| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2022/0368/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/906 |
| Огноо | 2022-06-16 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | М.Оюунбат |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 2022/ШЦТ/906
2022 06 16 2022/ШЦТ/906
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,
Улсын яллагч М.Оюунбат,
Шүүгдэгч Г.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Сэд холбогдох 2206 00000 0058 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1982 оны 02 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 20 дугаар гудамжны 151 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Аовогт Грийн С /РД: /
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Г.С нь 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байрны 106 тоотод хаалганы цоожийг эвдэлж нэвтрэн орж, 42 инчийн “Самсунг” загварын зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, иргэн А.Энхжаргалд бага бус хэмжээнээс дээш хэмжээний буюу 450.000 хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Сийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.01/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх.03-06/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Энхжаргалын өгсөн: “... 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүрэг 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байрны 106 тоот хаалга нээх гээд татахад хаалганы цоож нь эвдэрсэн байсан. ...хаалга онгойлгоод хартал гэрийн баруун урьд талд, ширээн дээр байсан Самсунг загварын 42 инчийн зурагт алга болсон байсан. Ингээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /хх.10-11/,
“... гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх.41/,
Мөрдөн шалгах ажиллагаанд А.Сийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... Би Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны байрны зүүн талын нийтийн байрны 102 тоотод эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг юм. Эхнэр, хүүхдүүд маань одоогоор байхгүй, би гэртээ ганцаараа байгаа. 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 16 цагийн орчимд нийтийн байрны 106 тоот айлын хаалга цоожтой байхаар нь бариулаас нь хүчтэй татаж онгойлгоод дотор нь ороод шар өнгийн хүрээтэй 42 инчийн Самсунг зурагт, бор өнгийн өвлийн түрийтэй гутал, хар өнгийн өвлийн богино түрийтэй 2 ширхэг гутлыг аваад зурагтыг нь гэртээ оруулж хөшигний ард талд босгож тавиад 2 ширхэг гутлыг нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул захын хойд талын хаалгаар ороод гутал зардаг 50 орчим насны эмэгтэй хүнд 15.000 төгрөгөөр зарсан. Тэгээд зарсан мөнгөөрөө 6.000 төгрөгийн Хийморь архи 2 ширхэг, 1 хайрцаг тамхи аваад гэртээ ирээд тухайн хоёр архиа уугаад унтаад өгсөн. Би тухайн өдөр бага зэргийн согтолттой байсан болохоор архи уух гэж 106 тоот айлын хаалгыг татаж онгойлгоод дотор нь байсан зурагт, гутлуудыг хулгайлах болсон...” гэх мэдүүлэг /хх.17/,
“... Би 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутагт нийтийн байрны 102 тоот гэртээ ганцаараа байж байхдаа архи ууж байсан ба 106 тоот өрөөнд зүс таних залуу байдаг түүнтэй хамт архи авч уух санаатай очтол гэрийн нь хаалга хаалттай байсан ба цааш түлхэхэд онгойсон. Гэрт нь ортол хүн байхгүй байхаар нь хар өнгийн Лед зурагт авч гараад гэртээ оруулаад гэртээ унтаж байсан.Гэтэл гаднаас гэнэт цагдаа нар орж ирсэн. Хийсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.39/,
Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хувийн байдлыг тодорхойлох баримт /хх.23, 46-49, 43/,
“Дамно” ХХК-н 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн БЗ1-21-1333 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.26-27/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх.32-34/,
Хохирогч А.Энхжаргалын зурагт хүлээн авсан, гомдолгүй тухай бичгээр гаргасан тайлбар /хх.44/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Г.С нь 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байрны 106 тоотод хаалганы цоожийг эвдэлж нэвтрэн орж, 42 инчийн “Самсунг” загварын зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, иргэн А.Энхжаргалд бага бус хэмжээнээс дээш хэмжээний буюу 450.000 хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.01/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх.03-06/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Энхжаргалын өгсөн: “... 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүрэг 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байрны 106 тоот хаалга нээх гээд татахад хаалганы цоож нь эвдэрсэн байсан... хаалга онгойлгоод хартал гэрийн баруун урьд талд, ширээн дээр байсан Самсунг загварын 42 инчийн зурагт алга болсон байсан...” гэх мэдүүлэг /хх.10-11, 41/,
Мөрдөн шалгах ажиллагаанд А.Сийн яллагдагчаар өгсөн: “... Би 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутагт нийтийн байрны 102 тоот гэртээ ганцаараа байж байхдаа архи ууж байсан ба 106 тоот өрөөнд зүс таних залуу байдаг түүнтэй хамт архи авч уух санаатай очтол гэрийн нь хаалга хаалттай байсан ба цааш түлхэхэд онгойсон. Гэрт нь ортол хүн байхгүй байхаар нь хар өнгийн Лед зурагт авч гараад гэртээ оруулаад гэртээ унтаж байсан...” гэх мэдүүлэг /хх.39/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Сийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Г.Сийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон тус гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт шүүгдэгч Г.Сэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг агуулсан үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.
Хулгайлах гэмт хэрэг гэж бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Хохирогч Л.Энхжаргал хулгайд алдсан зурагтыг биет байдлаар нь буцааж авсан, өөр нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн учир энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Г.Сийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Г.Сэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Г.Сийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзаж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Сэд 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Г.Сэд эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Энэ хэрэгт Г.Сийг 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс цагдан хорьсон 13 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Аовогт Грийн Сийг “Хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Сэд 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Г.Сэд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Г.Сийг урьд нь цагдан хорьсон 13 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Энэ хэрэгт шүүгдэгч Г.С бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Сэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР