| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
| Хэргийн индекс | 179/2022/0161/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/159 |
| Огноо | 2022-05-31 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Чанцалдулам |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 2022/ШЦТ/159
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд,
Улсын яллагч Г.Чанцалдулам,
Шүүгдэгч Д.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Дгийн Мэд холбогдох эрүүгийн 2238000000250 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Шүүгдэгч Д.М нь 2022 оны 04 дүгээр сарын 18-19-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Нисэхийн 620 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Ө.Бийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээс болж маргалдан зодож эрүүл мэндэд нь хамар, хамрын таславчийн хугарал, дух ясны баруун хөндийн гадна ханын цууралт, дух хоёр нүдний дээд, доод зовхи, хамар, хоёр хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний алимын салстад цус харвалт, хэвлийн зүүн хэсэгт цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2238000000250 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Д.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 04 дүгээр сарын 18-19-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Нисэхийн 620 тоотод “ах дүү нарыг минь өөлж илүү үзлээ” гэх шалтгаанаар эхнэр Ө.Бийн толгой, нүүр, хэвлий хэсэг рүү нь цохих, үсдэх зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндэд нь хамар, хамрын таславчийн хугарал, дух ясны баруун хөндийн гадна ханын цууралт, дух хоёр нүдний дээд, доод зовхи, хамар, хоёр хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний алимын салстад цус харвалт, хэвлийн зүүн хэсэгт цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Мийн өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Ө.Бийн өгсөн: “...Хөвсгөл аймгийн Алаг-эрдэнэ сумын Хатгал тосгоны төвд 2022 оны 04 дүгээр сарын 18-19-нд шилжих шөнө манай нөхөр болох Д.Мийн төрсөн дүү болох Ө нь нөхөр хүүхдүүдийн хамт манайд цагаан сараар ирээгүй гээд цай уухаар ирсэн. Манай нөхрийн дүү ах даа нэг шил архи авчирч өгсөн. Тэд нар хувааж ууж, би гэрт хүмүүс ирсэн болохоор нэг шил архи авч өгсөн. Архиа ууж дуусаад манайд ирсэн хүмүүс явсан. Би нөхрийн хамт гэртээ орондоо ороод амарч байтал манай нөхөр М нь гэнэт босож ирээд намайг бос гээд миний нүүр хэсэг рүү гараараа цохиж аваад чи манай ах дүү нарыг өөлж илүүд үзэж байдаг чи хэн юм гэж намайг зодож эхэлсэн. Миний биеийн хэвлий болон нүүр хэсэг, үснээс зулгааж цохиж авсан. Би цохиулсандаа болоод айгаад урдаас нь юу ч дуугарч чадаагүй, чи болиоч гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр намайг зодож цохиж байгаад унтаад өгөхөөр нь миний бие өвдөөд өглөө арай гэж нэг юм болгосон. Төрсөн дүү болох М руу утсаар нөхөр маань намайг өнгөрсөн шөнө зодлоо гэж хэлсэн манай дүү ирсэн тэгээд цагдаад өргөдөл гаргаж өгсөн ийм л зүйл болсон...Манайд Д.Мийн төрсөн дүү Ө нь ирсэн. Би Мийг эрүүл байхад нь танай дүү ирэхээрээ хүүхдүүдээ ч амраахгүй хэрүүл уруул хийж байхын чи яах гэж цуг архи уусан юм гэж хэлсэн. Тэр ч тийм уурлуулахаар ч зүйл болоогүй. Мийн дүү нь нөхөр хүүхдүүдтэйгээ явсан. Бид хоёр амрах гээд орондоо орсон. Тэгтэл намайг чи бос гээд манай ах дүү нарыг илүүд үзлээ гээд л намайг зодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 тал/,
Гэрч Ө.Мын өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 19-ний өглөө 07 цаг өнгөрч байхад утас дуугарсан. Тэгтэл миний төрсөн эгч Ө.Бийн дугаараас дуудлага ирсэн. Манай гэрт хүрээд ирээ, шөнө намайг нөхөр М зодчихлоо гэсэн. Би гэрт нь яваад очиход М нь гэрээсээ гараад зугтаасан. Манай эгч гэртээ нүүр болон хоёр нүдэн нь хөхөрсөн ажилдаа явж чадахааргүй боллоо гэсээр уйлсан сууж байсан. Би эгчээс юу болоод таныг М зодсон юм бэ гэхэд Мийн дүү нар нь ирж цайлаад архи уугаад дүү нар нь явсны дараа унтаж байхад гэнэт бос гэж ирээд намайг үсдэж аваад нүүр нүдгүй зодсон гэсэн. Би эгчийг цагдаад өргөдөл өг, тэгээд эмнэлэгт үзүүл гээд Мөрөн явсан...Заримдаа өөрөө нуугаад нүүр ам нь хөхөрсөн байхаар нь асуухад үхэр мөргөсөн юм гэх мэт нуудаг байсан. Тухайн үед нь цагдаад өг гэхээр өгөхгүй эвлэрээд М нь би дахиж тэгэхгүй гээд гуйгаад эвлэрдэг юм шиг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/,
Хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 4 дугаар сарын 26-ны өдрийн 247 дугаартай: “Ө.Бийн биед хамар, хамрын таславчийн хугарал, дух ясны баруун хөндийн гадна ханын цууралт, дух, хоёр нүдний дээд, доод зовхи, хамар, хоёр хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний алимын салстад цус харвалт, хэвлийн зүүн хэсэгт цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.....” гэх дүгнэлт /хх-ийн 23-24 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 тал/,
Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 31-33 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Д.Мийн гэм буруугаа хүлээж өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр миний төрсөн дүү болох Ө манайд цагаан сараар ирээгүй гээд золгуут хийж ирсэн. Манай дүү надад нэг шил архи өгсөн. Тэрийг хүргэн болон эхнэр Б нарын хамт хувааж уусан. Эхнэр мөн нэг шил архи гаргаж өгсөөд манайд ирсэн хүмүүс яваад би эхнэрийн хамт гэртээ үлдсэн. Би эхнэртэй чи манай дүү нарыг илүүд үзлээ гэж хэлээд шөнө эхнэртэйгээ маргалдаж эхнэр болох Бийн нүүр хэсэг рүү нь гараараа цохиж гэмтэл учруулсан. Миний буруу. Ийм л зүйл болсон. Манай эхнэр цагдаад өргөдөл гаргасан байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Ө.Б, гэрч Ө.М нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 247 дугаартай дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Д.Мийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Д.М нь
2022 оны 04 дүгээр сарын 18-19-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Нисэхийн 620 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ө.Бийг “ах дүү нарыг минь өөлж илүү үзлээ” гэх шалтгаанаар толгой, нүүр, хэвлий хэсэг рүү нь цохих, үсдэх зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндэд хамар, хамрын таславчийн хугарал, дух ясны баруун хөндийн гадна ханын цууралт, дух хоёр нүдний дээд, доод зовхи, хамар, хоёр хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний алимын салстад цус харвалт, хэвлийн зүүн хэсэгт цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай нь нотлогдож байна.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ө.Бийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Д.Мийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Гэр бүлийн хүчирхийллийн онцлог шинж нь хүчирхийлэл давтагдаж даамжирдаг, хүчирхийлэл үйлдэгч нь хяналтдаа байлгах зорилгоор хохирогчийг шүүмжлэх, доромжлох улмаар зодох зэргээр түүний бие махбод болон сэтгэл санаанд хохирол учруулсан идэвхтэй үйлдлээр илрэн гардаг байна.
Шүүгдэгч Д.Мийн үйлдэл идэвхтэй, хохирогч Ө.Бийн бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Шүүгдэгч Д.М гэм буруугийн талаар маргаагүй, түүний гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ө.Бийн бие, эрх чөлөөнд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх шинжийг агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар: Шүүгдэгч Д.Мийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохиролд хохирогч Ө.Б нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтыг ирүүлээгүй, хохирогч Ө.Б нь 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн: “Энэ хүн миний төлбөрийг барагдуулсан, хохиролгүй болгосон...санал, гомдол...” гэх өргөдөл /хх-ийн 49 тал/ авагдсан, шүүхэд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Д.Мийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Д.Мийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Мэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Мийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.Мэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.
Хавтаст хэргийн 35-41 талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн ажлын албаны тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2021 оны тооллого, ЦЕГ-ын хайлтын системийн Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Д.М нь ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Нисэхийн 620 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Д.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 88 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгдэгч Д.Мийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирол төлбөргүй, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, шүүгдэгч Д.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Д.М нь цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Дгийн Мийг.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх шинжтэй буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Дгийн Мийг 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мэд оногдуулсан 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Мэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт шүүгдэгч Д.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч санал, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН