Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/519

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг, улсын яллагч Н.Ундрах, хохирогчийн өмгөөлөгч Б.Золзаяа, шүүгдэгч Н.С нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00000 0598 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, М овгийн Н.С, ** оны ** дугаар сарын **-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, нисдэг тэрэгний хөдөлгүүрийн механикч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ганцаараа, Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хороо, Нарангийн голын ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд:                                                     

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 626 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн.

 Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Н.С нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 08-aac 09-нд шилжих шөнийн 00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “**” пабын үүдэнд хохирогч Б.А-тай “найз эмэгтэйгээ хамт явуулсангүй” гэх шалтгааны улмаас хувийн таарамжгүй харилцаа үүсгэн нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд үүдэн дээд зүүн 1-р шүдний булгарал, доод уруулын зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, М овгийн Н.С нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 08-aac 09-нд шилжих шөнийн 00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэрт “**” пабын үүдэнд хохирогч Б.А-тай “найз эмэгтэйгээ хамт явуулсангүй” гэх шалтгааны улмаас маргалдан нүүрэн тус газарт нь гараараа цохиж, бие махбодод нь “үүдэн дээд зүүн 1-р шүдний булгарал, доод уруулын зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан” хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

    1. Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Тухайлбал, хохирогч Б.А-гийн: “2022 оны 03 дугаар сарын 08-ны 00 цаг өнгөрч байх үед Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хороо, *** март дэлгүүрт байрлах ** пабад чайз Б.П-тай хамт ажиллаж байхад үл таних 3 залуу үйлчлүүлэхээр ирсэн. Би тооцоогоо хийж байж уух юмаа ав гэхэд тэр 3 залуу мөнгөний оронд 2 ширхэг утсаа барьцаанд тавьсан. Тэр 3 залуугийн тооцоо 74,000 төгрөг болсон ба манай найз П-г тэр 3 залуугийн нэг нь авч явах гээд байсан юм. Тэгэхээр нь би болиулаад П-г өөрийн машиндаа суулгасан. Суулгах үед тэр 3 залуугийн нэг нь манай найзыг явуулахгүй гэх шалтгаанаар утсыг авсан. Тэгэхээр би “явлаа” гэж хэлтэл тэр залуу “та нар яахаараа явдаг юм” гээд манай найзыг бариад авсан. Би болиулах гээд тэр залууг машин дотроосоо бариад авахад тэр залуу миний шүд рүү нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 4-11 дэх тал), гэрч Г.Б-ийн:”... бид 3 явах гэж байтал С найзыг нь дагуулж явна гэх зэргээр хоргоож эхэлсэн. Сүүлдээ машинаас нь тэр эмэгтэйг буулгаж ирээд өөрийнхөө машиндаа суулгах гээд байсан. Гэтэл нөгөө паб ажиллуулдаг эмэгтэй найзыгаа аваад машиндаа суулгасан. Тэгтэл С машин дээр нь очоод нэгнийх нь утсыг булаагаад авсан ба би С-оос утсыг нь буцаагаад авч өгсөн. С тэр хоёр эмэгтэйд хандаж “нэг нь үлдээд хамт яваач” гэж хэлтэл паб ажиллуулдаг гэх эмэгтэй уурандаа С-ийн цамцыг татаад урчихсан. Тэгтэл С уруул руу нь цохичихсон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дахь тал), гэрч Т.Э-ы: “...С пабыг ажиллуулдаг эмэгтэйтэй маргалдаж байсан. Тэгээд нэг харахад тэр эмэгтэйн 1 шүд нь хугарсан байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дахь тал), Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 3980 дугаартай: “...Б.А-гийн биед үүдэн дээд зүүн 1-р шүдний булгарал, доод уруулын зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Нэг шүдний булгарал нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5 хувиар алдагдуулна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 27-23 дахь тал) зэрэг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Шүүгдэгч Н.С яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...миний бие 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр маргаан үүсгэж улмаар хохирогч Б.А-гийн шүд рүү нь гараараа нэг удаа цохиж гэмтэл учруулсан” гэж (хавтаст хэргийн 39 дэх тал) мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт: “...Гэм буруу дээр маргахгүй, хэргийн талаар ярих зүйлгүй. Харин өмнөх 7 хоногийн шүүх хуралдаан хойшлох үед хохирогч “сая зүгээр байсан шүд хөдөлчихлөө. Би шүүх хуралдааныг 7 хоногоор хойшлуулж байгаад өмгөөлөгч авна, чи үлдэгдэл 500,000 төгрөгөө өгсөн бол хялбаршуулсан журмаар нь шийдвэрлүүлэх байсан юм” гэж хэлсэн. Би 1 шүдний хувьд хохирогчтой тохирсон. Урьд 2,000,000 төгрөгийг төлсөн, саяхан сүүлд 250,000 төгрөг өгсөн, одоо 250,000 төгрөг дутуу байгаа. Харин хэрэг гарснаас хойш 3 сарын дараа 2 дахь шүдний асуудал ярьж байна. Хэрэв хохирогчийн 2 дахь шүд хөдөлсөн талаар баримтаар тогтоогдвол хохирлыг төлнө, одоогоор шууд төлөх боломжгүй. Хохирогч намайг дарамталсан байдалтай, “би чамайг яаж ч чадна 10,000,000 төгрөг ч нэхэмжилж чадна, өмгөөлөгч авсан байгаа” гэж хэлсэн...” гэв.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Прокурорын хяналтын шатанд яллагдагч Н.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх бөгөөд прокурор түүний хүсэлтийг хүлээн авч, түүнтэй эрүүгийн хариуцлагын талаар урьдчилан тохирч, яллагдагч прокурорын саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2, 17.3 дугаар зүйлд заасан үндэслэл, журамд нийцсэн байна.

Шүүгдэгч Н.С нь тусгай дунд боловсролтой монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйтэй.

    1. Эрх зүйн дүгнэлт

Хохирогчийн өмгөөлөгч: “...Хохирогчийн нэг шүд нь унасан одоо дахиад нэг шүд унах гээд байгаа. Нийт 2 шүдэнд имплант хийлгэх болсон, зардал нь 5,000,000 төгрөг болно. Одоогоор хиймэл шүдтэй байгаа, 6 сарын дараа шинээр шүд хийлгэхээр болсон. Унасан шүдтэй нь хамааралтай дахин нэг шүд хөдөлсөн, хийлгэхэд 2,750,000 төгрөгийн үнэтэй талаар яригдаж байгаа. Иймд шинжээч томилуулах, хэрэгт нэмэлтээр баримт гаргуулах шаардлагатай гэж үзэж байна...” гэв. 

Хохирогчийн дахиад 1 шүд хөдөлсөн талаар баримт хэрэгт авагдаагүй тул шүүх прокуророос ирүүлсэн хэргийг хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 3980 дугаартай дүгнэлтээр хохирогч Б.А-гийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Н.С-ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Б.А-гийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна.

Шүүгдэгч Н.С-ийн хохирогчийн шүд рүү цохисон үйлдэл болон хохирогч Б.А д учирсан үүдэн дээд зүүн 1-р шүдний булгарал, доод уруулын зулгаралт гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байх бөгөөд гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн хувьд шүүгдэгчийн архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, биеэ зөв авч яваагүй буруутай үйлдлийн улмаас энэ гэмт хэрэг гарсан гэж үзэв.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Н.С-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Шинжээчийн 3980 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон үүдэн дээд зүүн 1-р шүдний булгарал гэмтлийн эмчилгээний зардалд 2,500,000 төгрөгийг төлөхөөр шүүгдэгч, хохирогч нар харилцан бичгээр тохиролцсон байна. Үүнээс шүүгдэгч Н.С нь 2,250,000 төгрөгийг төлчихсөн байгаа тул үлдэгдэл 250,000.0 төгрөгийг түүнээс гаргуулан хохирогч Б.А-д олгохоор шийдвэрлэлээ.

Харин хохирогчийн дахин нэг шүд хөдөлсөн талаар өмгөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлж байх боловч энэ талаар нотлох баримт гаргаж өгөөгүй тул хэлэлцэхгүй орхиж, шаардлагатай нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1.     Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Н.С-д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч Н.С-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 42 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 43 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 44 дэх тал), эд хөрөнгөгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 45 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 46-47 дахь тал), автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 48 дахь тал), Хаан банкны депозит дансны хуулбар (хавтаст хэргийн 49-57 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 73 дахь тал), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 76-78 дахь тал), эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол (хавтаст хэргийн 80 дахь тал), АСАП сангийн лавлагаа (хавтаст хэргийн 60-65 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Прокуророос гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу найман зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулах, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” саналыг шүүгдэгч зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх бөгөөд уг санал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.

            2.2.       Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.С нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.М овгийн Н.С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С-д найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу найман зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С-д оногдуулсан найман зуун мянган төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.С-д сануулсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Н.С-оос 250,000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.А-д олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг заасугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.С нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                 Б.БАТАА