Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2018/00889

 

 

2018 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2018/00889

Улаанбаатар хот

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж,  тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: УБТТС ХХК-ний нэхэмжлэлтэй,  

 

Хариуцагч: М.Э-т холбогдох санхүүгийн түрээсийн төлбөр, хохиролд 1 206 770 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй, УБТТС ХХК-иас 1 352 500 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй  хэргийг тус тус хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Г /үнэмлэх 0045, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Р, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавжанпагма нар оролцов.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэдээ: ““УБТТС” ” ХХК нь 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр М.Э-тай “Автомашины санхүүгийн түрээсийн гэрээ” байгуулж, компаниас түрээслэгчийн эзэмшил ашиглалтанд биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй 15-87 УНС улсын дугаартай автомашиныг тодорхой хугацаагаар шилжүүлэх, М.Э нь гэрээнд заагдсан түрээсийн төлбөрийг тогтмол төлөх, улмаар нийт хугацааны төгсгөлд автомашиныг өөрийн өмчлөлд шилжүүлж авахаар харилцан тохирсон. Гэвч түрээслэгч нь гэрээний үндсэн үүргээ биелүүлээгүй нийт 19 хоногийн 570 000 төгрөгийн түрээсийн өртэй болсон тул 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр “УБТТС” ” ХХК түрээсийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалсан. Ийнхүү түрээсийн гэрээг цуцлахад талууд автомашинд үзлэг оношлогоо хийж, хүлээлцэх акт үйлдсэн ба үзлэг оношлогооны явцад гадаад болон дотоод эд ангид нь тодорхой хэмжээний эвдрэл гэмтэл илэрсэн. “УБТТС” ” ХХК нь дээрхи эвдрэл, гэмтэлтэй холбоотой “М Х А” ХХК-иар нийт 1 233 870 төгрөгийн засвар үйлчилгээ хийлгэсэн  ба  үүн  дээр  гэрээний  хүчин  төгөлдөр  хугацаанд  хуримтлагдсан  19 хоногийн түрээсийн өр 570 000 төгрөг болон түрээслэгчийн автомашин эзэмшиж, ашиглахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс компанийн нэр дээр гарсан 38 400 төгрөгийн торгуулийг нэмбэл нийт 1 842 270 төгрөгийн хохирол компанид учирсан байдаг. Үүнээс түрээслэгчийн гэрээ байгуулахдаа барьцаа болгож төлсөн 635 500 төгрөгийг хасвал “УБТТС” ” ХХК нь М.Э-аас нийт 1 206 770 төгрөгийн авлагатай байгаа болно. Иймд М.Э-аас 1 206 770 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Э-тай 2015 оны  9-р сарын  14-ний  өдөр Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан. Гэрээгээр хариуцагч  өдрийн 30 000 төгрөгийг төлж байгаад гэрээнд заагдсан үнийн дүн төлөгдсөний дараа автомашиныг өөрийн өмчлөлд шилжүүлж авахаар тохиролцсон. М.Э нь 19 хоногийн түрээсийн төлбөрөө төлөөгүй учраас гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, 2015 оны 11-р сарын 24-ний өдөр машинаа хүлээж авсан. Машин хүлээлгэж, өгөх, хүлээж авахдаа акт үйлдсэн. Гэрээ цуцалж машинаа хүлээж авахад эвдрэл гэмтэлтэй байсан. М.Э-аас машин хүлээн авсан актанд ямар гэмтэлтэй байсныг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Энэ актын дагуу бид машинаа зассан. Нийт засварын хөлсөнд 1 233 870 төгрөг төлсөн, 19 хоногийн төлөгдөөгүй түрээсийн төлбөр 570 000 төгрөг, хариуцагч авто машин эзэмшиж байхдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчиж байгууллага 38 400  төгрөгийн торгууль төлсөн. Нийт 1 842 270 төгрөгийн хохирлоос барьцааны 635 500 төгрөгийг хасч 1 206 770 төгрөгийг М.Э-аас нэхэмжилсэн. Гэвч үүнээс 360 500 төгрөгийн засвар үйлчилгээний зардлыг хасч 846 270 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна гэв.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Р шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. М.Э нь 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн гэрээгээр авто машин хүлээлцэх актаар 15-87 УНС гэсэн авто машиныг 68 008 километр гүйлттэй байхад нь хүлээж авсан. Тухайн машиныг гэрээний дагуу ашиглаж байгаад 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 75 530 километр явсан машиныг актаар хүлээлгэж өгсөн. Машиныг актаар хүлээж өгөхдөө тухайн машинд учирсан гэмтэл зэргийг актад тодорхой тусгаж, асуудлаа шийдсэн. Гэрээг нэг талын санаачилгаар цуцалсан талаар компаний захиралд хоёр удаа өргөдөл гаргаж, барьцаа хөрөнгөө  нэхэмжилсэн боловч гомдлыг шийдвэрлэж өгөөгүй. Нэхэмжлэлд дурдсан засвар үйлчилгээний зардал нь М.Э машиныг хүлээлгэж өгснөөс хойш 2 жилийн дараа засвар үйлчилгээ хийсэн засварын баримтууд байна. Хүлээлгэж өгснөөс хойш ямар хүнд түрээсэлж байсан нь тодорхойгүй.  Нотлох баримтаар гаргаж өгсөн авто тээврийн хэрэгслийн хяналтын хуудсаар тухайн машин 2017 онд хоёр удаа үзлэгт ороход ямар нэгэн гэмтэлгүй машин байсан нь тогтоогдож байгаа.  Хариуцагч 19 000 төгрөгийн торгууль төлөөгүй. Хүлээлгэж өгсөн актаар бол урд баруун болон хойд хаалга будах засварууд байсан. Гэтэл 2 жилийн дараа гарсан пар солих, хөдөлгүүрийн тос солих зэрэг нь хүлээлцэх үеийн актад тусгагдаагүй. Уг машин нь 2016, 2017 оны техникийн үзлэгээр бүрэн бүтэн байсан нь нотлох баримтаас тодорхой харагдаж байна.  Хариуцагч нь 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээлгэж өгснөөс хойш уг машинд учирсан хохирлын засварын төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй.  Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Э нь машиныг гэрээний дагуу авахдаа барьцаанд 570 000 төгрөг өгсөн. Мөн тухайн машины дагалдах хантааз, галын хор зэргийг мөнгөөрөө авсан. Энэ талаарх баримтуудыг хувиараа авсан учир гаргаагүй. Түүнчлэн машиныг түрээслэж байх явцад уг машинд гэмтэл согог илэрч, өвөл пар  ажиллахгүй байсан тул радиатор 220 000 төгрөгөөр, парны радиатор 180 000 төгрөгөөр, теримтатор 40 000 төгрөг, шаланк солих хоолой 20 000 төгрөг, тосол 20 000 төгрөг, дуудлага өгсөн төлбөрт 55 000 төгрөг нийт 1 352 500 төгрөгийн засвар үйлчилгээ хийсэн. Иймд “УБТТС”  ХХК-иас 1 352 500 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Бид гэрээгээр болон Иргэний хуулинд зааснаар түрээслүүлэгчийн зөвшөөрөлтэйгээр засвар үйлчилгээ хийх эрхтэй байгаа. Манайх Монгол хьюндай автомотив засварын төвөөр түрээслүүлэгчийн хяналт дор засвар үйлчилгээгээ хийлгэдэг. Түрээслэгч зөвшөөрөлгүйгээр засвар хийлгэснийг зөвшөөрөхгүй. Мөн засвар үйлчилгээ хийсэн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч  “УБТТС” ” ХХК нь батлан даагч С.А-оос санхүүгийн түрээсийн төлбөр, хохиролд 1 206 770 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагчийг солих хүсэлт гаргаснаар Шүүгчийн 2018 оны 01-р сарын 10-ны өдрийн 00802 тоот захирамжаар хариуцагч С.А-ыг хариуцагч М.Э-аар сольсон, нэхэмжлэгч нь хариуцагч М.Э-т холбогдох нэхэмжлэлийг гаргасан /хх 1-2, 33-33-35, 37-38/ байна.

 

Шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгч нь М.Э-аас 846 270 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан, энэ хэмжээнд хэргийг шийдвэрлэж нэхэмжлэлийн шаардлагаас 294 500 төгрөг гаргуулахаар хангаж, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Харин “УБТТС”  ХХК-иас 1 352 500 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлээс 34 500 төгрөгийг гаргуулахаар хангаж, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

“УБТТС” ” ХХК нь М.Э-тай 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр “Автомашины санхүүгийн түрээсийн гэрээ” байгуулж, Элентра маркийн 15-87 УНС дугаартай автомашиныг 39 сарын хугацаатай түрээслүүлэх, түрээслэгч түрээсийн төлбөрт өдөрт 30 000 төгрөг, сард 660 000 төгрөгийг төлөхөөр, түрээслэгч төлбөрийг бүрэн төлснөөр машиныг өмчлөлдөө шилжүүлэн авахаар /хх 6-12/ тохирч, 2015 оны 9-р сарын 14-ний өдөр “Автомашин хүлээлцэх акт”-аар шилжүүлэн өгчээ.

 

 Түрээслэгч М.Э нь түрээсийн гэрээний үүргээ биелүүлж байсан боловч гэрээний хугацаанд 19 хоногийн төлбөрийг төлөөгүйгээс талуудын хооронд маргаан гарч, түрээслэгч гэрээний 12-р зүйлийн 12.2.1, 14-р зүйлийн 14.2.1-т зааснаар түрээсийн төлбөрийг 3 болон түүнээс дээш хоногоор төлөөгүй, нэмэлт хугацаа тогтоосон боловч үүргээ гүйцэтгээгүй үндэслэлээр нэг талын санаачилгаар 2015 оны 11-р сарын 24-ний өдөр гэрээг цуцалсан, энэ талаар талууд маргаагүй байна.

 

Талууд гэрээ цуцалснаар 2015 оны 11-р сарын 24-ний өдөр “Автомашин хүлээлцэх акт” үйлдэж, түрээслэгчээс 75531 км заалттайгаар хүлээн авсан, актад “карказ солих, баруун урд, хойд хаалга, баруун хойд крыло, хойд гупер, зүүн урд крыло, копуд засах, будах” зэрэг засвар үйлчилгээ хийхээр гарын үсэг зурж баталгаажуулжээ /хх 13-14/.

 

Түрээслүүлэгч нь Монгол хьюндай автомотив компаниар эдгээр засвар үйлчилгээг хийлгэж 360 000 төгрөгийн зардал гаргасан нь засвар үйлчилгээний хуудас /хх 23/, төлбөр төлсөн баримт /хх 20/ зэрэг баримтаар тогтоогдсон байна.

 

Харин бусад засвар үйлчилгээний баримтууд нь актад тусгагдаагүй засвар үйлчилгээ, гэрээ цуцалснаас хойш буюу 89845 км заалттай болсон үеийн зардал /хх 17-19, 21-22, 24-26/, 2015 оны 10-р сарын 02, 2015 оны 09-р сарын 17-ны өдөр хурд хэтрүүлсэн зөрчилд тус бүр 19 200 төгрөгиийн торгууль төлөхөөр тогтоосныг 2018 оны 03-р сарын 20-ны өдөр төлсөн  /хх 68-69/  үндэслэлгүй байна.

 

Хариуцагч нь түрээсийн төлбөр 570 000 төгрөг, засвар үйлчилгээний зардал 360 000 төгрөг нийт 930 000 төгрөгийг төлөх үүрэгтэй, үүнээс барьцаанд төлсөн 635 500 төгрөг /хх 28/ -ийг суутгаж 294 500 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж дүгнэлээ.

 

Хариуцагч түрээсийн гэрээний хугацаанд машин нь доголдолтой байсны улмаас 1 352 500 төгрөгийн засвар үйлчилгээ хийлгэсэн гэж маргажээ.

 

Үүнээс  Монгол хьюндай автомотив компаниар шланк солих засвар үйлчилгээ хийлгэж 34 500 төгрөгийг хариуцагч төлсөн /хх 47/ байх тул хангах нь зүйтэй. Бусад шаардлага нь баримтаар нотлогдоогүй, хх 45-46 талд авагдсан зарлагын баримт нь худалдан авагч тодорхойгүй, төлбөр төлснийг нотлоогүй байх тул хангахгүй орхилоо. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 312-р зүйлийн 312.1, 326-р зүйлийн 326.2 дахь хэсэгт заасныг баримтлан М.Э-аас 294 500 /хоёр зуун ерэн дөрвөн мянга таван зуу/ төгрөг гаргуулж “УБТТС”  ХХК-д, “УБТТС”  ХХК-иас 34 500 /гучин дөрвөн мянга таван зуу/ төгрөг гаргуулж М.Э-т тус тус олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 551 770 төгрөгийн, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 1 318 000 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33 515 төгрөг, хариуцагчаас төлсөн 36 500 төгрөгийг тус тус улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч М.Э-аас 9 485 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 4 550 төгрөг гаргуулж хариуцагчид тус тус олгосугай.

3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

                

 

 

                  ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                      Р.АЛТАНТУЯА