоор байнгын хэвтрийн дэглэм сахиж байгаа учраас би хууль ёсны төлөөлөгчөөр оролцох хүсэлтэй байна. Жолооч Бийн аав нь эмнэлгийн төлбөрийг байнга төлөөд явж байгаа...” гэсэн мэдүүлэг /1хх74/,

- Гэрч Б.Бын “...тэгээд бид гурав гэртээ харихаар болоод Саппоро төвийн урд талд байрлах автобусны буудлын явган хүний гарцаар урдаас хойшоо чиглэлтэй зам хөндлөн гарч байсан чинь гэнэт түс хийх чимээ гарахаар нь би гайхаад эргээд хартал Л машинд мөргүүлчихсэн байсан. Тэгээд би Л машинд мөргүүлчихлээ гээд орилоод шоконд орчихсон...жолооч нь Лыг мөргөнгүүтээ шууд зугтаагаад явчихсан...” гэсэн мэдүүлэг /1хх18/, 

- Гэрч Б.Оы “...2021 оны 10 дугаар сарын 29-ний шөнө 00 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Саппоро автобусны буудал дээр өөрийн эзэмшлийн Nissan Sunny маркийн 24-08 УНУ улсын дугаартай авто машинтайгаа зогсож байсан. Тухайн үед би таксинд явж байсан. Тэгээд зогсож байтал нэг үл таних 3 эмэгтэй чанга чанга инээлдээд дуу дуулаад явж байсан. Тэгээд миний машины урдуур зам хөндлөн гарах гэж явж байгаад гэнэт л түс гэх чимээ гарахаар нь би гайхаад хартал нөгөө миний машины урдуур алхаж явсан 3 согтуу эмэгтэйн нэг нь цагаан өнгийн Crown маркийн 48-00 УБЧ улсын дугаартай автомашинд мөргүүлчихсэн байсан. Гэтэл тэр цагаан өнгийн Toyota Crown маркийн автомашин ослын газраас зугтаагаад явахаар нь би иргэний үүргээ биелүүлэн араас нь машинаараа очиж зогсоосон. Тэгээд би машинаас нь буулгах гэтэл хамаг гар хөл нь чичирчихсэн байсан...” гэсэн мэдүүлэг /1хх14/,

- шүүгдэгч Б.Бийн яллагдагчаар өгсөн “...найз нартайгаа уулзаад сууж байхдаа 2 шил пиво уучихсан юм. ...Саппорогийн автобусны буудлын наана байдаг явган хүний гарцаар 3 эмэгтэй хүн урдаасаа хойшоогоо гарцаар гарч байсан. Тэр хүмүүсийн хоёр нь гарцаараа гарсан харин нэг эмэгтэй нь гарцны голын хэсэгт үлдсэн. ... Тэгэхээр нь би за за зогсчихлоо гэж бодоод хурдаа нэмсэн. Гэтэл тэр эмэгтэй урдуур орж ирээд миний машины зүүн урд хэсэгт мөргүүлээд газарт унасан. Би шоконд ороод зогсохгүйгээр чигээрээ явсаар байгаад гэрийнхээ гадаа буюу Хархорин захын хажуугийн Хархорин хорооллын гадаа очоод зогстол намайг нэг жолооч дагасан байсан ба тэр дагасан жолооч над дээр ирээд ахын дүү чи хүн мөргөчхөөд зугтахаар өөрийгөө хэцүү байдалд оруулна. Одоо чи аав, ээжийгээ дууд гэж хэлсэн. Тэр жолооч аавын гар утасны дугаарыг аваад аавтай яриад дуудсан. Манай аав гэрээс гарч ирээд аавтай хамт ослын газарт очсон. Бид нарыг очиход мөргүүлсэн эмэгтэйг хүргэн аваад явсан байсан ба ээж эмнэлэг рүү явсан...” гэсэн мэдүүлэг /1хх220-221/,

- хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсныг тогтоосон шинжээчийн 1594 дугаар дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх5-11/, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

4. Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн объектив талын бүрэлдэхүүний шинж нь жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэл болон ашиглалтын шаардлага хангаагүй тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсоноос үүдэн осол гарсан, улмаар тухайн буруутай үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хуульд заасан хохирол учирсан байхыг шаарддаг.

Харин авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах гэмт хэргийн объектив тал нь зам тээврийн осол гаргаж авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтааснаар төгсдөг, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг хэрэг болно.

5. Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдэхдээ хохирогчид хүнд хохирол учруулж, мөн гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн бол гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамааруулан авч үздэг.

6. Шүүгдэгч Б.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй /1хх110/ боловч тухайн осол гарах үед 1.32 хувийн тоон үзүүлэлттэй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь тогтоогдсон. /1хх11/

7. Мөн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №10771 дугаар дүгнэлтэд “С.Лын биед давсагны ханын задрал, хэвлийн хөндийд 400мл цусан хураа, дух ясны зүүн хэсгээс доош зүүн духны хөндийн гадна дотор ялтас, зүүн нүдний ухархайн дээд хана дайран зүүн этмойд хөндий рүү үргэлжилсэн шугаман хугарал, духны болон этмойд хөндий дэх цусан хураа, дух, баруун шанаа, зүүн хөмсөгт шарх, баруун зүүн гуя, баруун зүүн шагайн үенд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу баруун гарын сарвуу, хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн осол гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12, 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /1хх31-33/,

8. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрийн 3.7-д заасан согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, 16.1-д заасан явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн үүргүүдийг шүүгдэгч Б.Б нь зөрчсөн, улмаар явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигчийг мөргөн, эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулсан, мөн гэмт хэрэг үйлдсэн /осолд холбогдсон/ даруйдаа тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх зэрэг мөн дүрмийн 3.5 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлээгүй, ослын газрыг зориуд орхин зугтаасан гэсэн улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

9. Иймд шүүгдэгч Б.Бийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчин согтуурсан үедээ, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн, улмаар ослын газрын зориуд орхин зугтааж мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.  

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

10. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй”, 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт “Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй” гэж тус тус заасан.

Шүүгдэгч Б.Б нь хохирогч С.Лын эмчилгээний зардалд 10.088.090 төгрөг төлсөн, мөн хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардал, хөдөлмөрийн чадвар алдсантай холбоотой цалин хөлсөнд нийт 43.328.160 төгрөг төлсөн болох нь талуудын тайлбар, бичгээр гаргасан хохирол төлсөнтэй холбоотой тооцоолол бүхий хүсэлт, мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тогтоогдож байна.

11. Иймд шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг төлсөн гэж дүгнэн, хохирогчийн хүнд гэмтэл учирсан нөхцөл байдлыг харгалзан цаашид гарах хор уршигтай холбоотой зардлыг нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдаж байна.  

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

12. Улсын яллагч эрүүгийн хариуцлагын хуралдаанд шүүгдэгч Б.Бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ял оногдуулах, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, ялыг нэмж нэгтгэх, зорчих эрхийг хязгаарлах хүрээг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр тогтоох санал, дүгнэлт гаргасан.

13. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгчөөс шүүгдэгчид хорихоос өөр төрлийн ял оногдуулах санал, дүгнэлт гаргасан бол, 

14. Шүүгдэгчийн өмгөөлөгч нар эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: шүүгдэгч нь гэм буруугаа анхнаасаа хүлээдэг, түүний хувьд их сургуулийн оюутан, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг төлсөн, айж цаашид гарах хор уршгийг арилгахаа илэрхийлж байгаа, айж сандарснаасаа болоод хэргийг  газрыг орхиж явсан зэргийг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ялыг доод хэмжээгээр оногдуулах дүгнэлт гаргасан.

 

15. Шүүгдэгч Б.Б нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас болгоомжгүйгээр зам тээврийн осол гаргасан, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн нөхцөл байдал тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэж, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

 

16. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон осол гаргасан байсан нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, хор уршгийг арилгасан байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг нь харгалзан үзлээ.

 

17. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ... хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ.

Мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн, эсхүл хорих ялын дээд хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн гэмт хэрэг үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй.” гэж заажээ.

 

18. Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн хувьд эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учруулсан хохирлоо төлсөн, хувийн байдлын хувьд их сургуулийн оюутан зэргийг харгалзан түүнийг нийгмээс тусгаарлах шаардлагагүй, түүнчлэн зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэх боломжтой гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Бийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тусад нь эдлүүлэхээр тогтоов.

 

19. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолохоор тогтоов.

20. Тэнсэж шийдвэрлэж байгаатай холбоотойгоор шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

21. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний 1100786 дугаар жолооны үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр шийдвэрлэсэн болохыг тус тус дурдав.

22. Мөн шүүгдэгч нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.

23. Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулдаг, мөн зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар мөн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэдэг болохыг шүүгдэгчид анхааруулж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар  зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчин согтуурсан үедээ, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн,

Мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

           

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Бийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж,

            Мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 3 /гурав/ сарын  хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг шүүгдэгчид хүлээлгэсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Хохирогч С.Л нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хор уршигтай холбоотой цаашид гарах зардлыг Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

 

8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний 1100786 дугаартай жолооны үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлж шийдвэрлэсэн болохыг тус тус дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

10. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР