Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/747

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, шүүгч М.Мөнхбаатар, Г.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга: Ц.Хонгорзул,

улсын яллагч: Б.Батсайхан,

иргэдийн төлөөлөгч: Э.С

шүүгдэгч Д.Ч, түүний өмгөөлөгч Л.С,

шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч А.О нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:  

 Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч нарыг эрүүгийн 00000000000 тоот хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.                            

              

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. И овогт Д-гийн Ч /РД:0000000/,

Монгол Улсын иргэн, ***** оны * дугаар сарын **-ны өдөр ****** аймагт төрсөн, ***настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “.......” ХХК-нд бетон зуурмаг шахагч помп машины туслах оператор ажилтай, ам бүл 2, эхийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 0 дугаар баг, Буур хээр, 0 дугаар хэсэг гудамж, 0 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Шинэ толгойт хорооллын 0-0 тоотод оршин сууж байгаа, урьд ял шийтгэлгүй, 

 

2. Б овогт Э-ийн Б /РД:000000/,

Монгол Улсын иргэн, **** оны *** дугаар сарын ***-ны өдөр *********хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, ........ ХХК-нд арматурчин ажилтай, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хороо, Орбитын 0-0 тоотод оршин сууж байгаа, урьд ял шийтгэлгүй,

 

Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/ :

Шүүгдэгч Д.Ч нь 2022 оны 0 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэр, Шинэ толгойт хорооллын 0-0 тоот гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Э.Б-тэй маргалдах явцдаа зүүн талын далан тус газарт хутгалж, эрүүл мэндэд цээжний зүүн хөндийд нэвтэрсэн шарх, цээжний зүүн хөндий дэх цусан хураа, хий хуралдалт, зүүн мөр, нуруу, зүүн бугалганд шарх буюу хүнд хохирол санаатай учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан

Шүүгдэгч Э.Б нь 2022 оны 0 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэр, Шинэ толгойт хорооллын 0-0 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Д.Ч-той маргалдах явцдаа хутгаар баруун газрын алганд зүсэгдсэн шарх буюу хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.                                  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч Д.Ч, Э.Б нар нь 2022 оны 0 дугаар сарын 15-ны өдөр тааралдан хамт архи ууж улмаар Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэр, Шинэ толгойт хорооллын 0-0 тоот Д.Ч-ийн гэрт очиж архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэцгээж 16-нд шилжих шөнө Э.Б нь Д.Ч-той маргалдсаны улмаас хутгаар далайж ноцолдох явцад түүний “баруун газрын алганд зүсэгдсэн шарх” учруулсан бөгөөд энэ үйлдлийнх нь улмаас Д.Ч нь Э.Б-ийн зүүн талын далан тус газарт 5-6 удаа хутгалж, эрүүл мэндэд “цээжний зүүн хөндийд нэвтэрсэн шарх, цээжний зүүн хөндий дэх цусан хураа, хий хуралдалт, зүүн мөр, нуруу, зүүн бугалганд шарх” буюу хүнд хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

 Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй нотлогдсон болно. Үүнд:

-Цагдаагийн байгууллагын 102 дуудлагын утсанд Д.Ч дуудлага өгсөн ба хүлээн авсан тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 4-5-р хуудас/,

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл: “...Хэрэг, зөрчил болсон газар нь Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Орбит Шинэ толгойт хорооллын 0 дугаар байрны 0 давхар 0 тоот айл өрх байх бөгөөд уг тоотод орж үзлэгийг явуулахаар тогтов. Ороход хохирогч Э.Б ар нуруу хэсэгт гурван тооны шархтай, биеийн байдал хүнд байсан түргэн тусламжийн эмчид хүлээлгэн өгөв. ...уг өрөөний үүдэнд хар өнгийн ууттай хогийн сав байх ба саван дотор нийт 28 см урттай ажлын хэсэг 18 см, бариул 10 см шаргал өнгийн бариултай, бариул дээрээ хоёр бэхэлгээ хадаастай хутга байсан шинжээч №58 гэж дугаарлан гэрэл зургийн аргаар бэхжүүлэн эд мөрийн баримтаар хураан авав. Уг хутга нь цус мэт зүйлээр бохирлогдсон байсныг тэмдэглэлд тусгав...” /1-р хавтаст хэргийн 6-7-р хуудас/,

-Хэргийн газрыг гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн байдал /1-р хавтаст хэргийн 8-10 хуудас/,

-Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтаст хэргийн 11-16-р хуудас/,

-Эд зүйлийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /1-р хавтаст хэргийн 22-р хуудас/,

-Д.Ч-ийн эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэлийг хуулбарлан авсан тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 23-26-р хуудас/,

-Э.Б-ийн өмсөж байсан хувцсыг гэрч Д.Э-с хүлээн авсан тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 33-р хуудас/,

-Хохирогч Э.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...архи талдаа орох үед бид 2 юунаас болсныг санахгүй байна гэнэт маргалдаж эхэлсэн. Тэгсэн чинь Ч томроод байхаар нь би ширээн дээр мах идэж байхад байсан хутгыг аваад Ч-ийг айлгах гээд баруун гараараа хутгыг авч далайсан чинь Ч-гийн гар зүсэгдсэн юм. Тэгсэн чинь Ч хутгыг буцааж аваад миний дал, ар нуруун тус газар олон удаа цохих шиг болоод халуун юм бас дагаж урсаж эхэлсэн. Тэгээд юу болсныг санахгүй ухаан алдаад сэрэхэд эмнэлэгт сэрсэн юм...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 47-49-р хуудас/,

-Хохирогч Д.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би хутгыг нь булааж авах гэж байгаад өөрийн баруун гараа 2 удаа зүссэн юм...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 55-р хуудас/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.-ын 2022 оны 0 дугаар сарын 23-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 0000  дугаартай:

1.“...Э.Б-ийн биед цээжний зүүн хөндийд нэвтэрсэн шарх, цээжний зүүн хөндий дэх цусан хураа, хий хуралдалт, зүүн мөр, нуруу, зүүн бугалганд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүр бүхий зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /1-р хавтаст хэргийн 57-59-р хуудас/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.Ч-ийн 2022 оны 0 дугаар сарын 23-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 0000  дугаартай:

1. “...Д.Ч-ийн биед баруун гарын алганд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр, хатгагдаж зүсэгдэх үйлдлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /1-р хавтаст хэргийн 92-93-р хуудас/,

-Шинжээч эмчийн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 173-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Шүүгдэгч Э.Б-ийн яллагдагчаар өгсөн: “...тэр хутгаараа миний ар дал, зүүн суга, зүүн гарын булчинд, зүүн мөрөнд цохих шиг болсон тэгээд би сэрэхэд эмнэлэгт сэрсэн юм...” гэж /2-р хавтаст хэргийн 23-24-р  хуудас/ мэдүүлж байсан,

Шүүгдэгч Д.Ч-ийн яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр би Б-гт өөрийнх нь гаргасан хохиролтой холбоотой эмчилгээний зардал болох 2,818,730 төгрөгийг өөрийн Хаан банкны 5111047062 дугаартай дансаар бүрэн шилжүүлж өгсөн. Мөн тэр өдөр Б надад миний гар утасны эвдсэн төлбөр 170,000 төгрөгийг шилжүүлж өгсөн...” гэж /2-р хавтаст хэргийн 32-33-р хуудас/ гэж тус тус мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хувийн байдлын хувьд Э.Б-ийн: иргэний үнэмлэхний лавлагаа /1-р дүгээр хавтаст хэргийн 250-р хуудас/, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /2-р хавтаст хэргийн 1-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тодорхойлолт /2-р хавтаст хэргийн 2-р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /2-р хавтаст хэргийн 3-р хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /2-р хавтаст хэргийн 4-р хуудас/, жолоочийн лавлагаа мэдээлэл /2-р хавтаст хэргийн 5-р хуудас/, дансны хуулга /2-р хавтаст хэргийн 6-15-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаарх лавлагаа /хавтаст хэргийн 93-96-р хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 118-р хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 119-р хуудас/, шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт /хавтаст хэргийн 120-р хуудас/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хавтаст хэргийн 121-р хуудас/, депозит дансны дэлгэрэнгүй лавлагаа /хавтаст хэргийн 122-128-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 175-р хуудас/,   

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Д.Ч-гийн:  иргэний үнэмлэхний лавлагаа /1-р дүгээр хавтаст хэргийн 183-р хуудас/, өд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /1-р дүгээр хавтаст хэргийн 184-р хуудас/, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /1-р дүгээр хавтаст хэргийн 185-р хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /1-р дүгээр хавтаст хэргийн 186-р хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /1-р дүгээр хавтаст хэргийн 187-р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /1-р дүгээр хавтаст хэргийн 188-р хуудас/, Бигүхан ХХК-ийн тодорхойлолт /1-р дүгээр хавтаст хэргийн 189-р хуудас/, депозит дансны дэлгэрэнгүй лавлагаа /1-р дүгээр хавтаст хэргийн 190-196-р эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р дүгээр хавтаст хэргийн 176-р хуудас/ зэрэг баримтуудын шинжлэн судаллаа.

 

Шүүгдэгч Д.Ч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгтээ: “...Б-тэй караокед таараад би манай гэр лүү явъя гэж хэлсэн. Манайд очоод хамт согтууруулах ундааны зүйл хэрэглээд хоорондоо муудалцсан байсан. Яг юунаас болж муудалцсанаа санахгүй байна. Нэг ухаан ороод хартал нүүр лүүгээ цохиулж, зодуулж байгаад сэрсэн. Б над руу хутга барьж дайрсан би хутгийг нь булааж аваад нуруу руу нь 2 удаа цохисон хутгалсан гэдгээ мэдээгүй. Тэр үед гэрлийн чийдэн хагарсан байсан учраас гэр харанхуй байсан. Б ёолоод хэвтэж байхаар нь утасныхаа гэрлийн тусаагаад харахад хутгаар хатгачихсан байсан. Би цагдаад дуудлага өгөхдөө түргэн тусламж дуудаад өгөөч гэж хэлсэн гэв.

 

Шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “...надад хэлэх зүйл байхгүй... гэж тус тус мэдүүлсэн.

 

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Ч-ын 2022 оны 0 дугаар сарын 23-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 0000  дугаартай дүгнэлтээр хохирогч /шүүгдэгч/ Э.Б-ийн амь насанд аюултай, гэмтлийн хүнд зэрэг тогтоогдсон бөгөөд П.Ч нь гэртээ Э.Б-ийн хамт согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ хэрүүл маргааны үндсэн дээр түүн рүү хутгаар цохиж буюу хутгалж улмаар дээрх гэмтлийг учруулсан нь хууль зүйн хувьд “шууд санаатай” үйлдэлтэй гэж дүгнэсэн болно.

Мөн түүнчлэн Д.Ч-ийн хувьд үйлдлийн шинж буюу арга барилын хувьд хүний амь нас эрүүл мэндэд аюултай арга болох хутга буюу зэвсгийг ашиглан дээрх гэмт хэргийг үйлдсэн байгаа нь хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн гэж үзэх үндэслэл болсон байна.

Шүүгдэгч Э.Б нь Д.Ч-той маргалдсаны улмаас Д.Ч-ийн гэрт хоол идэж байсан хутгаараа далайж, түүнийг нь эсэргүүцэн ноцолдох үед биед нь хөнгөн хохирол учруулсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.Чулуунсүхийн 2022 оны 0 дугаар сарын 23-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 0000  дугаартай дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд үйлдэл нь шууд санаатай гэж үзсэн.

Хэдийгээр Э.Б-ийн зүй бус, хуул бус үйлдэл болох Д.Ч руу хутга далайн улмаар биед нь халдан хөнгөн хохирол учруулсан үйлдлийн улмаас шүүгдэгч Д.Ч-ийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байх боловч хэргийн нөхцөл байдлаас хохирогч Э.Б-ийн довтолгоо төгссөн, Д.Ч-ийг хутгыг булаан авч, Э.Б ямар нэг үйлдэл гаргаагүй буюу цааш харан хэвтээ байдалтай байхад нь ар нуруу хэсэгт нь нэвтэрсэн шарх буюу хүнд хохирол учруулж хутгалсан нөхцөл байдал нь шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогдсон тул гэмт хэргийг үгүйсгэх болон өөр төстэй зүйл хэсэгт хамаарах шинж, нөхцөл байдал байхгүй гэж дүгнэсэн болно.

Иймд дээрх тогтоогдсон үйл баримтыг дүгнэхэд шүүгдэгч Д.Ч-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн”, шүүгдэгч Э.Б-гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангаж байх тул уг зүйл ангид заасан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож, тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч Д.Ч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд мэдүүлсэн тул шүүгдэгч Э.Б-гийг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

Харин хохирогч Э.Б эмчилгээний зардал 5,000,000 төгрөгийг гаргуулахыг хүсч байна” гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Гэвч Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1. “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж заасан бөгөөд хохирогчид бодит гарсан зардлыг төлөх үүрэгтэй хэдий ч хохирогчоос эмчилгээний зардлын баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болно.

Харин хохирогчид учирсан гэмтэл, эрүүл мэндийн байдлыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Э.Б нь гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдав.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “Шүүгдэгч Д.Ч-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Э.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгийн торгох ял тус тус оногдуулах саналтай байна. Шүүгдэгч Д.Ч-т оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч Э.Б-т оногдуулах торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тус тус саналтай байна. Шүүгдэгч Д.Ч, Э.Б нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч Д.Ч-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Э.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг хутга, нэг ширхэг цагаан өнгийн мааралыг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, Д.Ч, Э.Б нарын иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүй болохыг дурдаж байна” гэв,

 

Шүүгдэгч Д.Ч-ийн өмгөөлөгч Л.С: “...Д.Ч-ийн хувьд хийсэн хэрэгтэй гэмшиж байгаа. Хохиролоо нөхөн төлсөн. Хүн хутгалсан гэдгээ мэдээд өөрөө цагдаагийн байгууллага дуудаж, эмнэлгийн тусламж үзүүлсэн. Хохирогч ямар нэг гомдол санал байхгүй гарынх нь шарх эдгэрсэн. Энэ гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл нь Э.Б-ийн зүй бус үйлдэл нөлөөлсөн гэж харагдаж байна. Д.Ч-ийн хувьд гэртэй аваачиж хоол унд хийж өгсөн талаар яригдсан байдаг. Э.Б-ийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн нэг мэдэхэд дээрээс нь цохиж байсан, хутга бариад дайрсан, юунаас болж маргалдсанаа огт мэдэхгүй гэж байгаа. Цохиж зодсон зүйлээс болж ийм байдал бий болсон гэж харагдахаар байна. Хэн аль нь согтуу байсан, хохирлоо төлсөн бие биедээ гомдол саналгүй гэж байгаа. Шүүх хуралдаан дээр 5.000.000 төгрөг гаргуулна гэж байна одоогоор ямар нэрг баримт байхгүй байгаа. Иргэний журмаар нэхэмжлээд нотлох баримттай бол хохирол төлөхөд татгалзахгүй. Хэн аль гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан үзэж ялыг хөнгөрүүлэн өгөхийг хүсэж байна. Д.Ч-ийн хувийн байдлын талаар ээж болон ах нь мэдүүлэг өгсөн байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дараа хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт гаргаж байсан. Д.Ч-ийн хувьд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, хийсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж, учруулсан хохирлоо төлсөн. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 заасныг үндэслэн 3/2-оос багагүй ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч Э.Б-ийн өмгөөлөгч А.О: “...гэм буруу зөрчлийн хувьд маргаантай зүйл байхгүй байна.  Гэхдээ 2020.01.10-ны өдөр  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт санаатай учруулах гэдэг хэлбэрээр нэмэлт өөрчлөлт орсон байдаг. Хэрэгт цугларсан баримт, мэдүүлгүүдээс харахад санаатай гэж үзэх эргэлзээтэй ч юм шиг булаацалдаж байхдаа шүүгдэгч Д.Ч-т гэмтэл учирсан. Шүүгдэгч Э.Б-ийн хувьд гэмт хэрэг гаргахад нөлөөлсөн үйлдэл байгаа, гэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн үзэж нөхцөл байдлуудыг харгалзан үзэж 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял оногдуулж өгнө үү...” гэв.

 

Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: “... Д.Ч, Э.Б нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэж үзэж байна...” гэв.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Э.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”,

шүүгдэгч Д.Ч-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 “ гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” 1.4 “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тус тус тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Б-ийн хувьд / Үүр тел ХХК-нд арматурчин ажил эрхэлдэг, ам бүлийн хувьд эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг/ шүүгдэгч Д.Ч-ийн хувьд /“Бигүхан” ХХК-нд бетон зуурмаг шахагч помп машины туслах оператор ажилтай,  ам бүл эхийн хамт амьдардаг/ зэргийн дээрх нөхцөл байдлаас гадна тус тус харгалзан үзсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэж заасан.

 Иймд шүүгдэгч Д.Ч-ийн хохирол төлбөрийг бүрэн төлсөн гэж үзсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдлыг нь харгалзан дээрх зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар Д.Ч-т 3 жил 5 сарын хугацаагаар хорих  ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Харин шүүгдэгч Э.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 (долоон зуун мянган) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд тохирсон гэж үзэв.   

Шүүгдэгч Д.Ч-ийн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч Э.Б-т торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд 4, 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулбал зохино.

 

2.3. Бусад асуудлын талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг хутга, нэг ширхэг цагаан өнгийн мааралыг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, Д.Ч, Э.Б нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.0 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч И овогт Д-гийн Чигийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд,

              Шүүгдэгч Б овогт Э-гийн Б-гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай,   

         

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх  хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар Д.Ч-т 3 /гурав/ жил 5 /таван/ сарын хорих ял,

            мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-т 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 (долоон зуун мянган) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ч-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар Э.Б-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.  

 

          5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг хутга, нэг ширхэг цагаан өнгийн мааралыг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар устгах комисст даалгасугай. 

 

          6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоногггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

 

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Э.Б-т гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

          8. Шүүгдэгч Д.Ч-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

          9. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.0 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

          11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Д.Ч-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр тус тус үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.УРАНГУА

                 

                               ШҮҮГЧ                                    М.МӨНХБААТАР

 

                       ШҮҮГЧ                                    Г.МӨНХЗУЛ