Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/486

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан, Д.Өнөрцэцэг, улсын яллагч Д.Ууганцэцэг, шүүгдэгч О.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00000 0394 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 29-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ш овгийн О.О, *** оны ** дугаар сарын **-ны өдөр Өвөрхангай аймгийн Сант суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл гурав, нөхөр, хүүхдийн хамт Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар баг, ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: **, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч О.О нь 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Ц-тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу “машин янзалж өгөөгүй гэж уурлалаа” гэх шалтгаанаар маргалдан зодож, эрүүл мэндэд нь “дух, баруун хөмсөг, баруун зүүн хацар, баруун сарвуунд зулгаралт, баруун шилбэнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, Ш овгийн О.О нь 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны оршин суугч, хүргэн ах С-ын гэрт зочилж очихдоо С, түүний эхнэр Б болон өөрийн нөхөр, Ц нартай хамт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ба Ц түүнийг “машин засаж өгсөнгүй” гэж хэлснээс болж түүнтэй маргалдан улмаар харилцан үсдэлцэж, маажиж, цохисны улмаас Э.Ц-гийн эрүүл мэндэд дух, баруун хөмсөг, баруун зүүн хацар, баруун сарвуунд зулгаралт, баруун шилбэнд цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан” хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

    1. Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Тухайлбал, хохирогч Э.Ц-ийн: ”...2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хамаатны ах С-ын гэрт очсон. Намайг очих үед С ах, эхнэр Б нар байсан ба манай ээжийн төрсөн дүү О.О Төв аймгаас хүрч ирсэн. Бид нар 2.5 литрийн том пиво 4-5 ширхгийг хувааж уусан. О эгч манай машиныг урьд унаж явж байгаад эвдчихээд янзалж өгөхгүй байсан болохоор нь пиво ууж байхдаа тэр талаар нь хэлэхэд О эгч уурласан. Тэр “машиныг чинь янзалж өгнө” гээд уурлаад байхаар нь миний уур хүрээд О-ийг үсдээд авахад намайг зөрж үсдэж аваад миний нүүрийг маажсан, би зөрүүлээд маажсан....Миний нүүр, хацар хумсаар олон удаа маажуулсан шархтай, зүүн гарын бугуй орчим хөндүүртэй байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 7-9 дэх тал), шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2419 дугаартай: “...Э.Ц-ийн биед дух, баруун хөмсөг, баруун зүүн хацар, баруун сарвуунд зулгаралт, баруун шилбэнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үрэгдэх, шүргэгдэх үйлчлэлээр үүссэн байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 18-19 дэх тал) зэрэг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Шүүгдэгч О.О нь яллагдагчаар: “... 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Төв аймгаас нөхөр, хүүхдийн хамт ирээд төрсөн эгч Б-д гэрч очсон. Тэдний гэрт Ц ирчихсэн байсан. Бид хэд хоол унд идчихээд пиво уухаар тохиролцож дэлгүүрээс 2.5 литрийн “Сэнгүр” нэртэй пиво 5-ыг аваад хувааж ууж байтал Ц урьд өмнө нь болсон явдлаа яриад “чи миний машиныг эвдэлчихсэн, одоо хүртэл янзалж өгөөгүй” гээд байхаар нь “би машиныг чинь янзалж өгнө” гэж хэлээд хоорондоо хэрүүл маргаан болсон. Тэгтэл Ц намайг үсдээд авахаар нь би зөрүүлж үсдээд, нүүр амыг нь маажсан, тэр ч миний нүүрийг маажсан...” гэж (хх-ийн 63-65 хуудас) мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй. Би 6 сартай жирэмсэн, ажил эрхэлдэггүй хүүхдээ хараад гэртээ байдаг. Хүүхдийн мөнгө, хүүхэд асарсны 50,000 төгрөгөөс өөр орлогогүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч О.О нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2419 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч О.О-ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Э.Ц-ийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүгдэгч О.О-ийн хохирогчийн үснээс зулгааж, маажиж, цохисон үйлдэл болон хохирогч Э.Ц-д учирсан дух, баруун хөмсөг, баруун зүүн хацар, баруун сарвуунд зулгаралт, баруун шилбэнд цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна. Харин гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн хувьд хохирогч, шүүгдэгч нар хамт архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдал, харилцан үл ойлголцсоны улмаас гэмт хэрэг гарсан байна гэж үзэв.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч О.О-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Хохирогч Э.Ц нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч О.О-ийг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

    1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...шүүгдэгч О.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар Төв аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Учир нь О.О нь эрхэлсэн ажилгүй орлогогүй тул торгох ял оногдуулах боломжгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар жирэмсэн эмэгтэйд нийтэд тустай ажил хийлгэхийг хориглосон тул зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгчид 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс хойш хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, үүнийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч: “...хэлэх зүйлгүй...” гэв.

    1. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч О.О нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 26 дахь тал), жолоочийн лавлагаа (хавтаст хэргийн 31 дэх тал), хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 32 дахь тал), АСАП сангийн лавлагаа (хавтаст хэргийн 53-54 дэх тал), эд хөрөнгөгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 28 дахь тал), тээврийн хэрэгсэлгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 27 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 29 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 55 дахь тал), оршин суугаа газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 30 дахь тал), Хаан банкны депозит дансны хуулга (хавтаст хэргийн 33-51 дэх тал), ургийн ЭХО зураг (шинээр гаргаж өгсөн) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн оршин суух тодорхой хаягтай, өөрийн нэр дээр эд хөрөнгө, тээврийн хэрэгсэлгүй, одоо 6 сартай жирэмсэн, эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй, урьд ял шийтгүүлж байгаагүй хувийн байдлыг тогтоов.

Анхан шатны шүүх улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтийг зөв зүйтэй гэж үзсэн ба харин жирэмсэн эх эрүүл мэндийн байдлаас шалтгаалан Улаанбаатар хотод эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч болзошгүй нөхцөл байдлыг харгалзан зорчих эрх хязгаарлах ялын хугацааг багасгах нь зүйтэй гэж үзлээ.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О-т нэг сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгыг хангах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О-т зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд оршин сууж буй Төв аймгийн Зуун мод сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглолоо.

    1. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.О нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Ш овгийн О.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О-ийг нэг сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О-т оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд Төв аймгийн Зуун мод сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглосугай.

4.Зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч О.О-т сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.О нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч О.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                    Б.БАТАА