Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баяраагийн Батаа |
Хэргийн индекс | 188/2022/0614/Э |
Дугаар | 2022/ШЦТ/613 |
Огноо | 2022-05-11 |
Зүйл хэсэг | 10.6.1., |
Улсын яллагч | Н.Улсболд |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 2022/ШЦТ/613
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн, улсын яллагч Н.Улсболд, шүүгдэгч Э.Ө, түүний өмгөөлөгч Ц.Шийтэрчулуун нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108 02895 0300 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овгийн Э.Ө, *** оны ** дүгээр сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, “***” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл гурав, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, ** дүгээр байр, ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Э.Ө нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна” гэсэн заалт, дээрх хуульд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Дэд бүтцийн Хөгжлийн яамны сайдын 2004 оны 163 дугаар тушаалаар батлагдсан Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм I хэсэг, Ерөнхий шаардлага /БНбД 12-03-04/-ын 4.11-д заасан “үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд байнга үйлчилж болох бүсийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хаалт хамгаалалтаар, харин үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд тохиолдож болзошгүй бүсийг дохио, санамж анхааруулга, аюулгүй тэмдэг бүхий хаалтаар хашиж тусгаарласан байвал зохино” гэсэн захиргааны хэм хэмжээний акт, “***” ХХК-тай байгуулсан 2021 оны 08 дугаар сарын 25-ын өдөр №МА21-6/25-009 дугаартай “Барилгын дотор цахилгааны угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээ”-ний нэмэлт өөрчлөлт болох 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн гэрээний 1-д заасан хэлцлээр хүлээсэн үүргээ тус тус биелүүлээгүйн улмаас 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Г.О нь Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа 16 давхар “***” барилгын 14 давхраас агааржуулалтын хоолойгоор 6 давхар хүртэл унаж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн нас барсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, Б овгийн Э.Ө нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна” гэж, дээрх хуульд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Дэд бүтцийн Хөгжлийн яамны сайдын 2004 оны 163 дугаар тушаалаар батлагдсан Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм I хэсэг, Ерөнхий шаардлага /БНбД 12-03-04/-ын 4.11-д заасан “үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд байнга үйлчилж болох бүсийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хаалт хамгаалалтаар, харин үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд тохиолдож болзошгүй бүсийг дохио, санамж анхааруулга, аюулгүй тэмдэг бүхий хаалтаар хашиж тусгаарласан байвал зохино” гэсэн захиргааны хэм хэмжээний акт, “***” ХХК-тай байгуулсан 2021 оны 08 дугаар сарын 25-ын өдөр №МА21-6/25-009 дугаартай “Барилгын дотор цахилгааны угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээ”-ний нэмэлт өөрчлөлт болох 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн гэрээний 1-д заасан хэлцлээр хүлээсэн үүргээ тус тус биелүүлээгүйн улмаас 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Г.О нь Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа 16 давхар “***” барилгын 14 давхраас агааржуулалтын хоолойгоор 6 давхар хүртэл унаж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн нас барсан” хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.
Тухайлбал, 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хэргийн газрын үзлэг хийсэн
тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 4-12 дахь тал), 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 13-15 дахь тал), 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн *** дугаартай сертификатын хуулбар, ажлын байрны тодорхойлолт (1 дэх хавтаст хэргийн 246-247 дахь тал)
-Хохирогч Г.С-ийн “...Миний дүү Г.О нь Төв аймгийн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд цахилгааны ангийн ** курсийн оюутан байсан. ... 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр би Дорноговь аймгийн Сайншанд суманд гэртээ байж байтал ээж Б 19 цаг өнгөрч байхад залгаад дүү чинь дадлага хийж байгаад 2 давхраас унасан гэнэ, чи багш руу нь залгаад асуугаадхаач гэж хэлсэн. Ингээд би талийгаач дүү Г.О-ын ангийн багш болох М.А руу залгаад юу болсон талаар тодруулахад “О гэмтлийн эмнэлэг дээр ирсэн байна, хотод байдаг эгчийнхээ утасны дугаарыг өгөөч” гэж хэлсэн. Тэгээд Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэгт ажилладаг таньдаг хүндээ болсон явдлыг хэлээд “биеийн байдал нь ямар байна, та нэг асуугаад мэдээд өгөөч” гэсэн. Удаагүй “дүү чинь нас барсан гэж байна” гэсэн хариу өгсөн” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 23-24 дэх тал),
-Насанд хүрээгүй гэрч Б.Б-ийн “Барилгын шаахтны нүхнүүдэд бүгдийнх нь ойр орчимд ямар нэгэн тэмдэг тэмдэглэгээ байхгүй байсан. О бид хоёр өнөөдөр ажил гүйцэтгэхдээ компаниас тавьж өгсөн өмд, гутал, куртик, бээлий зэргийг өмсөж ажилд гарсан” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 43 дахь тал),
-Гэрч Э.Г-ийн “...2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 08 цаг 40 минутад барилга дээрээ цуглараад 10 цагт ажилдаа гарсан. Өнөөдөр талийгаач О, Б хоёр гэдэг 2 оюутан, 5 ажилтан нийт 7 хүн ажилд гарсан. Орой бид нар 14 давхарт цахилгааны монтажны хоолой хийгээд байцгааж байтал дадлагын оюутан Б ирээд “О доошоо уначихлаа” гэж хэлэхээр нь гүйж очоод хартал агааржуулалт болон гангийн хоолойн шаахтны нүхийг бөглөж тавьсан хөөсөнцөр дээр гишгээд доошоо цөмөрч 6-н давхар хүртэл унасан байсан. Ингээд би өөрийнхөө гар утсаар тэр дор нь 18 цаг 30 минутад 103 дуудсан... ямар нэг аюултай, гишгэж болохгүй гэсэн анхааруулсан тэмдэг тэмдэглэгээ байгаагүй. Манай компани тухайн 15 давхар барилгын цахилгааны ажлыг гүйцэтгэдэг юм...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 27 дахь тал),
-Гэрч Ц.Э-ны “...Миний бие тус давхрын 2 дахь айлын барилгын ажил дээр ажилладаг байсан бөгөөд 4 дэх айлд нь Т, Я, Б болон О нар ажиллаж байсан. Батзориг нь “О доошоо уначихлаа” гээд ороод ирсэн. Тэгээд давхар болгоноор О-г хайж гүйгээд 6 дугаар давхрын хананы шаахтны хажуу талаас олоод Г инженер, А, Бнар тэврээд буусан. Би араас нь гартал эмнэлэг ирсэн байсан” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 45 дахь тал),
-Гэрч Э.А-ийн “Барилгын хөдөлмөр, аюулгүйн талаас унах эрсдэлээс урьдчилан сэргийлж нүх зэргийг хамгаалсан хаалт болон наалт наасан зүйл байхгүй...Тус барилгын шаахтны нүхэнд хатуу хөөсөнцөр хийж тагласан байсан ба хажуу талын хананд болон ойр орчмын хананд хүн унах эрсдэлтэй гэсэн бичиг, анхааруулах зүйл байхгүй байсан" гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 47 дахь тал),
-Гэрч Ч.Я-ийн “...14-н давхрын агааржуулалтын шаахтны хоолойг хөөсөнцрөөр таглаж битүүлж тавьсан байсан. Хөөсөнцөр дээр О гишгэж доошоо цөмрөөд 6-н давхарт унасан байсан. Доошоо буугаад 6-н давхарт яваад очтол О-ын хамраас нь цус гарсан байдалтай ухаангүй хэвтэж байсан. Энэ үед ерөнхий инженер Ганмөнх ах түргэн дуудсан...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 51-52 дахь тал),
-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2507 дугаартай: “Талийгаач Г.О-ын цогцост гавлын зүүн зулай, дагз ясны шугаман хугарал, их тархины хоёр тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн дэлбэн, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт, дух, чамархайн дэлбэнгийн эдийн няцрал, дотор эрхтнүүдийн доргилт, элэгний язрал, няцрал, хэвлийн хөндийн цусан хураа, нойр булчирхайн няцрал, цус хуралт, хоёр талын уушги, гол судас дагуух зөөлөн эд, элэгний саран холбоос, бүдүүн гэдэсний чацархайн цус хуралт. Зулайн хуйханд шарх, шилэн хүзүү хэсгийн цус хуралт, зүүн нүдний дээд зовхи, хацар, эрүү, зүүн чихний дэлбэн, хүзүү, баруун дал, бүсэлхий, зүүн өгзөг, өвдөгт зулгаралт, зүүн нүдний дээд зовхи, зүүн шуу, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүдээс гавал тархи, цээж, хэвлийн гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт, биеийн гадна хэсгийн гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь нас барах үедээ согтолтгүй байжээ. Талийгаач нь нэгдүгээр бүлгийн цустай байна. Талийгаач нь гавал тархи, цээж, хэвлийн хавсарсан гэмтлүүдийн улмаас нас баржээ. Талийгаачид эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь нас аврагдах боломж багатай байжээ” гэсэн дүгнэлт (1дэх хавтаст хэргийн 90-93 дахь тал),
-Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 05 дугаартай: “Хариулт 2. *** ХХК нь *** ХХК-тай байгуулсан 2021 оны 08-р сарын 25-ын өдөр МА21-6/25-009 дугаартай “Барилгын дотор цахилгааны угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээ”-нд 2021 оны 09-р сарын 20-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан байх бөгөөд тус компани нь нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээний 1-д заасан үүргээ биелүүлээгүй, өөрийн ажилчдын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллаагүйгээс амь хохирогч Г.О нь 14-р давхарт цахилгааны хар хоолой татах ажлыг хийж гүйцэтгэж байх үедээ тус давхрын шаахтны нүхээр унаж, улмаар амь нас нь эрсэдсэн байна. *** ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа 16 давхар *** барилгын талбайд ажил гүйцэтгэж байхдаа МУ-ын Дэд бүтцийн Хөгжлийн яамны сайдын 2004 оны 163-р тушаалаар батлагдсан Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм I хэсэг, Ерөнхий шаардлага /БНбД 12-03-04/-ын 4.11-д “үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд байнга үйлчилж болох бүсийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хаалт хамгаалалтаар, харин үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд тохиолдож болзошгүй бүсийг дохио, санамж, анхааруулга, аюулгүйн тэмдэг бүхий хаалтаар хашиж тусгаарласан байвал зохино” гэснийг зөрчин үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд үйлчилж болох бүсийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, дохио, санамж анхааруулга, аюулгүйн тэмдэг бүхий хаалт хамгаалалтаар хаагаагүй байна. *** ХХК-ийн захирал нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна” гэж заасны дагуу хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй байна” гэсэн дүгнэлт (2 дахь хавтас хэргийн 121-123 дахь тал) зэрэг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Түүнчлэн, шүүгдэгч Э.Ө нь мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар: “...Би өөрийн “***” ХХК-д гүйцэтгэх захирал болон Хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан хийдэг. 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр *** ХХК-тай барилгын дотор цахилгаан угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 16 давхар *** барилгын цахилгааны ажлыг гүйцэтгэж байна. Энэ хугацаанд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн цахилгааны ангийн нэр бүхий 5 оюутныг гэрээний дагуу авч дадлагажуулж байсан. Захиалагч компаниас цахилгааны ажлаа хурдхан дуусгавал сайн байна гэж хэлсэн учраас 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр буюу амралтын өдөр дадлагажигч оюутнуудтайгаа харилцан зөвшилцсөний үндсэн дээр ажиллуулсан....ийм осол болж хүний амь нас хохирсонд их харамсаж байгаа учир хохирогч нарт хүндэтгэлтэй хандаж байгаа. Талийгаачийн оршуулгын зардал мөнгийг манай компани гаргаж өгсөн байгаа. Уг осолд барилга хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа талаасаа манай компани буруутай. Захиалагч компани болох *** ХХК болон манай *** ХХК-ны байгуулсан гэрээгээр барилга дээрх хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг манай компани 100 хувь хариуцна гэж заасан байдаг. Ийм учраас *** ХХК энэ асуудалд хөдөлмөр хамгааллын ямар нэг буруугүй тул манай компани ослыг бүрэн хариуцна” гэж (1 дэх хавтаст хэргийн 155-157 дахь тал) мэдүүлсэн ба шүүх хуралдаанд “...Би өөрөө цахилгааны инженер мэргэжилтэй, энэ сургуультай 3-4 жилийн хугацаанд хамтарч ажиллаж байгаа. Маш эмгэнэлтэй зүйл болсон, маш их харамсаж байна. Цаашдаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг анхаарч ажиллана. Хөөсөнцрийг манайх тавьсан байсан...” гэв.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Прокурорын хяналтын шатанд яллагдагч Э.Ө нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх бөгөөд прокурор түүний хүсэлтийг хүлээн авч, түүнтэй эрүүгийн хариуцлагын талаар урьдчилан тохирч, яллагдагч прокурорын саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2, 17.3 дугаар зүйлд заасан үндэслэл, журамд нийцсэн байна.
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2507 дугаартай дүгнэлтээр амь хохирогч Г.О нь гавал тархи, цээж, хэвлийн хавсарсан хүнд гэмтлүүдийн улмаас нас барсан, эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь нас аврагдах боломж багатай байсан нь тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон гэж үзнэ.
Шүүгдэгч Э.Ө-н хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх боломжтой байсан боловч хайхрамжгүй хандаж үйлдсэний улмаас хүний амь насыг хохироосон байх тул түүнийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон” шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна.
Шүүгдэгч Э.Ө-н (түүний удирдаж байгаа компанийн) барилгын шаахтны нүхийг хэврэг, хүний биеийн жинг даахааргүй эд зүйл болох хөөсөнцрөөр тагласан үйлдэл болон амь хохирогч Г.О-ын хөөсөнцөр дээр гишгэж барилгын 14 давхраас 6 давхар хүртэл унаж нас барсан үйлдэл нь хоорондоо шалтгаант холбоотой байх бөгөөд гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн хувьд шүүгдэгчийн хайнга, болгоомжгүй үйлдлийн улмаас энэ гэмт хэрэг гарсан гэж үзэв.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Э.Ө-г “хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироож үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь “хохирол, хор уршигт нийт 65,000,000 төгрөгийг хүлээн авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй” гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч Э.Ө-г бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч Э.Ө нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршгийг нөхөн төлсөн байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч Э.Ө-н иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 183 дэх тал), байнга оршин суугаа газрын лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 184 дэх тал), жолоодох эрхийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 185 дахь тал), эд хөрөнгийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 186 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх тодорхойлолт (1 дэх хавтаст хэргийн 188 дахь тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 189 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Прокуророос гаргасан “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалтыг журамлан тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр 01 жил 05 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газраа өөрчлөхдөө хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх” саналыг шүүгдэгч зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх бөгөөд уг санал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хянан шийдвэрлэлээ.
Шүүх Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3.4 дэх заалтад зааснаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хувь хүнд авах шаардлагагүй, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад зааснаар Барилга, угсралтын үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд 20 цагаас доошгүй хугацаагаар Хөдөлмөр, аюулгүй ажиллагааны талаар яриа таниулга хийх үүрэг хүлээлгэх нь цаашид энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд илүү үр дүнтэй гэж үзэв.
2.2. Бусад асуудлын талаар
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааны 1 ширхэг дэвтрийг эзэмшигчид буцаан олгож, мөн зүйлийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 8 ширхэг хөөсөнцрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэх нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Ө нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, тэрээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 65,000,000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Б овгийн Э.Ө-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргийг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироож үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалтыг журамлан шүүгдэгч Э.Ө-д тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр 01 жил 05 сарын хугацаагаар тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад зааснаар Барилга, угсралтын үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд 20 цагаас доошгүй хугацаагаар Хөдөлмөр, аюулгүй ажиллагааны талаар яриа таниулга хийх, 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э.Ө-д оршин суух газраа өөрчлөхдөө хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэсүгэй.
4.Шүүгдэгч Э.Ө-д шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтын зөрчсөн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, мөн тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хэрэгт ял оногдуулахыг сануулсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааны 1 ширхэг дэвтрийг эзэмшигчид буцаан олгож, мөн зүйлийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 8 ширхэг хөөсөнцрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлсүгэй.
6.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Ө нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, тэрээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 65,000,000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ө-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА