Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Золзаяа |
Хэргийн индекс | 102/2019/01363 |
Дугаар | 001/ХТ2021/00234 |
Огноо | 2021-03-18 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 001/ХТ2021/00234
2021 03 18 001/ХТ2021/00234
........... ХХК-ний нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2019/01885 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 1648 дугаар магадлалтай,
........... ХХК-ний нэхэмжлэлтэй
...........д холбогдох
18 900 240 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Булганы гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батзориг, хариуцагч ..........., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ........... нь ........... ХХК-тай анх 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр БГ01 тоот Малын тэжээл зээлээр нийлүүлэх гэрээ байгуулсан. Уг гэрээгээр нийлүүлэгчээс борлуулагчид 20 000 000 төгрөг хүртэлх малын тэжээл зээлээр нийлүүлэх байсан бөгөөд хариуцагчийн зүгээс гэрээний барьцаанд Төв аймгийн Батсүмбэр сум, Мандал, 1 дүгээр баг, суврагийн задгай 1-4 Б хаягт байрлах 56 м2 талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ...........дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах 18629359098766 нэгж талбарын дугаартай 0.07 м2 газрыг тавьсан. Гэрээний дагуу нийлүүлэгчээс борлуулагчид нийт 14 удаагийн таталтаар 54 326 000 төгрөгийн тэжээл зээлээр нийлүүлсэн. Үүнээс хариуцагч нь 39 686 000 төгрөгийг буцаан төлсөн. Одоо 14 640 000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Гэрээний 5.4-т борлуулагч тал төлбөрийг хугацаанд нь төлж барагдуулаагүй тохиолдолд төлбөл зохих үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.3 хувийн торгууль ногдуулна гэж заасан. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу алданги нь 7 320 000 төгрөг болсон. Гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн нь 14 640 000 төгрөг, алданги 7 320 000 төгрөг, нийт 21 960 000 төгрөг болж байгаа. Иймд хариуцагчаас 21 960 000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан. Түүнчлэн төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 21 960 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагуудыг гаргасан. Гэвч нэхэмжлэгчийн зүгээс 21 960000 төгрөг гаргуулах шаардлагын хэмжээг дараах байдлаар багасгаж байна. Үүнд: 1.Талуудын байгуулсан гэрээний 2.1 дэх хэсэгт зааснаар гэрээний хугацаа 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр дууссан. Гэрээний 5.4-т зааснаар алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн буюу 14 640 000 төгрөгөөс тооцогдоно. Ийнхүү тооцоход 14 640 000 төгрөгийн нэг өдрийн алданги нь 43 920 төгрөг болно. 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл тооцоход 97 хоног болно.Хариуцагчийн нийт төлөх ёстой алданги нь 4 260 240 төгрөг болж байна. Ийнхүү тооцож үзэхэд хариуцагч нь үндсэн төлбөр 14 640000 төгрөг, алданги 4 260 240 төгрөг, нийт 18 900 240 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх ёстой. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал 3 059760 төгрөгт холбогдох хэсгээсээ татгалзаж, үлдэх 18 900 240 төгрөгийг хариуцагчаас шаардаж байгаа. Харин нэхэмжлэгч тал барьцааны зүйл болох газар, үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаа бүрэн дэмжиж байгаа. Нэхэмжлэлд дурдсанчлан хариуцагч ........... нь 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн нийт 54 326 000 төгрөгийн тэжээлийг хүлээн авсан ба үүнээсээ 39 686 000 төгрөгийг буцаан төлсөн. Хамгийн сүүлд 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр төлбөр төлөлт хийсэн. Үүнээс хойш нэг ч удаа төлбөр төлөөгүй. Хариуцагчид төлбөрөө төлөхийг удаа дараа сануулж байсан ч төлбөрөө огт төлөхгүй байсан учир бид аргагүйн эрхэнд шүүхэд хандсан гэжээ.
Хариуцагч ........... шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2015 оны 12 дугаар сараас эхлээд ........... ХХК-ийн рапсны шахмал тэжээлийг борлуулж эхэлсэн бөгөөд олонд танигдаагүй дээрх тэжээлийг өөрийн нөөц бололцоог дайчлан олонд таниулж зах зээлд борлуулж байсан. Гэтэл 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр миний түрээсэлж ажиллуулдаг байсан түрээсийн байранд өөрийн буруугаас болж гал гарч тэжээл болон эм бэлдмэл гэх мэт эд зүйл шатаж нийт 60 000 000 төгрөгийн хохирол учирч ажилд маань доголдол үүссэн. Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд н.Өлзийбат гэж хүнд 5 тн буюу 125 ширхэг нийт 4 375 000 төгрөгийн тэжээл өгөөд одоо болтол авч чадаагүй. Дээрх хүн Солонгос улс яваад ирэхгүй байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, партизанд тэжээл борлуулж байсан. Д.Мандах 3 339 000 төгрөгийн тэжээлийн дутагдал үүсээд одоо Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж байна. Иймд дээрх 14 640 000 төгрөгийг өдий болтол өгч чадахгүй явж байна. Дээрх компанийн нэхэмжилсэн 14 640 000 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Харин алданги 7320 000 төгрөгийг зөвшөөрөхгүй. Учир нь үйлдвэрийн үнэ 1 уут нь 35 000 төгрөг бөгөөд би цааш нь 36 500 төгрөгөөр борлуулдаг. Мөн Төв аймгийн Батсүмбэр сум Улаанбаатар хотоос 80 км байдаг. Иймд унааны зардал зөрүү 1 500 төгрөг тээврийн зардал, ажилчдын хөлс гэх мэт хүрэхгүй надад ашиг гардаггүй. Иймд эвлэрүүлж үндсэн төлбөр болох 14 640 000 төгрөгийг 2019 оны 11 дүгээр сард барагдуулахаар шийдвэрлэж өгнө үү. Дээрх тэжээлийг хувиас ч төлбөрийг нь төлөөд сурталчлуулж байсан гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Булган шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлд дурдсан үйл баримт болон үндсэн нэхэмжлэлийн тооцоололтой маргахгүй. Харин нэхэмжилж буй алдангийг зөвшөөрөхгүй. Учир нь талуудын байгуулсан гэрээний 2.1-д энэхүү гэрээний хүчинтэй хугацаа нь 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийг дуустал 1 жилийн хугацаатай байна, 2.2-т Гэрээний хугацаа дуусахад талууд гэрээ цуцлах санал гаргаагүй, үүргээ гүйцэтгэсээр байгаа бол гэрээг 1 жилээр сунгасанд тооцож, хүчин төгөлдөр байгаад тооцно, 2.3-т талууд гэрээг цуцлах саналаа 7 хоногоос доошгүй хугацааны өмнө нөгөө талдаа бичгээр мэдэгдэж төлбөр тооцоо дууссаны дараа гэрээ цуцлах акт үйлдэнэ гэж заасан. Нэгэнт нэхэмжлэгчийн зүгээс албан ёсоор гэрээ цуцлах санал тавиагүй, гэрээний хугацаа сунгагдсан байгаа учир гэрээний хариуцлага болох алдангийг нэхэмжлэгч тал шаардах эрхгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч тал хариуцагчид гэрээ цуцлах талаараа бичгээр мэдэгдээгүй, манайд ямар нэг байдлаар мэдэгдээгүй. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан шаардлагуудын зарим хэсгийг нь зөвшөөрөхгүй байна гэжээ.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2019/01885 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч ...........гээс 16 770 120 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ........... ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 130 120 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ........... нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын ...........дугаарт бүртгэлтэй, Төв аймаг, Батсүмбэр сумын 1 дүгээр баг, Мандал хаягт байршилтай, 56 м2 талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаас 18629359098766 нэгж талбарын дугаартай, 0.07 м2 хэмжээтэй газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 337 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ...........гээс 241 801 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 1648 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2019/01885 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 49 032 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Булган хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд: Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн алданги нэхэмжилсэн 4.260.240 төгрөгийн шаардлагын зарим хэсгийг буюу 2.130.120 төгрөгийг ханган шийдвэрлэсэн бөгөөд үүнийг нийслэлийн давж заалдах шатны шүүх зөв шийдвэрлэсэн байна хэмээн хэвээр үлдээж шийдвэрлэсэн билээ. Хариуцагчийн зүгээс дээрх шүүхийн шийдвэрүүдийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь хариуцагчийн зүгээс алдангийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд үндэслэл нь талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу барааг хэзээ зарж дуусгаад хэзээ төлбөрийг шилжүүлж байх талаар тодорхой заалт байхгүй, тодруулбал хэзээ зарагдаж дууссан-барааны мөнгийг хэзээнээс шилжүүлэхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа, энэ нь гэрээний ямар заалтыг хэрхэн зөрчсөн эсэх талаар тодорхойгүй байхад мөн түүнчлэн гэрээний хугацаа дуусаагүй, үргэлжилж байхад алданги нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байгааг үл харгалзан алданги нэхэмжилсэн шаардлагыг ханган шийдвэрлэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн хэмээн үзэж гомдож байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176.2.2-т зааснаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн алданги нэхэмжилсэн 2.130.120 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч ........... ХХК нь хариуцагч ...........д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 14 640 000 төгрөг, алданги 7 320 00 төгрөг, нийт 21 960 000 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах нэхэмжлэл гаргасан ба мөнгөн төлбөр гаргуулах нэхэмжлэлээ багасгаж 18 900 240 төгрөг болгожээ.
Анхан шатны шүүх хариуцагчаас 16 770 120 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, барьцааны зүйлээс үүргийг хангуулах нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаад, хэвээр үлдээсэн байна.
Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргааны талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, маргаантай харилцааг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.
Нэхэмжлэлийн үндэслэл болсон талуудын байгуулсан 2018 оны 01 сарын 08-ны өдрийн гэрээг худалдах-худалдан авах гэрээ, гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцжээ.
Гэрээний үүргийг хангуулахаар талууд барьцааны гэрээ байгуулсан, барьцааны зүйлээс эрхийн улсын ...........дугаарт бүртгэлтэй, Төв аймаг, Батсүмбэр сумын 1 дүгээр баг, Мандал хаягт байршилтай, 56 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийг хангуулахаар шийдвэрлэж, газар эзэмших эрхээс үүргийг хангуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 166 дугаар зүйлийн 166.1, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-т заасныг зөрчөөгүй байна.
Гэрээний дагуу нэхэмжлэгч нь 54 326 000 төгрөгийн үнэ бүхий малын тэжээл нийлүүлсэн, хариуцагч 39 686 000 төгрөгийг төлж, 14 640 000 төгрөгийг төлөөгүй талаар маргаагүй, харин алданги төлөхийг зөвшөөрөөгүй байна.
Гэрээ байгуулах, гэрээний нөхцөлийг тогтоох нь талуудын эрх бөгөөд үүргээ хугацаандаа биелүүлээгүй бол алданги төлөхийг гэрээгээр тохирсон тул үүргээ биелүүлэх ёстой, анхан шатны шүүх бүрэн эрхийн дагуу, хэргийн нөхцөл байдлыг харгалзан алдангийн зарим хэсгийг чөлөөлсөн байх тул алдангийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулахыг хүссэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2019/01885 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 1648 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 49 032 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.СОНИНБАЯР
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА
Б.УНДРАХ
Д.ЦОЛМОН