| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 128/2020/0431/З |
| Дугаар | 128/ШШ2020/0623 |
| Огноо | 2020-09-30 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 128/ШШ2020/0623
| 2020 оны 09 сарын 30 өдөр | Дугаар 128/ШШ2020/0623 | Улаанбаатар хот |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиунаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, Н.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч: Д.М
Хариуцагч: А М Г Т Г
Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмал газрын тосны газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/57 тоот Сахилгын шийтгэл ногдуулж ажлаас халах тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Кадастрын хэлтсийн Зурагзүйн шүүлт хариуцсан мэргэжилтний албан тушаалд буцаан эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас гаргуулах, Эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Д.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.М нь 2009 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтэст Зурагзүйн шүүлт хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилогдон ажилласан.
Намайг 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Ашигт малтмал газрын тосны газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга дуудаж Чингэлтэй дүүргийн прокурорын газраас ирсэн гэх 164 тоот прокурорын тогтоолыг танилцуулж энэ талаар ямар учиртай болохыг асууж миний бие үнэн бодит байдлыг учирлан тайлбарласан ба миний бие прокурорын тогтоолын талаар тодруулаад эргэж мэдэгдье гэснээр уулзалт дууссан. Ингээд Чингэлтэй дүүргийн прокурорын газарт 2020 оны 04-р сарын 02-ны өдөр гомдол гаргаж, уг тогтоолтой холбоотой залруулгыг хийж хариу өгөхийг хүссэн.
Улмаар 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 1/259 тоот дугаартай Хариу мэдэгдэх хуудсыг Чингэлтэй дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч, хууль цаазын итгэмжит зөвлөх нь надад өгсөн. Уг хариу мэдэгдэх хуудсанд 164 тоот прокурорын тогтоолыг хүчингүй болгож, нэмэлт ажиллагаа явуулахаар болсон бөгөөд намайг Эрүүгийн хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, сэжигтэн яллагдагчаар татаж шалгасан зүйл байхгүй тийм шийдвэр гараагүй болохыг тодорхойлсон байдаг. Миний бие тушаалыг эс зөвшөөрч Монгол улсын төрийн албаны зөвлөлд 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр гомдлоо гаргасан боловч тус газраас 2020 оны 05 дугаар сарын 21-ны өдөр Дугаар:01/1004 тоот албан бичгээр хариуг өгсөн. Хариунд шүүхийн байгууллагад хандаж гомдлыг шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзсэн байсан. Иймд Ашигт малтмал газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/57 тоот тушаалыг дараах үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөхгүй гомдолтой байгаа болно.Үүнд:
1. Ашигт малтмалын газрын тосны газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/57 тоот тушаалын үндэслэл болсон Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 164 тоот тогтоолыг дээд шатны прокурор нь хүчингүй болгосныг мэдэгдсээр байтал хүчингүй болсон тогтоолыг үндэслэн ажлаас чөлөөлж халах тушаалын үндэслэл болгосон. Энэ нь миний хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж үзэж байна.
2. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-д заасан ажиллагааг хэрэгжүүлээгүйн улмаас 27.2.1-д, 27.5-д, 27.6 дахь заалтуудыг ноцтой зөрчин намайг өөрийн эрхээ хамгаалах боломж олгоогүй, тайлбар гаргуулах эрхийг хязгаарласан.
Иймд 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/57 тоот Сахилгын шийтгэл ногдуулж ажлаас халах тухай тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоож, миний эрхэлж байсан Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн Зурагзүйн шүүлт хариуцсан мэргэжилтний албан тушаалд буцаан томилох шийдвэрийг гаргаж өгнө үү... гэжээ.
Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:
Ашигт малтмал газрын тосны газрын даргын 2020 оны 4 дүгээр сарын 14- ний өдрийн Б/57 дугаар сахилгын шийтгэл ногдуулж ажлаас халах тухай тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Монгол Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай" 12 дугаар тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай 4 дүгээр тогтоолоор засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмалын газар, Газрын тосны газрыг нэгтгэж Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны эрхлэх асуудлын хүрээнд засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал, газрын тосны газар болгон нэгтгэж, шинэчлэн баталж улмаар тус агентлагийн бүтэц орон тооны дээд хязгаарыг 185-н албан хаагчтай байхаар тогтоож өгсөн.
Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоолуудын дагуу хоёр агентлаг нэгдэж өөрчлөн зохион байгуулагдсантай холбогдуулан Монгол улсын засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4, мөн зүйлийн 24.2, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх заалтыг үндэслэн Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 10 дугаар тушаалаар Ашигт малтмал газрын тосны газрын бүтцийн ерөнхий бүдүүвчийг баталсан болно.
Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Б/73 дугаар тушаалаар Д.Мг Кадастрын хэлтсийн зураг зүйн| шүүлт хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилсон. Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2, 48 дугаар зүйлийн 48.1.4 дэх заалт, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 164 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн Кадастрын хэлтсийн Зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.М нь Төрийн албаны тухай хуулийн Өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх гэсэн хориглох зүйлийг ноцтой зөрчсөн тул тус газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Сахилгын шийтгэл ногдуулж ажлаас халах тухай Б/57 дугаар тушаалаар төрийн албанд гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн болно. Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад өгсөн хариу тайлбартаа:
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2, 48 дугаар зүйлийн 48.1.4 дэх заалт, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 164 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн нэхэмжлэгч Кадастрын хэлтсийн Зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн \урьд нь энэ албан тушаалд ажиллаж байсан Д.М нь Төрийн албаны тухай хуулийн Өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх гэсэн хориглох зүйлийг ноцтой зөрчсөн тул тус газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Сахилгын шийтгэл ногдуулж ажлаас халах тухай Б/57 дугаар тушаалаар төрийн албанд гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халж шийдвэрлэсэн.
Дээр дурдсан сул орон тоо гарсантай холбогдуулан батлагдсан төсвийн хүрээнд Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1.2, 57 дугаар зүйлийн 57.2.2, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3 дахь заалт, Авлигатай тэмцэх газрын 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 05\5548 тоот албан бичгийг тус тус үндэслэн тус газрын Геологи, хайгуулын хэлтсийн тайлан, төлөвлөгөө, төсвийн нэгдсэн мэдээлэл хариуцсан мэргэжилтний хүүхэд харах чөлөөтэй байх хугацаанд албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Д.Зийг Кадастрын хэлтсийн Зураг зүйн шүүлт хариуцсан мэргэжилтнээр Газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн б\60 дугаар тушаалаар томилсон болно.
Иймд батлагдсан төсвийн хүрээнд Кадастрын хэлтсийн Зураг зүйн шүүлт хариуцсан мэргэжилтнээр Д.Зийг томилсон тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Мгээс Ашигт малтмал газрын тосны газрын даргын 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас халах тухай Б/57 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан Кадастрын хэлтсийн зураг зүйн шүүлт хариуцсан мэргэжилтний албан тушаалд буцаан томилуулж, Эрүүл, мэнд нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийхийг Ашигт малтмал газрын тосны газрын даргад даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаа хүчингүй болгуулах-аар өөрчилсөн болно.
Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үнэлж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Ашигт малтмал газрын тосны газрын даргын 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас халах тухай Б/57 дугаар тушаалаар тус газрын Кадастрын хэлтсийн зураг зүйн шүүлт хариуцсан мэргэжилтний албан тушаалаас Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн тангаргийг ноцтой зөрчсөн гэж үзэн, төрийн албанд 3 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халжээ.
Хариуцагч маргаан бүхий актад Д.Мг ажлаас халах үндэслэлээ Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2 өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх;-ыг зөрчсөн гэж, нэхэмжлэгч Д.М нь Төрийн албаны тухай хуулийн дээрх заалтыг зөрчсөн үйлдэл гаргаагүй гэж маргасан.
Маргаан бүхий тушаалын үндэслэлд дурдагдсан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын прокурорын Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 164 дүгээр тогтоолд гэрч Д.Д ... би Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн мэргэжилтэн Д.Мгээс 2018 оны 7 дугаар сарын 01-02-ны өдрийн хооронд байх Ашигт малтмал, газрын тосны газар гэсэн бичиглэлтэй баруун доод буландаа дугаартай бланкийг авч Е гэх хүнд өгч байсныг сайн санаж байна. ...Би Е ахаас бэлэн 5 сая төгрөг авчихсан болохоор 2 сая төгрөгийг М найздаа тус болсонд баярлалаа гээд тэр өдрийн орой нь ажлын гадна нь машин дотор сууж байгаад өгсөн юм. гэх мэдүүлгийг өгсөн талаар тусгагджээ.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 1/259 дүгээр Хариу мэдэгдэх хуудсаар Д.Мд ... хэрэг бүртгэлтийн 183100404 дугаар хэрэгт Д.М таныг холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын шийдвэр гараагүй болно, 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 1/2758 дугаар албан бичгээр ... 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 164 дугаар Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол болон тус шийдвэрийг хүчингүй болгосон 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 46 дугаар Прокурорын шийдвэрийг хүчингүй болгох тухай тогтоолын хуулбарыг хүргүүлэв. Хэрэг бүртгэлтийн 183100404 дугаартай хэрэгт Д.Мг сэжигтнээр тооцож, яллагдагчаар татаагүй байна. гэсэн байна.
Түүнчлэн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 1/3265 дугаар албан бичгээр ирүүлсэн 183100404 дугаар хэрэгт Гэрч нарыг нүүрэлдүүлэн байцаасан 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн тэмдэглэл-д Д.Ды ... Би Ашигт малтмал, газрын тосны газрын гадуур явж байгаад өмнө геологи хийж байсан гэх зүс таньдаг ах цаас барьчихсан байхаар нь бланк мөн үү гэж асуугаад харахад Ашигт малтмал газрын тосны газар гэсэн дугаартай бланк байсан. ...Би тэр ахаас 80000 төгрөгөөр худалдан авсан. Би Д.Мгээс бланк аваагүй, өмнө мэдүүлэг өгөхдөө сандраад худлаа мэдүүлэг өгсөн, ...Би тухайн үед Д.Мг таньдаг болохоор авсан гэж мэдүүлэг өгсөн., Д.Мгийн ...Би өмнө мэдүүлэгтээ ямар ч бичиг баримт өгөөгүй гэдгээ хэлсэн. Тухайн үед намайг бланк олж өгсөн гэж мэдүүлэг өгсөнд гайхсан боловч одоо худал мэдүүлэг өгснөө тайлбарлаж хэлж байна. гэх мэдүүлгийг тус тус өгчээ.
Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2 өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх; гэж заасан.
Харин Д.М нь хариуцагчийн буруутгасан үйлдэлд холбогдолгүй болох нь дээр дурдсан байдлаар тогтоогдсон бөгөөд Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/57 дугаар тушаалын үндэслэл болсон Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 164 дугаар Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолыг тус дүүргийн прокурорын газрын 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 46 дугаар прокурорын тогтоолоор хүчингүй болсон байна.
Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14-т ... Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно., Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2.Энэ хуулийн 62.1.2, 62.1.3-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг зөрчиж төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно, 62 дугаар зүйлийн 62.1.1.энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх; төрийн албан хаагчийн эрх зүйн баталгааг тогтоожээ.
Хариуцагчаас эдгээр эрх, төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг хангалгүйгээр гэм буруутай эсэх нь эцэслэн тогтоогдоогүй асуудлаар Д.Мг буруутгаж, Төрийн албаны тухай хуулийн 48.1.4.төрийн албанд гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах; сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль бус болох нь тогтоогдож байх тул Ашигт малтмал газрын тосны газрын даргын 2020 оны 4 дүгээр сарын 14-ны өдрийн Б/57 дугаар тушаалыг хүчингүй болгож, Д.Мг урьд эрхэлж байсан Кадастрын хэлтсийн зураг зүйн шүүлт хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлтэй гэж үзлээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно. гэж заасны дагуу Д.Мгийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг хариуцагчаас гаргуулж, уг хугацаанд хамаарах Эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.
Ингээд нэхэмжлэгч Д.Мгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал газрын тосны газрын даргын 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас халах тухай Б/57 дугаар тушаалыг хүчингүй болгож, Д.Мг урьд эрхэлж байсан Кадастрын хэлтсийн зураг зүйн шүүлт хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, Д.Мгийн ажилгүй байсан 5 сар, 16 хоногийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 6.256.032 төгрөгөөс Д.Мд ажилгүйдлийн тэтгэмжид олгосон 2.280.112 төгрөгийн зөрүүг хасч 3.975.920 төгрөгийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох, Эрүүл, мэнд нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийхийг Ашигт малтмал газрын тосны газрын даргад даалгаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13, 106.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4, 49 дүгээр зүйлийн 49.2, 62 дугаар зүйлийн 62.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Мгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Б/57 дугаар тушаалыг хүчингүй болгож, Д.Мг урьд эрхэлж байсан Кадастрын хэлтсийн Зураг зүйн шүүлт хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Д.Мгийн ажилгүй байсан 5 сар, 16 хоногийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 6.256.032 төгрөгөөс Д.Мд ажилгүйдлийн тэтгэмжид олгосон 2.280.112 төгрөгийн зөрүүг хасч 3.975.920 /гурван сая есөн зуун далан таван мянга есөн зуун хорин/ төгрөгийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг хариуцагчаас гаргуулж, Д.Мд олгох, Эрүүл, мэнд нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН