Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 538

 

 

 

 

 

 

    2018 оны 03 сарын 20 өдөр

      Дугаар 182/ШШ2018/00538

             Улаанбаатар хот

 

             

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ф хүрээлэнд холбогдох 

Хүрээлэнгийн захирлын 2018.01.08-ны өдрийн 06 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х, хариуцагчийн төлөөлөгч М.Долгорсүрэн, С.Сайханжаргал, гэрч Д.Чулуунгэрэл, Ш.Мягмарсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар З.Баярцэцэг нар оролцов.                                                                                                        

ТОДОРХОЙЛОХ НЬ:

   

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие Ф хүрээлэнгийн Улс төр, эрх зүйн салбарт 11 дэх жилдээ эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байна. Би тус хүрээлэнгийн захирлын 2018.01.08-ны өдрийн 06 дугаар сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг гарсан өдөр нь салбарын эрхлэгч Баасансүрэнгээр дамжуулж хуулбарлаж авсан. Тэгээд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1.7-д зааснаар шууд шүүхэд хандсан байгаа. Уг тушаалыг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Фхүрээлэнгийн Хөдөлмөрийн дотоод журмын 10.7 дахь заалт буюу “Сахилгын шийтгэлийг захирлын тушаалаар баталгаажуулж зөрчигчид танилцуулж, хамт олонд мэдээлнэ” гэсэн заалтыг зөрчсөн. Мөн Ф хүрээлэнгийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан 2017-2019 оны хамтын гэрээний 2.2. дахь заалтаар "Ажил олгогч нь ажилтныг ажилд авах, хөдөлмөрийн гэрээг цуцлах, сахилгын шийтгэл ногдуулах асуудлыг ҮЭХ-ны оролцоотой шийдвэрлэнэ” гэсэн заалт зөрчигдөж миний хөдөлмөрлөх эрхэнд хэт нэг талыг барин халдаж буй үйлдэл хэмээн үзэхэд хүргэж байна. Энэхүү тушаалын тушаах хэсэг нь маш ерөнхий, ойлгомжгүй, үндэслэл муутай байна. Өөрөөр хэлбэл яг ямар үүрэг, даалгавар өгсөн болох, ямар зөрчил гаргасныг тодорхой дурдаагүй, тушаал, шийдвэр биелүүлээгүй нь юугаар нотлогдож байгаа, гаргасан зөрчил нь бодитой нотлогдож буй эсэхийг үнэлж тогтоосон нь ч тодорхойгүй байна.

Миний бие 2017 онд ажлаа дүгнүүлж, зохих шагнал урамшууллыг авсан. Харин уг тушаалаас харвал логикийн хувьд 2018.01.01-нээс 2018.01.08-ны хооронд надад ямар нэгэн үүрэг даалгавар өгч, түүнийг нь би биелүүлээгүй болж таарч байгаа юм. Энэ үндэслэлгүй тушаал нь намайг цаашид шагнал урамшуулал авахад муугаар нөлөөлөх, мөн ажлаас халах үндэслэл болохыг үгүйсгэхгүй учир миний эрхийг ноцтой зөрчиж байгаа юм. Иймд Ф хүрээлэнгийн захирлын 2018.01.08-ны өдрийн 06 тоот сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулж өгнө үү гэв.

Хариуцагч, түүний төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Х эрдэм шинжилгээний ажилтны хуулиар хүлээх үүрэг болох шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны зарчим, эрдэм шинжилгээний ажилтны ёс зүй, нэр төрийг эрхэмлэн ажиллаагүй болон хууль тогтоомж, түүнтэй нийцүүлэн гаргасан хүрээлэнгийн хөдөлмөрийн дотоод журам, дүрэм, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, удирдлагын зүгээс өгсөн цаг үеийн шуурхай хэрэгжүүлэх үүрэг, даалгаврыг биелүүлээгүй, шийдвэрийг зөрчсөн үйлдэл гаргасан тул хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх заалт, Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1 дэх заалт, Шинжлэх ухааны академийн Ф хүрээлэнгийн хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.3.2 дахь заалтыг тус тус үндэслэж хууль зүйн үндэслэл бүхий Фхүрээлэнгийн захирлын 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 6 тоот хууль ёсны тушаалаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. Х-гийн цалин, албан тушаалд өөрчлөлт ороогүй тул Иргэний хуулийн 9-р зүйлд зааснаар шүүхийн хамгаалалтад багтах, шүүхэд хандаж эрхээ хамгаалуулах нөхцөл (гипотез) буй болоогүй. Хөдөлмөрийн хууль болон холбогдох хууль тогтоомж, хөдөлмөрийн дотоод журам, дүрмийн дагуу Фхүрээлэнгийн захирлын 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 06 тоот тушаалыг танилцуулахаар хүрээлэнгийн захирал миний дуудсан цагт чадахгүй гэж хэлээд ирдэггүй тиймээс ингэж дамжуулан танилцуулсан болно.

Шинжлэх ухаан технологийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1 дэх заалт шинжлэх ухааны ажилтны ёс зүйг зөрчсөн үйлдэл гаргаж өөрийн оролцсон хамтын бүтээл туурийн зургийг хүрээлэнгийн нэрийг оролцуулж хэвлэхийг зөвшөөрсний дараа 2010.10.22-ны өдөр О.Хатанболдтой үгсэн хуйвалдаж Адмоны нэхэмжлэл бүхий 60 ширхэг туурийн хэвлэлийн мөнгө 300 000 мянган төгрөгийг хууль бусаар байгууллагаас гаргуулахыг завдсан. Би зөвшөөрөөгүй надтай огт яриагүй гэж гарын үсэг зураагүй болно. О.Хатанболд нягтланг хэлэхгүй зүгээр л цаасан доогуур хийж байгаад зуруулахгүй яасан юм бэ гэж загнасан байсан. Улмаар Хэнэ туурийн зургийн мөнгө гаргаагүй гэсэн үндэслэлээр 10 сарын 05-ны өдрийн хамт олны хуралд хувийн ашиг сонирхолын үүднээс асуудалд хандаж, хэдэрлэж, энэ асуудлаас хойш захирлын даалгасан ажил, үүргийг биелүүлэхгүй зөрчих үйлдэл гаргах болсон. Фхүрээлэнгийн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.3.a 6.4 дэх заалтад заасан захирлын эрх, үүргийн хүрээнд 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хамт олны хурал дээр Ф хүрээлэнгийн 45 жилийн ойн арга хэмжээтэй холбогдуулан ажилтан тус бүрт хийх ажлын хуваарийг гараар бичиж үүрэг даалгаврыг тарааж өгсөн. Х тухайн үед ажил таслаж, хамт олны хуралд ирээгүй. Референт 12 дугаар сарын 06-нд өгөхөд та нар ийм цэцэрлэгийн хүүхэд шиг юм тарааж өгөхөө болиоч гэж уурлаж загнаж өгсөн үүрэг даалгаврыг хууль бусаар биелүүлэхээс татгалзсан.

2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр үйл ажиллагаа дууссаны дараа өгсөн үүргийн биелэлтийн талаар ажилтнуудтай уулзсан. Хг дуудуулахад чадахгүй, очихгүй гэж хэлээд ирээгүй өөрийн биеэр өрөөнд орж за миний өгсөн үүрэг даалгавар хаана байна гэж асуухад өгөхгүй та түүнийг бариад өчнөөн юм болж явна биз дээ гэсэн хариулт өгсөн. Уг асуудлаар Улс төр, эрх зүйн салбарын эрхлэгчийг Х-тайхамт орж ир гэж утсаар дуудсан. Салбарын эрхлэгчтэй орж ирж тасархай цаасан дээр гараараа даалгавар бичиж өгдөг та яасан завтай хүн вэ гэж өөдөөс доромжилж захирлын эрх хэмжээнийхээ хүрээнд өгсөн үүрэг даалгаврыг үл тоон зөрчсөн үйлдэл гаргасан. Захиргааны ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.2 дахь заалтад заасан Хэм хэмжээний актад тодорхой хэлбэрийг заасан бол гэж заасны дагуу Хүрээлэнгийн хөдөлмөрийн дотоод журмын 6.5.5 дахь заалт удирдлагын зүгээс өгсөн ажил хэргийн болон цаг үеийн шуурхай хэрэгжүүлбэл зохих үүрэг даалгавар, шаардлагыг биелүүлж ажиллах гэж заасан хэм хэмжээний актад заагдсаны дагуу үүрэг даалгавар бичгээр өгсөн. 41.1.4 захиргааны актыг бичгээр гаргах боломжгүй, эсхүл тохиромжгүй бол гэж заасны дагуу хүн тус бүрт тушаал гаргах боломжгүй тул үүрэг даалгаврыг бичгээр бичиж өгсөн. Эрх бүхий албан тушаалтан захиргааны актыг амаар болон бичгээр бусад хэлбэрээр гаргаж болно гэж зохицуулсан заалтын дагуу цаасаар өгсөн үүрэг даалгавар нь зайлшгүй биелүүлэх үүрэгт хамаарна.

2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн захиргааны зөвлөлийн хурал дээр Референт Д.Чулуунгэрэл цаг ашиглалтын дөрвөн хөдөлгөөнт цагийн бүртгэлийг танилцуулсныг Хманай эрдэм шинжилгээний ажилтнуудад тохирохгүй гэсэн үүний дагуу захирлын эрх, үүргийн дагуу Х, О.Хатанболд, Д.Чулуунгэрэл нарт цаг ашиглалтын журам боловсруулж 11 сарын 15-ны өдөр танилцуулах үүрэг өгсөн биелүүлээгүй, Референт хурал дээр өөрийн хийсэнийг танилцуулсан манай эрдэм шинжилгээний ажилтнуудад таарахгүй гэсэн учраас журам боловсруулах үүрэг өгсөн. Үүнээс хойш журам боловсруулах талаар санал, санаачилга гаргаж ажиллаагүй, өгсөн үүрэг даалгаврыг мөн биелүүлээгүй зөрчсөн, Хөдөлмөрийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх заалт долоо хоногийн ажлын цаг нь 40 хүртэл байна. 70.2 дахь заалт Ердийн ажлын үргэлжлэл 8 хүртэл цаг байна. Ф хүрээлэнгийн хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.1 дэх заалт. Хүрээлэн хуанлийн долоо хоногт ажлын 5 өдөртэй байна. Ажпын цаг 8.30-17.30 цагт үргэлжилж, долоо хоногт 40 цаг ажиллана гэсэн зүйл заалтыг тус тус зөрчиж ажлын цагтаа ирдэггүй, цаг баримтлаж ажилладаггүй. /Ажлын цагийн цахим бүртгэл хавсаргав/ Ажлын байрны тодорхойлолтын 3 дугаар зүйлийн З.в дэх заалт хүрээлэнгийн эрдмийн зөвлөл, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, ёс зүйн зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн хууль, бусад хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ. Мөн Фхүрээлэнгийн хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6. 5.5 дахь заалтын Хүрээлэнгийн удирдлагын зүгээс өгсөн ажил хэргийн болон цаг үеийн шуурхай хэрэгжүүлбэл зохих үүрэг, даалгавар, шаардлагыг биелүүлж ажиллах үүргээ зөрчсөн үйлдэл нь уг журмын 10 дугаар зүйлийн 10.3.2. дахь заалтын дагуу хууль тогтоомж түүнтэй нийцүүлэн гаргасан хүрээлэнгийн дүрэм, журам, захирлын тушаал шийдвэрийг зөрчсөн үйлдлийг сахилгын зөрчилд тооцно гэж зохицуулсан заалт болон хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1 дэх заалтын дагуу Хг сахилгын зөрчил гаргасанд тооцож хариуцлага хүлээлгэсэн зөрчил тус бүрээр батлагдаж байгаа болно.

Эдгээр үйлдэл нь Адмон хэвлэлийн компаний нэхэмжлэл, өгсөн үүрэг даалгаврын бичиг, Ф хүрээлэнгийн дүрэм, хөдөлмөрийн дотоод журам, ажпын цаг бүртгэлийн баримт болон 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн захиргааны зөвлөлийн хурлаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй нь хурлын протколоор батлагдаж байгаа. Хнь Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар ажилладаг. Ашиг сонирхолын зөрчилтэй тул хэлэлцэх боломжгүй Үйлдвэрчний эвлэлийн тэргүүлэгч гишүүд нь зохих журмын дагуу үйл ажиллагаа явуулж байгаагүй, тэргүүлэгч гишүүдийн хурал нэг ч удаа хийгээгүй, үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаанд нэг ч удаа оролцож байгаагүй, хамтын гэрээний төсөлтэй танилцаагүй төдийгүй хамт олон, тэргүүлэгч гишүүдтэй хэлэлцээгүй хүлээн зөвшөөрөөгүй хууль бус байгуулсан гэрээ гэж үзэх үндэслэлтэй. Эрдэмтэн нарийн бичгийн дарга О.Хатанболдод хамтын гэрээ байсан захиргаанд гаргаж өгөөгүй ажпаас гарахдаа уг гэрээг хүлээлгэж өгөөгүй дагаж мөрдөх боломжгүй. Үйлдвэрчний эвлэлийн дарга Хнь зохих журмын дагуу хамт олноос сонгогдоогүй хамт олны эрх ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаггүй. Мөн хувийн ашиг сонирхолын зөрчилтэй. Иймээс Ф хүрээлэнгийн захиргаа", үйлдвэрчний эвлэлийн хооронд байгуулсан гэрээний дагуу ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах, халах зэрэг асуудлаар хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж байна. Иймд сахилгын арга хэмжээ авсан тушаал хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.  

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Хнь хариуцагч Ф хүрээлэнд холбогдуулан хүрээлэнгийн захирлын 2018.01.08-ны өдрийн 06 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг надад сахилгын арга хэмжээ авсан тушаалын хууль зүйн үндэслэл тодорхойгүй, яг ямар үүрэг даалгавар өгсөн, түүнийг хэрхэн биелүүлээгүй нь тогтоогдоогүй, цаашлаад миний шагнал урамшуулал авах эрхэд нөлөөтэй, ажлаас халах үндэслэл болгох магадлалтай, миний эрхийг ноцтой зөрчсөн, хөдөлмөрийн дотоод журам болон хамтын гэрээний холбогдох заалтуудыг зөрчсөн гэж тайлбарлав.

 

Хариуцагч тал дээрх тайлбарыг зөвшөөрөхгүй байх бөгөөд нэхэмжлэгч Хнь хүрээлэнгийн дотоод журам, дүрэм, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, удирдлагын зүгээс өгсөн цаг үеийн шуурхай хэрэгжүүлэх үүрэг, даалгаварыг биелүүлээгүй, шийдвэрийг зөрчсөн үйлдэл гаргасан тул хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд сануулах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй гэж мэтгэлцсэн.

 

Нэхэмжлэгч Хнь хариуцагч Ф хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар ажилладаг байх бөгөөд тус байгууллагын захирлын 2018 оны 01 сарын 08-ны өдрийн 06 тоот тушаалаар түүнд “...Хөдөлмөрийн хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, захирлын тушаал, шийдвэр, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн...” гэсэн үндэслэлээр сануулах сахилгын шийтгэл ногдуулсан, уг тушаалын хуулбарыг нэхэмжлэгч Х2018.01.08-ны өдрөө салбарын эрхлэгч Д.Баасансүрэнгээс хүлээн авч, танилцжээ.

 

Дээрх үйл баримт нь зохигчдын тайлбар, байгууллагын захирлын 2018.01.08-ны өдрийн 06 тоот тушаал, хөдөлмөрийн дотоод журам, хүрээлэнгийн дүрэм, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт зэргээр нотлогдов.

 

Нэхэмжлэгч Хд сахилгын арга хэмжээ авсан тушаал нь 2018.01.08-ны өдрийн 06 дугаартай, мөн өдрийн Б-05 дугаартай, доторх агуулга адил боловч хоёр өөр дугаартайгаар хэрэгт авагдсаны 06 тоот тушаал нь зөв, Б-05 тоот нь буруу дугаарлагдсан байгаа гэж хариуцагчийн төлөөлөгч нар тайлбарласан, 06 тоот тушаал нэхэмжлэгч Хд гардуулагдсан байх тул шүүх 06 тоот тушаалд дүгнэлт өгөх нь зүйтэй гэж үзлээ.

 

Сахилгын шийтгэл ногдуулсан 2018.01.08-ны өдрийн 06 тоот тушаалд  Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.1 дэх заалт, Ф хүрээлэнгийн хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.3.2 дахь заалтуудыг удирдлага болгожээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д “Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна.” 131.1.1-т “сануулах”,

 

Хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.3.2-д “Хууль тогтоомж түүнтэй нийцүүлэн гаргасан хүрээлэнгийн дүрэм, журам, захирлын тушаал, шийдвэрийг зөрчсөн” гэж тус тус заасан.

 

Сахилгын шийтгэл нь ажилтны гэм буруу, зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон байхаас гадна ажилтан хөдөлмөрийн гэрээ болон дотоод журамд заасан ямар үүргийг, хэрхэн биелүүлээгүй болох нь тушаалд тодорхой бичигдсэн байх ёстой.

 

Харин хариуцагч тал дээрх тушаалынхаа үндэслэлийг нэхэмжлэгч Хд ойн арга хэмжээтэй холбоотой 2017.12.04-ний өдөр байгууллагын захирал цаасан дээр бичиж өгсөн өдөрлөгт ирүүлэх оюутан, сурагчдын ирцийг хариуцана, төрийн ордонд гэрэл зургийн үзэсгэлэн тайлбарлах, өдөрлөгийн үеэр болох урлагийн тоглолтын зохион байгуулалтыг хариуцах үүрэг өгснийг биелүүлээгүй, 2017.11.09-ний өдрийн захиргааны зөвлөлийн хуралдаанаас байгууллагын захирал цаг бүртгэлийн журам боловсруулах үүрэг өгснийг биелүүлээгүй, мөн Хнь өөрийн оролцсон хамтын бүтээл болох туурийн зургийг хэвлүүлэх мөнгийг байгууллагын захиралд мэдэгдэлгүй хууль бусаар гаргуулахыг оролдсон, цаг баримталдаггүй зэрэг зөрчил гаргасан гэж тайлбарлан,

2017.12.04-ний өдрийн үүрэг даалгавар өгсөн тухай баримт, захиргааны зөвлөлийн 2017.11.09-ний өдрийн болон 2017.10.23-ны өдрийн хурлын тэмдэглэлүүд, хүрээлэнгийн хамт олны 2017.12.20-ны өдрийн хурлын тэмдэглэл, хүрээлэнгийн эрдмийн хамт олны 2017.05.03-ны өдрийн хурлын тэмдэглэл, ирсэн, явсан цагийн тайлан, 2017.10.22-ны өдрийн Адмон ХХК-ийн нэхэмжлэх, гэрч Д.Чулуунгэрэл, Ш.Мягмарсайхан нарын мэдүүлэг зэрэг баримтуудыг үндэслэв.

 

Гэтэл хариуцагчийн дээрх тайлбар, үндэслэл нь нэхэмжлэгч Хд сахилгын шийтгэл ногдуулсан 06 тоот тушаалаас харагдахгүй байх бөгөөд дээр дурдсан үүрэг даалгаваруудыг бүгдийг эсхүл заримыг нь өгөөд нэхэмжлэгч Хбиелүүлээгүй юм уу гэдэг нь тушаалд тусгагдаагүй байх тул чухам аль үүрэг даалгавар нь нэхэмжлэгч Хд сахилгын сануулах арга хэмжээ авах үндэслэл болсон нь ойлгомжгүй байна.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч нь 06 тоот тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн болон байгууллагын дотоод журмын зохих зүйл, заалтыг баримталсан байх боловч нэхэмжлэгч Х-гийнхөдөлмөрийн гэрээний заалтыг баримтлаагүй, тушаал шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимдаа нийцсэнгүй.

 

Тодруулбал нэхэмжлэгч Хд цаг үеийн байдалтай холбогдуулж ойн арга хэмжээний хүрээнд өгсөн гэх гурван үүрэг даалгавар бичсэн цаас нь хуулбар, хурлын тэмдэглэлүүдээр байгууллагын захирал нэхэмжлэгч Хд цаг бүртгэлийн журам боловсруулах үүргийг амаар өгсөн нь харагдаж байх боловч түүний биелэлтийг шаардаж, дүгнээгүй, түүнчлэн Хнь өөрийн оролцсон хамтын бүтээл болох туурийн зургийг хэвлүүлэх мөнгийг байгууллагын захиралд мэдэгдэлгүй хууль бусаар гаргуулахыг оролдсон нь хэрхэн яаж тогтоогдсон нь тодорхойгүй, эдгээр байдлыг хариуцагчийн татгалзлын үндэслэл болсон баримтууд нотлохгүй байна гэж үзлээ.

 

Түүнчлэн нэхэмжлэгч Хнь хариуцагч байгууллагын үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга болох талаар зохигчдын хэн аль нь маргаагүй бөгөөд Шинжлэх ухааны академийн Ф хүрээлэнгийн захиргаа болон үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулагдсан 2017.05.03-ны өдрийн хамтын гэрээнд ажил олгогч нь ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах асуудлыг үйлдвэрчний эвлэлийн хорооны оролцоотой шийдвэрлэх талаар тус гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д зохицуулжээ.

 

Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч Хд сахилгын сануулах арга хэмжээ авахдаа хамтын гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д заасныг анхаараагүй байх бөгөөд тэрээр “үйлдвэрчний эвлэлийн хороо хууль бусаар байгуулагдсан, байнгын үйл ажиллагаа явуулдаггүй учир гэрээнд заасныг биелүүлэх шаардлагагүй” гэсэн тайлбарыг гаргаж байгаа нь үндэслэлгүй болно.

 

          Иймд хариуцагч байгууллагын захирлын 2018 оны 01 сарын 08-ны өдрийн 06  тоот нэхэмжлэгч Хд сахилгын сануулах шийтгэл ногдуулсан тушаал нь хууль зүйн үндэслэлгүй, сахилгын шийтгэл нь ажилтны гэм буруу, зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон гэж үзэх боломжгүй, хариуцагчийн татгалзлын үндэслэл болгон тайлбарлаж байгаа үйл баримт уг тушаалын үндэслэл болсон эсэх нь тодорхойгүй байх тул нэхэмжлэгч Х-гийнгаргасан гомдлыг хангаж, уг тушаалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-т зааснаар хариуцагч Ф хүрээлэнгийн захирлын 2018 оны 01 сарын 08-ны өдрийн 6 тоот “Хд сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Хнь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Ф хүрээлэнгээс 70.200 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.   

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                    Т.ЭНХТУЯА