Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 0635

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,  

 

Нэхэмжлэгч: Ж.Г нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ж.Б холбогдох

 

зээлийн гэрээний үүрэгт 105,722,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Ж.Б, хариуцагчийн өмгөөлөгч Т.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.З нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Г2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 100,000 ам долларыг сарын 1.5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай Ж.Бд зээлсэн. Гэвч Ж.Б нь зээлийн эргэн төлөлтөд 56,600 ам долларыг л төлж, үүнээс өөр төлөлт хийгээгүй. Иймд 43,400 ам доллар буюу нэг ам долларыг 2,436 төгрөгөөр бодоход 105,722,400 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Бид хүү болон алдангийг нэхэмжлээгүй, зөвхөн үлдэгдэл төлбөрөө л хариуцагчаас гаргуулж авах хүсэлтэй байна гэжээ. 

 

Хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч Т.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн  гэрээ байгуулсан болон 100,000 ам долларыг нэхэмжлэгчээс авсан тал дээр маргахгүй. 56,600 ам долларыг буцаан төлсөн. Үлдэгдэл нь 43,400 ам доллар байгаа. Мөнгийг буцаан төлнө, нэхэмжлэлийг зөвшөөрч байна. Надад төлбөрийг төлөх хугацаа хэрэгтэй байна гэжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Гнь 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хариуцагч Ж.Бтэй “мөнгө зээлсэн гэрээ” байгуулан 100,000 ам долларыг сарын 1.5 хувийн хүүтэй, 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 3 сарын хугацаатайгаар зээлдүүлжээ. 

 

Хариуцагч дээрх зээлийн гэрээний дагуу 100,000 ам долларыг хүлээн авсан болон 56,600 ам долларыг буцаан төлсөн талаар зохигчид маргаагүй ба уг гэрээний дагуу нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний үүрэг үүссэн гэж шүүхээс үзлээ. 

 

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх тул нэхэмжлэгч Ж.Гнь хариуцагч Ж.Бгээс зээлийн гэрээний үлдэгдэл болох 43,400 ам долларыг шаардах эрхтэй. 

 

Иймд хариуцагч Ж.Бгээс 43,400 ам доллар буюу 105,722,400 төгрөг гаргуулах тухай Ж.Гэрэлхуягийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. 

 

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэг болох 43,400 ам долларыг хариуцагчаас буцаан шаардахдаа үүрэг үүсэх үеийн ханшаар тооцсон нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д “Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэж заасантай харшлахгүй. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Бгээс 105,722,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Г олгосугай.   

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 686,562 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Бгээс 686,562 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Гт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

   

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                 Н.ХАНГАЛ