Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бухарзадагийн Володя |
Хэргийн индекс | 172/2022/0064/Э |
Дугаар | 2022/ШЦТ/68 |
Огноо | 2022-06-09 |
Зүйл хэсэг | 11.4.1., |
Улсын яллагч | Л.Солонго |
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 2022/ШЦТ/68
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,
Улсын яллагч Л.Солонго,
Шүүгдэгч Д.О,
Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овгийн Д-ын О-т холбогдох 2228000000065 тоот эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Ж овгийн Д-ын О, ..............................
Шүүгдэгч Д.О нь согтуурсан үедээ 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 17-18 цагийн орчимд Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын 1 дүгээр баг, Замын шанд гэх газарт иргэн Т.Ц-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан харилцан зодолдож, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Д.О-ыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.О шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...сумын төвд засмал замын урд талд өөрийн газар дээр блокоор байшин барьж эхэлсэн. 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр уг газар дээр барилгын гэртээ Б, Х нартай хамт ирсэн. Би Б-ыг дэлгүүрээс нэг шил архи аваад ирээч гэж хэлсэн. Тэгсэн Б дэлгүүр яваад Элекс нэртэй 750 граммын нэг шилтэй архи авч ирсэн. Тэр архийг бид гурав хувааж уусан. Нөгөө хоёр нээх уугаагүй. Би л нэлээн ихэнхийг нь уусан. Тэгэхэд манай хоёр найз орж гараад гадаа барилгын ажил хийж байсан. Би согтоод юу болсныг мэдээгүй. Нэг сэрсэн чинь гэрийн зүүн орон дээр би хэвтэж байсан. Тэгээд босох гэтэл босож чадахгүй нуруу өвдөөд байсан. Тэгсэн гэрийн баруун урд талд Х, О нар хоорондоо зууралдаад хэрэлдэж байсан. Би тэр хоёрыг юу болов гэхэд Х, О та хоёр зодолдоод байж байсан чиний нүүр ам хачин царайтай болсон байсан гэж хэлсэн. Тэгээд Х, О-ыг чи арай ч дээ Ц-ыг арай дэндүү болгосон байна шүү дээ яаж байгаа юм бэ гээд загнаад байсан. Маргааш үдээс хойш Х-оор машинаар төвд байх гэртээ хүргүүлж ирсэн. Тухайн үед хэрэг гарахаас өмнө Б, Х нар манайхаас гараад гэр рүүгээ явцгаасан. Тэгэхэд О танайд үлдсэн байсан гэж хэлсэн. Тэгээд Х гэртээ очоод удалгүй манайд дүүгээрээ хүргүүлээд манай гэрт ирэхэд О миний дээр гараад суусан зодож байсан гэж Х надад сүүлд нь хэлсэн... Одоо миний нуруу хөдөлж болохгүй байна, зүүн талын хавирга маш их өвчтэй байгаа. Хоёр нүд хөхөрсөн. Толгойн баруун тал хэсгээр хавдартай байсан. Тухайн үед мөн нүүрний зүүн тал битүү хавдартай байсан. Харин одоо гайгүй болж байгаа. Ер нь бол би одоо босож чадахгүй байна. Надад О өмнө 1,200,000 төгрөг өгсөн. Би хот руу 2022 оны 05 дугаар сарын 01-нд ирсэн. Одоогоор нэмж хохирол барагдуулсан зүйл байхгүй. Одоогоор миний биеийн байдал гайгүй дээрдсэн. Би одоо босч явган алхаж чадаж байгаа. Гэхдээ удаан явж хол явж чадахгүй байгаа. Би цаашид эмчилгээ хийлгэхгүй, хэд хоногоос нутаг буцна. Надад санал, гомдол байхгүй... Надад цугларсан мөнгөний баримтаас харахад 1,076,090 төгрөг болсон.” /хавтаст хэргийн 12, 14, 17, 19 дэх тал/
Гэрч Ц.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Ц бид хоёр хоол хийчхээд Б-ыг Ц дуудсан. Б ирж хоол идсэн. Тэгсэн Ц Б-ыг нэг шил архи аваад ир гэж хэлсэн. Тэгсэн Б яваад дэлгүүрээс Элекс нэртэй 750 граммын нэг шил архи аваад ирсэн. Б бид хоёр тэр архинаас нэг нэг татаад гадаа барилгын ажил хийж байсан. Тэгэхэд Ц тэр архины ихэнхийг уугаад нэлээд согтоод үлдсэн. Тэгсэн тэдний гадаа нэг мотоцикльтой хүн ирсэн, тэгсэн О ирсэн. Б бид хоёр гадаа ажил хийж байгаад би Ц-ын гэрт ороход О, Ц тэр хоёр нэг шил Хараа нэртэй 750 граммын архи авч ирсэн уугаад сууцгааж байсан. Б бид хоёр гадаа шороо зөөгөөд нэлээд ажилтай байсан. Ажил хийж байхад ээж намайг ирж хоолоо ид гэж хэлсэн. Тэгэхээр нь би явлаа гэхэд Б би бас явлаа гээд бид хоёр гэр рүүгээ явсан. Би гэрт очиж хоол идчихээд эргээд дүү болох Г-тай машинаар хүргүүлж Ц-ын барилгын гэрийн гадаа ирэхэд гэрт хүн чанга чанга дуугараад байсан. Тэгээд би дүү Г-ын хамт Ц-ын гэрт ороход гэрийн баруун хойд талд О, Ц-ын дээр гараад суучихсан нүүр рүү нь гараараа цохиод зодоод сууж байсан. Би О-ыг чи яаж байгаа юм гээд салгасан. Тэгсэн Ц-ын хоёр нүд нь хөхөрсөн, зүүн шанаа нь хавдсан, тэр хоёрын цамц нь урагдсан байж байсан...” /хавтаст хэргийн 21-22 дахь тал/
Гэрч Ц.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Ах Х манайд орж ирээд урагш нь Ц-ынд хүргээд өг гэж хэлсэн. Тэгээд би ахыгаа суулгаад сумын төвийн баруун урд засмал замын урд Ц-ын барьж байсан барилгын гадаа байх гэрт хүргэж өгсөн. Тэгээд ах машинаас буугаад гэр рүү орсон. Би араас нь гэрт орсон. Тэгэхэд гэрийн баруун хойд хэсэгт нь Ц, О хоёр нэгнийгээ өөд өөдөөсөө заамдаад авсан, хоёулаа суугаа байдалтай, Ц-ын нүүр зүүн шанаа нь хавдсан, нүүрээрээ цус болсон, цамц нь урагдсан байдалтай байсан. О-ын нүүр нь хавдаргүй, шалбарсан зүйлгүй, нүүрний энд тэнд нь жаахан цус болсон, цамц нь урагдсан байдалтай байсан...” /хавтаст хэргийн 28 дахь тал/
Шүүгдэгч Д.О мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би Цогт-Овоо сумын Бор тээг багийн нутаг дэвсгэрт Нарийны цагаан чулуут гэх газарт мал малладаг. Би 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 17 цагийн үед сумын төв рүү бензин авах гээд ганцаараа мотоцикльтой ирсэн. Би сумын төвд ирээд Сод монгол колонкоос бензин авсан. Тэгээд би Ц ахын утас руу залгахад Ц засмалын замын урд байх барилгын гэртээ байна чи хүрээд ирэх үү гэж хэлсэн. Тэгээд би Билэг дэлгүүр ороод 750 граммын Хараа нэртэй архинаас нэг шил архи аваад Ц ахын барилгын гэрт нь ирсэн. Тэднийд очиход Ц гэрийнхээ зүүн орон дээр хэвтэж байсан. Би гэрт нь ороод Ц ахын хажууд суусан. Би авч очсон архиа гаргаад Ц бид хоёр хувааж уусан. Би нэг сэрэхэд өглөө болсон Ц-ын барилгын гэрийн баруун хойд талд нь сэрсэн. Тэгээд сэрэхэд миний хоёр нүдний хэсгээр хавдартай, зүүн хөмсөг шалбараад цус гарсан байсан. Ц-ын хоёр нүдний хэсгээр хавдартай байсан. Нуруу эвгүй болсон байна гээд гэрийнхээ зүүн орон дээр хэвтэж байсан... Би Ц-ын данс руу 2022 оны 04 дүгээр сарын 18-нд 300,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 28-нд 700,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 29-нд 200,000 төгрөг тус тус шилжүүлж, нийт 1,200,000 төгрөгийн хохирол одоогоор барагдуулсан байгаа. ” /хавтаст хэргийн 41-42 дахь тал/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 218 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Т.Ц-ын биед тархины доргилт, зүүн талын VI, VII хавирганы хугарал, бүсэлхийн 2, 3-р нугалмын баруун хөндлөн сэртэнгийн хугарал, нүүрний зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, хүзүү, баруун бугалга дахь цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Зүүн талын VI, VII хавирганы хугарал, бүсэлхийн 2, 3-р нугалмын баруун хөндлөн сэртэнгийн хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтэл нь 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна.” /хавтаст хэргийн 32-33 дахь тал/
Өмнөговь аймгийн Цогт-Овоо сум Бортээг багийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 81 дугаартай тодорхойлолт /хавтаст хэргийн 54 дэх тал/
Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 56 дахь тал/
Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 57 дахь тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 60 дахь тал/
Бакалаврын дипломын хуулбар /хавтаст хэргийн 71 дэх тал/
Иргэний үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 60 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Д.О-т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
Гэм буруугийн талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Д.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн хувьд гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Д.О нь согтуурсан үедээ 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 17-18 цагийн орчимд Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын 1 дүгээр баг, Замын шанд гэх газарт иргэн Т.Ц-т хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан харилцан зодолдож, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Ц-ын “Би согтоод юу болсныг мэдээгүй. Нэг сэрсэн чинь гэрийн зүүн орон дээр би хэвтэж байсан. Тэгээд босох гэтэл босож чадахгүй нуруу өвдөөд байсан... Х, О та хоёр зодолдоод байж байсан чиний нүүр ам хачин царайтай болсон байсан гэж хэлсэн... О миний дээр гараад суусан зодож байсан гэж Х надад сүүлд нь хэлсэн” гэх агуулгатай мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дахь тал/, гэрч Ц.Х-ийн “Ц-ын гэрт ороход гэрийн баруун хойд талд О, Ц-ын дээр гараад суучихсан нүүр рүү нь гараараа цохиод зодоод сууж байсан. Би О-ыг чи яаж байгаа юм гээд салгасан. Тэгсэн Ц-ын хоёр нүд нь хөхөрсөн, зүүн шанаа нь хавдсан, тэр хоёрын цамц нь урагдсан байж байсан.” гэх агуулгатай мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дахь тал/, гэрч Ц.Г-ын “гэрийн баруун хойд хэсэгт нь Ц, О хоёр нэгнийгээ өөд өөдөөсөө заамдаад авсан, хоёулаа суугаа байдалтай, Ц-ын нүүр зүүн шанаа нь хавдсан, нүүрээрээ цус болсон, цамц нь урагдсан байдалтай байсан. О-ын нүүр нь хавдаргүй, шалбарсан зүйлгүй, нүүрний энд тэнд нь жаахан цус болсон, цамц нь урагдсан байдалтай байсан.” гэх агуулгатай мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дахь тал/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 218 дугаартай шинжээчийн “Т.Ц-ын биед тархины доргилт, зүүн талын VI, VII хавирганы хугарал, бүсэлхийн 2, 3-р нугалмын баруун хөндлөн сэртэнгийн хугарал, нүүрний зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, хүзүү, баруун бугалга дахь цус хуралт гэмтэл” учирсныг тогтоосон дүгнэлт /хавтаст хэргийн 32-33 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.О-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Ц-ын эрүүл мэндэд зүүн талын VI, VII хавирганы хугарал, бүсэлхийн 2, 3-р нугалмын баруун хөндлөн сэртэнгийн хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 218 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хавтаст хэргийн 32-33 дахь тал/-ээр тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтүүдийг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.
Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч Д.О, хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Ц-ын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Д.О нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Ц-ын эрүүл мэндэд зүүн талын VI, VII хавирганы хугарал, бүсэлхийн 2, 3-р нугалмын баруун хөндлөн сэртэнгийн хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан нь хэрэгт цугларсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч нь шүүхэд хандан “Д.О эмчилгээний зардалд 1,200,000 төгрөг өгсөн, 2022 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн дотор 800,000 төгрөг өгөх ёстой байсныг төлж барагдуулсан, иймд гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул шүүгдэгч Д.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг, шүүгдэгчийн хувьд улсын яллагчаас санал болгосон ялын төрөл, хэмжээг хүлээн зөвшөөрч байна гэх тайлбарыг тус тус гаргав.
Шүүгдэгч Д.О нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн үндэслэлээр хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Д.О-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд шүүгдэгч гэм буруугаа, прокурорын ялын саналыг тус тус зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-т 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О нь шүүхээс оногдуулсан 600,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Бусад асуудлаар.
Шүүгдэгч Д.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Ц-т 2,000,000 /хоёр сая/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж овгийн Д-ын О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-т 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О нь шүүхээс оногдуулсан 600,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Д.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Ц-т 2,000,000 /хоёр сая/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ВОЛОДЯ