| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 185/2019/0044/Э |
| Дугаар | 497 |
| Огноо | 2019-05-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Амгаланбаатар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 497
2019 5 23 2019/ДШМ/497
Б.О, Б.Т нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мягмаржав, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Амгаланбаатар,
нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ц.Амгаланбаатарын бичсэн 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 9 дугаартай эсэргүүцлээр Б.О, Б.Т нарт холбогдох 1809036641083 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Т овгийн Б-ын О, 1986 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, ... эмч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Чингэлтэй дүүргийн ..... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:......./;
2. А овгийн Б-ийн Т, 1981 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ............. багш ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ........... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:ЦД81121669/;
Б.О нь 2018 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг, “Хуурай мухар” зуслангийн газарт “хашаа буулгалаа” гэх шалтгаанаар Ц.Зтэй маргалдаж, улмаар толгой, нүүр лүү нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь цээж гуя хэсэгт өшиглөж түүний биед зүүн нүдний зовхи, шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, амны баруун доод хэсэг, оочинд зулгаралт, цээж зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан,
Б.Т нь 2018 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг, ”Хуурай мухар” зуслангийн газарт Д.Стай маргалдаж, улмаар түүний толгой, хүзүү, цээж хэсэгт нь гараараа цохиж, самардсанаас эрүүл мэндэд нь баруун хацар, баруун эгэм, зүүн эгэм, зүүн мөр, зүүн бугалганд цус хуралт, зулгаралтууд, баруун мөрний үений зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.О, Б.Т нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Т овогт Б-ын О, А овогт Б-ийн Т нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Б.О, Б.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.О, Б.Т нарыг 500.000 төгрөгийн торгох ялыг 1 сарын дотор төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О, Б.Т нар нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оаас 378.500 төгрөг гаргуулан хохирогч Ц.Зд, шүүгдэгч Б.Таас 248.000 төгрөг гаргуулан хохирогч Д.Сд тус тус олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжилсэн хөрөнгөгүй, Б.О, Б.Т нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор Ц.Амгаланбаатар бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр прокурорт хүргүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хугацаа болоогүй байхад торгуулийн ялыг биелүүлэх 1 сарын хугацаа дуусч, улмаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй үндэслэлээр Б.О, Б.Т нарт оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг хорих ялаар солих нөхцөл бүрдэж, шүүгдэгчийн эрх зүйн байдал дордож байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж торгох ял биелүүлэх хугацааг тогтоож өгсөн ба шүүх үүнээс бага хугацаа тогтоосон тул Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад өөрчлөлт оруулахаар бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:
Шүүгдэгч Б.О нь 2018 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг, “Хуурай мухар” зуслангийн газарт “хашаа буулгалаа” гэх шалтгаанаар Ц.Зтэй маргалдаж, улмаар толгой, нүүр лүү нь гараараа цохиж, цээж гуя хэсэгт нь өшиглөж, эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхи, шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, амны баруун доод хэсэг, оочинд зулгаралт, цээж зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол,
шүүгдэгч Б.Т нь 2018 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг, ”Хуурай мухар” зуслангийн газарт Д.Стай маргалдаж, түүний толгой, хүзүү, цээж хэсэгт нь гараараа цохиж, самардсанаас эрүүл мэндэд нь баруун хацар, баруун эгэм, зүүн эгэм, зүүн мөр, зүүн бугалганд цус хуралт, зулгаралтууд, баруун мөрний үений зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь:
Хохирогч Ц.Згийн “...”Хуурай мухар”-т байрлах зуслангийн байшиндаа гэр бүлийн хамт амарч байхад зэргэлдээ хашааны хөрш хүү, охины хамт манай зуслангийн байшинд дайрч орж ирээд хүү нь үгийн зөрүүгүй намайг зодсон. Манай эхнэр тэр гурвыг надаас салгах гэж байгаад зодуулсан. ...Хүүгийн ээж, эхнэр хоёр нь хүүгээ салгах гээд дийлээгүй. ...хүү нь намайг боож, толгой руу нилээн хэдэн удаа цохиж, цээж рүү нэг удаа жийсэн. ...” /хх 28-30/,
хохирогч Д.Сгийн “...нөхөр маань тайлбарлах гээд очтол эхнэр, нөхөр хоёр нийлээд зодсон. Би хадам эхийн хамт очоод эхнэрийг нь салгах гэтэл намайг хэл амаар доромжлон нүүр, хүзүү, мөр, цээж, баруун гарын шууг маажсан, мөн миний ягаан өнгийн цамцыг урсан. ...” /хх 45-47/,
гэрч А.Бархасын “...З хэл амаар доромжлоод, манай хүү О тэр хоёр барьцалдаж аваад зогсож байтал эхнэр Т нь ирээд хүү Оыг маажсан, ...манай хүүгийн эхнэр С “болиоч чи” гэхэд Згийн эхнэр нь Сгийн хувцсыг ураад, нүүр, цээжийг нь маажсан. ...” /хх 61-62/,
Б.Оын яллагдагчаар өгсөн “...намайг Зтэй барьцалдаж авахад Т ирээд намайг алгадаж, цохиж самардсан. Манай эхнэр С Тыг салгах гээд татахад Т манай эхнэрийг үсдэж, самардан, нүүр, цээжийг нь маажиж, өшиглөсөн. Намайг эхнэрээ салгаж авах гээд очиход З гүйж орж ирээд манай эхнэрийг цохих гэхээр нь би эхнэрээ хамгаалаад Згийн нүүр лүү 2-3 удаа цохисон. ...” /хх 3-6/,
Б.Тын яллагдагчаар өгсөн “...намайг эмэгтэй хүн болохоор гар хүрэхгүй байх гэж бодоод гараараа шахсан хэвээрээ зогсож байсан чинь залуухан эмэгтэй нь “манай нөхрийг тавь” гээд гар луу өшиглөж, толгой руу гараараа цохихоор нь би цамцнаас нь зуураад болиулах гээд тэмцэлдсэн. ...” /хх 8-9/ гэх мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 10198 дугаартай “...Ц.Згийн биед зүүн нүдний зовхи, зүүн шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, амны баруун доод хэсэг, оочинд зулгаралт, цээж, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учирсан. ...” гэх дүгнэлт /хх 74/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 10229 дугаартай “...Д.Сгийн биед баруун хацар, баруун эгэм, зүүн эгэм, зүүн мөр, зүүн бугалганд цус хуралт, зулгаралтууд, баруун мөрний үений зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учирсан. ...” гэх дүгнэлт /хх 79/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгч Б.О нь хохирогч Ц.Згийн эрүүл мэндэд зүүн нүдний зовхи, зүүн шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, амны баруун доод хэсэг, оочинд зулгаралт, цээж, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол, шүүгдэгч Б.Т нь хохирогч Д.Сгийн эрүүл мэндэд баруун хацар, баруун эгэм, зүүн эгэм, зүүн мөр, зүүн бугалганд цус хуралт, зулгаралтууд, баруун мөрний үений зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.О, Б.Т нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, тэдэнд тухайн зүйлд зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь гэм бурууд нь тохирсон байна гэж үзэв.
Прокурор Ц.Амгаланбаатар “...шүүгдэгч нарт оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 1 сарын дотор төлөх хугацаа тогтоосон нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулсан. ...” гэсэн агуулга бүхий эсэргүүцэл бичжээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй.” гэж заасан байхад анхан шатны шүүх ялтны эрх зүйн байдлыг хуульд зааснаас дордуулж, торгох ял биелүүлэх хугацааг 1 сар гэж багасгаж тогтоосон нь буруу байна.
Түүнчлэн торгуулийн ялыг заавал 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр заах шаардлагагүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох шаардлагатай гэж үзвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан 90 хоногоос дээш хугацаагаар тогтоосон тохиолдолд торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж байх нь зүйтэй.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад зохих өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Анхан шатны шүүх 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн шийтгэх тогтоолыг 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр буюу 2 сар 2 хоногийн дараа улсын яллагчид гардуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байгааг анхааруулан тэмдэглэж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.О, Б.Т нар нь тус бүр 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 1 сарын дотор төлөхийг тогтоосугай. ...” гэснийг “ ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О, Б.Т нарыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ялыг хуульд заасан хугацаанд төлүүлэхээр тогтоосугай. …” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН