Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2436

 

 

 

 

 

 

 

 

 

Ш.Цгийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2017/01908 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ш.Цгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Х ОНӨААТҮГ-т холбогдох

 

2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/15 тоот тушаалыг хүчингүйд тооцож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй, эд хөрөнгөд учруулсан хохирол 2 080 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн төлөөлөгч Ц.Эрдэнэбаатарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Бүрнээ

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: В.Мөнх-Эрдэнэ

 

Хариуцагчийн өмгөөлөгч: Ц.Эрдэнэчулуун

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч Ш.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу өөрийн ажлын байранд заагдсан үүрэгт ажлаа хийгээд явж байтал ажлаас гэнэт халсан. Зөрчил гаргаснаа нотлоогүй, хуульд зааснаар сахилгын шат дараалсан арга хэмжээ авах ёстой байтал халсан тул 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Б/15 тоот тушаалыг хүчингүйд тооцуулж, ажилгүй байсан хугацааны цалингийн олговроо гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ш.Ц нь манай байгууллагад аж ахуйн няравын албан тушаалд ажиллаж байгаад ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ хангалтгүй биелүүлж, ажил олгогчийн итгэл эвдэн автомашины дугуй, тосол худалдан авахдаа худалдагч байгууллагаас санал болгож буй үнээс өндөр үнээр худалдан авч 2 080 000 төгрөгийн зөрүү мөнгийг хувьдаа завшин байгууллагад хохирол учруулан сахилгын зөрчил гаргасан. Гаргасан зөрчлийг байгууллагын удирдлага шалган тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 131 дүгээр зүйлийн 131.3 дахь хэсэгт зааснаар сахилгын шийтгэл хүлээлгэн аж ахуйн нярав Ш.Цг ажлаас халсан” гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ш.Ц нь 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд автомашины дугуй, тосол худалдан авахдаа зах зээлийн үнээс илүү өндөр үнээр худалдан авч байгууллагын мөнгөнөөс 2 080 000 төгрөгийг хувьдаа завшсан тул уг мөнгийг гаргуулна” гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Сөрөг нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан Ш.Цг Хан-Уул дүүргийн Тохижилт үйлчилгээний төв ОНӨААТҮГ-ын аж ахуйн няравын ажилд эгүүлэн тогтоож, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас ажилгүй байсан хугацааны олговорт 5 443 650 төгрөг гаргуулан Ш.Цд олгож, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д зааснаар нэхэмжлэгчээс эд хөрөнгөд учруулсан хохирол 2 080 000 төгрөг гаргуулах тухай Хан-Уул дүүргийн Тохижилт үйлчилгээний төв ОНӨААТҮГ-ын сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 102 048 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48 230 төгрөгийг буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ц.Эрдэнэбаатар давж заалдах гомдолдоо: “...Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасны дагуу “хөдөлмөрийн гэрээг ажилтан, ажил олгогч нар байгуулж тус бүр 1 хувийг хадгалах үүрэгтэй” гэж заажээ. Шүүхийн шийдвэрийн холбогдох хэсэгт зөвхөн ажил олгогч хөдөлмөрийн гэрээг гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж тусгажээ. Ш.Цд мөн адил хөдөлмөрийн гэрээний 1 хувь байгаа тул Ш.Цгоос хөдөлмөрийн гэрээг гаргуулах, мөн ажлаас чөлөөлөгдсөн үндэслэл Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь дараах баримтуудаар бүрэн тогтоогдсон. Үүнд “Найман талт уул” ХХК-ийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн №15 тоот албан бичиг, “Авто ойл” ХХК-ийн 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн зарлагын баримтуудаар автомашины дугуй, тосолны үнэ нь тухайн үед худалдан авч буй үнээс илт зөрүүтэй байсан нь дотоод хяналт шалгалтаар тогтоогддог. Автомашины дугуй, тосол худалдан авахдаа бодит үнэ дээр мөнгө нэмж зөрүү гаргаж авч байснаа 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хурал, 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хурлаар тус тус хүлээсэн. Мөн энэ хэрэгт ерөнхий нягтлан бодогч хамааралгүй гэж тайлбар гаргасан байдал зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөөр байтал шүүх хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

       Шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

       Нэхэмжлэгч Ш.Ц нь хариуцагч Х ОНӨААТҮГ-т холбогдуулан 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/15 тоот тушаалыг хүчингүйд тооцож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч байгууллагын эд хөрөнгөд учруулсан хохирол 2 080 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

Нэхэмжлэгч Ш.Ц нь хариуцагч Х ОНӨААТҮГ-ын захирлын 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн Б/97 тоот тушаалаар аж ахуйн няравын ажилд түр томилогдож, тус байгууллагын захирлын 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/15 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 131 дүгээр зүйлийн 131.1.3-т, Байгууллагын 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хурлын тэмдэглэлийг үндэслэн түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөр дуусгавар болгон цуцалж, ажлаас чөлөөлсөн болох нь дээрх тушаалууд, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх 2-6, 25, 103-106/

 

       Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гаргасан нь тогтоогдсон бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар зохицуулжээ.

 

       Хариуцагч нь захирлын хийсэн дотоод хяналтаар нэхэмжлэгчийн итгэл алдсан буруутай үйлдэл нь тогтоогдсон гэж тайлбарласан боловч өөрийн тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй байна.

 

       Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь автомашины дугуй, тосол худалдан авахдаа худалдагч байгууллагаас санал болгож буй үнээс өндөр үнээр худалдан авч 2 080 000 төгрөгийн зөрүү мөнгийг хувьдаа завшсан гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Харилцагч байгууллагаас ирүүлсэн нэхэмжлэхийн дүнгээр мөнгийг шилжүүлж байсан эд хариуцагч буюу нэхэмжлэгчийн үйлдлийг өөртөө мөнгө завшиж байгууллагад хохирол учруулсан гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй юм.

 

Иймд анхан шатны шүүх ажил олгогч нь ажилтныг хууль зөрчиж ажлаас халсан гэж дүгнэж, нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоож, түүний урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан "Ажилтны дундаж цалин хөлс тодорхойлох журам"-ын дагуу тооцож 5 443 650 төгрөгөөр тогтоон хариуцагч Х ОНӨААТҮГ-аас гаргуулан нэхэмжлэгч Ш.Цд олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт нь нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасантай нийцсэн, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Харин шүүх сөрөг нэхэмжлэлийг хүлээн авсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар шүүх хуралдааны явцад татгалзах үндэслэл тогтоогдсон тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох учиртай. Гэтэл шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дэх заалтад сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай гэж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоогүй нь эрх зүйн үр дагавартай тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөн өөрчлөлт оруулав.

 

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2017/01908 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дэх заалтын “...татгалзсугай” гэснийг “татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас тус тус чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                           ШҮҮГЧИД                                   Д.БАЙГАЛМАА

                                                                                   Д.ЦОГТСАЙХАН