Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 0045

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж,

     Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Ариун-Эрдэнэ

     Улсын яллагч: Т.Дэлгэрсайхан

     Шүүгдэгч Р.Бямбаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

          Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Рагчаагийн Бямбаад холбогдох 201518010068 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 08 дугаар  сарын 30-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 0000 оны 03 дугаар сарын 30-нд Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, эрэгтэй, 00 настай, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-6, ах, бэр эгч, дүү нарын хамтаар Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 24-р хороо 6-36 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байсан

            1.Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2002 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 37 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 29, 30 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн 123.1-д зааснаар 120.000 төгрөгөөр торгох,

            2. Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 335 дугаар шийтгэх тогтоолоор 2004 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж хөнгөн ялыг хүндэд нь багтааж 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, Өршөөл үзүүлэх комиссын 2006 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 3082 тоот тогтоолоор Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т зааснаар 1 сар 6 хоногийн хорих ялыг өршөөл хэлтрүүлж сууллагдсан,    

            3. Архангай аймгийн сум дундын шүүхийн 26 дугаар шийтгэх тогтоолоор 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 03 жилийн хорих ялаар шийтгэгдэж ялын хугацаа дуусч суллагдсан, Боржигон овгийн Рагчаагийн Бямбаа /РД:АН-/.

            Шүүгдэгч Р.Бямбаа нь 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон сумын 2-р багийн нутгаас тус сумын иргэн Л.Батбаатарын 5 тооны үхэрийг шунахай сэдэлтээр хулгайлж 3.400.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн уг хэрэгтээ сэжигтэнээр тооцогдон 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ хэрэг бүртгэлтийн ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/             

 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийнхэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1.Хохирогч Л.Батбаатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2016 оны 04 дүгээр сарын эхээр манай аав Лхагва өөрийн найз Зоригтынд 3 морь, 70 ямаа, 5 үхэр аваачиж тавьсан юм. Тэгээд 2016 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр Эрхэмээ ирээд танай 5 үхэр алга болчихлоо гэхээр нь аавтайгаа хамт хайсан юм. Тэгээд 2 хоногийн дараа Орхоны цагдаа манай 5 тооны үхэрийг Улаантолгойгоос барьлаа гээд зүсийг нь хэлэхэд манай үхэрүүдтэй таарч байсан. Тэгээд 5 үхрээ буцааж авсан юм. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.. гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-22-р хуудас/,

2. Гэрч Н.Эрхэмбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Би яг хэдэн сарын хэдэнд гэдгийг санахгүй байна. Улаан Лхагваагийн хүү Дэрмээ /Батбаатар/ 3 адуу, 5 үхэр, 70 тооны бог мал хөөж ирээд малд нийлүүлсэн юм. 2016 оны 04 дүгээр сарын сүүлээр 5 тооны үхэр нь алга болоод Орхоны цагдаа олж өгсөн юм. Үхэрүүд нь улаан халзан шүдлэн үхэр, улаан сарман бяруу, улаан үхэр, хүрэн үхэр, хүрэн сарман үхэр байсан... /хх-ийн 25-р хуудас/,

 3. Гэрч М.Зоригт мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...2016 оны 04 дүгээр сарын 24-ний орой 5 тооны үхэр байсан юм. Маргааш нь бэлчээртээ яваад ирээгүй. Тэгээд бүтэн сайн, 1, 2 дахь өдөр бүтэн хайгаад 2 дахь өдрийн орой Орхоны цагдаа Улаантолгойгоос 5 тооны үхэр хулгайлсан хүн барьлаа гэхээр нь зүсийг нь асуухад миний хариулж байсан 5 үхэрийн зүс таарсан. Би ямар хүн хулгайлсныг хараагүй. Бямбаа гэдэг хүн Улаантолгой руу хөөж явсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/,

4. Гэрч П.Лхагваа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:...2016 оны 04 дүгээр сарын 24-ний орой танай тавьсан 5 үхэр бэлчээртээ яваад ирсэнгүй гэж хэлэхээр нь би хүүтэйгээ хамт хайхад Лхачинжав үхэр хөөгөөд явж байна гэсэн. Тэгээд араас нь сурч байхад Лхачинжав, Лхамаахай, Анхбаяр болон нэг танихгүй хар залуугийн хамт үхэр Улаантолгой руу хөөж байсан. Би өөрийнхөө хүүгийн 5 тооны үхэрийг буцааж авсан...гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/,

5. Гэрч Л.Пүрэвдаш мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:... “...2016 оны 04 дүгээр сарын сүүлээр Лхачинжав, Лхачинжавын малчин Содоо бид нар үхэр, хонь, ямаа туугаад Улаантолгой явж байсан. Тэгээд Орхоны гүүр гараад хоносон юм. Хонож байтал шөнө нэг хүн үхэр хөөгөөд хүрээд ирсэн. Тэр хүнтэй Лхачинжав ах уулзсан. Тэгээд маргааш нь тэр хар царайтай хүний хөөж ирсэн үхэрийг нийлүүлээд цуг туугаад явсан. 2 үнээ, 2 бяруу 1 гунж байсан. бүгдээрээ улаан халзан, улаан зүсмийн үхэрнүүд байсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33-р хуудас/,

6. Гэрч Х.Баярсайхан мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:... 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр би өөрийн хариуцдаг Сэлэнгэ аймгийн Орхон суманд ажил үүргээ гүйцэтгэж байтал 89375153 дугаарын утаснаас Орхон сумын иргэн Лхачинжав ярьж ах нь Орхон аймгийн Жаргалант суманд явж байна. Надтай хамт сэжигтэй нэг хүн 5 тооны үхэр туугаад манай туувартай явлаа. Өөрийгөөс 42-р точикоос вагоноос буусан гэж байна. Бас ах эгчийнхээ нэрийг сольж хэлээд байна. Энэ хүн нь явган 5 тооны үхэрээ үхэр тууж явна. Жаргалант сум орно гэж байснаа болиод Орхон аймаг орно гэж Лхачинжав гэх хүн надад мэдээлэл өгсөн юм. Би тэр мэдээллийн дагуу өөрийн ахлах албан тушаалтанд мэдэгдээд Орхон аймгийн Жаргалант сум руу явсан юм. Тэгээд Орхон аймгийн Жаргалант сум руу очиход Лхачинжав гэж хүн намайг тосч аваад тухайн үхэр тууж яваа хүний чигийг зааж өгсөн юм. Тэгээд би тухайн хүнийг 5 тооны үхрийг ганцаараа явган туугаад голын хажууд явж байхад нь тойрч очоод баривчилж аваад тухайн хүнээс нэрийг нь асуухад Рагчаа овогтой Бямбаа гэж хэлсэн. Тэгээд тухайн хүнийг саатуулаад наад үхрийг чинь хулгайн үхэр байна гэж байна шүү дээ гэж тулгаж асуухад тиймээ би хулгайлчихсан юм гэж Р.Бямбаа хариулт өгч байсан. Тэгээд би Р.Бямбаагийн үүрч явсан цүнхэнд үзлэг хийхэд дотор талаас цэвэрхэн өмд, цамц, гутал Р.Бямбаа гэсэн хуудас гарч ирсэн. Тэгээд Р.Бямбааг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын цагдаагийн тасгийн жижүүрт илтгэх хуудсын хамт хүлээлгэн өгсөн... гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-р хуудас/,

7. Гэрч Д.Лханчинжав мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:...2016 оны 04 дүүгээр сарын сүүлээр Орхоны гүүр гараад засмал замын хажууд ухмал шороо руу хонио хийгээд байж байгаад шөнө 02 цагийн үед үхэр бэлчээд үхэрээ эргүүлээд байж байхад аргамжаатай морь руу нэг хүн алхаж байсан. Тэгэхээр нь очоод харахад нэг танихгүй залуу би 42-ын төмөр замд торчин хийдэг. Улаантолгойгоос 7 үхэр алдаад олоод явж байна. 2 үхэрийг нь Дархан луу махлаад оруулсан байна. Одоо 5 үхэрээ буцаагаад хөөгөөд Улаантолгой явж байна гэсэн. Тэгээд цаашаа 5 үхрээ манай үхэр дотор хийгээд цуг хөөгөөд  Улаантолгой орсон юм. Улаантолгой орсон чинь тосож авах хүнгүй, очих айлгүй, ах дүү нараа мэдэхгүй байхаар нь Орхон сумын цагдаад мэдэгдэхэд Баруунбүрэн сумын цагдаатай хамт ирээд барьсан юм. Өөрийнхөө нэрийг, Ганбат, Ганболд гээд байхаар нь сэжигтэй санагдаад бас Улаантолгой  цуг очоод цаашаа Эрдэнэт явах болохоор ерөөсөө хулгай хийсэн хүн байна гээд мэдсэн... гэсэн мэдүүлэг /хх-ийн 67-68-р хуудас/,

8. Яллагдагч Р.Бямбаа нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...2016 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумаас Эрдэнэт орох гээд вагонд суусан. Би вагонд явж байгаад Сэлэнгэ аймгийн Орхон сумын 42-р тоочиг   Бэлэндалай өртөөн дээр явж байгаад вагоны цонхоор харсан чинь 5 тооны үхэр төмөр замын призерийн хажууд байхаар нь авах гээд 42-н тоочиг дээр буусан. Вагоноос буугаад 5 тооны үхэр байсан газар очоод 5 тооны үхэрээ Эрдэнэт орох чиглэлд явган туугаад явсан. Тууж явж байгаад гүүр гараад хартал мал тууж явсан хүнтэй таарахаар нь 5 тооны үхэрээ цуг туугаад Эрдэнэтийн наана байх Улаантолгой орсон. Улаантолгой очоод  Орхон сумын цагдаад баригдсан. Би шалгагдаж байгаад 2016 оны 07 дугаар сарын 08-аас 09-ийг шилжих шөнө Орхон сумын цагдаагийн байранд байж байгаад замын унаанд сууж яваад зугтаасан. Би Эрдэнэтэд байж байгаад баригдаж ирсэн. Хохирогчид төлөх төлбөргүй,  хохирол, гомдолгүй гэсэн бичиг хийж өгсөн. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахиж тийм хэрэг хийхгүй, ажил төрөл хийж сайхан амьдарана гэсэн бодолтой байна гэв.

9. Сэлэнгэ аймгийн Орхон сумын Засаг даргын тамгын газрын дэргэдэх үнэлгээ тогтоох комиссын 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн дугаар 07 тоот “...Үнээ 1 ширхэг 1.100.000 төгрөг, Гунж 2 ширхэг 600.000 төгрөг нийт үнэ 1.200.000 төгрөг, шүдлэн /эр/ 1 ширхэг 700.000 төгрөг, Бяруу /охин/ 1 ширхэг 400.000 төгрөг. Нийт 3.400.000 төгрөг...” гэсэн акт  /хх-17-р хуудас/,

10. Эд зүйл түр хурааж авсан тэмдэглэл /хх-ийн 4 хуудас/

11. Эд зүйл хүлээлгэж өгсөн тэмдэглэл /хх-ийн 5 хуудас/

            12. 2016 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 90-р хуудас/,

            13. Хэрэг бүртгэлтийн ажиллагааг түдгэлзүүлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 57-58 хуудас/

            14. Эрэн сурвалжлах ажлыг гүйцэтгүүлэх тухай тогтоол /хх-ийн 59 хуудас/

            15. Цагдаагийн газрын эрэн сурвалжлах АSAP санд шүүгдэгч Р.Бямбааг эрэн сурвалжилсан тухай тэмдэглэл /хх-ийн 60 хуудас/

            16. Эрүүгийн төлөөлөгч С.Баасандорж, хэсгийн төлөөлөгч Э.Энхжаргал, хэсгийн цагдаа Х.Баярсайхан нарын шүүгдэгч Р.Бямбааг олж баривчилсан тухай илтгэх хуудас

            17. Хохиорогч Л.Батбаатарын Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхэд гаргасан хүсэлт зэрэг болно.

Шүүгдэгч Р.Бямбаа нь 2016 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Орхон сумын 42-р тоочиг Бэлэндалай өртөөний ойролцоогоос тус сумын иргэн Л.Батбаатарын 5 тооны үхэрийг шунахайн сэдэлтээр хулгайлж, 3.400.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн уг хэрэгтээ шалгагдаж байхдаа 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ хэрэг бүртгэлтийн ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Л.Батбаатар, гэрч Н.Эрхэмбаяр, М.Зоригт, П.Лхагваа, Л.Пүрэвдаш, Х.Баярсайхан, Д.Лхачинжав нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Р.Бямбаагийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,  Сэлэнгэ аймгийн Орхон сумын Засаг даргын тамгын газрын үнэлгээ тогтоох комиссын 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн дугаар 07 тоот “үхэийн үнэлгээ”, эд зүйл түр хурааж авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэж өгсөн тэмдэглэл, хэрэг бүртгэлтийн ажиллагааг түдгэлзүүлэх тухай прокурорын тогтоол, эрэн сурвалжлах ажлыг гүйцэтгүүлэх тухай тогтоол, Цагдаагийн газрын эрэн сурвалжлах АSAP санд шүүгдэгч Р.Бямбааг эрэн сурвалжилсан тухай тэмдэглэл, эрүүгийн төлөөлөгч С.Баасандорж, хэсгийн төлөөлөгч Э.Энхжаргал, хэсгийн цагдаа Х.Баярсайхан нарын шүүгдэгч Р.Бямбааг олж баривчилсан тухай илтгэх хуудас зэрэг нотлох баримтуудаар үйлдсэн гэмт хэргүүд нь тогтоогдож байна.

            Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан гэж үзэж шүүгдэгч Р.Бямбааг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан, хэрэг бүртгэлийн шатанд оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа хэрэг бүртгэлтийн шатнаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

            Шүүгдэгч Р.Бямбаа нь монгол хэл, бичиг үсэг мэддэггүй тул өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцоно гэх хүсэлтийг өмнөх шүүх хуралдаанд гаргаж байсан боловч 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд “өөрийгөө өмгөөлж оролцоно” гэх хүсэлтийг гаргасан ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасан монгол хэл бичиг мэддэггүй гэдэг нь шүүх хуралдааны нотлох баримт шинжлэн судлах шатанд өөрийн эрх зүйн байдлыг хөнгөрүүлэх талын нотлох баримтыг уншиж чадаж байгаа байдлаар үгүйсгэгдэж байх тул шүүгдэгч Р.Бямбааг өөрийгөө өмгөөлөж оролцоно гэх эрхийг нь хангаж шүүх хуралдаанд өмгөөлөгч оролцуулалгүйгээр шийдвэрлэсэн болно.  

Эрүүгийн 201618010068 тоот хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд байх тул хэрэгт ач холбогдолтой, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Р.Бямбаа нь урьд Архангай аймгийн сум дундын шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн бөгөөд 2015 оны 08 дугаар сарын 24-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан байна.

Шүүгдэгч Р.Бямбаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т заасны дагуу хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш 5 жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол ялтай байдал арилах байсан боловч шүүгдэгч Р.Бямбаа нь 2016 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр гэмт хэрэг шинээр үйлдсэн нь ялтай байх хугацаандаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэвч Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гаргасан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-т зааснаар шүүгдэгч Р.Бямбаагийн ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацаа буюу ялтай байдал нь хэрэгсэхгүй болгохоор хуульчилсан байх тул түүнийг анх удаа хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

Хохирогч Л.Батбаатар нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Хохирогч Л.Батбаатар миний бие 2016 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал байхгүй, шүүгдэгчээс авах төлбөргүй болно... гэсэн хүсэлт, гэмт хэргийн улмаас хулгайлсан 5 тооны үхэрээ 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хохирогчид хүлээлгэн өгсөн нь эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Р.Бямбааг бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Р.Бямбааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар 03 сарын хугацаагаар баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар 03 сарын баривчлах ялыг, Эрүүгийн хуулийн 261.1-т зааснаар оногдуулсан 02 жилийн хорих ялд буюу хөнгөн ялыг хүндэд нь багтааж нийт эдлэх ялыг 02 жилийн хугацаагаар тогтоох нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т заасны дагуу шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, гэм хорыг арилгасан зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж шүүгдэгч Р.Бямбаад оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 02 жилийн хугацаагаар хянан харгалзах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3, 61.5-д зааснаар хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдэх буюу захиргааны зөрчил гарган шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх болохыг шүүгдэгч Р.Бямбаад сануулах нь зүйтэй.

Шүүгдэгч Р.Бямбаа нь энэ хэрэгт 84 хоног цагдан хоригдсон болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

            Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Бямбаад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна. 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284 дүгээр зүйлийн 284.1, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 291, 294, 297, 298 -д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигон овгийн Рагчаагийн Бямбааг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан, хэрэг бүртгэлтийн шатнаас зориуд зайсхийсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тоцсугай.

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар шүүгдэгч Р.Бямбааг 03 сарын хугацаагаар баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар 03 сарын баривчлах ялыг, Эрүүгийн хуулийн 261.1-т зааснаар оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ялд буюу хөнгөн ялыг хүндэд нь багтааж нийт эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Р.Бямбаад оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

5.Шүүгдэгч Р.Бямбаа нь энэ хэрэгт 84 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Р.Бямбаад оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 02 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3, 61.5-д зааснаар хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдсэн буюу захиргааны зөрчил гарган шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх болохыг шүүгдэгч Р.Бямбааад анхааруулсугай.

 8.Шүүгдэгч Р.Бямбаа нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

9.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Бямбаад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Г.ДЭЛГЭРСАЙХАН