Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2023/0731

 

2023 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2023/0731

Улаанбаатар хот

“ДСН” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

 

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг

Илтгэсэн шүүгч Д.Баатархүү

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б

 

Нэхэмжлэгч: “ДСН” ХХК

Хариуцагч: УБЕГ-ын улсын бүртгэгч Н.Э

Гуравдагч этгээд: “АБ ” ХХК

Гуравдагч этгээд: “УИ ” ХХК

 

Нэхэмжлэлийн шаардлага: ““АБ ” ХХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулан бүртгэсэн улсын бүртгэгч Н.Э-ийн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах” тухай;

 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2023/0719 дугаар шийдвэр;

 

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц,

Хариуцагч Н.Э,

Гуравдагч этгээд “АБ ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, Б.О,

Гуравдагч этгээд “АБ ” ХХК-ийн өмгөөлөгч Д.Б,

Гуравдагч этгээд “УИ ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Б нар;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа

Хэргийн индекс: 128/2023/0341/З

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “ДСН” ХХК нь УБЕГ-ын улсын бүртгэгч Н.Э-д холбогдуулан ““АБ” ХХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулан бүртгэсэн улсын бүртгэгч Н.Э-ийн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

 

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 719 дүгээр шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6, 22 дугаар зүйлийн 22.1, 22.2, 22.4-т заасныг тус тус баримтлан “ДСН” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б-ээс давж заалдах гомдолдоо: Монгол Улсын хуулийн этгээд “ДСН” ХХК-ийн нэхэмжлэлтэй, УБЕГ-ын улсын бүртгэгч Н.Э-д холбогдох захиргааны хэрэгт Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2023/0719 дугаар шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч нэхэмжлэгч талаас дараах үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

3.1. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ “Шүүх нотлох зарчим”-ыг бүрэн хэрэгжүүлээгүй. Учир нь хариуцагч хариу тайлбартаа “Нийслэлийн прокурорын газрын 2019.11.29-ний өдрийн 4613 дугаартай “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөний хянах, хязгаарлах тухай” прокурорын зөвшөөрөл нь “АБ ” ХХК-ийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхэд хамаарахгүй”, мөн хуулийн этгээдийн бүртгэл хийгддэг программд хориг тавигдсан тохиолдолд бүртгэл хийх боломжгүй байдаг, хориг байгаагүй тул бүртгэл хийгдсэн гэж тайлбарладаг. Гэтэл Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2021 оны 03 сарын 09-ний өдрийн 8/2529 дугаар албан бичгээр “АБ ” ХХК-д “Нийслэлийн прокурорын газрын 2019.11.29-ний өдрийн 4613 дугаартай “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөний хянах, хязгаарлах тухай” прокурорын зөвшөөрлөөр тус компанийн шинэчилсэн дүрэм, өөрчлөлтийн бүртгэлийг хязгаарласныг үндэслэн хоригийн бүртгэл бүртгэгдсэн” талаар мэдэгдэж, бүртгэл хийхээс татгалзсан хариу ирүүлсэн байдаг.

3.2. “АБ ” ХХК-ийн 2020 оны 03 сарын 09-ний өдрийн дүрмийн шинэчилсэн найруулгыг баталсан ба Нийслэлийн прокурорын газрын 2020 оны 03 сарын 13-ны өдрийн 1148 дугаар прокурорын зөвшөөрлөөр уг дүрмийн шинэчилсэн найруулгыг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх зөвшөөрлийг олгож, цаашид 2020 оны 01 сарын 03-ны өдрийн 73 дугаартай зөвшөөрлийг цаашид хэвээр үргэлжлүүлэхээр заасан. Иймд нэхэмжлэгч талын зүгээс хариуцагчийн хариу тайлбартай танилцсаны үндсэн дээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасныг үндэслэн холбогдох байгууллагаас буюу

3.2.1. УБЕГ-ын 2021 оны 03 сарын 09-ний өдрийн 8/2529 дугаар хариу өгөх тухай албан бичиг

3.2.2. УБЕГ-ын 2021 оны 01 сарын 13-ны өдрийн 1/234 дүгээр хариу өгөх тухай албан бичиг

3.3.3. Нийслэлийн прокурорын газрын 2020 оны 03 сарын 13-ны өдрийн 1148 дугаар прокурорын зөвшөөрөл

3.3.4. Нийслэлийн прокурорын газрын 2020 оны 01 сарын 03-ны өдрийн 73 дугаартай прокурорын зөвшөөрөл зэргийг нотлох баримт гаргуулах хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргасан хэдий ч хангаж шийдвэрлэхээс татгалзсан.

Гэтэл дээрх баримтууд нь нотолгооны чухал ач холбогдол бүхий баримт буюу Улсын бүртгэлийн байгууллага хууль зөрчиж бүртгэл хийснийг нотлох нотолгооны ач холбогдол бүхий баримтыг нотлох баримтаар гаргуулан авч, хавтаст хэрэгт бэхжүүлж, үнэлээгүй болно.

3.3. Нийслэлийн прокурорын газрын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 4613 дугаар “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарлах тухай” прокурорын зөвшөөрлөөр “ДСН” ХХК болон нэр бүхий зарим этгээдийн өмчлөл дэх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан. Энэхүү хязгаарлалтыг Нийслэлийн прокурорын газрын 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 1/776 дугаар албан бичгээр хүчингүй болсныг мэдэгдэж, хүчингүй болгосон байхад 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр буюу 4613 дугаар хязгаарлалт хүчинтэй байх үед Улсын бүртгэлийн байгууллага бүртгэл хийсэн нь хууль бус юм. Гэсэн ч шүүхээс “Тус зөвшөөрлөөс үзвэл “ДСН” ХХК-ийн хувьцаа шилжилт хөдөлгөөний хязгаарласан бөгөөд “АБ ” ХХК-ийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэхэд хамааралгүй байна” гэж дүгнэн шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна. Учир нь “ДСН” ХХК нь “АБ  ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, мөн УБЕГ-ын 2021 оны 03 сарын 09-ний өдрийн 8/2529 дугаар “АБ ” ХХК-ийн компанийн шинэчилсэн дүрэм, өөрчлөлтийн бүртгэлийг” бүртгэхээс татгалзсан баримтыг нотлох баримтаар гаргуулан авч, үнэлэхээс татгалзсан атлаа гуравдагч этгээдээс нотлох баримтаар гарган өгсөн баримтыг үнэлэн шийдвэр гаргасан нь нэхэмжлэгчийн Мэтгэлцэх эрхийг хязгаарласан болно.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2023/0719 дугаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

  1. Анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
  2. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ Улсын бүртгэлийн тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
  3. Нэхэмжлэгч “ДСН” ХХК-аас УБЕГ-ын улсын бүртгэгч Н.Э-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...“ДСН” ХХК-ийг хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцуулахгүйгээр хийж, 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр X/22/04 тоот хууль бус тогтоолыг гаргаж, банкны дүрмийн шинэчилсэн найруулгыг улсын бүртгэлд 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр бүртгүүлж, “АБ ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч “ДСН” ХХК-ийн “АБ ” ХХК-ийн хувьцааг хууль бусаар бууруулж, 28.22% болгон бүртгүүлсэн байна. ...хувьцаа эзэмшигчийн банкинд эзэмшиж буй хувьцааны үнэ буурсан, үүнээс болж ихээхэн алдагдал хүлээж байгаа ба цаашид хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхэнд ноцтой халдаж байгаа юм” гэж, хариуцагчаас ““АБ ” ХХК-ийн мэдээлэл өөрчлөлт оруулахаар ирүүлсэн өргөдөл, материалд ... хуульд заасан үндэслэлүүд тогтоогдоогүй тул Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлд заасан эрх, үүргийнхээ дагуу хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэсэн.” гэж эс зөвшөөрч маргаж байна.
  4. Маргааны зүйл нь “АБ ” ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлсэн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэсэнтэй холбоотой маргадаг.
    1. Тодруулбал, хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, дээрх маргаан бүхий хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ:

-Хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл УБ-03 маягт /1хх-ийн 59/

-хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл УБ-12 маягт /1хх-ийн 60, 61/

-“АБ ” ХХК-аас олгосон итгэмжлэл /1хх-ийн 92/

-“АБ ” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Х/22/04 албан тоот хувьцаа эзэмшигчийн ээлжит бус хурлын тогтоол, хурлын тэмдэглэл, /1хх-ийн 93, 94, 87-89/

-“УИ ” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 05/22 хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тогтоол /1хх-ийн 95, 96/

-“АБ ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Х/22/04 тоот тогтоолын хавсралтаар баталсан шинэчилсэн дүрэм /1хх-ийн 97-110/

-Монголбанкны 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А-10/472 дугаар “АБ ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ээлжит бус хурлын Х/22/04 тоот тогтоолоор Ариг банкны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулсныг Монголбанк бүртгэсэн тухай албан бичиг /1хх-ийн 91/

-мөн Монголбанкны 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “Хувь нийлүүлсэн хөрөнгийн нэмэгдүүлэх, бүтцийг өөрчлөх тухай” Н/53 дугаар албан бичиг, 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээ, /1хх-ийн 90, 62-66/

-2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаарх завсар үеийн санхүүгийн тайлан /1хх-ийн 111-116/

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,

-Улсын бүртгэлийн гэрчилгээ /1хх-ийн 54-57/

-Татварын тодорхойлолт /1хх-ийн 117-120/ зэрэг холбогдох баримтуудыг  мэдүүлэг гаргагчаас бүрдүүлж өгсөн байх бөгөөд эдгээр баримтуудыг үндэслэн хариуцагчаас уг хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулахыг бүртгэхээс татгалзах үндэслэл байгаагүй тул уг өөрчлөлтийг улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэсэн байна.

4.2. Үүнээс үзвэл, маргаан бүхий улсын бүртгэл нь Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2018 оны/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т “үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх;”, 4.1.5-д заасан “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх” гэсэн улсын бүртгэлийн зарчимд нийцжээ.

4.3. Энэ талаар анхан шатны шүүхийн “...Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл гуравдагч этгээдээс гаргаж өгсөн баримтууд хуульд заасан шаардлага хангасан бүрэн байх ба Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 ... 18.1.1 ... 18.1.2 ... 18.1.3 ... заасан бүртгэхээс татгалзах үндэслэл байгаагүй тул хариуцагч улсын бүртгэгчийн бүртгэл хуульд нийцсэн байна.” гэж зөв дүгнэж, нэхэмжлэгч “ДСН” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий байна.

 

5. Хууль зүйн үндэслэлийн талаар:

5.1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-т “Эрх бүхий төрийн байгууллагаас зөвшөөрөл авч бүртгүүлдэг өөрчлөлтийн хувьд тухайн байгууллагын зөвшөөрөл олгосон шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш энэ хуулийн 10.3-д заасан хугацаанд улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлнэ”, 18 дугаар зүйлийн 18.1-д “Улсын бүртгэлийн байгууллага хуулийн этгээд шинээр байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгасныг болон түүний мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг дараах тохиолдолд улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана:”, 21 дүгээр зүйлийн 21.6-т “Хуульд өөрөөр заагаагүй бол улсын бүртгэлийн байгууллага энэ хуулийн 20.1-д заасан баримт бичгийг хүлээн авснаас хойш гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийг бүртгэх эсэх талаар ажлын 10 өдрийн дотор, бусад хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэх эсэх талаар ажлын 2 өдрийн дотор шийдвэр гаргаж, энэ тухай өргөдөл гаргагчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ.”, 22 дугаар зүйлийн 22.1-т “Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ:”, 22.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол улсын бүртгэлийн байгууллага өргөдөл гаргагчаас энэ хуулийн 22.1, 22.3-т зааснаас бусад баримт бичгийг шаардахгүй.”, 22.4-т “Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх өргөдлийг энэ хуулийн 12.4, 14.1, 15.1-д заасны дагуу гаргах бөгөөд улсын бүртгэлийн байгууллага энэ хуулийн 21.6-д заасан хугацаанд бүртгэх эсэхийг шийдвэрлэж, хариу мэдэгдэнэ.” гэж тус тус заажээ.

5.2. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, “АБ ” ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Х/22/04 дугаар тогтоолоор “АБ” ХХК-ийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулсныг Монголбанкны Ерөнхийлөгчийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Н/53, мөн банкны 05 дугаар сарын 04-ний өдрийн А-10/472 дугаар албан бичгээр “...Монголбанкны 2022 оны банкны эрх зүйн актын бүртгэлийн 2818 дугаар бүртгэснийг ...мэдэгдье” гэх албан бичиг, Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 4613 дугаар “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянан хязгаарлах тухай” зөвшөөрөл олгохдоо эрүүгийн 1902005640238 дугаартай хэрэгт “АБ ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч “ДСН” ХХК-ийн хэрэг шалгагдах үеийн компанийн хувьцаа буюу хөрөнгийг бусдад шилжүүлэхийг хязгаарласан бөгөөд “АБ ” ХХК, түүний хувьцаа эзэмшигч “УИ ” ХХК-ийн хөрөнгө, хувьцааг нэмэгдүүлэх, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаагүй болох нь Нийслэлийн прокурорын газрын 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 1/375 дугаар “...эрүүгийн 1902005640238 дугаартай хэрэгт хяналтын прокуророос “...“АБ ”-ийн хөрөнгө, хувьцааг нэмэгдүүлэхэд болон тус компанийн хувьцаа эзэмшигч “УИ ” ХХК-ийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаагүй ...” гэх агуулга бүхий албан бичгээр “АБ ” ХХК-ийн хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч, гишүүний мэдээлэлд буюу компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулсан бүртгэлийг бүртгэсэн улсын байцаагчийн бүртгэлийг хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

5.3. Өөрөөр хэлбэл, улсын бүртгэгч нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.2, 19.4.3-д заасны дагуу хүсэлт гаргагчийн өгсөн баримт материал өөр хоорондоо зөрчилтэй эсэх, хуульд заасан бүрдүүлбэрийг хангасан эсэхийг шалгаж, уг нөхцөл байдал тогтоогдсон тохиолдолд бүртгэхээс татгалзахаар зохицуулсан болохоос аливаа хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигчдийн хурал хэрхэн явагдсан, хурлын шийдвэр, тогтоол нь хуульд нийцсэн үндэслэлтэй эсэх талаар захиргааны хэргийн шүүх үнэлэлт, дүгнэлт өгөх боломжгүй.

 

5.4. Түүнчлэн, Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурорын “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарлах тухай” 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 4613 дугаар зөвшөөрөл нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3-д зааснаар мөрдөгчид мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн зөвшөөрөл байх ба “АБ ” ХХК-ийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэр гэж үзэхгүй бөгөөд тус хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэхээс татгалзах үндэслэлд хамаарахгүй юм.

 

5.5. Мөн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан хуурамчаар үйлдсэн, шаардлага хангаагүй, хуульд заасан бүрдүүлбэр дутуу зүйл байхгүй, улсын бүртгэлийн байгууллагын дарга, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийсэн нөхцөл байдал тогтоогдоогүй тул хариуцагч улсын бүртгэгч Н.Э-ийн “АБ ” ХХК-ийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулан бүртгэсэн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй бөгөөд уг бүртгэлийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн болох нь тогтоогдохгүй байна.

 

5.6. Энэ талаар нэхэмжлэгч “ДСН” ХХК-ийн “Нийслэлийн прокурорын газрын 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 1/776 дугаар албан бичгээр хүчингүй болсныг мэдэгдэж, хүчингүй болгосон байхад 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр буюу 4613 дугаар хязгаарлалт хүчинтэй байх үед Улсын бүртгэлийн байгууллага бүртгэл хийсэн нь хууль бус юм.” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

5.7. Иймд гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2023/0719 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр дугаар зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                          З.ГАНЗОРИГ

ШҮҮГЧ                                                     Т.ЭНХМАА