Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/822

 

 

 

 

 

 

 

 

   2022          06           03                                                   2022/ШЦТ/822

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

Улсын яллагч М.Ариунцэцэг,

Шүүгдэгч Ц.Лнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Л холбогдох 2206 00459 0574 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, 1994 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, аав, ээж, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Жамсран уулын 2-1994 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,  регистрийн дугаартай, Новогт Цогтбаатарын Л.

 

Холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Ц.Лнь 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнийн 02 цагийн орчим Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Скай” их дэлгүүрийн гадна хохирогч Т.Амаржаргалын эзэмшлийн 05-23 УНД улсын дугаартай Приус 30 маркийн тээврийн хэрэгслийн жолооч талын хаалга болон арын хаалга руу хөлөөрөө өшиглөж, тоосгоор цохих зэргээр гэмтээсний улмаас хохирогч Т.Амаржаргалд 375,200 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2206 00459 0574 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлахад Ц.Лнь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Т.Амаржаргалын мөрдөн байцаалтад өгсөн:

“... 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр би танил дүү болох Отгонбаатарын хамт тоёота Приус 30 маркийн 05-23 УНД улсын дугаартай автомашинтай халтуур хийгээд явж байсан. Тэгтэл 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө дүү Отгонбаатар руу түүний эмэгтэй найз гэх нэг үл таних эмэгтэй залгаад намайг Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Скай их дэлгүүрийн ойролцоогоос ирээд аваач таксины мөнгийг нь өгье гэж Отгонбаатар хэлсэн. ... үл таних хоёр эмэгтэй, хоёр залуу гарч ирсэн. Тэгтэл нөгөө хоёр үл таних эмэгтэй нь машинд суусан. Тэгтэл нөгөө хамт гарч ирсэн үл таних хоёр залуу нь тус хоёр эмэгтэйг явуулахгүй татаж чангаагаад миний машины хаалгыг онгойлгоод намайг чи буугаад ир гээд байсан. ... Улаанаа гэх хочтой залуу нь надтай маргалдаж байгаад над руу гартаа тоосго бариад ирсэн. Тэгэхээр нь цааш зугтаагаад яваад өгсөн. Тэгтэл миний унаж явсан тоёота Приус 30 маркийн 05-23 УНД улсын дугаартай автомашины жолооч талын хаалга болон жолоочийн хойд талын хаалга зэрэг рүү гуталтай хөлөөрөө 3-4 удаа өшиглөж мөн гартаа тоосго барьж байгаад миний автомашины хаалга руу цохиод байсан. Би машин дээрээ ирээд хартал миний унаж явсан тоёота Приус 30 маркийн 05-23 УНД улсын дугаартай автомашины жолооч талын хаалга болон жолоочийн хойд талын хаалга зэрэг хонхойж будгууд нь халцарсан байсан...” гэх мэдүүлэг /хх.7-8/,

 

“Дамно” ХХК-н 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн БЗД2-22-108 дугаартай:

Приүс-30 маркийн тээврийн хэрэгслийн жолооч талын урд болон хойд хаалга нийтдээ 375.200 төгрөгийн үнэлгээтэй гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.22-24/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн хүлээн авсан эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх.3/,

 

шүүгдэгч Ц.Лийн мөрдөн байцаалтад өгсөн:

“... тус хоёр залуугийн жолоочтой нь маргалдаж байгаад тоосго барьсан тэгэхэд нөгөө жолооч залуу нь зугтаад яваад өгсөн. Тэгэхээр нь би барьж байсан тоосгоо машин руу нь шидсэн. Тэгтэл машин нь хонхойсон. Мөн уурлаад машиных нь уд хаалгыг гуталтай хөлөөрөө нэг удаа өшиглөсөн...Автомашин руу би тоосго шидэж хохирол учруулсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хуулийн дагуу арга хэмжээ авхуулахад татгалзах зүйлгүй.” гэх мэдүүлэг /хх.12, 19, 38/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс: Шүүгдэгч Ц.Лийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх.27/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх.28/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх.29/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх.32-33/, хохирогч Т.Амаржаргалын хохирол төлбөр хүлээн авсан, гомдолгүй тухай бичгээр гаргасан тайлбар /хх.54/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй байх ба тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулав.

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Ц.Лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ц.Лнь 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнийн 02 цагийн орчим Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Скай их дэлгүүрийн гадна” хохирогч Т.Амаржаргалын эзэмшлийн 05-23 УНД улсын дугаартай Приус 30 маркийн тээврийн хэрэгслийн жолооч талын хаалга болон арын хаалга руу хөлөөрөө өшиглөж, тоосгоор цохих зэргээр гэмтээсний улмаас хохирогч Т.Амаржаргалд бага хэмжээ буюу 300.000 төгрөгөөс дээш хэмжээний 375,200 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн хүлээн авсан эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.22-24/, хохирогчийн хохирол төлбөр хүлээн авсан, гомдолгүй тухай бичгээр гаргасан тайлбар /хх.54/, шүүгдэгч Ц.Лийн гаргасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

 

Шүүгдэгч Ц.Лийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

 

Бусдын эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэг гэж бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Иймд шүүгдэгч Ц.Лийн бусдын тээврийн хэрэгслийн хаалгыг хууль бусаар гэмтээж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тухайд:

Хохирогч Т.Амаржаргал нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн, хохирогчийн баримтаар нэхэмжилсэн 375.000 төгрөгийг шүүгдэгч Ц.Лнь нөхөн төлж, хохирол бүрэн барагдсан байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

Ц.Л Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Шүүгдэгч Ц.Лийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, өндөр настай, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн болон шүүгдэгчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзаж үзсэн болно.

 

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхээр хуульд тусгайлан заасан нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилготой байдаг.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэж байгаа шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн талаар хийж байгаа дүгнэлт болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд, шүүх хуралдааны оролцогчийн санал, дүгнэлт зэргийг харгалзан торгох ялыг тухайн зүйлд заасан багавтар хэмжээгээр оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар түүний хувийн байдлыг харгалзан тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирно гэж үзлээ.

 

Энэ хэрэгт Ц.Лнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Новогт Цогтбаатарын Лийг “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу найман зуун мянган төгрөгөөр торгох ялаар шүүгдэгч Ц.Лийг шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Л оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Ц.Лнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Л хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.БААСАНБАТ