Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/840

 

 

 

 

 

 

  2022         06          06                                        2022/ШЦТ/840

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,

Улсын яллагч Б.Мөнхтулга,

Шүүгдэгч Э.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт Совогт Эрдэнэбатын Аад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 00000 0855 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Совогт Эрдэнэбатын А, 1998 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Цахир суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-1, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 104.5 фм-ийн ард байрлах нийтийн байрны 11 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, /РД: /.

 

Холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Э.А нь 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 23 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа, Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Сансар туннелийн дээр байрлах “Хэмнэл” нэртэй караоке үйлчилгээний газрын гадаа гудамжинд, хохирогч Б.Золжаргалтай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар нүүр рүү гараараа цохих, хөлөөрөө өшиглөх, хавсарч унагаах зэргээр цохиж, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт:

Хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд болон оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Э.А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Аын өгсөн: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 04 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Золжаргалын өгсөн: “... Би 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 21 цагийн үед Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хэмнэл гэх нэртэй нийтийн караокед ганцаараа орсон бөгөөд Сэнгүр гэх нэртэй 0.5 литрийн шилтэй 3 шил пиво захиалж уусан. Дараа нь караокеноос гараад явж байхад үл таних эрэгтэй, эмэгтэй хоёр гадна маргалдаад сууж байхаар нь “би эрэгтэйг нь чи эмэгтэй хүнтэй яаж харьцаад байгаа юм бэ” гэж хэлтэл намайг хавирч унагаад, миний нүүр хэсэгт өшиглөсөн. Удалгүй цагдаа нар ирээд намайг цохисон үл таних залууг аваад явсан. Намайг цохисон хүн 170 см өндөртэй, туранхай биетэй эрэгтэй байсан. Тухайн үед би толгой руу цохиулсан болохоор ямар хувцастай болон зүс царайтай хүн болохыг харж чадаагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 09 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Э.Аын гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... 2022 оны 02 сарын 16-ний өдөр хуучин ажлын газрын эгч Мөнхжаргалтай хамт БЗД-ийн 3-р хороо Түнелийн тэнд байрлах Хэмнэл нэртэй нийтийн караокед 19:00 цагийн үед орсон. Тухайн караокед 0,75 савлагаатай Соёрхол нэртэй архи 1 шилийг, 3 ширхэг Сэнгүрийн хамт уусан. Ууж дуусаад байж байтал хамт явж байсан эгч дээр нэг залуу хүрж ирээд хамт гарая, чи хэдээр гардаг юм гэж асуухаар нь миний уур хүрээд миний эгч ийм хүн биш шүү гэж хэлтэл чамд хамаагүй цаашаа яв гэж хэлсэн тэгэхээр нь нүүр хэсэг рүү нь өөрийнхөө духаар нэг удаа мөргөж, гараа атгаж байгаад нүүр хэсэг нь 2 удаа цохисон, тэгсэн удалгүй цагдаа нар хүрж ирээд намайг аваад явсан....”,

“... Би тухайн өдөр гаргасан үйлдэлдээ гэмшиж байна. ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14, 28 дүгээр тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч М.Аригуунтөгсийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 3178 дугаартай:

“1. Б.Золжаргалын биед тархи доргилт, духанд шарх, цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний алимны салстад цус хуралт, хамар зулгаралт, зөөлөн эдийн няцрал, эрүүнд зөөлөн эдийн няцрал, зүүн гарын алганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх тархи доргилт, духанд шарх, цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний алимны салстад цус хуралт, хамар зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 16-17 дахь тал/ зэргээр нотлогдон тогтоогдлоо.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Иймд шүүгдэгч Э.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Шүүх шүүгдэгч Э.А эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Хохирлын талаар:

Шүүгдэгч Э.Аын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Золжаргал нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй боловч “...500.000 төгрөг авч эмчилгээ хийлгэнэ, өөр гомдол, санал байхгүй” гэсэн бөгөөд шүүгдэгч Э.А нь хохиролд 500.000 төгрөгийг шүүхийн дансанд шилжүүлсэн тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Тамгын газрын барьцааны Төрийн сангийн дансанд Э.Ааас  байршуулсан 500.000 төгрөгийг зохих журмын дагуу хохирогч Б.Золжаргалд олгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэв.

Бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Э.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд төлөх төлбөргүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Совогт Эрдэнэбатын Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрдэнэбатын Аад 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар Э.Аад шүүхээс оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 3 сарын хугацаанд  хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Аад оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Э.Аад нь цагдан хоригдсон хоноггүй,  бусдад  баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын барьцааны Төрийн сангийн дансанд Э.Ааас  байршуулсан 500.000 төгрөгийг зохих журмын дагуу хохирогч Б.Золжаргалд олгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.Аад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Т.ШИНЭБАЯР