Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баяраагийн Батаа |
Хэргийн индекс | 188/2022/0494/Э |
Дугаар | 2022/ШЦТ/488 |
Огноо | 2022-04-20 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Ж.Сувданчимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 2022/ШЦТ/488
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганболор, улсын яллагч Ж.Сувданчимэг, шүүгдэгч Ч.Т нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00534 0416 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Л овгийн Ч.Т, *** оны ** дугаар сарын **-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, “***” салонд үсчин ажилтай гэх, ам бүл дөрөв, эхнэр, хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг, *** тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, ** тоотод түр оршин суудаг, регистрийн дугаар: ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Ч.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 12-оос 13-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын ** тоотод Б.У-ыг “хөрш айлын хүн дуудаад байна, гаръя” гэснээс болж түүнтэй маргалдаж, улмаар ширээн дээр байсан шилэн стаканаар Б.У-ын уруул болон толгойн тус газарт цохиж, эрүүл мэндэд нь “дагзны хуйх, уруулд шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, Л овгийн Ч.Т, хохирогч Б.У нар нь 2022 оны 01 дүгээр сарын 12-оос 13-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын ** тоотод хамт согтууруулах ундаа хэрэглэж ууцгаасан байна. Тэр үед хажуу айлын хүмүүс маргаад шуугилдаад байхаар нь хохирогч Б.У шүүгдэгч Ч.Т-ыг “хөрш айлын хүн дуудаад байна, гаръя” гэхэд нь шүүгдэгч Ч.Т дэмий гээд дургүйцэж, улмаар тэд маргалдан шүүгдэгч Ч.Т хохирогч Б.У-ын уруул болон толгой руу шилэн аягаар цохиж, биед нь “...дагзны хуйх, уруулд шарх...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан” хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.
Тухайлбал, дуудлагын лавлагааны “2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын ** тоотод хоорондоо зодолдоод байна” гэсэн хуудас (хавтаст хэргийн 4 дэх тал), хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 5-8 дахь тал),
-хохирогч Б.У-ын “...Ч.Т нь манай эхнэр Ч.Н-ийн төрсөн дүү байгаа юм. 2022 оны 01 дүгээр сарын 12-ны орой гэртээ байж байтал Т архи уусан байдалтай, гаднаас 1 шил архи аваад орж ирсэн. Бид хоёр тэр авчирсан архийг нь гал тогооны өрөөнд уучхаад гараад хашаанд хамт дуулж байтал хөрш айлын бололтой хүн хашааны цаанаас “чимээгүй бай, унтаж амармаар байна” гэсэн. Т гэрт оръё гээд намайг дагуулж орохоор нь би “хамт гаръя, хөрш айлын хүн дуудаад байна” гэж хэлсэн. Т гарахгүй гэж надтай маргалдаж эхэлсэн. Тэгснээ Т ширээн дээр байсан ногоон өнгийн стакан аваад миний толгой болон уруул руу тус бүр нэг удаа цохисон......” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал),
-гэрч Ч.Н-ийн “...Ч.Т нь манай төрсөн дүү, харин Б.У нь манай нөхөр байгаа юм. 2022 оны 01 дүгээр сарын 12-ны орой 21 цагт дүү манай гэрт согтуу ирсэн ба ирэхдээ нэг шил Соёрхол нэртэй архи авч ирсэн. Тухайн үед манай гэрт У, манай бага хүү У.Т /2 настай/ бид гурав байсан. Манай дүү У-тай хамт гал тогооны өрөөнд авчирсан архиа ууж дуусчхаад байшингаасаа гарсан. Хашаан дотор сууж байхдаа тэр хоёр дуулаад суугаад байсан. Тэр хоёр нэлээн удаан сууж байгаад байшинд орж ирэхдээ “хажуу хөрш айл унтаач ээ, бид нар унтаж амармаар байна” гэж хэлсэн талаар ярьж орж ирсэн ба У дүүг “хамт гаръя, хөрш айл дуудаад байна шүү дээ” гээд байсан. Т “яах юм бэ” гэж байгаад хашаа руу гарчхаад буцаад орж ирсэн. Би тухайн үед нөгөө өрөөнд хүүхдээ хараад байж байсан. Тэгтэл У “гаръя, хөрш айлын тэндээс хүн дуудаад байна” гээд Т-ыг сандлаас татаж босгоод ноцолдсон ба би тэр хоёрт хандаж “гарч яах гээд байгаа юм бэ” гэж хэлчхээд нөгөө өрөө рүү орж хүүхдээ харж байтал гал тогооны өрөөнөөс чимээ гарахаар нь гал тогооны хаалгаа хаачхаад байж байтал дахиад чанга чимээ гарахаар нь гал тогооны өрөө рүү яваад ортол У газар унаад дээшээ хараад хэвтэж байсан... Цагдаа ирээд хартал манай нөхрийн уруулын доор язарсан мөн толгойн зүүн тал нь хагарсан байсан. Мөн хагарсан 1 ширхэг стакан ширээн дээр байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дахь тал),
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2184 дугаартай шинжээчийн: “...Б.У-ын биед дагзны хуйх, уруулд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл хурц ир ирмэг бүхий зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 29-30 дахь тал),
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 365 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн 77х52мм хэмжээтэй шилний хагархай хэсгээс 5 ширхэг, 62х60мм хэмжээтэй шилний хагархай хэсгээс 1 ширхэг, 57х35мм хэмжээтэй шилний хагархай хэсгээс 1 ширхэг, 55х35мм хэмжээтэй шилний хагархай хэсгээс 1 ширхэг гарын мөр илрүүлж, 42х25мм хэмжээтэй шилний хагархай хэсгээс 1 ширхэг, нийт 9 ширхэг гарын мөр илрүүлж бэхжүүлэв. Шинжилгээнд ирүүлсэн 70х25мм, 25x18мм хэмжээтэй шилний хагархай хэсгүүдээс гарын мөр илрээгүй. Шинжилгээнд ирүүлсэн шилний хагархай хэсгүүдээс илрүүлж бэхжүүлэн “4”, “5” гэж дугаарласан 2 ширхэг гарын мөр адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. “1, 2, 3, 6, 7, 8, 9” гэж дугаарласан 7 ширхэг гарын мөр адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй. Адилтгалын шинжилгээнд тэнцэж буй “4, 5" гэж дугаарласан 2 ширхэг гарын мөр санд MN003310004381 дугаараар бүртгэгдсэн Ч.Т-ын /Маягт 1-г хавсаргав/ баруун гарын эрхий хуруу болон баруун гарын алганы дардастай тохирч байна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 36-47 дахь тал),
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 729 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн хагарсан стакан, маарлаас цус илэрсэн. Илэрсэн цус нь хүний цус мөн. ДНХ-ийн бүтцийг тогтоов. Эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц илэрсэн...” гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 55-58 дахь тал) зэрэг нотлох баримтууд хэргийн бодит байдлыг тогтооход хүрэлцээтэй байв.
Түүнчлэн, шүүгдэгч Ч.Т нь яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Соёрхол нэртэй архи 1 шилийг, 1 лааз пиво аваад пивоо замдаа уугаад архиа бариад эгч Н-ийн гэрт очсон. Намайг очиход манай эгч Н, нөхөр У болон хүүхдийнхээ хамт байсан. Би У ахтай хамт архиа уугаад хашаанд нь гарч дуулж байгаад хөрш айлын хүн дуугүй бай гээд байхаар нь гэрт нь орсон. У ах намайг татаад, сандал дээр сууж байхад босгохоор нь миний уур хүрээд ширээн дээр байсан ногоон өнгийн стаканаар толгой болон уруул хэсэг рүү нь нэг удаа нийт 2 удаа цохиж гэмтээсэн...” гэж (хавтаст хэргийн 99 дэх тал) гэж мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй, хохирлыг бүрэн төлсөн...” гэж мэдүүлсэн нь улсын яллагчийн шинжлэн судалсан бусад нотлох баримтуудаар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг шүүхийн шийдвэрт яллах үндэслэл болгон үнэллээ.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ч.Т нь тусгай дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2184 дугаар дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч Ч.Т-ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Б.У-ын эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Шүүгдэгч Ч.Т-ын хохирогчийн толгой болон уруул тус газар шилэн аягаар цохисон үйлдэл болон хохирогч Б.У-ын биед учирсан дагзны хуйх, уруулд шарх бүхий хөнгөн зэргийн гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна. Харин гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн хувьд хохирогч шүүгдэгч нар ахуйн хүрээнд архидан согтуурч, улмаар хохирогч Б.У нь шүүгдэгч Ч.Т-ыг “гаръя” гэж сандлаас татаж босгох гэсэн үйлдлийн улмаас гэмт хэрэг гарсан байна гэж үзэв.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Ч.Т-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Б.У нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч Ч.Т-ыг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч: “...шүүгдэгч Ч.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн ял оногдуулах, уг оногдуулсан ялыг 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шилэн аяганы 7 ширхэг хагархайг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах саналтай байна. Мөн шүүгдэгч Ч.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.
Шүүгдэгч: “...тусгайлан гарах саналгүй...” гэв.
Шүүгдэгч Ч.Т тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийг улмаас бусдад төлөх төлбөргүй байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 70 дахь тал), эд хөрөнгийн лавлагаа (хавтаст хэргийн 71 дэх тал), 2009 оны 10,11 дүгээр сард нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 72 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 74 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 63 дахь тал), оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 73 дахь тал), Хаан банкны депозит дансны хуулга (хавтаст хэргийн 75-86 дахь тал), АСАП сангийн лавлагаа (хавтаст хэргийн 65-67 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Иймд улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ч.Т-ыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгыг хангана гэж үзэв.
Шүүгдэгч Ч.Т-т оногдуулсан зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялыг түүний орлогын хэмжээг харгалзан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан 90 хоногийн үндсэн хугацааг нэмэгдүүлж, дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоолоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн стаканы 7 ширхэг хагархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэх нь зүйтэй.
Битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Т нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Л овгийн Ч.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ч.Т-т зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Т-т оногдуулсан зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялыг дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.
4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ч.Т-т сануулсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн стаканы 7 ширхэг хагархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлсүгэй.
6.Битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Т нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ч.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА