Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2023/0730

 

2023 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2023/0730

Улаанбаатар хот

 

“ТТДС” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Сайхантуяа

Илтгэсэн шүүгч Т.Энхмаа

 

Давж заалдах нэхэмжлэл гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж;

 

Нэхэмжлэгч: “ТТДС” ХХК

Хариуцагч: БЗДЗД

 

Нэхэмжлэлийн шаардлага: “БЗДЗД-ын 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/369 дугаар захирамжаар “ТТДС” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох захирамжийн хавсралтын 70 дугаарт заасан “ТТДС” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай

 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 685 дугаартай шийдвэр;

 

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч, Б.Г,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, Д.Ж нар;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа

Хэргийн индекс: 128/2023/0258/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “ТТДС” ХХК нь БЗДЗД-д холбогдуулан “БЗДЗД-ын 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/369 дугаар захирамжийн “ТТДС” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 685 дугаартай шийдвэрээр: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1, 106.3.12-д заасныг удирдлага болгон Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “ТТДС” ХХК-ийн БЗДЗД-д холбогдуулан гаргаснаар нийслэлийн БЗДЗД-ын 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/369 дугаар захирамжийн “ТТДС” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж давж заалдах гомдолдоо:

3.1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд нийцүүлэн зөв үнэлээгүй тухайд: Нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 20,000 м.кв газрыг хүнсний ногооны зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар дүүргийн Засаг даргын 2016 оны 04 сарын 28-ны өдрийн А/148 дугаар захирамжаар эзэмшиж эхэлсэн. Нэхэмжлэгч нь эзэмшил газрыг зориулалтын дагуу ашиглаагүй болох нь тогтоогдсон. Тухайлбал, эзэмшил газарт хүнсний ногоо тарьж байгаа гэж тайлбарладаг боловч шүүхийн үзлэгээр тогтоогдоогүй болно. Дээрх үйл баримтаар газрын гэрээ, гэрчилгээнд заасан зориулалт, болзлыг хангаагүй, зориулалтын дагуу тариалан эрхлээгүй болох нь тогтоогдож байхад шүүх “...маргаан бүхий актыг гаргах үед нэхэмжлэгч гэрээ байгуулснаас хойш хуанлын бүтэн 2 жилийн хугацаа өнгөрсөн хэдий ч уг газраа зориулалтын дагуу ногоо тарьж ашиглахын тулд “УО ” ХХК-тай гэрээ байгуулан хайгуул хийлгэж, дүгнэлт гаргуулж, худаг гаргах зөвшөөрөл олгосон зэрэг нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэхээргүй байна” шийдвэрийн 7 дугаар талд/ гэж дүгнэсэн нь зориулалтын дагуу ашигласан байхыг заавал шаардаж буй Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг, 35 дугаар зүйлийн 35.3.1-т заасныг болон Улсын дээд шүүхийн 2008 оны “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах” тухай 15 дугаар тогтоолын 1.10 дахь хэсгийг зөрчиж, буруу үнэлсэн.

3.2. Мөн “... Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 02/47 дугаартай “Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ”-г авсан зэргийг харгалзан үзвэл энэ үндэслэлээр түүний газар ашиглах эрхийг цуцлах нь хуулийн зорилгод нийцэхгүй” /шийдвэрийн 8 дугаар талд/ гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг зөрчсөн. Учир нь Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Танхим нь аж ахуйн нэгж, байгууллагуудаас худалдаа, үйлдвэрлэл эрхлэхтэй холбогдсон нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах болон худалдаа, үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор байгуулсан ашгийн төлөө бус хуулийн этгээд мөн.” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Танхим нь улс орны эдийн засгийн хөгжилд тус дэмжлэг үзүүлэх, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх таатай нөхцөл бүрдүүлэх, аж ахуйн нэгж, байгууллагуудаас гадаад дотоодын байгууллагатай худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, өөрийн орны бараа, бүтээгдэхүүнийг экспортод гаргахад дэмжлэг үзүүлэх зорилтыг хэрэгжүүлнэ.” гэж заасан. Дээрх хэм хэмжээнүүдийн зорилгын үүднээс үзвэл МҮХАҮТ нь нийтийн эрхзүйн гэхээс илүүтэй хувийн болон олон улсын эрх зүйн шинжтэй гэрээ, хэлцэлд хамаарах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж оролцохоор байна. Тодруулбал дээрх зорилтын хүрээнд Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6 дахь заалтад заасны дагуу гаргасан “давагдашгүй хүчин зүйлийг гэрчлэх” гэрчилгээ нь нийтийн эрх зүйн гэрээнд бус, харин хувийн эрх зүйн гэрээнд үйлчилнэ гэж ойлгогдоно.

3.3. Шүүх хууль буруу хэрэглэсэн талаар: Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т “Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07-гаас илүүгүй байна” гэж заасан бөгөөд бусад аж ахуйн зориулалтаар газар эзэмших тохиолдолд зайлшгүй төлбөр төлөхөөр зохицуулсан. Харин 33.1.2-т “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ...” гэж заасныг зөрчиж нэхэмжлэгч газар эзэмшсэн.

Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6, 35 дугаар зүйлийн 35.3, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасныг нэхэмжлэгч нь зөрчсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчийн тайлбараар нотлогдож байхад хуулийн шаардлагыг зөрчиж, буруу хэрэглэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасанаар шийдвэр хууль ёсны болж чадсангүй. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ... шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагыг хангаагүй тул өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

  1. Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын Газрын харилцаанаас үүссэн эрх зүйн маргааныг хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлээгүй, шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагатай нийцэхгүй байна.

 

  1. Нэхэмжлэгч “ТТДС” ХХК нь БЗДЗД-ын 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/369 дүгээр захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

  1. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

  1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3, “б”, 29.2, 31 дүгээр зүйлийн 31.1.3, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6, 40.2, 60 дугаар зүйлийн 60.1, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 49 дүгээр зүйлийн 49.3.1-т заасныг тус тус баримтлан “Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт газар эзэмших гэрээнд заасан нөхцөл болзлыг биелүүлээгүй хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, ...” гэсэн үндэслэлээр тус  дүүргийн 20 дугаар хороонд байрлах Хар усан тохой 20 000 м2 хэмжээтэй “ногооны газрын” зориулалтаар эзэмшиж байсан “ТТДС” ХХК-ийн газар эзэмших эрхийг гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн БЗДЗД-ын 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/369 дугаар захирамжийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй. Тодруулбал,

 

    1. Нэхэмжлэгч “ТТДС” ХХК-ийн газар эзэмших эрхийн талаар;

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, БЗДЗД-ын 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/148 дугаартай захирамжаар “Эм Эн Си Жи” ХХК-ийн тус дүүргийн 20 дугаар хороо “Хар усан тохой”-д байрлах ногооны зориулалттай эзэмшиж байсан газрын эзэмших эрхийг “ТТДС” ХХК-д шилжүүлсэн байх бөгөөд уг захирамжийг үндэслэн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, 000317054 дугаартай эрхийн гэрчилгээ олгон улсын бүртгэлд бүртгэснээр нэхэмжлэгчид газар эзэмших эрх хууль ёсоор үүссэн байна.

 

4.2. Ингэснээр газар эзэмшигч “ТТДС” ХХК нь 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ болон Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.”, 35 дугаар зүйлийн 35.3-т “Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ.”, 35.3.1-д “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэхгэж заасны дагуу газар эзэмшигчийн үүрэг хүлээжээ.

 

4.3. Гэтэл “ТТДС” ХХК нь хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу 2016 онд газар эзэмших эрх үүссэнээс хойш эзэмшил газраа гэрээнд заасан нөхцөл, журмын дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй болох нь хэрэгт авагдсан маргаан бүхий газарт хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэл болон бусад баримтуудаар тогтоогдож байна.

 

4.4. Нэхэмжлэгчээс хүндэтгэн үзэх шалтгаантай болохоо нотолж шүүхэд гаргаж өгсөн Нийслэлийн Байгаль орчны газарт хандсан 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн гүний худаг ухах зөвшөөрөл гаргаж өгөхийг хүссэн өргөдөл, “УО ” ХХК-ийн 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 21/57 тоот албан бичиг, Нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтсийн дарга 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн “худаг гаргах зөвшөөрөл”, Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл /Forse majeure/ гэрчилгээ зэрэг баримтууд нь 2016 онд газар эзэмших эрх үүссэнээс хойш 4, 5 жилийн дараах үйл баримтыг нотолсон 2020, 2021 оны баримтууд байх тул энэ нь дээрх хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй юм. /хх-ийн 19-25, 27 дахь тал/

 

4.5. Гэтэл газар эзэмшигчээс газрыг хууль болон гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлыг хангаагүй, зориулалтын дагуу ногоо тариалаагүй байхад анхан шатны шүүх “...ногоо тариалахын тулд эрх бүхий захиргааны байгууллагаас худаг, усны зөвшөөрөл авах, үүний тулд хайгуул, өрмийн ажил хийх, санхүүгийн эх үүсвэрээ шийдвэрлэсэн байхыг шаардах тул эдгээр ажлыг хийлгэснээр уг газрыг ашигласан гэх үндэслэл болно” гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ“, 34.2-д “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасантай нийцэхгүй байна.

4.6. Мөн нэхэмжлэгчээс 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 1/181 дугаартай албан бичгээр / хх-51 дэх тал/ газар эзэмших эрхийг “В” ХХК-д шилжүүлэх хүсэлт гаргаж байснаас үзвэл “...уг газарт оюутан суралцагчид дадлага хийх, оюутны дотуур байрны болон сургуулийн гал тогоог хангах хүнсний ногоо тариалах үйл ажиллагаа явуулах төлөвлөн ажиллаж байсан” гэх нэхэмжлэгчийн тайлбар үгүйсгэгдэж байна.

 

5. Дээрх байдлуудаас дүгнэн үзвэл, нэхэмжлэгч хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон хариуцагч БЗДЗД-ын захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт захиргааны үйл ажиллагаанд баримтлах “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” тусгай зарчимд болон Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасантай нийцжээ.

 

6. Нэхэмжлэгчээс захиргааны актыг мэдэгдээгүй, сонсох ажиллагаа хийгдээгүй гэж маргаж байх ба Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2021 оны 06 дугаар сарын 31-ний өдрийн 13/1964 дүгээр албан бичгийг Б.Г /хх-53-54 тал/ хүлээн авсан, “ТТДС” ХХК-аас газар эзэмших эрхээ бусдад шилжүүлэхээр 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1/181 дугаартай албан бичгээр гаргасан хүсэлтийн хариуг, хариуцагчаас 11 дүгээр сарын 29-ний өдрийн 13/3951 дугаар албан бичгээр мэдэгдсэн байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.

 

7. Анхан шатны шүүх нь хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргаагүй, нотлох баримтыг хангалттай цуглуулах үүргээ хэрэгжүүлсэн байх боловч хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлсэн, Газрын тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “ТТДС” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШШ2023/0685 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “ТТДС ХХК-аас БЗДЗД д холбогдуулах гаргасан “БЗДЗД-ын 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/369 дүгээр захирамжийн “ТТДС” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр дугаар зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                   Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                     Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                                     Т.ЭНХМАА