Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/678

 

 

 

 

 

 

 

 

2022            5              30                                        2022/ШЦТ/678

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                   

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

нарийн бичгийн дарга: Д.Цэвэлмаа 

улсын яллагч: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Ундрах,

шүүгдэгч: М.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Мад холбогдох эрүүгийн 2108 02933 0819 дугаартай, 1 хавтас хэргийг 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1992 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороололд байрлах худалдааны төвд ачигч ажилтай, ам бүл 3, эх, зээ дүүгийн хамт урьд ял шийтгэлгүй,

/

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч М.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн оройн 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо Жавхлант төвийн үүдэнд “ахыг мөрлөсөн” гэх шалтгаанаар хохирогч Ж.Гомбо, З.Б нартай маргалдан тэдгээрийг зодож хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу 2 хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 606 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч М.М.

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаангүй болохоо илэрхийлэн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ дэмжиж оролцсон болно.

 

            2. Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч М.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн оройн 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо Жавхлант төвийн үүдэнд “ахыг мөрлөсөн” гэх шалтгаанаар хохирогч Ж.Гомбо, З.Б нартай маргалдан, тэдгээрийг цохиж зодсон үйл баримт тогтоогдлоо. 

Энэ нь хохирогч Ж.Гомбын “...Би 2021 оны 11 дүгээр сарын 15-ны орой 21 цаг өнгөрч байхад хуурай дүү Б найз охин Тийн хамт Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Жавхлант төвийн караокед ороод хүн болгон 3 шил нийслэл пиво ууж, дуулж байгаад 23 цаг өнгөрч байхад уг караокеноос гарахад саарал цамцтай ах нэг ахтай  маргалдаж байсан. Тэгэхээр нь би салгах гэж очоод “та хоёр боль, яагаад маргалдаад байгаа юм бэ” гэж хэлэхэд саарал цамцтай ах намайг барьж аваад зодоод эхэлсэн. Тэгэхэд “би яаж байгаа юм бэ, та хоёрыг салгах гэж ирж байхад” гэж хэлэхэд сонсохгүйгээр учир зүггүй зодоод байсан. Тэгээд би ухаан алдсан, нэг мэдэхэд цагдаа түргэн ирчихсэн байсан. Миний биед учирсан гэмтлийг М гэж хүн учруулсан, надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх11/,

- хохирогч З.Бын “...2021 оны 11 дүгээр сарын 15-ны орой 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Жавхлант төвийн 1 давхарт байрлах “DJ” гэх нэртэй караокеноос гарч явж байтал тус төвийн машин зогсоол дээр 2 эрэгтэй хүн бие биетэйгээ зууралдаад байж байсан. Тэгээд шар юм уу, ягаан өнгийн дан цамцтай нэг ах байсан бөгөөд тэр ах газарт хэвтсэн, нөгөө дээр нь байсан эрэгтэй хүн нь хар куртиктэй цэргийн гэмээр ногоон өнгийн өмдтэй, хар саравчтай малгайтай байсан. Тэгээд байж байтал манай эгч болох Ц.Т эгч “өө таньдаг ах байна, миний дүү туслаач” гэж хэлэхэд нь би очиж салгасан. Салгачхаад буцаад явж байтал нөгөө ах араас “гичий, пизда” гэж хараагаад байхаар нь би явж очоод барьж авах гэж оролдоход гар халтирсан. Яг тэр мөчид нөгөө хар саравчтай малгайтай, хар куртиктэй хүн зүүн гараараа миний зүүн нүдийг таллаж цохиход би доошоо тонгойход хэдэн удаа цохисны мэдэхгүй, ямартай ч нэлээн хэдэн удаа миний бие рүү цохиж байхад манай эгч дундуур орж салгаад эхлээд түргэн тусламж дараа нь цагдаа дуудаж ийшээ ирсэн. ...Баруун нүд, хацар орчим гараараа цохиж, миний биед хөнгөн хохирол учруулсан хүн хажууд нь явж байсан саарал өнгийн цамцтай байсныг л санаж байна. Тэрнээс өөрөөр ямар хувцас өмссөн гэдгийг санахгүй байна. Сүүлд сонсоход М гэх залуу Гомбо бид хоёрыг зодож, бид хоёрын биед гэмтэл учруулсан. Миний биед учирсан гэмтлийг саарал өнгийн цамцтай М залуу учруулсан...надад нэхэмжлэх зүйлгүй байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх23-27/,

- гэрч Ц.Тийн “...2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр найз Гомбо манай хуурай дүү Бын хамт 22 цагийн үед Жавхлант төвийн нэг давхрын караокед ороод Нийслэл нэртэй пиво тус бүр 3 шилийг уусан. Тэгээд бид гурав 23 цаг өнгөрч байхад уг караокеноос гарахад манай нэг танил ах хүнтэй зодолдоод байсан. Тэгэхээр нь бид салгаад аваад явъя гэж хэлэхэд манай найз залуу Гомбо, хуурай дүү Б нар очиж салгах гэхэд саарал цамцтай ах манай найз залуу, хуурай дүү хоёрыг зодсон...” гэсэн мэдүүлэг /хх33/,

- шүүгдэгч М.Мын яллагдагчаар өгсөн “...Би Ж.Гомбо, З.Б нарын биед хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа, бид нар сайн дураараа эвлэрсэн, би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, гэм буруугийн асуудалд маргах зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх82-84/, хохирогч нарын эрүүл мэндэд хохирол учирсныг тогтоосон шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

 

            3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 11387 дугаар шинжилгээний дүгнэлт хэсэгт “Ж.Гомбын биед хамар, уруулд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх44/,

Мөн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 11385 дугаар шинжилгээний дүгнэлт хэсэгт “З.Бын биед баруун зовхинд цус хуралт, хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх49/,

           

4. Хохирогч нарын биед учирсан дээрх хөнгөн хохирол нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогч нартай маргалдан нүүрэн тус газарт нь цохиж, зодсон үйлдлээс шалтгаалан үүсгэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

           

5. Шүүгдэгчийн хувьд энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

6. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

 

7. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч М.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

8. Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь улсын яллагчийн гаргасан ялын саналыг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлсэн болно.

 

9. Шүүгдэгч М.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэн нөхцөл байдалтай гэж дүгнэн, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.

11. Улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргасан байх бөгөөд шүүгдэгч М.М нь уг ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

12. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мыг 600 нэгж буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР