Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/192

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                          Хэргийн индекс:166/2022/0173/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж, Ерөнхий шүүгч Я.Туул, шүүгч Г.Гэрэлт-Од нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

Иргэдийн төлөөлөгч Б.А-,

Улсын яллагч Б.Батсүх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.С-,

Шүүгдэгч Д.Л- нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Л-т холбогдох эрүүгийн 2218000000137 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 35 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 01 сар 15 хоногийн баривчлах ял шийтгэгдсэн,

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 206 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 126 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жил 06 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, тус ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж 01 жил 06 сарын хугацаагаар хянан харгалзсан,

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 237 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, 2002 оны Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 02 жилийн хорих ял дээр Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 126 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 02 жил 06 сарын хорих ялаас зарим болох 01 жил 06 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт 03 жил 06 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдсэн,

-Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 93 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдэж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 11 сар 23 хоногийн хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг ажлын 1 хоногоор тооцож 40 хоног буюу 1 сар 10 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 01 жил 01 сар 03 хоногийн хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан Д.Л-

 

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч Д.Д.Л- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын ............, тоотод А.А.С-тай маргалдан зэвсэг буюу хутга хэрэглэн түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан “зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт,

 

Мөн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох Дархан-Уул аймгийн Дархан сумын .........., .............. тоотод байрлах Д.Д.О-ын байшингийн хаалгыг эвдэн нэвтрэн орж Д.Д.Д-ын эзэмшлийн 4 ширхэг обудь, 7 ширхэг дугуйг нууцаар, хууль бусаар авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Д.Л- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2022 оны 02 дугаар сарын 20-ны орой найзыгаа дуудсан. Гэртээ мах шараад байж байтал манай найзтай А.С- гээд залуу орж ирсэн. Манай найз ирчихсэн байна яв гэхэд явах дургүй байсан. Би өөрөө согтуу байсан. Мах идэж байсан хутгаараа хутгалсан байсан. Энэ хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна.

Манай найз соната 6 машин авсан. Дугуйнууд нь муу байна гээд байсан. Манайх том хашаанд 2 байшинтай. Тэрэнд манай ахын 2,3 жил хэрэглээгүй дугуй байхаар нь аваад найздаа өгчихсөн. Буцаагаад дугуйг нь өгсөн.” гэв.

 

Шүүх хэргийн бодит байдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох зарчмын дагуу яллах болон цагаатгах талуудаас шинжлэн судалсан нотлох баримтыг бүхий л талаас нь шинжлэн судлав.

 

Гэм буруугийн талаарх дүгнэлт:

1.Шүүгдэгч Д.Д.Л- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын ................ тоотод орших гэртээ хохирогч А.А.С-ыг шалтаг шалтгаангүйгээр хутгалж түүний эрүүл мэндэд зүүн цээжний хөндийд нэвтэрсэн шарх, зүүн уушгины шалчийлт, цээжний хөндийн цус, хий хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт нотлогдон тогтоогдож байна.

Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11 дэх хэсэгт: дотор эрхтэнг гэмтээсэн эсэхийг харгалзахгүйгээр цээж болон хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, түүнчлэн уг шархны улмаас үнхэлцгийн хөндий, голт, цээж, хэвлийн хөндийд цус, хий, агаар хуралдах шинж илэрсэн бол хүнд зэргийн гэмтэлд хамаарна гэж заасан

 

Шүүгдэгч Д.Д.Л- нь хохирогч А.А.С-тай архидан согтуурч улмаар шалтаг шалтгаангүйгээр цээжин тус газар нь нэг удаа хутгалсан байх бөгөөд цээжин тус газар нь хутгалсан шарх нь цээжний хөндий нэвтэрсэн болох нь шинжээч эмчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбарт: "зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл" гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно.

Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. "Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл" гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно гэж заасан бөгөөд хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг мөн зүйлийн 2.4 дэх хэсэгт “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн” гэж хуульчилжээ.

 

Шүүгдэгчийн гэмт үйлдлийн дараах нотлох баримтаар хөдөлбөргүй нотлон тогтоожээ.

 

Хохирогч А.А.С-ын өгсөн: “...Д.Л- ахын гэрт Мөнхчулуун бид гурав нөгөө 0.5 литрийн архийг хувааж уугаад байж байхад Д.Л- ахын найз охин гэрт нь ирнэ гэж ярьж байсан. Тэгээд бид гурав юм яриад сууж байхад гаднаас нэг эмэгтэй орж ирсэн. Тэгээд тэр эмэгтэй танай гэр юм уу, яагаад айлд архи уугаад байгаа юм гээд уурласан. Тэгэхээр нь би тэр эгчид “за уучлаарай одоо явлаа” гэж хэлээд Д.Л- ахын гэрийн үүдний амбаарт Д.Л- ахтай хамт тамхи татаад зогсож байхад Д.Л- ах гэр лүү гээ ороод хутга авч гарч ирээд миний зүүн талын цээж тус газар нэг удаа хутгалсан.” гэх мэдүүлэг /хх 30/,

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт “...гэрийн пийшингийн баруун хэсэгт шалан дээр 50 см зайд цус мэт улаан хүрэн өнгийн зүйл байсныг гэрэл зургийн аргаа бэхжүүлэн авав.” /хх 15-19/,

 

Гэрч Ш.Адъяалхамын өгсөн: “...А.С-аас дараа нь сонсоход Д.Л- гэх залуу намайг зүгээр байхад хутгаар хатгачихлаа гэж хэлсэн. Өөр мэдэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх 39/,

 

Гэрч М.Н- өгсөн: “...Д.Д.Л-ынд очиход ширээний баруун талд үл таних залуу, зүүн талд хутгалуулдаг залуу сууж байсан. Харин Д.Д.Л- зогсож байсан. Тэгээд би авчирсан махаа зуухны хажуу талын сандал дээр тавиад гараа зуухны хажууд зогсож байгаад дулаацуулж байгаад “та нар хөгшин хүн байдаг газарт архи ууж бузарлаж болохгүй, одоо та нар яв” гэж хэлсэн чинь хутгалуулдаг залуу түрүүлж за явлаа гээд гэрээс гарахад Д.Д.Л- араас нь гарсан. Түүнээс хойш 2-3 минутын дараа би Д.Л-т хутгалуулчихлаа гээд зүүн талын цээжээ дараад орж ирээд зуухны хажуу талд унаад өгсөн.” гэх мэдүүлэг /хх 43/,

 

Гэрч Ж.М- өгсөн: “...А.С-, Д.Л- бид гурав үлдээд байж байтал найз охин гэх шар намхан хүүхэн орж ирээд та нар одоо явцгаа гээд хөөхөөр нь за явлаа гэж хэлээд байж байтал Д.Л- А.С-ааг ахын дүү юм ярья гэж хэлээд аваад гарсан. Тэгсэн төд удалгүй А.С-аа Лутаа ах намайг хутгалчихлаа гээд цээж хэсэгтээ дараад ороод ирэхээр нь юу болсон гээд лавлаад, дараад байсан цээж хэсэг рүү нь харсан чинь цус гарч байхаар нь цагдаа, эмнэлэг дууд гээд тухайн найз эмэгтэй нь дуудаж байх шиг байсан.” гэх мэдүүлэг /хх 45/,

 

Гэрч А.Ц- өгсөн: “...30-40 минут болсны дараа Л- очсон чинь өөдөөс эмэгтэй хүн орилж гарч ирээд “цагдаа, эмнэлэг дуудсан зам дээрээс тосож ав” гээд намайг явуулахаар нь гайхаад ямар ч байсан цагдааг нь авч ирээд гэрт нь орсон чинь Лутаа хийморь талын ширээн дээр суучихсан. А.С-аа гэх дүү шалан дээр хэвтчихсэн ёолоод байсан.” гэх мэдүүлэг /хх 47/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 255 дугаартай шинжээчийн дүгнэлт:

-А.А.С-ын биед зүүн цээжний хөндийд нэвтэрсэн шарх, зүүн уушгины шалчийлт, цээжний хөндийн цус, хий хуралтын гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй багажийн нэг удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

-А.А.С-ын биед илэрсэн гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно.

-А.А.С-ын биед илэрсэн гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” /хх 53-54/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 23 дугаартай криминалистикийн шинжээчийн дүгнэлт: “...Хүрэмний зүүн энгэр халаасны дээд ирмэг хэсгээс дотогшоо чиглэлд 3 см-т хөндлөн байрлалтай 2.1 см хэмжээтэй гэмтэл нь зах ирмэг тэгш таслагдсан, утас суналт хөврөлтгүй байх тул хурц иртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн зүсэгдэлт байна. Хүрэмний зүүн энгэрт үүссэн 2.1 см хэмжээтэй зүсэгдэлт нь шинжилгээнд ирүүлсэн хутгаар үүсгэгдсэн байх боломжтой.” /хх 65-66/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 18/22 дугаартай магадлагаа:

- Д.Л- нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл байна.

- Д.Л- нь сэтгэцийн хувьд эрүүл учир болж өнгөрсөн үйл явдлыг бодитоор тусган авч, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай болно.

- Д.Л- нь одоогоор Сэтгэцийн хувьд эрүүл учир эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай.” /хх 59/,

 

Хохирогч А.А.С-ын эмчилгээний талаарх баримтууд, өвчний түүх /хх 101-102, 134-151/

 

2.Шүүгдэгч Д.Д.Л-ын Дархан-Уул аймгийн Дархан сумын ................. тоотод байрлах Д.Д.О-ын байшинд нэвтрэн орж Д.Д.Д-ын эзэмшлийн 4 ширхэг обудь, 7 ширхэг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн  дараах нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Хулгайлах гэмт хэрэг гэдэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох зорилго сэдэлтэйгээр хүч хэрэглэхгүйгээр эзэмшигчийн эзэмшлээс нууцаар, хууль бусаар авч өөрийн эзэмшилд авч зарцуулах эрх олж авахыг,

Хүч хэрэглэхгүйгээр гэж эзэмшигчийн амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулахгүйгээр халдахыг, хууль бусаар авах гэж эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр нууц далд аргаар авч өөрийн мэдэлд шилжүүлэхийг, ойлгоно.

 

Хүн амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн  гэдэг нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөөгүй, түүнчлэн...хориг саад, хамгаалалтыг бусдад мэдэгдэхээр байрлуулсан, эсвэл хориг саадыг анхааруулсан тэмдэг, тэмдэглэгээтэй байх бөгөөд шүүгдэгч энэхүү хоригийг мэдсээр эзэмшигч өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр ...цонх, хаалга, түгжээг эвдэх, цоож цуургыг сугалах байдлаар орсон бол хууль бус нэвтрэлт гэж тус тус ойлгоно.

 

 Хохирогч Д.Д.Д- хэдийгээр шүүгдэгч Д.Д.Л-ын ах хэдий ч өөрийн өмч хөрөнгийг гэмт халдлага, хууль бус эзэмшлээс хамгаалах зорилгоор өөрийн байшинд оруулж цоожилсон, дундаа хамтран эзэмшиж байгаагүй зэргээс дүгнэвэл шүүгдэгч хүний орон байрны халдашгүй байдалд халдаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Шүүгдэгч Д.Д.Л-ын хулгайлах гэмт үйлдлийг дараах нотлох баримтаар хангалттай тогтоожээ. Үүнд:

Хохирогч Д.Д.Д-ын өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын ............... тоот байшингаа очиж шалгах гээд очиж байтал манай төрсөн дүү Д.Д.Л- цагаан өнгийн портер дээр дугуй, обудь ачаад гарч байсан юм. Тэгээд намайг яг очиж байтал хөдлөөд явсан өгсөн юм. Тэгэхээр нь би шууд байшингийн амбаарт байсан Соната 6 маркийн автомашины 4 ширхэг обудьтай дугуй, 3 ширхэг өвлийн дугуйг шалгаж үзэхэд байхгүй болсон байсан.” гэх мэдүүлэг /хх 183/,

 

Иргэний нэхэмжлэгч Т.О- өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Д.Д.Л- гэх хүнд манай төрсөн дүү С.Д- “4 ширхэг соната 6 маркийн автомашины дугуй байна, та авах уу” гэж над руу ярьсан. Би Д-т чи очиж үзээд гайгүй дугуй байвал хэлээрэй гэсэн. Тэгээд Д- над руу нээх удалгүй залгаж гайгүй 4 ширхэг обудьтай дугуй байна 100.000 төгрөгөөр зарна гэж байна гэсэн. Би Д.Д.Л- гэх хүнээ над руу захын ийш явуулчих гэж хэлсэн. Удалгүй Д.Д.Л- гэх хүн ирж надаас бэлнээр 100.000 төгрөг авсан.” гэх мэдүүлэг /хх 194/,

 

Гэрч Б.Э- өгсөн: “...Д.Д.Л- эгчээ энэ модон дээр чинь 4 ширхэг дугуй ачаад хашаанаас гараад авчихна гээд модон дээр ачаад, мод ачсан машинд Д.Д.Л- суугаад шууд манай гэр лүү явсан. Тэгээд дугуйгаа модтой машин дээр хаяад явах гэхээр нь “чи наад 4 дугуйгаа аваад яв” гэхэд би удахгүй ирээд авчихна эгчээ гэж хэлээд нөхөр бид хоёртой хамт манай нөхөр С- машинд суугаад гэрийнхээ хажууд буугаад үлдсэн.  Маргааш нь ирэхэд Д.Д.Л- дугуйгаа манай хашаанаас аваад явсан байсан.” гэх мэдүүлэг /хх 200/,

 

Гэрч Д.Д.О-ын өгсөн: “...манай төрсөн дүү Д.Д.Л- нь саяхан миний байшингийн гадна хаалганы цоожийг мулт татаж ороод үүдний амбаарт байсан Д.Д.Д- ахын эзэмшлийн Сонота-6 маркийн машины 4 ширхэг обудтай дугуйг хулгайлаад аваад явсан байсан.” гэх мэдүүлэг /хх 202/,

 

Гэрч С.Д-ын өгсөн: “...Д.Д.Л- надад хандан хөгшөөн би саяхан хүн хутгалсан юм. Тэгээд тэр хүн одоо эмнэлэгт байгаа юм, өдрийн 20.000 төгрөгийн эмчилгээтэй би тэр хүний эмчилгээний зардал мөнгийг олж өгөх гээд явж байна, чи миний 4 энэ ширхэг дугуйг авчхаач гээд надаас гуйгаад байсан. Тэгэхээр нь надад Сонота-6 байхгүй харин ахаас асуугаад үзье гээд ахаас асуутал очиж үзээд хариу хэлээрэй гэхээр нь Д.Л-ыг машиндаа суулгаад дугуй чинь хаана байгаа вэ гэхэд “Ширээ нуруунд С- ахын хашаанд байгаа” гэхээр нь очиж үзээд “дугуй муутай болохоос биш обуд нь гайгүй юм байна” гэхэд манай ах “гайгүй юм бол авъя, Д.Л-ыг зах руу явуулчих би эндээс мөнгийг нь өгье” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх 203/,

 

“Капитал зууч” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт: “...Хьюндай Соната-6 маркийн машины хайлшин обудь 4 ширхэг, өвлийн дугуй /50 хувьтай/ 7 ширхэг нь 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар 700000 төгрөг байна.” /хх 207-208/,

 

Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх 173/ зэрэг болно.

 

Хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Д.Д.Л-ын хувийн байдлыг тогтоосон арилжааны банкуудад харилцах болон хадгаламжийн данстай эсэх тодорхойлолт, дансны хуулга /хх 75-83/, тээврийн хэрэгсэл эзэмшдэг талаарх тодорхойлолт /хх 85-86/, эзэмшил, өмчлөлийн газаргүй талаарх тодорхойлолт /хх 90/, оршин суух хаягийн талаарх багийн Засаг даргын тодорхойлолт /хх 91/, хөрөнгө бүртгэлгүй талаарх лавлагаа /хх 95/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх 103-129/ зэрэг бичгийн баримтуудыг судаллаа.

 

Шүүгдэгч Д.Д.Л-ын гэмт үйлдэлд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тус тус тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Шүүгдэгч Д.Д.Л- нь хохирогч А.А.С-ын эрүүл мэндийн халдашгүй эрхэнд халдаж цээжин тус газарт хутгалсан үйлдэл, бусдын өмчлөлийн байшинд эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд хөрөнгийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан тус тус үйлдлээсээ учирч болох хохирлыг ухамсарлан ойлгож, мэдсэн, улмаар хор уршигт зориуд хүргэсэн буюу гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн” гэмт хэргийн шинжийг, мөн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн нь “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг тус тус агуулж байх тул уг гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож Эрүүгийн хуульд тухайн гэмт хэргүүдэд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны ба шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Б.А- нь шүүгдэгч Д.Д.Л-ыг гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай байна гэж дүгнэлт гаргасан болно.

 

Хохирол, хор уршгийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч А.А.С- нь эм, эмчилгээний зардалд 447250 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч нь дээрх төлбөрийг төлж барагдуулсан болох нь хохирогч А.А.С-ын “..эмчилгээний зардлыг бүрэн хүлээж авсан. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх 37/, хохирогч Д.Д.Д- нь хулгайд алдагдсан эд зүйлээ биед байдлаар буцаан авсан болох нь эд зүйл хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх 180/, иргэний нэхэмжлэгч Т.О- нэхэмжилсэн 100000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтаар өгсөн Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт зэргээр тус тус тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Д.Л-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг 2.1-д “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж ял шийтгэлийн төрөл хэмжээг хуульчлан тогтоосон. 

            Шүүх гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Д.Д.Л-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, учруулсан хохирол төлбөрөө нөхөн төлж барагдуулсан, хохирогч А.А.С-, Д.Д.Д-, иргэний нэхэмжлэгч Т.О- нарын гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тайлбар зэрэг нөхцөл байдлыг хөнгөрүүлэх үндэслэлд хамааруулан дүгнэлт хийв.

            Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч Д.Д.Л-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар  2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг тус бүрд оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 7 жилийн хугацаагаар тогтоож, тус хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.С-... “...Д.Д.Л-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан гэмт хэрэгт тус хуулийн 1.4-д заасныг журамлах боломжтой гэж үзэж байна. Харин Эрүүгийн хуулийн тусгай тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэгт  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан ял оногдуулж өгнө үү гэснийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Учир нь:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх хуулийн зохицуулалт нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүхэд эрх олгосон зохицуулалт бөгөөд заавал биелүүлэхээр үүрэг хүлээлгэсэн императив хэм хэмжээ биш юм.

Иймд шүүгдэгчийн учруулсан хохирол, хор уршиг, хувийн байдлыг дүгнэн өмгөөлөгчийн саналыг хүлээн аваагүй болно.

Харин шүүгдэгч гэмт буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн, түүнчлэн түүний ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг тэмдэглэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж, мөн хуулийн 2 дахь хэсэгт “баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг...хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Д.Д.Л-ын энэ хэрэгт 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн цагдан хоригдсон 46 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутга болон, хар хөх өнгийн савхин материалтай цагаан өнгийн дотортой 1 ширхэг куртик зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Д.Л-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч” үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Шүүгдэгч Д.Д.Л-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д.Л-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 7 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д.Л-т оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Д.Д.Л-ын цагдан хоригдсон 46 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутга болон, хар хөх өнгийн савхин материалтай цагаан өнгийн дотортой 1 ширхэг куртик  зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

 

7.Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д.Л-т авсан цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Д.Л-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ТӨМӨРХҮҮ

 

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Я.ТУУЛ

 

 

                                                       ШҮҮГЧ                                  Г.ГЭРЭЛТ-ОД