| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2018/00155/И |
| Дугаар | 00179 |
| Огноо | 2018-02-20 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 00179
| 2018 оны 02 сарын 20 өдөр | Дугаар 142/ШШ2018/00179 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин баг, Чандмань төвд байрлах Төрийн банкны Орхон салбар /РД/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Б.Ч-т холбогдох
“Зээлийн төлбөр 2 076 544.81 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Содмагнай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банкны Орхон салбар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зээлдэгч Бямбажав овогтой Чинзориг нь 2013 оны 08 сарын 14-нд Төрийн банкны Орхон салбарын Баян-Өндөр тооцооны төвөөс №1304/224 тоот зээлийн гэрээ байгуулан 11 000 000 төгрөгийн зээлийг жилийн 19,2 % хүүтэй, 36 сарын хугацаагаатай цалингийн зээл авсан. Зээлийн барьцаанд цалин болон өөрийн эзэмшлийн гэрийн тавилга эд хогшил, хөдлөх хөрөнгө, зурагт, хөргөгч зэргийг зээлийн барьцаанд тавьсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 3.2.3 3.2.5 заалтыг зөрчиж, зээлээ хуваарийн дагуу төлөхгүй удаа дараа шаардуулсаар байна. Банкны зүгээс 2017 оны 12 сарын 15-ны өдөр зээлээ төлөх гэрээний үүргээ биелүүлэх мэдэгдэл, 2017 оны 12 сарын 23-ны өдөр зээлийн гэрээний үүрэг биелүүлэх нэмэлт хугацаа олгох мэдэгдэл хүлээлгэн өгсөн. 2018 оны 01 сарын 12-ны өдөр зээлийн гэрээ цуцлах тухай мэдэгдэл өгсөн тул зээлийн гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг бүхэлд нь шаардаж байна. Зээлийн гэрээний дагуу 2018 оны 01 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар дор дурьдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Б.Чзээлийн үндсэн төлбөрийн өр 1 965 905,89 төгрөг, зээлийн хүүгийн өр 95 954,65 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14 684,27 төгрөг, нийт 2 076 544.81 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2013 оны 08 сарын 14-ны №1304/224 тоот зээлийн болон барьцааны гэрээнд заагдсан барьцаа хөрөнгөөр болон бусад хөрөнгөөр хангуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Б.Ч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “ Миний бие Б.ЧТөрийн банкны нэхэмжлэлтэй танилцсан болно. 2018 оны 03 сарын 25-наас сар бүр 150 000 төгрөгөөр төлөлт хийж зээлээ төлж барагдуулах болно. Нийт 2 076 544.81 төгрөгийг төлж барагдуулна. Би 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 11 цагт болох хурлын товыг хүлээж авлаа. Миний бие Говь-Алтай аймагт ажиллаж байгаа тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Иймд шүүх хуралдааныг намайг байлцуулахгүйгээр хийж өгнө үү” гэжээ.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банкны Орхон салбар нь Б.Ч-т холбогдуулан “зээлийн төлбөр 2 076 544.81 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч, өөрийгөө байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх талаар хүсэлт ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч, 2018 оны 03 сарын 25-наас сар бүр 150 000 төгрөгөөр төлөлт хийж зээлээ төлж барагдуулна, нийт 2 076 544.81 төгрөгийг төлж барагдуулна гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлсэн.
Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүсчээ. Уг гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 452 дугаар зүйлийн 452.1-д “зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно”, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч банк нь хууль болон гэрээнд зааснаар хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй байна.
Хариуцагч нэхэмжлэлийн үнийн дүн дээр маргахгүй, төлбөрийг 2018 оны 03 сарын 25-наас сар бүр 150 000 төгрөгөөр төлөлт хийж зээлээ төлж барагдуулна гэсэн тайлбарыг ирүүлсэн бөгөөд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрэх эрхгүй итгэмжлэл хийгдсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжгүй байна.
Нэгэнт хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч төлнө гэж байх тул нэхэмжлэлийн энэ хэсгийг хангах үндэслэлтэй. Харин барьцаат зээлийн гэрээнд нэрлэн заасан самсунг 31 инчийн зурагт, самсунг хөргөгч, нотбүүк, гэрийн бусад тавилгуудаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан. Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-д “барьцааны зүйлийг барьцаалагчийн эзэмшилд шилжүүлээгүй бол энэ хуульд заасны дагуу барьцааны мэдэгдлийг цахим мэдээллийн санд бүртгүүлснээр барьцаа баталгаажна” гэжээ.
Хариуцагчийн барьцаалуулсан хөдлөх хөрөнгүүд нь цахим мэдээллийн санд бүртгүүлсэн эсэх нь тодорхойгүй, нотлох баримтаар тогтоогдоогүй тул дээрхи барьцаа хөрөнгүүдийг баталгаажсан барьцаа гэж үзэх үндэслэлгүй байх ба, хариуцагч ажилгүй болсон тогтмол орлогогүй болох нь зохигчийн тайлбараар нотлогдсон. Тиймээс нэхэмжлэгчийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.
Иймд зээлийн үндсэн төлбөрийн өр 1 965 905.89 төгрөг, зээлийн хүүгийн өр 95 954.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14 684.27 төгрөг, нийт зээлийн гэрээний үүрэг 2 076 544.81 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар 48 175 төгрөг улсын орлогод оруулсныг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.Ч-оос 48 175 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заалаа.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Ч-оос 2 076 544.81 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Төрийн банкны Орхон салбарт олгосугай.
2. Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-д зааснаар хариуцагчаас үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 48 175 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 48 175 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА