| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Хатанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2022/0368/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/723 |
| Огноо | 2022-05-18 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Л.Галав |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 2022/ШЦТ/723
2022 05 18 2022/ШЦТ/723
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,
улсын яллагч Л.Галав,
шүүгдэгч Э.Б, Э.Б, Х.М, тэдгээрийн өмгөөлөгч С.Уламбаяр, Л.Чинбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Б, Э.Б, Х.М нарт холбогдох эрүүгийн 2206 00000 0226 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2003 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, Хангай мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв Хэвлэлийн график дизайны III дамжааны оюутан, ам бүл 4, эх, ах, эгч нарын хамт Баянзүрх дүүрэг 9 дүгээр хороо Шар хад 56 дугаар гудамжны 788-3 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Энхжингийн Б /РД: /,
Монгол Улсын иргэн, 2003 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймаг Эрдэнэбулган суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, Аясгалан Ангар ХХК-нд оператор ажилтай, ам бүл 9, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Баянзүрх дүүрэг 17 дугаар хороо Эмнэлэг 15 дугаар гудамжны 447 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Эрдэнэбатын Б /РД: /,
Монгол Улсын иргэн, 2003 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Аясгалан Ангар ХХК-нд оператор ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүрэг 17 дугаар хороо Эмнэлэг 13 дугаар гудамжны 185 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Боржгон овогт Хишигсүрэнгийн М /РД: /,
Холбогдсон хэргийн талаар:
Э.Б, Э.Б, Х.М нар бүлэглэн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрдэнэ толгой 42 дугаар гудамжны 46 тоот хашааны гадна байсан хохирогч Б.Энхзоригийн эзэмшлийн Toyota corolla маркийн 20-91 ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг торцов, домакрат зэрэг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан 1.000.040 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллагдагчаар татагджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхэд танилцуулсан нотлох баримтуудыг шинжлэн судална.
Шүүгдэгч Э.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Э.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Х.Мгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Улсын яллагчаас дараах бичмэл нотлох баримт болон эд мөрийн баримтыг танилцуулж шинжлэн судлав. Үүнд:
2022 оны 01 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө 05 цаг 45 минутад 9500.... дугаараас “20-91 ХӨА цагаан Аксент машины 4 дугуйг авч байна” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан талаарх тэмдэглэл /хавтаст хэргийн 1, 5 дахь тал/,
Хэргийн газарт үзлэг хийсэн “Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Эрдэнэ толгойн 42 дугаар гудамжинд байрлах 61 дүгээр байрны зүүн хойд талын гудамжинд 2 талаар хашаа дагуулж тээврийн хэрэгслүүдийг байрлуулсан байв ... цагаан өнгийн Тоёота Королла маркийн 20-91 ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун доод хэсгээс домакратдаж дээш өргөсөн, зүүн талын хэсгээрээ газарт унасан байдалтай байсныг гэрэл зургаар бэхжүүлэв” гэсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 6-11 дэх тал/,
Хохирогч Б.Энхзоригийн “Би 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 07 цагийн орчим Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо 42-46 тоот гэрийнхээ гадаа өөрийн 20-91 ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгслээ үлдээчхээд 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өглөө манай ээж над руу залгаад авто машины чинь дугуйг хулгайлах гэж байсныг барилаа гэхээр нь ажил дээрээсээ чөлөө аваад 11 цагийн орчимд ирж авто машинаа үзсэн. Миний тээврийн хэрэгслийн дөрвөн дугуйг тайлж авч хулгайлаад явах гэж байхад нь мэдэж барьж авсан байсан ба дугуйг буцаан авсан. Нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дахь тал/,
Хөрөнгө үнэлгээний Дамно ХХК-ий 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн БЗД3-22-22 дугаартай “Тус үнэлэгдэж буй 185/65/15 хэмжээтэй, өвлийн, XXXR маркийн алтан шаргал обудтай 2021 оны 05 дугаар сард худалдан авсан гэх нэг 4 ширхэг дугуй нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр /нэг бүрийн үнэ 260.000 төгрөг/ 1.040.000 төгрөгөөр үнэлэв” гэсэн тайлан /хавтаст хэргийн 27-28 дахь тал/,
Эд мөрийн баримтаар тооцсон цахилгаан дугуй тайлагч /торцов/, дугуй өргөгч /домакрат/ зэрэг эд зүйлс,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Уламбаяраас дараах бичмэл нотлох баримтыг танилцуулж шинжлэн судлав. Үүнд:
Хохирогчоос Б.Энхзоригийн мэдүүлэг, улсын яллагчийн шинжлэн судалсантай давхацсан /хавтаст хэргийн 18 дахь тал/,
Яллагдагч Б.Бгийн “Би тогтоолтой танилцлаа, хүлээн зөвшөөрч байна ... би тухайн үед гудамжинд байсан гоёлын обудтай машиныг харчихсан байсан. М, Б нартай ярилцаж байгаад тухайн машины обудыг авахаар болсон. Би машиныг домакратаар өргөөд, Б боолтуудыг сулласан, харин М хүн хараад зогсож байсан ... би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39, 41-42 дахь тал/,
Яллагдагч Э.Бын “Би тогтоолыг уншиж танилцлаа. Хүлээн зөвшөөрч байна ... Б, М бид 3 Шар хадны эцсээс 2 ширхэг 2.5 литрийн Нийслэл пиво аваад машин руу явж байхад Б надад хандаж андаа Эрдэнэ толгойд 1 гоёлын обудтай машин байна, обудыг нь тайлж аваад зарчихмаар байна, лизинг төлөх гээд мөнгөний хэрэг тулчихсан байна гэж хэлсэн. Би дэмий байлгүй дээ мань нь лав гэртээ үлдлээ гэж хэлсэн. Тэгээд бид 3 Эрдэнэ толгойн хажууд байх худгийн хажууд зогсоод Бгийн машинд пивоо уусан. Шөнө 4 цаг өнгөрч байхад пивоо ууж дуусаад Б та 2 машиндаа сууж бай, би гараад машины обудыг нь аваад ирье гэж хэлсэн ба тухайн машин нь гудамжинд хашаа дагуулаа тавьчихсан Тоёота Кролла машин байсан. Би тэр үед машины арын сандал дээр сууж байсан ба Б намайг шалавч дээрээс дугуйн дорцов, домаркрат аваад өгөөч гэж хэлэхээр нь чи ганцаараа явах гэж байгаа юм уу гэхэд тийм гэж хариулахаар нь би за за гайгүй байлгүй гэж бодоод чамайг ганцаар чинь яаж явуулаад яах вэ дээ гэж хэлээд М бид 2 хамт буугаад доошоо уруудаж очоод Б машиныг домакратаар дээш нь өргөөд, би боолтуудыг нь дорцовоор тайлсан. Харин М хүн хараад зогсож байсан. Тэгтэл 1 хүн ирээд юу хийж байгаа юм гэж хэлэхээр нь Б очоод өөрийнхөө машины дугуйг тайлж байна гэж хэлтэл хар шөнөөр дугуй тайлдаг юм уу гэж хэлээд цагдаа дуудсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46, 48-49 дэх тал/,
Яллагдагч Х.Мгийн “Би тогтоолтой танилцлаа, хүлээн зөвшөөрч байна ... Б тухайн үед миний машины лизинг тулчихсан, энд нэг машин байгаа обудыг нь тайлж аваад зарчихмаар байна гэж хэлсэн. Б нэг удаа туслаад өгөөч гэж гуйхаар нь тусалсан. Би тухайн үйлдлийг гэмт хэргийн шинжтэй болохыг мэдэж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 56, 58-59 дэх тал/,
Шүүгдэгч Х.Мгийн хувийн байдалтай холбоотой баримтууд
Гэрч З.Хишигсүрэнгийн “Манай том хүү Хишигсүрэнгийн М нь 2003 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хот, 3 дугаар төрхөд төрсөн, сургуулийн өмнөх боловсролыг Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Гэр цэцэрлэг нэртэй цэцэрлэгт 2007 оноос 2009 он хүртэл яваад, 2009 онд Баянзүрх дүүргийн 79 дүгээр дунд сургуульд суралцаж 2019 онд 9 дүгээр анги төгссөн. Түүнээс хойш сургуульд сураагүй, боловсрол эзэмшээгүй, хувиараа манай хамаатны хүнтэй хамт Нарантуул зах дээр алт мөнгөний дархан хийж байсан. Зан байдлын хувьд бол их төлөв даруу зантай, асуудал ерөөсөө гаргаж байгаагүй, хүнд их тусалдаг, гэр бүлийнхэнтэйгээ хамт байх дуртай. Ар гэрийн ажилд сайн, 10-н жилд сурч байхдаа сурлага бол бага ангидаа сайн байж байгаад дунд ангидаа ороод сурлага нь муудаж эхэлсэн. Гэхдээ сургууль дээрээ бол ямар нэгэн асуудал гаргаж байгаагүй. Ар гэрийн боломж тааруу, гэрээсээ би ганцаараа ажил хийдэг учраас үргэлжлүүлж сургаж чадаагүй байгаа юм. Манай хүү урьд өмнө нь ямар нэгэн байдлаар гэмт хэрэг, зөрчилд холбогдон шалгагдаж байгаагүй. ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 65-66 дахь тал/,
Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 67 дахь тал/,
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 68 дахь тал/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 69 дэх тал/,
Аясгалан Ангар ХХК-ий тодорхойлолт /хавтаст хэргийн 71 дэх тал/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 138 дахь тал/,
Шүүгдэгч Э.Бын хувийн байдалтай холбоотой баримтууд
Гэрч Э.Анхцэцэгийн “Манай дүү Б нь 2003 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймагт төрсөн, одоогоор аав Эрдэнэбат, ээж Нарангэрэл нарын хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршин сууж байгаа. Сургуулийн өмнөх боловсрол оо 2007-2008 онд Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Гэр цэцэрлэгт эзэмшээд, 2009 онд Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо 79 дүгээр сургуульд 2017 он хүртэл сураад 9 дүгээр анги төгсөөд Хүнд машин механизмын 1 жилийн сургалтад сууж хүнд машин механизмын оператор мэргэжилтэй болсон. 2018 оноос хойш орон нутагт мэргэжлээрээ уурхайд одоог хүртэл ажиллаж байгаа. Зан байдлын хувьд бол манай дүү түргэн ууртайг эс тооцвол өрөвч дөлгөөн зантай өөрийн эрхэлж байгаа ажилдаа бол сайн, ажлаа хийж байх үедээ бол араасаа хөөцөлдүүлээд байхгүй, биеэ даагаад явчихдаг, хүнтэй хэрэлдэж муудалцаад байдаггүй, хулгай хийхээргүй л зантай гэж би бодож байна. Мөнгө төгрөг хэрэгтэй бол аав, ээж, ах, эгч нараасаа асуугаад авчихдаг, амьдралд нь дутагдаж гачигдаж байгаа зүйл байхгүй гэж бодож байна. Э.Быг би согтуу байх үед нь бол тааралдаж байгаагүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай гэртээ болон манай гэрт ирж байгаагүй. ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 75-76 дахь тал/,
Гэрч С.Эрдэнэбатын “Манай хүү Б нь 2003 онд Улаанбаатар хотод манай 3 дахь хүүхэд болж төрсөн, 2 эгчтэй, 2 дүүтэй. Зан байдлын хувьд бол төлөв даруу зантай, тодорхой эрхэлсэн ажилтай, хүнтэй арга эвээ олохдоо сайн, хүмүүстэй харилцаа сайтай, хамт олон дундаа нэр хүндтэй, ажилд сайн, хөдөө орон нутгаар уурхайд ажилладаг, энэ жил ажил нь зогсчихсон байсан учраас ихэвчлэн гэртээ байсан. Манай хүү урд өмнө нь ямар нэгэн байдлаар гэмт хэрэг, зөрчилд
холбогдон шалгагдаж байгаагүй. Би Э.Бын үйлдсэн гэмт хэргийн талаар 2022 оны 02 лугаар сарын 06-ны өдөр мэдсэн. Б надад “Би 2 найзтайгаа машины обуд хулгайлж байгаад баригдсан” гэж хэлсэн. М, Б, манай хүү Б 3 багын найзууд байгаа юм. 10-н жилийн 1 ангийхан, манайхаар орж гардаг, дажгүй л хүүхдүүд шиг харагдаад байдаг байсан. Би М, Б 2-той яг тулж харьцаж үзээгүй, байгаа байдлыг нь харахад хэрэг үйлдчихээр хүүхэд шиг харагддаггүй. Манай хүү Б архи бол уудаггүй, гэрээсээ гадуур сэлэхгүйгээр хонож байсан асуудал байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 78-79 дэх тал/,
Гэрч О.Нарангэрэлийн “Манай хүү Э. Б нь 2003 оны 03 дугаар сарын 11-нд Архангай аймагт манай 3 дахь хүүхэд болж төрсөн, 2004 онд бид нар Улаанбаатар хотод орж ирээд Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны Гэр цэцэрлэгт 1008-2009 онд суралцаад, 2009 онд Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуульд элсэж суралцаад 2017 онд 8 дугаар анги төгсөөд Майнтикс нэртэй Хүнд машин механизмын сургуульд суралцаад хүнд машин механизмын оператор мэргэжлээр төгсөөд одоог хүртэл уурхайд ажиллаж байгаа. Зан байдлын хувьд бол төлөв даруу зантай, эцэг, эхийнхээ үгэнд сайн ордог, хүнтэй арга эвээ олоод харилцчихдаг, ажилд төрөлд сайн, хүнтэй яриа хөөрөө сайтай, хүнд тусархуу зантай хүүхэд байгаа юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 81-82 дахь тал/,
Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 83 дахь тал/,
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 84 дэх тал/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 85 дахь тал/,
Хүнд машин механизмын оператор мэргэжлийн үнэмлэх /хавтаст хэргийн 86 дахь тал/,
Суурь боловсролын гэрчилгээ /хавтаст хэргийн 87 дахь тал/,
Аясгалан Ангар ХХК-ий тодорхойлолт /хавтаст хэргийн 90 дэх тал/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 139 дэх тал/,
Шүүгдэгч Э.Бын хувийн байдалтай холбоотой баримтууд
Гэрч Э.Хонгорзулын “Манай дүү Б нь 2003 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод манай бага дүү болж төрсөн. Манай төрсөн эх Саруултөгс нь Бг төрүүлсний дараа препизол буюу үе мөчний өвчний улмаас бүх бие нь мэдээгүй болж хэвтрийн байдалд шилжсэн учраас Б миний гар дээр өссөн. Сургуулийн өмнөх боловсрол эзэмшээгүй ба 2010 онд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр сургуульд элсэн орж суралцаад 2019 онд 9 дүгээр анги төгсөөд 2020 оны Хангай дээд сургуулийн харьяа Хангай МСҮТ-д график дизайнерын мэргэжлээр суралцаж байгаа. 2022 оны 05 дугаар сард төгсөнө. Зан байдлын хувьд бага байхаасаа л хүнд хэцүү амьдралтай өссөн болохоор бие ээ даагаад сурчихсан, элдэв төрлийн асуудал гаргадаггүй, манай ээжийг асарч ихэвчлэн гэртээ байдаг байсан, гадуур тэнээд байдаггүй, 7 дугаар ангиасаа манай ах Батбаатарын хамтаар Сутай буянт зах дээр машины засварын ажил хийж эхэлсэн, одоог хүртэл ажиллаж байгаа. Дээрээ 3 ах, 2 эгчтэй, багаасаа ах эгч нарын хараа хяналтад өссөн болохоор янз бүрийн асуудал гаргаж орооцолдож байгаагүй. Хүмүүс гэрээр ирж машин тэргээ янзлуулчихдаг байдаг учраас гадуур гарах боломжгүй байдаг байж байгаад 2020 онд манай төрсөн эцэг Энхжин уушгиний хорт хавдар өвчнөөр хэвтэрт орж улмаар 2 хэвтрийн хүн сахидаг болсон. Б нь 2021 оны 09 дүгээр сараас хойш бол ажил төрөл хийгээгүй, хэвтрийн 2 хөгшнөө өдөрт нь харж бид нарыг ажлаа тараад ирэхээр зөрөөд гарч халтуур хийж байгаад орж ирдэг байсан. Э.Б нь элдэв муу зуршил байхгүй, ажил гэрийн хооронд явдаг, хааяа ажил дээрээ хонож ажилладаг, ажлаас өөр зүйл нэг их цаг зав гаргаад байдаггүй байсан. Би Э.Бгийн үйлдсэн гэмт хэргийн 2022 оны 01 дүгээр сарын дундуур мэдсэн. Хэргийн тухай манай төрсөн ах Батбаатар надад хэлж би мэдсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 94-95 дахь тал/,
Гэрч Э.Бат-Оргилын “Манай дүү Б нь тайван дөлгөөн зантай, элдэв янзын ааш зан зайхгүй, багаасаа хэвтэрт байдаг 2 хүн сахисан болохоор гэр орны ажилд сайн, мөн машин засах тал дээр сайн, 2019 оноос хойш Сутайн буянт зах дээр машин тэрэг засаж явдаг байсан. Манай дүү урьд өмнө нь ямар нэгэн байдлаар гэмт хэрэг зөрчилд холбогдон шалгагдаж байгаагүй. Би Э.Бгийн үйлдсэн гэмт хэргийн талаар 2022 оны 01 дүгээр зарын сүүлээр мэдсэн. Энэ тухай надад манай ээж Саруултөгс “дүү чинь машины обуд хулгай хийж байгаад баригдчихсан байна” гэж хэлсэн. 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө би хадмындаа буюу Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Төмөр замын байранд байсан. Б нь Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо 56-788-3 тоотод ээж Саруултөгс, эгч Хонгорзул нарын хамт амьдардаг.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 97-98 дахь тал/,
Шүүгдэгч С.Бгийн эх Б.Саруултөгсөөс гаргасан хүсэлт, баримтууд /хавтаст хэргийн 100-108 дахь тал/,
Суурь боловсролын гэрчилгээ, хувийн хэрэг /хавтаст хэргийн 117-131 дэх тал/,
Хангай мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн тодорхойлолт /хавтаст хэргийн 132 дахь тал/,
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 133 дахь тал/,
Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 134 дэх тал/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 135 дахь тал/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 137 дахь тал/,
Шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн шүүгдэгч Э.Бын хохирол төлсөн тухай Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга 1 хуудас баримт,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Чинбатаас дараах бичмэл нотлох баримтыг танилцуулж шинжлэн судлав. Үүнд:
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 12 дахь тал/,
Эд зүйлийн үнэлгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, эд зүйлийн үнэлгээ хийсэн тайлан /хавтаст хэргийн 27-29 дэх тал/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хавтас хэргийн 2-3, 35-36, 52-53 дахь тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчийг бүрэн хамруулж, шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулсан болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогч нарын мэдүүлэг, хариулт, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан яллах, өмгөөлөх талын нотлох баримт зэргийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбар зэргийг харгалзан хууль зүйн дүгнэлт хийлээ.
Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Э.Б, Э.Б, Х.М нар үйлдэл, оролцоо, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хүлээн зөвшөөрсөн, тэдгээрийн өмгөөлөгч С.Уламбаяр, Л.Чинбат нараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн” гэх хүндрүүлэх шинжийг хүлээн зөвшөөрөхгүй, зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх байр суурь илэрхийлж оролцсоныг тэмдэглэх нь зүйтэй.
Тус заалтын гол шинж нь учрах саадыг арилгах зорилго агуулгыг илэрхийлэх бөгөөд хулгайлах гэмт хэрэг үйлдэх үед учирч болзошгүй саад бэрхшээлийг өөрөөсөө зайлуулах, холдуулах зориулалтаар урьдаас тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан эд зүйл, хэрэгсэл ашигласан байхыг ойлгоно.
Авто машины 4 ширхэг дугуйг нууцаар, хууль бусаар авахдаа дугуй тайлагч /торцов/, өргөгч /домакрат/ зэрэг багаж хэрэглэсэн болох нь хөдөлбөргүй тогтоогдсон хэдий ч угаасаа авто машины дугуй тайлах зориулалттай багаж хэрэгслийг ашиглан үйлдэл нь учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэх шинжид хамаарахгүй, уг багаж хэрэгслийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй.
Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт хамаарах Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн “Тайлбар” хэсэгт “Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно гэж хуульчлан заасан бөгөөд автомашины домакрат, дугуйн дорцов зэрэг нь дээрх тайлбарт заасан аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалтаар бүтээгдсэн эд зүйлийн шинжийг хангахгүйгээс гадна шүүгдэгч нар нь дээрх эд зүйлийг хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг биш, харин өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэхдээ өөрсдийн үйлдлийг хялбарчлах зорилгоор ашигласан болох нь хөдөлбөргүй тогтоогдсон байна[1].
Өөрөөр хэлбэл тухайн дугуй өргөгч, тайлагч багажийг зориулалтынх нь дагуу хэрэглэсэн болохоос тусгайлан бэлтгээгүй, зохион бүтээгээгүй, засаж тохируулаагүй, учрах саадыг арилгах зорилгоор хэрэглээгүй гэж үзнэ.
Шүүгдэгч Э.Б, Э.Б, Х.М нар бүлэглэн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрдэнэ толгой 42 дугаар гудамжны 46 тоот хашааны гадна байсан хохирогч Б.Энхзоригийн эзэмшлийн Toyota corolla маркийн 20-91 ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан 1.000.040 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээний тайлан, эд мөрийн баримт, хохирогч Б.Энхзориг, яллагдагч, шүүгдэгч Э.Б, Э.Б, Х.М нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.
Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар Э.Б, Э.Б, Х.М нар найз нөхдийн харилцаатай ба хохирогч Б.Энхзориг өөрийн эзэмшлийн авто машины хашааны гадаа байрлуулсан байсан, Э.Б нь гэмт хэрэг үйлдэхээс өмнө уг авто машины гоёлын обудтай дугуйг харсан байсан, улмаар дугуйг хулгайлан зарах санааг Э.Б, Х.М нарт хэлсэн, тэд шууд зөвшөөрөөгүй гэх боловч хамтдаа тус авто машины орчим шөнийн цагаар очиж зогсон, машин дотроо пиво ууцгаасан, харуул хамгаалалтгүй, гэмт хэрэг үйлдэх боломжтой нөхцөлийг судлан, үйлдлээрээ нэгдэн бүлэглэж Э.Бгийн авто машинд байсан дугуй тайлагч багажийг ашиглан Э.Б, Э.Б нар дугуйг тайлж, Х.М хүн харж зогссон, дугуйг тайлж дуусах бусдад баригдсан гэх үйл баримт тогтоогджээ.
Шүүгдэгч Э.Б, Э.Б, Х.М нарт холбогдох хэргийн хувьд бусдын өмчлөх эрхэд нууц сэм аргаар, идэвхтэй үйлдлээр халдаж, эд хөрөнгийг өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлсний улмаас бодит хохирол учирсан байх хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангажээ.
Бусдын өмчлөх эрхэд халдахдаа уг үйлдлийг хууль бус шинжтэй, нийгэмд аюултайг мэдсээр байж хүсэж хийсэн, бодит хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, амар хялбар аргаар эд хөрөнгөтэй болох шунахайн сэдэлт агуулсан тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ. Уг гэмт үйлдэл болон учирсан хохирол 2 хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.
Хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдалд “бүлэглэн” гэх шинжийг тусгайлан заагаагүй, хулгайлах гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэснийг ердийн хамтран оролцох хэлбэрээр бүлэглэн гүйцэтгэсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан хэрэглэх нь хуульд нийцнэ.
Шүүгдэгч Э.Б, Э.Б, Х.М нарыг хулгайлах гэмт хэргийг “Учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж” үйлдсэн гэж хүндрүүлэн авч үзэхэд эргэлзээтэй, энэ талаар Улсын дээд шүүхээс тайлбар гараагүй, үйлдлээ хялбарчлах зорилгоор гэмт хэрэг үйлдэхдээ багаж хэрэглэсэн боловч үүнийг учрах саадыг арилгах зорилгоор биш хэрэглээгүй, зориулалтын дагуу хэрэглэсэн гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хуулийг хэрэглэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн зарчмыг баримтлан хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Э.Б, Э.Б, Х.М нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцов.
Гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөлийн хувьд амар хялбар аргаар мөнгө олох гэсэн санаа зорилго, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал, найздаа туслах гэсэн гэнэн томоогүй зан харилцаа зэрэг нь гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлжээ.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Энхзоригт 1.040.000 төгрөгийн хохирол тогтоогдсон бөгөөд Э.Б, Э.Б, Х.М нарын үйлдсэн хулгайлах гэмт хэрэг үйлдэл дээрээ таслан зогсоогдсон тул хохирол төлөгдсөн, бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Шүүгдэгч Э.Б, Э.Б, Х.М нар нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, тус хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Бд 1 жилийн хугацаагаар хорих ял, Э.Б, Х.М нарт тус тус 6 сарын хугацаагаар хорих оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал дүгнэлт гаргасан бол,
Шүүгдэгч Э.Б, Э.Б, Х.М нарыг өмгөөлөгч С.Уламбаяр, Л.Чинбат нараас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, дөнгөж 19 насанд хүрч амьдралд хөл тавьж байгаа залуус, эрхэлсэн тодорхой ажилтай, оюутан, гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй гэх хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх санал гаргасныг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэж тодорхойлсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж зааснаас үзэхэд сонгох ялын төрөлтэй хөнгөн гэмт хэрэгт хамаарна.
Шүүгдэгч Э.Б, Э.Б, Х.М нарын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1,2 дахь заалтад заасан “Учруулсан хохирол төлсөн” зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “Гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцон авч үзлээ.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдгийг мөрдөн байцаалтын шатнаас өөрийн хийсэн үйлдлээ, холбогдсон хэргийн зүйлчлэлээ, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг бүгдийг хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч Э.Б, Э.Б, Х.М нарын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэвэл зохино.
Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх тохиолдолд тодорхой хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад байх, албадлагын арга хэмжээ зөрчихгүй байх гэсэн ирээдүйд үүсэх үр дагаврыг бий болгодог бөгөөд гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зохимжгүй, хорихоос өөр төрлийн ялыг сонгох хэрэглэх нь тохиромжтой гэж үзлээ.
Шүүгдэгч нарын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдэлдээ дүгнэлт хийсэн гэх хувийн байдал, гэмт хэргийн улмаас бага хэмжээнээс дээш хохирол учирсан, хор уршиг учраагүй гэх хохирол, хор уршгийн шинж чанар, согтуугаар гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал, учруулсан хохирол төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийг санаачилсан болон үйлдэл оролцоо зэргийг харгалзан,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Бд 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Э.Б, X.М нарт 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Б, Э.Б, X.М нар нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй, зайлсхийсэн тохиолдолд шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдвэд зохино.
Энэ хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон Кен маркийн цахилгаан дугуй тайлагч импакт 1 ширхэг, 19, 21 хэмжээтэй дугуй тайлагч торцов 2 ширхэг, торцовын иш 1 ширхэг зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн тамгын газарт даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.Б, Э.Б, Х.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн прокурорын газраас Э.Б, Э.Б, Х.М нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дугаар хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Боржигон овогт Энхжингийн Б, Боржигон овогт Эрдэнэбатын Б, Боржгон овогт Хишигсүрэнгийн М нарыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Бд 360 /гурван зуун жар/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Э.Б, X.М нарт 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Э.Б, Э.Б, X.М нарт тус тус мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон Кен маркийн цахилгаан дугуй тайлагч импакт 1 ширхэг, 19, 21 хэмжээтэй дугуй тайлагч торцов 2 ширхэг, торцовын иш 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахыг Баянзүрх,Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Э.Б, Э.Б, X.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Э.Б, Э.Б, X.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ХАТАНЦЭЦЭГ
[1] Улсын дээд шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 114 дугаартай тогтоол