Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 538

 

МАГАДЛАЛ

2019.05.23                                                          №538                                  Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Ө.А, Э.Г нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Оч, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ба.Эрдэнэбаатар,

шүүгдэгч Ө.А, түүний өмгөөлөгч Э.Ганбат,

шүүгдэгч Э.Гийн өмгөөлөгч Д.Энхбаатар,

нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 528 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ө.Аын өмгөөлөгч Э.Ганбат, шүүгдэгч Э.Г нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ө.А, Э.Г нарт холбогдох 1806096330428 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Х овгийн Ө-ийн А, 1981 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Завхан аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгэцийн эмч мэргэжилтэй, ..........эмч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн ............ тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:....../;

 

2. Б овгийн Эийн Г, 1967 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн ........... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:............/,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2000 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 215 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн;

 

Ө.А нь 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд Э.Гтэй маргалдан зодолдож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Э.Г нь 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд Ө.Атой маргалдан зодолдож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ө.А, Э.Г нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Х овогт Өгөөмөрбаянгийн А, Б овогт Эийн Г нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Аод 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Э.Гэд 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ө.А, Э.Г нарт сануулж, Ө.А, Э.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ө.Аоос 128.000 төгрөг гаргуулж хохирогч Э.Гэд, шүүгдэгч Э.Гээс 128.000 төгрөг гаргуулж хохирогч Ө.Аод тус тус олгож, хохирогч Ө.А нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Э.Гээс жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэж, Ө.А, Э.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Э.Г давж заалдах гомдолдоо: “...Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд намайг 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн.

Шүүх миний гэм бурууд тохирсон ялыг оногдуулсан гэж үзэж байгаа. Гэсэн ч миний эрүүл мэндийн байдлаас уг оногдуулсан ялыг биеэр эдлэх боломжгүй байна. Учир нь би 1980 онд зам тээврийн осолд орсны улмаас тархины хүнд гэмтэл авч хөдөлмөрийн чадварынхаа 80 хувийг алдсан бөгөөд одоо группт байдаг. Эрүүл мэндийн талаараа шүүх хурал дээр шүүгчдээ хэлэх ёстой гэдгээ мартсан, мөн миний хуулийн мэдлэг муугийн дээр хуралд өмгөөлөгчгүй орсон зэрэг нь ийм шийдвэр гаргахад хүргэсэн. Хэрвээ анхнаасаа өмгөөлөгч авч хууль зүйн туслалцаа авсан бол ийм байдалд хүрэхгүй байсан. Одоо би эрүүл мэндийн байдлаасаа болоод албадан ажил хийлгэх ялыг биечлэн эдлэх ямар ч боломжгүй болоод байна Иймд анхан шатны шүүхээс надад оногдуулсан 320 цагийн нийтийн тустай ажил хийлгэх ялыг өөрчилж хуульд заасан өөр хөнгөн төрлийн шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэжээ.

 

Шүүгдэгч Ө.Аын өмгөөлөгч Э.Ганбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхээс Ө.Аыг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Э.Гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн нь шүүхийн шийдвэр үндэслэлтэй, хууль ёсны байх шаардлагад нийцээгүй гэж үзэж байна. Э.Г нь 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр СЭМҮТ-ийн хаалттай тасгийн гадны хувцастай орохыг хориглосон тарилгын өрөөнд мэргэжлийн үүргээ гүйцэтгэж байсан сувилагч Т.Урангоогийн өрөөнд уур бухимдалтай орж ирэн хашгирч, “миний өөдөөс тайлбар тавьдаг чи хэн бэ” гээд хөл рүү нь өшиглөж элдвээр хэлж, дайрч доромжилж ширээг нь өшиглөж танхайрах зөрчлийг гаргасан нь Т.Урангоогийн хэрэг бүртгэлтийн шатанд гэрч, хохирогчоор өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт гэрчээр өгсөн мэдүүлгээр нотлогдсон. Т.Урангоог 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Зөрчил шалган шийдвэрлэх хуулийн 4.8 дугаар зүйл, 3.2 дугаар зүйлийг удирдлага болгон хохирогчоор тогтоон мэдүүлэг авсан боловч уг хэргийг шалган шийдвэрлээгүй. Энэ нь Ө.Аод холбогдох хэргийг бүх талаас нь бодитой шийдвэрлэх, түүний эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэхэд нөлөөлсөн. Шүүх хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлээгүй. Зөвхөн Ө.А, Э.Г нар шалтгаангүй хоорондоо зодолдож хөнгөн хохирол учруулсан мэт дүгнэлт хийсэн. Хэрэг гарах үед байсан ганц гэрч нь сувилагч Т.Урангоо бөгөөд түүнээс хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгээр Э.Г нь Т.Урангоогийн эрх чөлөөнд халдаж, эмнэлгийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж танхайрах үйлдэл хийх үед тусламж дуудсанаар их эмч Ө.А орж ирэн хууль ёсны шаардлага тавихад Э.Г нь эмч Ө.Аыг заамдаж хэл амаар доромжилж, албаны дүрэмт хувцсыг нь урж, түүний эрүү рүү 4-5 удаа, гэдэс, нуруу руу нь цохиж барьж аван газар шидэж унагаасан. Ө.А нь Э.Гийг тайвшруулах, энэ үйлдлийг нь зогсоох гэж оролдон гар, хувцаснаас нь барьж ноцолдсон, харин цохиж зодоогүй болох нь шүүх хуралдаанд өгсөн гэрч Урангоогийн өгсөн мэдүүлгээр нотлогдсон. Гэтэл шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч болон даргалагч шүүгч нар гэрчээс хөтөлж тулгаж, дахин дахин худал мэдүүлэг өгч байна, хууль сануулсан шүү, гэж өөрсдийн санаанд нийцсэн хариулт мэдүүлэг авах гэж хэт нэг талыг барьж асуусан болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдож байна. Э.Гийн зүүн чихний дэлбэнд учирсан өнгөц шарх, зүүн доод 2 дугаар шүд хөдөлсөн гэх гэмтлийн чухам аль гэмтэл нь Ө.Аын үйлдлээс учирсныг нарийвчлан тогтоогоогүй. Гэрч Т.Урангоо, шүүгдэгч Ө.А нарын мэдүүлгээр тухайн үед Э.Г нь төмөр цахилгаантай савхин куртка өмсөж явсан бөгөөд Ө.Аыг цохиж зодох, заамдаж албаны хувцсыг урах үед уг үйлдлийг зогсоох, Э.Гийг тайвшруулж суулгах зорилгоор Э.Гийн куртикнээс зуурч ноцолдох явцад төмөр цахилгааны товчоор үүсгэгдсэн болох нь уг гэмтлийн шинж, /зураасан шарх чихний дэлбэнд үүссэн/ байдлаар нотлогдсон. Харин 1 ширхэг суларсан шүдний харалдаа буйл завж хэсэгт огт цус хуралт, хөхрөлт гэмтэл байхгүй. Уг шүд нь буйлны түвшинд шарлаж харласан, хуучин үрэвсэл эмгэгтэй байсан болох нь шинжээчийн 13062 дугаартай дүгнэлтийн хэсэг газрын үзлэг дэх тэмдэглэлээр нотлогдож байгааг шүүх анхаарч зөв үнэлээгүй. Шинжээч М.Золжаргал нь тархины доргилтын ямар ч шинж илрээгүй байхад тархи доргилт, 1 шүдэнд хуучин үрэвсэлт эмгэгтэй түүнээс болж суларсан байсныг гэмтэл гэж үнэлж дүгнэлт гаргасан гэж үзэхээр байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж Ө.Аод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдэж өгнө үү. ...” гэв.

           

            Шүүгдэгч Ө.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцсон. Оросын Холбооны Улсад хар тамхитай холбоотой сургалтад оролцоод ирсний дараа буюу 3 дугаар сарын 23, 24-ний үед мөрдөгч дуудаад 3 дугаар сарын 4-ний өдөр гэсэн баримтад гарын үсэг зуруулаад шүүх хуралдаанд оруулсан. Би хууль зүйн туслалцаа авах ямар ч боломж байгаагүй. Би Гийг цохиж зодоогүй, зууралдаж, ноцолдохдоо гэмтэл учруулсандаа гэмшиж байна. Анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь миний хувьд хүндэдсэн гэж үзэж байна. ...” гэв.

 

Шүүгдэгч Э.Гийн өмгөөлөгч Д.Энхбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Э.Г нь анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцож, хууль, эрх зүйн мэдлэггүйн улмаас өөрт холбогдох баримтаа гаргаж өгч чадаагүй. Э.Г нь эрүүл мэндийн байдлын хувьд хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдсан, группт байдаг. Иймд Э.Гийн эрүүл мэндийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Ба.Эрдэнэбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн. Анхан шатны шүүх шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, тэдгээрийн гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон ял шийтгэл оногдуулсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

 

Шүүгдэгч Э.Г нь 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд тухайн өдрийн ээлжийн сувилагчаар ажиллаж байсан Т.Урангоогийн өрөөнд орилж хашгиран, ширээг нь өшиглөж эд зүйл унагаан эвдэх үед уг нөхцөл байдлыг таслан зогсоохоор орж ирсэн Ө.Атой маргалдан зодолдож, түүний эрүүл мэндэд тархи доргилт, завьжны салстад шарх, зөөлөн эдийн няцрал, баруун алга, зүүн сарвууны 2 дугаар хуруунд зулгаралт, хүзүү, цээжинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Ө.Аын хохирогчоор өгсөн “...сувилагчийг хүн зодоод байна гэж эмчлүүлэгч хэлэхээр нь би сувилагчийн өрөө рүү очиход миний өөдөөс зөрөөд гадуур хувцастай эрэгтэй хүн гарч ирээд “та нар ажлаа хийж чадахгүй пизда нар минь, та нарыг ална” гэж хэлсэн...би тэр гадны хувцастай залууг хоёр гараас нь барьж аваад үзлэгийн бандан дээр суулгах гэж оролдсон. Тэр үед миний ажлын хувцаснаас зуурч, урж тасдан элдвээр харааж орилж байснаа миний толгой болон нүүр лүү гараараа 6-7 удаа цохисон. ...”  /хх 17-20/,

Э.Гийн хохирогчоор өгсөн “...миний уур хүрээд ширээг нь өшиглөхөд сувилагч эмэгтэй “аллаа” гэж орилоход гаднаас А эмч орж ирсэн. ...миний гарыг хүлэх гээд байхаар нь би өөдөөс нь ноцолдсон. ...Ноцолдож байгаад А эмчийг цааш нь түлхэхэд түүний аманд нь миний гар орсон. ...Ө.Аын биед учирсан гэмтлүүд нь тухайн үед А эмч миний хоёр гарыг ард талд хүлэх гээд ноцолдож байхад үүссэн гэмтлүүд байна. ...” /хх 22-27/,

Э.Гийн яллагдагчаар өгсөн “...Ө.Аын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. ...” /хх 66-69/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 13052 дугаартай “...Ө.Аын биед тархи доргилт, завьжны салстад шарх, зөөлөн эдийн няцрал, баруун алга, зүүн сарвууны 2 дугаар хуруунд зулгаралт, хүзүү, цээжинд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учирсан...”  /хх 34/,

Шүүх сэтгэц, эмгэг судлалын 318 дугаартай “...Э.Г нь сэтгэцийн хувьд өөрийгөө удирдан жолоодох чадвартай байна. Э.Г нь хэрэг учрал болсон цаг хугацаанд Тархины өвчин гэмтэл үйлийн хямралын шалтгаант бие хүний ба төрх үйлийн бусад органик эмгэг сэтгэцийн эмгэгтэй байсан. Э.Г нь болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Одоо хэрэг хариуцах чадвартай. ...” гэх дүгнэлтүүд /хх 39-42/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон  тогтоогджээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Э.Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч Э.Г “...эрүүл мэндийн байдлыг харгалзан өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэсэн, шүүгдэгч Ө.Аын өмгөөлөгч Э.Ганбат “...хохирогчид гэмтэл учруулсан гэх нөхцөл байдал нь эргэлзээтэй тул Ө.Аод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

 

Шүүгдэгч Э.Г нь тархины өвчин, гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант эмгэгийн улмаас хөдөлмөрийн чадвараа 80 хувь группд байдаг болох нь хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоосон акт, комиссын шийдвэр, тэтгэврийн дэвтрийн хуулбар зэргээр тогтоогдож байх бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, эрүүл мэндийн байдлыг харгалзан, түүнд тухайн зүйлд зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсаныг давж заалдах шатны шүүх 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял болгон өөрчлөхөөр шийдвэрлэв.

Энэ талаар гаргасан шүүгдэгч Э.Гийн давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ө.Аод холбогдох хэргийн тухайд,

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж, дүгнэхэд Э.Г нь Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд тухайн өдрийн ээлжийн сувилагчаар ажиллаж байсан Т.Урангоогийн өрөөнд орж “асуултанд харилсангүй” гэх шалтгаанаар орилж хашгиран, ширээг нь өшиглөн эд зүйл унагаан эвдэх үед Ө.А өрөөyд орж ирэн Э.Гийн үйлдлийг таслан зогсоох гэж түүнтэй зууралдан, ноцолдсон үйл баримт тогтоогдож байна.

 

Тодруулбал, шүүгдэгч Э.Г нь зүй бус авирлан Т.Урангооруу дайрч, тэрээр тусламж хүссэнээр Ө.А орж ирэн Э.Гийн үйлдлийг таслан зогсоохоор харилцан бие биенийгээ заамдалцан, ноцолдох явцдаа Э.Гийн биед хөнгөн хохирол учруулжээ. Хэдийгээр Э.Г нь энэ нөхцөл байдлыг үгүйсгэн өөрөөр мэдүүлж байгаа боловч, хэрэг маргаан үүссэн нөхцөл байдал, Э.Гийн хохирогчоор өгсөн “...миний уур хүрээд ширээг нь өшиглөхөд сувилагч эмэгтэй “аллаа” гэж орилон гаднаас А эмч орж ирсэн. ...миний гарыг хүлэх гээд байхаар нь би өөдөөс нь ноцолдсон. ...” гэх /хх 22-27/, Ө.Аын хохирогчоор өгсөн “...сувилагчийг хүн зодоод байна гэж эмчлүүлэгч хэлэхээр нь би сувилагчийн өрөө рүү очиход миний өөдөөс зөрөөд гадуур хувцастай эрэгтэй хүн гарч ирээд “та нар ажлаа хийж чадахгүй пизда нар минь, та нарыг ална” гэж хэлсэн...би тэр гадны хувцастай залууг хоёр гараас нь барьж аваад үзлэгийн бандан дээр суулгах гэж оролдсон. Тэр үед миний ажлын хувцаснаас зуурч, урж тасдан элдвээр харааж орилж байсан. ...”  /хх 17-20/, Т.Урангоогийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчоор өгсөн “...ажлаа хийгээд сууж байтал гаднаас энгийн хувцастай, уур бухимдалтай эрэгтэй хүн орж ирээд “манай найзын тариаг хийсэн юм байгаа биз дээ” гээд орилж хашгирсан...“би оройн ээлжийн сувилагч, өдрийн ээлжийн сувилагч мэднэ” гэхэд “чи миний өөдөөс тайлбар тавьдаг хэн бэ” гээд миний хөл рүү баруун хөлөөрөө чанга өшиглөж элдвээр хэлж дайрч доромжилсон. Би аргагүйн эрхэнд эмчийгээ “туслаарай” гэж дуудсан...эмчийг орж ирэхэд тэр залуу эмч рүү дайраад заамдаж аваад хэл амаар доромжилж, цохиж зодсон...би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, үзүүлэх гэмтэл байхгүй. ...” /хх 30/ гэх мэдүүлгүүд зэргээс үзэхэд Ө.Аын үйлдлийг хуулиар зөвшөөрөгдсөн буюу тулгарсан довтолгооны эсрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалтын хэмжээнд хийгдсэн үйлдэл гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Аргагүй хамгаалалт нь Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасан “...амьд явах, халдашгүй чөлөөтэй байх.. болон бусад эрхээ эдлэх, энэ эрхэд халдсан довтолгооныг няцаах, түүнээс хамгаалах чухал ач холбогдолтой бөгөөд хууль зүйн мөн чанарын хувьд Эрүүгийн хуулиар зөвшөөрөгдсөн, түүнчлэн уг хуулиар хамгаалагдсан ямар ч хохирол, хор уршигт хүргэж болох боловч гэмт хэрэгт тооцдоггүй, гэмт хэргийг үгүйсгэдэг онцгой нөхцөл байдал юм.

 

Аливаа хүн мэргэжил, тусгай бэлтгэл, албан ажлын байдал, аюултай довтолгооноос зайлсхийх, бусдаас  тусламж авахаар хандах боломжтой байсан эсэхээс үл хамааран аргагүй хамгаалалт хийх эрхийг хуульчилсан бөгөөд аргагүй хамгаалалт нь халдагч этгээдийг хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор үйлдэгдэж буй хариу довтолгоон, эсрэг дайралтаар  илэрдэг шууд санаатай үйлдэл.

 

Хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хууль бус халдлагаас хамгаалж довтлогч этгээдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан Ө.Аын үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан хохирлыг учруулсан боловч бодит агуулгаараа хууль бус халдлагын эсрэг хийгдэж байгаа аргагүй хамгаалалт мөн гэж үзнэ.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр Ө.Аод холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэв.

 

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Ө.Аын өмгөөлөгч Э.Ганбат, шүүгдэгч Э.Г нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны дүгнэв.

 

Анхан шатны шүүх мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлэг өгөөгүй Т.Урангоог шүүх хуралдаанд гэрчээр оролцуулан мэдүүлэг авч, уг мэдүүлгийг үнэлсэн байх бөгөөд давж заалдах шатны шүүхээс энэ мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “энэ хуульд заасныг зөрчиж мэдүүлэг авсан” гэх үндэслэлээр нотлох баримтаар тооцохгүйгээр шийдвэрлэн, харин түүний зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчоор өгсөн мэдүүлгийг үнэлсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 528 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

“...Баянзүрх дүүргийн прокурорын газраас Х овгийн Ө-н А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай. ...” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Х овогт Ө-ийн А, Буянт овогт Э-ийн Г нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. ...” гэснийг “...Б овгийн Э-ийн Гийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. ...” гэж,

2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Аод 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Э.Гэд 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй. …” гэснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Гэд 450 нэгж буюу 450.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. …” гэж,

3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ө.А, Э.Г нарт сануулсугай. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Э.Гэд сануулсугай. …” гэж,

4 дэх заалтад “...Ө.А, Э.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай. ...” гэснийг “...Э.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай. ...” гэж,

5 дахь заалтад “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ө.Аоос 128.000 төгрөг гаргуулж хохирогч Э.Гэд, шүүгдэгч Э.Гээс 128.000 төгрөг гаргуулж хохирогч Ө.Аод тус тус олгосугай. ...” гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Гээс 128.000 төгрөг гаргуулж хохирогч Ө.Аод олгосугай. ...” гэж тус тус өөрчилсүгэй.

 

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч, хохирогч Ө.Аын өмгөөлөгч Э.Ганбат, шүүгдэгч Э.Г нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авсугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ш.БАТ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

                        ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН