Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/865

 

 

 

 

 

 

 

 

 

   2022        06          10                                   2022/ШЦТ/865

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Билэгжаргал ,

Улсын яллагч Б.Мөнхтулга,

Шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Е танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.От холбогдох 220 600 000 0969 дугаартай  эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Арвайхээр  хотод  1997 оны 03 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 25 настай,халх,  эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэг үйлдэх үедээ  хувиараа хөдөлмөр эрхэлдэг байсан, ам бүл-4, эхнэр,  09- 03 насны  2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 26 дугаар хороолол 319/а /тоотод оршин суух хаягтай,  улсаас  авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,  бие эрүүл, ухаан санаа бүрэн , Б овогт Буяннэмэхийн О /РД: /.

Холбогдсон хэргийн талаар:

 

Б.О нь 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, “Их Засаг” Их сургуулийн орчимд нийтийн тээврээр үйлчлүүлж байхдаа, хохирогч болох автобусны жолооч Г.Сүхбаатарын төлбөрөө төл гэсэн шаардлагад дургүйцэж, улмаар түүний биед халдан толгой хэсэгт гараараа цохих, ноцолдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.О мэдүүлэхдээ:  Миний өмнө явж байсан хүн 2 гэж дарах ёстой байсан юм. Надад бэлэн мөнгө байгаагүй учраас манай дүү карт дарах ёстой байсан юм. Би дүүгээсээ картыг нь аваад дарах гэж байхад араас “арчаагүй залуу вэ” гээд элдэв бусаар загнаад байсан. Хүний биед халдсан нь миний буруу. Би хохирлыг бүрэн төлж барагдуулна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн үйл баримтын талаар:

 

“Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дэх тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Г.Сүхбаатарын өгсөн: ... Би 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 08 цагийн үед ажлаа хийгээд 3 дугаар Шархад-ТЭЦ 3 гэсэн чиглэлд автобус бариад зорчигчтой явж байсан. Тэгтэл 1000 оюутны байрнаас 20 орчим насны шар куртиктэй болон хар куртиктэй 2 эрэгтэй хүмүүс автобусанд суусан. Тэр 2 эрэгтэйн шар куртиктэй эрэгтэй нь автобусны картаа уншуулаад явсан, харин араас нь орсон хар куртиктэй эрэгтэй нь автобусны карт уншуулалгүй яваад өгсөн...Би араас нь картаа дарчхаж чадахгүй, ямар арчаагүй залуу вэ гэсэн. Тэгээд би автобусныхаа хурдыг хамаад явж байтал гэнэт хажуу талаас нөгөө картаа дараагүй залуу ирээд миний толгойн баруун хэсэгт гараараа цохисон. Би цохиулаад цочирдоод автобусаа зогсоогоод босоход нөгөө залуу дахиж цохих гэхээр нь гарыг нь бариад авсан. Хар куртиктэй эрэгтэй гараад ир хоёулаа үзье гээд хэрэлдээд байсан. Түүнийг зугтаах гээд байхаар нь куртикнээс нь бариад байж байтал цагдаа нар ирсэн. Миний толгой эргээд байна, би түүнтэй ноцолдож байхдаа зүүн өвдгөө халцалсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8 дахь тал/,

 

Мөрдөн  шалгах  ажиллагаанд гэрч Б.Отгонсүрэнгийн өгсөн: 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр би автобусанд ах болох Отай суугаад ажил руугаа явж байсан. Гэтэл манай ахтай автобусны жолооч ах үл ялих шалтгааны улмаас маргалдсан. Тэгээд Их засаг их сургуулийн орчим явж байхад манай ах урагш яваад автобусны жолоочтой асуудал үүсгэсэн ба юу болсныг би хараагүй, гэхдээ намайг урагш очиход манай ах болон автобусны жолооч барьцалдаад авчихсан байсан тул би тэр хоёрыг салгасан. Надад өөр мэдэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дэх тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.Оын  өгсөн:... Би эргээд хойшоо явахад араас автобусны жолооч намайг хараагаад доромжилсон. Их засаг их сургууль орчим би автобусны жолооч руу уурлаж очоод толгой руу нь гараараа 2 удаа цохисон. Бид 2 ноцолдоод байж байхад автобусанд байсан хүмүүс салгасан, удалгүй цагдаа ирсэн... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дахь тал/,

 

 Мөрдөн  шалгах  ажиллагаанд яллагдагчаар Б.Оын өгсөн: Би эрүүгийн 2206000000969 дугаартай хэрэгт холбогдох эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой санал нийлж байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дэх тал/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 3624 дугаартай шинжээчийн :

“1. Г.Сүхбаатарын биед дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.

4. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Дээрх гэмтэл нь хэргийн хугацаанд үүсэх боломжтой. шинжээч эмч Т.Чимэд-Очир гэх   дүгнэлт /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,

 

  • Хохирогчийн гаргаж өгсөн хохирлын баримтууд /хавтаст хэргийн 21-23 дахь тал/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:

 

Шүүгдэгч Б.Оын иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 24 дэх тал/,

Шүүгдэгч Б.Оын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 25 дахь тал/ зэрэг хэрэгт авагдсан  нотлох баримтуудыг  шинжлэн  судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

  Б.О нь 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, “Их Засаг” Их сургуулийн орчимд нийтийн тээврээр үйлчлүүлж байхдаа, хохирогч болох автобусны жолооч Г.Сүхбаатарын төлбөрөө төл гэсэн шаардлагад дургүйцэж, улмаар түүний биед халдан толгой хэсэгт гараараа цохих, ноцолдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг  үйлдсэн нь мөрдөн  шалгах ажиллагаанд  хохирогч, гэрчүүдийн  өгсөн мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн  2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 3624 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр  нотлогдож тогтоогдсон байх тул  Б. Оыг  гэм буруутайд  тооцох үндэстэй байна.

 

      Зодох гэдэг нь хүний бие махбодид халдсан байхыг ойлгох бөгөөд хүний бие махбодид халдах үйлдэл нь алгадах, цохих, түлхэх, өшиглөх зэрэг хэлбэртэй байж болно.

 

Б.Оын нь хохирогч Г.Сүхбаатартай маргалдаж, түүний толгой тус газар нь гараараа цохин, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан байна.

 

             Шүүгдэгч Б.О нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн

байна.      

        Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруугийн үйлдлийг зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн байх ба гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  2.5  дугаар зүйлийн 1 дэх   хэсэгт: ... энэ хуулийн тусгай ангид заасан  гэмт хэргийн улмаас  хүний амь нас,  эрүүл мэнд,  эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон  үндэсний эрх  ашиг сонирол, аюулгүй байдалд  шууд учирсан үр дагаврыг  гэмт хэргийн  хохиролд тооцно гэж,

        Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж,

        Иргэний  хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д ...бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж ,

        Иргэний  хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-д ... гэм хор учруулах үед хохирогч  цалин хөлс орлогогүй байсан  бол  тэрээр хөдөлмөрийн хөлсний  доод хэмжээнээс  багагүй  хэмжээний нөхөн төлбөр  шаардах эрхтэй гэж тус тус  хуульчилжээ.

 

Энэ хэргийн хохирогч Г.Сүхбаатарт хохирол төлбөрт  120.000 + 17.935  +91.900 + 84. 400 + 8000 + 20.000  +100. 000 + 500+ 500+  500 =  443 735 төгрөгийн  нотлох баримтын  шаардлага хангасан баримтыг ирүүлсэн  ба   шүүгдэгч   Б.О   бэлнээр  450.000 төгрөгийг дансаар  400.000 төгрөгийг нийт 850.000 төгрөгийг  төлсөн нь банкны дансны хуулгаар тогтоогдож байх ба хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.О баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хавтаст хэргийн 21-23-р  тал,  55 дугаар тал/

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан ...Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.О нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: ... Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино  гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт : ... Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна  гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Шүүгдэгч Б.От эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, мөн хуулийн 1.2- т заасан хохирогчид учирсан хохирлыг нөхөн төгсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

                                                                                                                                 

Улсын яллагчаас шүүгдэгч Б.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 / дөрвөн зуун тавин / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  450.000 / дөрвөн зуун  тавин  мянган /төгрөгөөр  торгох ял оногдуулах   саналыг гаргаж байна.

 

 Шүүх  шүүгдэгч Б.О нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа шүүхээр   ял шийтгэл хүлээж байгаа,  хохирогчид учирсан  хохирлыг  төлсөн ,  хохирогч гомдол саналгүй талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-т шийтгүүлсэн этгээд хууль, эсхүл торгох шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор, хэрэв хуульд зааснаар торгуулийг хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосон бол тогтоосон хугацаанд торгуулийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй гэж хуульчилжээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Б овогт Буяннэмэхийн Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Буяннэмэхийн Оыг  450 / дөрвөн зуун тавин / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  450.000 / дөрвөн зуун  тавин  мянган /төгрөгөөр  торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.От оногдуулсан 450 / дөрвөн зуун тавин / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  450.000 / дөрвөн зуун  тавин  мянган /төгрөгөөр   торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-т шийтгүүлсэн этгээд хууль, эсхүл торгох шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор  торгуулийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.О нь цагдан хоригдсон хоноггүй,  бусдад  баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.От урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ч.АЛТАНЦЭЦЭГ