| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрсүхийн Энхтуяа |
| Хэргийн индекс | 182/2018/0203/И |
| Дугаар | 543 |
| Огноо | 2018-03-20 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 543
| 2018 оны 03 сарын 20 өдөр | Дугаар 182/ШШ2018/00543 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ц-гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Н газарт холбогдох
Сэлэнгэ Эстимэйт ХХК-ийн 2018.01.09-ний өдрийн үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Бат-Оргил, хариуцагчийн төлөөлөгч Н.Эрдэнэбулган, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар З.Баярцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Ц нь Н газрын тасгийн дарга бөгөөд Ахлах шийдвэр гүйцэтгэгч Н.Уранчимэгийн 2018.01.09-ний өдрийн эд хөрөнгийн үнэлгээний талаарх 4/679 тоот мэдэгдлийг хүлээн авч танилцаад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7 дугаар зүйлд “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасны дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.02.03-ны өдрийн 287 дугаартай шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд миний өмчлөлийн Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу, 19А байр, 10 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү2202010931 дугаартай үл хөдлөх эд хөрөнгөнд хийсэн “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн 2018.01.09-ний өдрийн үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иргэний хуулийн 177 дугаар зүйлд албадан дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаарх саналыг талуудаас албан ёсоор гаргуулан авч, улмаар талууд харилцан тохиролцож үнэ тогтоох, хэрэв ингэж чадаагүй бол хөндлөнгийн шинжээч томилж, үнэлгээ хийлгэхээр заасан байна. Гэтэл Н газар нь миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар үнийн санал гаргуулалгүйгээр, мөн талуудын хооронд эд хөрөнгийн үнийн талаар харилцан тохиролцуулах арга хэмжээ авалгүйгээр, 2018.01.05-ны өдөр шууд шинжээч томилж, зах зээлийн үнэ ханшаас хамаагүй багаар үнэлгээ хийлгэж буй явдалд гомдолтой байна. Мөн шинжээч “Сэлэнгэ эстимэйт” ХХК нь Ц-гийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг зах зээл дэх бодит үнэ ханшаас хамаагүй багаар үнэлж, миний өмч хөрөнгийг үнэгүйдүүлж, хууль ёсны эрх ашгийг зөрчиж, намайг ихээхэн хохирол амсах байдалд шууд хүргэж байна. Зах зээл дэх үл хөдлөх эд хөрөнгийн үнэ ханшийг судалж үзвэл тус үл хөдлөх эд хөрөнгө нь хамгийн багадаа л 410 гаруй сая төгрөгөөр үнэлэгдэхээр байна. Гэтэл шинжээч “Сэлэнгэ эстимэйт” ХХК нь миний тус үл хөдлөх эд хөрөнгийг үндэслэлгүйгээр 336.680.000 төгрөгөөр үнэлж, үнэгүйдүүлж байна. Мөн “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн үнэлгээний тайлан, үнэлгээ хийсэн аргачлал нь ч холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын хүрээнд зөрчилтэй байна гэж үзэхээр байна. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.02.03-ны өдрийн 287 дугаартай шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд Ц-гийн өмчлөлийн Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу, 19А байр, 10 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү2202010931 дугаартай үл хөдлөх эд хөрөнгөнд хийсэн “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн 2018.01.09-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: …Төлбөр төлөгч Ц-гийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2202010931 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө болох Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу гудамжны 19а байрны 10 тоот хаягт байрлах 1177.2 м.кв талбай бүхий обьектыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналыг талуудаас авахад төлбөр төлөгч Ц барьцааны хөрөнгөд үнийн санал өгөх боломжгүй шинжээч томилох хүсэлт гаргасны дагуу хөндлөнгийн шинжээч “Сэлэнгэ эстимэйт” ХХК-иар үнэлгээг тогтоолгож дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 336.680.000 төгрөгөөр үнэлэгдсэнийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр мэдэгдсэн. Төлбөр төлөгч Цмэдэгдлийг хүлээн авч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т заасны дагуу 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 1 сарын хугацаатай бие даан борлуулах хүсэлт гаргасан байна. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Цнь хариуцагч Н газарт холбогдуулж Сэлэнгэ Эстимэйт ХХК-ийн 2018.01.09-ний өдрийн үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацааны дотор шүүхэд гаргасныг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.
Нэхэмжлэгч дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг шийдвэр гүйцэтгэгч хуульд заасны дагуу талуудыг үнийн талаар тохиролцуулах арга хэмжээ аваагүй, үнэлгээ нь зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур байна гэж тайлбарласныг хариуцагч тал зөвшөөрөхгүй байх бөгөөд нэхэмжлэгчийн өөрийнх нь хүсэлтийн дагуу шинжээч томилсон, үнэлгээ нь хуульд заасны дагуу хийгдсэн учир ажиллагаа хууль ёсны, үнэлгээг хүчингүй болгох үндэслэлгүй гэж маргав.
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.02.03-ны өдрийн 287 дугаартай “зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжаар Цнь 148,300,000 төгрөгийг тохиролцсон графикийн дагуу Жи Эс Би Капитал ББСБ ХХК-нд төлөх, төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох улсын бүртгэлийн Ү-2202010931 дугаартай, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, бага тойруу гудамж 19а байрны 10 тоотод байрлах 177,2 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн эвлэрлийн гэрээг баталсан байна.
Дээрх шийдвэрийн дагуу Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.08.23-ны өдрийн 7896 дугаартай “шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” шүүгчийн захирамж гарч, 2017.08.23-ны өдөр 779 дугаартай гүйцэтгэх хуудас бичигджээ.
Налба нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар уг албадан захирамж, гүйцэтгэх хуудасны дагуу гүйцэтгэх ажиллагааг үүсгэн ажиллагааг явуулж, шийдвэр гүйцэтгэгчийн 2017.09.05-ны өдрийн 125/01 дугаартай тогтоолоор Ц-гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2202010931 дугаартай, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруугийн 19А байрны 10 тоот, 177,2 м.кв талбайтай, таван өрөө, үйлчилгээний зориулалттай объектыг битүүмжилж, 2017.09.13-ны өдөр 125/02 дугаартай тогтоолоор хураан авсан.
Ингээд Нгазар нь 2017.11.17-ны өдрийн 11/01 дугаартай мэдэгдэх хуудсаар нэхэмжлэгч Цг өөрийн өмчлөлийн дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгийнхөө талаар үнийн санал өгөхийг мэдэгдсэн байх бөгөөд, нэхэмжлэгч Цнь 2017.11.29-ний өдөр “...үнийн санал өгөх боломжгүй байгаа тул шинжээч томилж үнэлгээ хийлгэнэ үү” гэсэн хүсэлтийг гаргажээ.
Иймд Налба нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д зааснаар нэхэмжлэгч Ц-гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2202010931 дугаартай, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруугийн 19А байрны 10 тоот, 177,2 м.кв талбайтай, таван өрөө, үйлчилгээний зориулалттай объектод үнэлгээ хийлгэхээр 2018.01.05-ны 10 дугаартай тогтоолоор Сэлэнгэ эстимэйт ХХК-ийг томилсон байх бөгөөд Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн 2018.01.09-ний өдрийн үнэлгээний тайлангаар тухайн эд хөрөнгийг 336,680,000 төгрөгөөр үнэлсэн, Налба нь уг үнэлгээний талаар нэхэмжлэгч Ц-дмэдэгдсэн байна.
Дээрх үйл баримтууд нь зохигчдын тайлбар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.02.03-ны өдрийн 287 дугаартай шүүгчийн захирамж, 2017.09.05-ны өдрийн 125/01 дугаартай эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, 2017.09.13-ны өдрийн 125/02 дугаартай эд хөрөнгө хураасан тухай тогтоол, тэмдэглэлүүд,2017.11.17-ны өдрийн 11/01 дугаартай шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудас, 2017.11.29-ний өдрийн Ц-гийн хүсэлт, 2018.01.09-ний өдрийн 4/679 дугаартай мэдэгдэл, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, үнэлгээний тайлан зэрэг баримтуудаар тогтоогдсон.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Цнь Нгазраас өгсөн мэдэгдэх хуудасны дагуу өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн талаар тодорхой хэлэх үнийн саналгүй, шинжээч томилуулахыг хүссэн байх бөгөөд түүний хүсэлтийн дагуу шийдвэр гүйцэтгэгч хуульд заасны дагуу шинжээч томилсон ажиллагаа нь хууль зөрчөөгүй, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасантай нийцэж байх тул “нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан шийдвэр гүйцэтгэгч талуудыг үнэ тохиролцуулах талаар арга хэмжээ аваагүй гэх” тайлбар үгүйсгэгдэж байна.
Түүнчлэн нэхэмжлэгчийн өмгөөлөгч Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн үнэлгээ зах зээлийн ханшаас бага, нэхэмжлэгч өөрийн эд хөрөнгийг 400 гаруй сая төгрөг болно гэж тооцож байсан гэх боловч Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн үнэлгээ яагаад бодитой бус байгаа талаарх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2‑т зааснаар баримтаар нотолж чадсангүй.
Тодруулбал Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн үнэлгээг нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа “шийдвэр гүйцэтгэгч үнэ тохиролцуулах ажиллагаа хийгээгүй, зах зээлийн ханшаас доогуур үнэлсэн” гэх үндэслэлээр хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүх нэхэмжлэлийг 2018.01.16-ны өдөр хүлээн авч, 2018.01.23-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, нэхэмжлэгч Ц-д2018.03.02-ны өдөр, түүний өмгөөлөгч Д.Бат-Оргилд 2018.02.08-ны өдөр тус тус эрх, үүрэг тайлбарлан өгсөн байх бөгөөд иргэний хэрэг үүсгэснээс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд нэхэмжлэгч Ц, түүний өмгөөлөгч Д.Бат-Оргил нар нь маргааны зүйл болсон Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруугийн 19А байрны 10 тоот, 177,2 м.кв талбайтай, таван өрөө, үйлчилгээний зориулалттай объектын зах зээлийн үнэ ханшийг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргах боломжтой байсан боловч энэ эрхээ хэрэгжүүлээгүй бөгөөд эрхээ хэрэгжүүлэхэд шүүх саад болоогүйг дурдах нь зүйтэй.
Иймд Нгазарт холбогдох Сэлэнгэ Эстимэйт ХХК-ийн 2018.01.09-ний өдрийн үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай Ц-гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.2-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Нгазарт холбогдох Сэлэнгэ Эстимэйт ХХК-ийн 2018.01.09-ний өдрийн үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай Ц-гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.4 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1‑д зааснаар нэхэмжлэгч Цгээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА