Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/489

 

                             

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганболор, улсын яллагч Т.Мижиддорж (томилолтоор), хохирогч Д.Ш, шүүгдэгч С.Т нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00714 0385 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, С овгийн С.Т, ** оны ** дугаар сарын **-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, “**” ХХК-д борлуулалтын менежер ажилтай, ам бүл долоо, эцэг, эх, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: **, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч С.Т нь 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 3 дугаар автобусны буудлын орчим иргэн Д.Ш-ыг “машинаараа шахсан” гэдэг шалтгаанаар хутгалж, эрүүл мэндэд нь “зулайн хуйх, зүүн гарын алга, 3-р хурууны 1-р үенд зүсэгдсэн шарх, баруун шуунд хатгагдсан шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, С овгийн С.Т нь 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр эхнэр Ч.М-тэй хамт машинтай явж байх үед хохирогч Д.Ш нь машинаараа урдуур нь шахаж эргэснээс болоод машин жолоодож явсан Ч.М эсрэг урсгал руу орсон байна. Үүнээс болж шүүгдэгч С.Т уурлан эхнэртээ “араас нь дагаад яв” гэж хэлээд тэд хохирогч Д.Ш-ын араас нь хөөж очин Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 3 дугаар автобусны буудлын орчимд шүүгдэгч С.Т хохирогч Д.Ш-ын машины хаалгыг онгойлгон түүнийг гараараа цохиж, цаасны хутгаар баруун шуунд нь хатгаж, зүүн гарынх нь алга, дунд хурууг зүсэж, биед нь “...зулайн хуйх, зүүн гарын алга, 3-р хурууны 1-р үенд зүсэгдсэн шарх, баруун шуунд хатгагдсан шарх...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан” хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

    1. Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Тухайлбал, гэмт хэргийн талаарх дуудлага, мэдээлэллийг цагдаагийн байгууллагад хүлээж авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 4 дэх тал), хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 5-6 дахь тал),

-хохирогч Д.Ш-ын “...2022 оны 01 дүгээр сарын 23-ны орой 22 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 3 дугаар буудлын орчимд байдаг айлаас юм авахаар өөрийн эзэмшлийн *** улсын дугаартай Тоёота Аксио маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод ганцаараа явж байсан. Тахилтын 3 дугаар автобусны буудал дээр очоод юм авах гэж байгаа хүнийхээ гар утас руу залгаад утсаа чанга яригч дээр нь тавиад заалгаад явж байгаад очих гэж байгаа айлаасаа өөр айлын гудамж руу орсон байсан болохоор буцаж иргээд өөр гудамж руу орох гэхэд миний урдаас Приус 30 маркийн тээврийн хэрэгсэлтэй хүн зам хааж зогсоод жолоочийн эсрэг, урд талын хаалганаас нэг эрэгтэй хүн бууж ирээд миний машины хаалгыг онгойлгоод гараараа нүүрэн тус газарт олон удаа цохисон. Би нүүрээ дараад доошоо болоход миний гар болон толгой хэсэг рүү хатуу зүйлээр цохиод байхаар нь би юугаар цохиод байгаа юм бэ гэж хэлэхэд тэр хүн гартаа хутга барьчихсан надаас “юу байна” гэж асуусан. Тэр хүн надад гартаа барьсан хутгаа харуулсныхаа дараа миний гэдэс хэсэг рүү хутгаараа хатгах гэхээр нь би баруун гараараа хутгыг нь хаахад миний баруун гарын шуу хэсэг рүү нэг удаа хатгасан байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дэх тал),

-Гэрч Ч.М-ийн “...Тахилтын Буудай нэртэй дэлгүүрийн орчимд явж байхад дэлгүүрийн баруун талын уулзвараас цагаан өнгийн жижиг машин миний машины урдуур огцом дарж орж ирэхээр нь би мөн огцом торомз гишгээд  нөгөө талын урсгал руугаа дараад зогссон. Тухайн үед манай нөхөр архи уусан жаахан халамцуу байсан болохоор уурлаад “наадах чинь урдуур дарж орж ирээд зугтаад явдаг ямар овоо юм бэ, араас нь дагаад яв, хаа хүрэхийг нь харъя” гээд байхаар нь би тэр машины араас нь дагаад явсан. Тэр машин 122 дугаар сургуулийн баруун талаар нэг гудамж руу эргэж ороод буцаад миний урдаас эргэхээр нь би тэр машины урдаас тулж зогсоход манай нөхөр машинаасаа буугаад тэр залуутай хэрэлдээд хоорондоо цохилцоод байх шиг байсан. Би эхэндээ харж байгаад сүүлдээ машинаасаа буугаад нөхрөө явъя гэж хэлэхэд манай нөхөр машиндаа ирж суугаад бид хоёр гэр лүүгээ явсан,...Би нөхрийгөө юу барьж буусныг тухайн үедээ анзаарч хараагүй. Миний машинд хутга байгаагүй, цаасны хутга бол байсан. Манай нөхөр машинаас буухдаа тэр цаасны хутгыг л барьж буусан юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал),

 -Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2200 дугаартай “...Д.Ш-ын биед зулайн хуйх, зүүн гарын алга, 3-р хурууны 1-р үенд зүсэгдсэн шарх, баруун шуунд хатгагдсан шарх, баруун шуу, сарвуунд зулгаралт, баруун чамархайн урд хэсэг, зүүн хацар, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3үсэгдэж хатгагдсан шарх нь хурц ир үзүүртэй зүйлээр, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Зулайн хуйх, зүүн гарын алга, 3-р хурууны 1-р үенд зүсэгдсэн шарх, баруун шуунд хатгагдсан шарх нь тус тусдаа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь тус тусдаа эрүүл мэндийг сарниулахгүй тул 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 28-29 дэх тал) зэрэг нотлох баримтууд хэргийн бодит байдлыг тогтооход хүрэлцээтэй байв.

 

Шүүгдэгч С.Т яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...гэнэт урдуур дарж орж ирсэн машин дахиж бид хоёрын урд огцом зогсоод, тэгснээ хөдлөөд ТЭС шатахуун түгээх станц руу ороод зогссон. Тэгэхээр нь бид хоёр тухайн машины жолоочийг согтуу байж магадгүй гээд хойноос яваад очсон чинь 122 дугаар сургуулийн хажуу тал руу ороод зогсохоор нь би машин дотор байсан цаасны хутгаа аваад тухайн машин дээр очоод жолоочийг нь “чи яаж яваад байгаа юм бэ” гэж асуусан чинь тэр жолооч нь намайг хэл амаар доромжлоод байхаар нь би гараараа айлгах гээд далайсан чинь шууд миний гэдэс рүү гараараа цохисон. Тэгэхээр нь би гарт байсан цаасны хутгаар зулайн хуйх, зүүн гарын алга, баруун шуунд тус тус хутгаар хатгасан. Эхнэр салгаад аваад явсан...” (хавтаст хэргийн 39 дэх тал) гэж мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...Урьд нь мэдүүлэг өгөхдөө тухайн өдөр хохирогч гэнэт ирээд намайг зодсон гэдэг зүйл мэдүүлсэн нь өрөөсгөл байгаа. Хохирогчийн хойноос их хол дагаж явсан, сигнал дарсан, гэрлээрээ дохисон. Тэгээд “Тэс” шатахуун түгээх газарт ороод зогсохоор нь би уулзах гээд очсон хохирогч залуу машинаа хөдөлгөөд явсан. Тэгээд дахиж араас нь дагаад их явсан. Тэгсэн 122 дугаар сургууль тойроод гудам руу орохоор нь би араас нь очиж зогсоод ийм асуудал болсон, миний буруу. Тухайн үед миний уур бухимдал их төрөөд ийм асуудал гаргасан. Хохирлын хувьд мөрдөн байцаалтын шатанд байхад би хохирогч болон өмгөөлөгчтэй нь уулзахад надаас 4, 5 сая төгрөг нэхэмжилсэн учир одоог хүртэл төлөөгүй байгаа...” гэж мэдүүлсэн нь улсын яллагчийн шинжлэн судалсан бусад нотлох баримтуудаар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг шүүхийн шийдвэрт яллах үндэслэл болгон үнэллээ.

Мөн хохирогч шүүх хуралдаанд: “...Тухайн газрыг би сайн мэдэхгүй. Би хүнээс юм авах гээд явж байсан. Утсаар гэрийг нь заалгаад явж байсан. Тэгээд утсаар ярьж байсан хүндээ шатахуун түгээх газар байна гэж хэлсэн чинь “чи өнгөрөөд явсан байна” гэхээр нь би шатахуун түгээх газраасаа буцаж эргээд, нэг гудамж руу ороод явж байгаад дахиад нөгөө хүндээ блокон хашаа байна гэж хэлсэн чинь “буруу газар руу эргэчхэж” гэхээр нь буцаад эргэсэн чинь урдаас нэг хар машин хүрээд ирсэн. Би утсаа таслаагүй, яриад явж байсан. Тэгтэл урдаас ирсэн хар машинаас шүүгдэгч бууж ирээд, миний машины хаалгыг онгойлгоод учир зүггүй намайг цохиод байсан. Би яагаад байгаа юм бэ гээд асуусан чинь “чи яаж байгаа юм бэ” гээд намайг цохиод, би нүүр амаа дараад байж байтал нэг хатуу юмаар цохиод байх шиг байсан. Тэгэхээр нь би юугаар цохиод байгаа юм бэ гээд сандраад асуусан чинь гартаа хутга барьсан байсан. Мөн эхнэрийнх нь мэдүүлэг, Т-ийн мэдүүлэг зөрүүтэй байсан. Надтай утсаар ярьж, гэрээ зааж өгч байсан ах гарч ирээд миний утсаар цагдаа дуудсан. Учир нь би зодуулаад миний гар цус болсон байсан болохоор утасны код тайлагдахгүй байсан. Гэтэл тэр ахаас мэдүүлэг аваагүй байсан. Би энэ хэргээс болоод ажлаа хийж чадаагүй тул цалингаа төлүүлэх хүсэлтэй байна. Миний сарын үндсэн цалин 1,400,000 төгрөг, үүнээс листээр 276,550 төгрөг авсан. Мөн өмгөөлөгчийн зардлаа гаргуулмаар байна. Эхнэр маань намайг хараад ажилгүй байсан тул цалинг нь бас нэхэмжилж байна...” гэж мэдүүлэв.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч С.Т нь дээд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2200 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч С.Т-ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Д.Ш-ын эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүгдэгч С.Т-ийн цаасны хутгаар хохирогчийг хатгасан үйлдэл болон хохирогч Д.Ш-ын биед учирсан зулайн хуйх, зүүн гарын алга, 3-р хурууны 1-р үенд зүсэгдсэн шарх, баруун шуунд хатгагдсан шарх нь гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Хэдийгээр шүүгдэгч С.Т нь хохирогчийг гараараа нэг бус удаа цохисон үйл баримт байгаа боловч уг цохилтын улмаас үүссэн байж болох “баруун шуу, сарвуунд зулгаралт, баруун чамархайн урд хэсэг, зүүн хацар, баруун гуянд цус хуралт” гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэж шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч С.Т-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Хохирогч Д.Ш нь эмчилгээний зардалд 209,250 төгрөг, өмгөөлөгчийн хөлсөд 1,500,000 төгрөг, өөрийн ажилгүй байх хугацааны цалин болон эхнэрийнхээ асарч сувилсан хугацааны цалинг нэхэмжилсэн.

Үүнээс шүүх эмчилгээний зардал болох 209,250 төгрөг, хөдөлмөрийн чадвар түр алдсан 7 хоногийн цалингийн зөрүү 217,568 (үндсэн цалин 1,400,000-авсан цалин 905,882-тэтгэмж 276,550=217,568) төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, нийт 426,818 төгрөгийг шүүгдэгч С.Түвшинтөрөөс гаргуулахаар шийдвэрлэв.

Засгийн газрын 2018 оны 161 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “зөвхөн насанд хүрээгүй болон төлбөрийн чадваргүй хохирогч зайлшгүй шаардлагаар өмгөөлөгч авсан бол өмгөөлөгчийн хөлсийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцно” гэж заасан байдаг тул өмгөөлөгчийн зардлын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Шинжээчийн дүгнэлтээр хохирогч Д.Ш-д Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл учирсан, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэдгийг тогтоосон байх тул түүнд асаргаа зайлшгүй шаардлагатай байсан гэж шүүх үзэх боломжгүй юм. Иймд хохирогч Д.Ш нь асарч сувилуулсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээлээ.

Шүүгдэгч С.Т нь 5 минутын завсарлага авч шүүхээс тогтоосон 426,818 төгрөгийн хохирлыг хохирогч Д.Ш-д төлсөн байх тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

    1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...Шүүгдэгч С.Т-ийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шинж, ажил хөдөлмөр эрхэлж байгаа байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1350 нэгж буюу 1,350,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг оногдуулсан торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна...” гэв.

Шүүгдэгч: “...Мөнгөн дүнг нь багасгаж өгнө үү...” гэв.

Хохирогч: “...хэлэх саналгүй...” гэв.

    1. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч С.Т нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 51 дэх тал), эд хөрөнгөгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 53 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 32 дахь тал), оршин суугаа газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 54 дэх тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 52 дахь тэл), Хаан банкны депозит дансны хуулга (хавтаст хэргийн 57-74 дэх тал), ажлын газрын тодорхойлолт (шинээр гаргаж өгсөн) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн үл хөдлөх хөрөнгөгүй боловч эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой, оршин суух тодорхой хаягтай, гэр бүлтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй хувийн байдлыг тогтоов.

 Анхан шатны шүүх улсын яллагчийн дүгнэлт, шүүгдэгчийн саналыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т-ийг нэг мянга хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая хоёр зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгыг хангана гэж үзэв.

Шүүгдэгч С.Т-ийн цалин хөлс, орлогын хэмжээг харгалзан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан 90 хоногийн үндсэн хугацааг нэмэгдүүлж, нэг сая хоёр зуун мянган төгрөгөөр торгох ялыг дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоолоо.

    1. Бусад асуудлын талаар

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Т нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.С овгийн С.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т-д нэг мянга хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая хоёр зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т-д оногдуулсан нэг сая хоёр зуун мянган төгрөгөөр торгох ялыг дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай. 

4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.Т-д сануулсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Д.Ш нь асарч сувилуулсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг заасугай.

6.Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Т нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч С.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                   

 

ДАРГАЛАГЧ                                  Б.БАТАА