Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/194

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                      Хэргийн индекс: 166/2022/0178/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Б.Г-,

Улсын яллагч Ч.Мядагбадам,

Шүүгдэгч Г.Г.Л- нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Г.Л-ид холбогдох эрүүгийн 2218001530202 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Авто засварчин мэргэжилтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Г.Л-

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Г.Л-ийг 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 04 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын ............... Дархан Сэлэнгийн чиглэлийн асфалтин зам дээр ****ДАР улсын дугаартай Т.Приүс-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4а, 12.2 дахь заалтыг буюу хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Б.Б.Г-ийн хөлийг дайрч эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Г.Л- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа тул мэдүүлэг өгөхгүй.” гэв.

 

Эрүүгийн 2218001530202 дугаартай хэргээс:

 

Яллагдагч Г.Г.Л-ийн өгсөн: “...Тухайн үед жолооч талын их гэрэл хагарчихсан байсан болохоор зам сайн харагдахгүй байсан. Урдаас гэнэт машин гэрлээ асаачихсан гарч ирсэн. Тэр машин надтай зөрөхөд зам дээр хар юм байсан. Би замын хажуу руу даялуулаад жижиг зүйл дээгүүр гараад явчихсан юм. Юун дээгүүр гарснаа эргэж очиж хараагүй. Тухайн үед хүн байсан уу, юу байв аа гэхэд эхнэр хогийн цэгийн харалдаа юм чинь хог юм байлгүй дээ” гэхээр нь цааш шууд явчихсан юм.” гэх мэдүүлэг /хх 98/,

 

Хохирогч Б.Б.Г-ийн өгсөн: “...Б- гэх цагдаагийн постны ойролцоо байх найзынхаа гэрт архи уучхаад гарч ирээд зам дагуу алхаж байсан. Би тухайн үед найзынхаа гэрт дөрвүүлээ 2 шил 0.75 литрийн соёрхол нэртэй архи уусан.Тэгээд би найзынхаа гэрээс гараад зам дагуу алхаж явж байгаад хэсэг замын хажууд сууж байгаад толгой эргээд манараад хэвтээд өгсөн юм байна лээ. Тэгээд гэнэт миний баруун хөл дээгүүр машин гарч дайраад цаашаа хурдтай яваад өгсөн.” /хх 37-38/,

 

Гэрч А.У- өгсөн: “...Дархан-Уул аймаг руу чиглэсэн эгнээнд толгой хэсэг нь замын тусгаарлах цагаан шугам руу харсан хөл нь замын хөвөө хэсэг рүү чиглэсэн нэг ёсондоо хөндлөн хэвтээ байрлалтай согтуу хүн бололтой төмөр замын нормын куртик, доогуураа биеийн тамирын өмдтэй 30-40 орчим насны эрэгтэй хүн дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Тухайн хүнийг би 200-300 метрийн зайнаас хараад хүн байна гэдгийг нь шууд ойлгоод өөдөөс хурдтай ирж байгаа машинд анхааруулга өгөх зорилгоор гэрлээ шилжүүлээд дохисон. Тэгсэн чинь тэр машин тулж ирээд хурдаа бага зэрэг хасаад баруун тал руугаа жолоогоо дараад тухайн хүний хөл дээгүүр нь гараад явчихсан. Тэгээд би тэр машиныг зогсчих юм болов уу гээд бодоод эргээд харсан чинь юун зогсох мантай улам хурдлаад тэр чигээрээ явчихсан.” гэх мэдүүлэг /хх 42/,

 

Гэрч Д.Д- өгсөн: “...нөхөр машинаа даялуулаад хар юман дээгүүр машины дугуйгаа дайруулаад гараад явчихлаа гэж хэлэхээр нь би нөхөртөө хандаж хогийн цэгийн ойролцоо явж байгаа юм чинь хог л байлгүй дээ гэж хэлээд яваад өгсөн юм аа. Тэгээд бид 2 бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй явж байсан болохоор үерийн шуудуу дагаад Дархан сумын урдуур буюу хорихын урдуур яваад өнгөтөөр журмын хашаагаар яваад байрны гадаа машинаа байрлуулаад явсан.” гэх мэдүүлэг /хх 46/,

 

Гэрч Г.О- өгсөн: “...машинаа засварт өгсөн үү гэж асуусан чинь цагдаа нар ирээд машин журамласан, хүний хөл дээгүүр гарчихсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи хардаггүй юм уу гэсэн чинь хараагүй юм аа гэсэн.” гэх мэдүүлэг /хх 48/,

 

Гэрч М.Б- өгсөн: “...хүргэн ахынхаа машиныг мөргөчхөөд янзалж өгнө гэж хэлчхээд хоол унд идэцгээгээд хүргэн ах, авга эгч хоёр шөнө 03 цагийн үед гэж санаж байна явцгаасан. Тухайн үед манай хүргэн ах машинаа бариад авга эгч Дариймаа хажууд нь суугаад явсан.” гэх мэдүүлэг /хх 54/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн дүгнэлт: Б.Б.Г-ийн биед баруун хөлийн шилбэний шаант болон тахилзуур ясны битүү хугарал, өвдөгний үений холбоосны суналтын гэмтэл, тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр зэргийн гэмтэл болно. Б.Б.Г-ийн биед илэрсэн гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” /хх 60-61/,

 

Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 35 дугаартай шинжээчийн дүгнэлт:

Тормозны систем нь эд анги, механизмын багц бөгөөд дугуйны эргэлтийг хурдан удаашруулж, зогсоох зорилготой юм. Ажлын тормоз нь MNS-4598:2011 стандартын шаардлага үзүүлэлтийг хангаж, ажиллаж байх ёстой. Тээврийн хэрэгслийн зогсолтын тоормоз нь тээврийн хэрэгслийн хурдаас шууд хамааралтай юм.

-Toyota Prius-20 маркийн Цагаан өнгийн ****ДАР Улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь осол болохоос өмнө замын хөдөлгөөнд оролцохдоо тоормозны системийн шингэн болон эд ангиуд нь хэвийн хэмжээнд байгаа тул тоормозны MNS-4598:2011 стандартыг хангаж оролцсон. Тухайн тээврийн хэрэгсэл нь гэрэл дохио, гэрэлтүүлэх эд анги нь гэмтэлтэй, байхгүй /баруун урд гэрэл/ тул техникийн стандартын шаардлагыг хангаж оролцоогүй байна. ...Тухайн тээврийн хэрэгсэл нь гэрэлтүүлэх гэрэл / баруун урд гэрэл байхгүй / тул урд талын зам харах байдал хязгаарлагдмал нөхцөлд эвдрэлтэй /засвартай/ тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон нь осол гарахад техникийн бүрэн бус байдал нөлөөлсөн.” гэх дүгнэлт /хх 68-69/,

 

2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 05 дугаартай шинжээчийн дүгнэлт: “Г.Л- нь ****ДАР улсын дугаартай Тоёото приус -20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн. /12.2/ Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. /3.4/тээврийн хэрэгслийн тоормосны систем жолооны механизм ажиллахгүй болсон харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас бороо орж байгаа үед жолооч ар талын шил арчуур ажиллахгүй болсон бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. /3.5а,б/ зам тээврийн осолд холбогдсон бол тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож ослын дохионы гэрлээ асаах ба зогсолтын тэмдгийг тавьж тээврийн хэрэгсэл болон осолд холбогдох эд зүйлсийг байрнаас нь хөдөлгөхгүй байх, осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж түргэн тусламж дуудах, өөрийн тээврийн хэрэгслээр хүргэж анхны тусламж үзүүлсэн тохиолд тээврийн хэрэгслийн марк улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх гэсэн заалт дүрмийг зөрчсөн байна. Г.Л- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй. “ВМ” ангилалтай жолооны хүчинтэй хугацаа 2029/10/30 байна. Г.Л-ийн жолоодож явсан ****ДАР улсын дугаартай Toyota Prius 20 маркийн тээврийн хэрэгслийн явган зорчигчийг мөргөөд зогссон тоормосны мөр харагдахгүй байна. Хурдыг тогтоох боломжгүй. /Жолоочийн мэдүүлгийг үндэслэх/ Осол гарсан үндсэн шалтгаан нь жолооч замын 2 талыг сайн анзаараагүй. Жолооч талын гэрэл ажиллагаагүй техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж оролцоогүй байна. Тухайн замын нөхцөлд явган зорчигч замын хөдөлгөөний /5.2/ Харанхуй гэрэлтүүлэггүй замд болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд зорчих хэсгийн зах буюу хөвөөгөөр явах тохиолдолд явган зорчигч жолоочид харагдах нөхцөлөө сайжруулах үүднээс тод гэгээлэг өнгийн буюу гэрэл ойлгох хувцастай явбал зохино. /5.6/ Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу 2 тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна гэсэн заалтуудыг зөрчсөн байна.” /хх 81/

 

Шүүгдэгч Г.Г.Л-ийн хувийн байдлыг тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, арилжааны банкуудад харилцах болон хадгаламжийн данстай эсэх тодорхойлолтууд /хх 101-107/, оршин суух хаягийн лавлагаа, Л.Т-, Л.Д-, Л.А- нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх 111-112/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх 116-117, 119/ зэрэг бичгийн баримтуудыг судалсан болно.

 

Хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

 

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Г.Г.Л- нь 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр шөнийн 04 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын .......... Дархан Сэлэнгийн чиглэлийн асфалтин зам дээр ****ДАР улсын дугаартай Т.Приүс-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож “Монгол Улсын Замын хөдөлгөөний  дүрмийн. /12.2/ Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. /3.4/ тээврийн хэрэгслийн тоормосны систем жолооны механизм ажиллахгүй болсон харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас бороо орж байгаа үед жолооч ар талын шил арчуур ажиллахгүй болсон бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэх дүрмийг зөрчиж замын хөдөлгөөнд оролцон явахдаа замын хөвөө хэсэгт хэвтэж байсан Б.Б.Г-ийн  баруун хөл дээгүүр гарч түүний биед  баруун шилбэний шаант болон тахилзуур ясны битүү хугарал, өвдөгний үений холбоосны суналт бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Г.Г.Л- нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Б.Б.Г-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн “...Би замын хажуу руу даялуулаад жижиг зүйл дээгүүр гараад явчихсан юм.” гэх мэдүүлэг /хх 98/, хохирогч Б.Б.Г-ийн “...Тэгээд гэнэт миний баруун хөл дээгүүр машин гарч дайраад цаанаас хурдтай яваад өгсөн.” гэх мэдүүлэг /хх 37-38/,  гэрч А.У- өгсөн: “...тэр машин тулж ирээд хурдаа бага зэрэг хасаад баруун тал руу гаа жолоогоо дараад тухайн хүний хөл дээгүүр нь гараад явчихсан.” гэх мэдүүлэг /хх 42/, гэрч Д.Д- өгсөн: “...нөхөр машинаа даялуулаад хар юман дээгүүр машины дугуйгаа дайруулаад гараад явчихлаа гэж хэлэхээр нь би нөхөртөө хандаж хогийн цэгийн ойролцоо явж байгаа юм чинь хог л байлгүй дээ гэж хэлээд яваад өгсөн юм аа.” гэх мэдүүлэг /хх 46/, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн дүгнэлт: Б.Б.Г-ийн биед баруун хөлийн шилбэний шаант болон тахилзуур ясны битүү хугарал, өвдөгний үений холбоосны суналтын гэмтэл, тогтоогдлоо.” гэх дүгнэлт /хх 60-61/, тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 35 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Тухайн тээврийн хэрэгсэл нь гэрэлтүүлэх гэрэл / баруун урд гэрэл байхгүй / тул урд талын зам харах байдал хязгаарлагдмал нөхцөлд эвдрэлтэй /засвартай/ тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон нь осол гарахад техникийн бүрэн бус байдал нөлөөлсөн.” гэх дүгнэлт /хх 68-69/, 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 05 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Осол гарсан үндсэн шалтгаан нь жолооч замын 2 талыг сайн анзаараагүй. Жолооч талын гэрэл ажиллагаагүй техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж оролцоогүй байна.” /хх 81/ гэх дүгнэлт зэргээр хөдөлбөргүй тогтоогдсон байна.

 

Зам тээврийн осол гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарна.

 

Иймд шүүгдэгч Г.Г.Л-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны ба шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

 

Шүүгдэгч Г.Г.Л- нь хохирогч Б.Б.Г-т гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан болох нь хэргийн 40-р хуудсанд авагдсан “...эмчилгээний зардалтай холбоотой төлбөр мөнгийг Г.Л-оос гаргуулан авсан байгаа.” гэх мэдүүлэг, тайлбар /хх 125/ зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч Г.Г.Л-ийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн  гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, улсын яллагчаас оногдуулахаар санал болгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрснөөс үүсэх үр дагаврыг ойлгосон зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан журамд харшлаагүй тул прокурорын ялын саналыг хүлээн авч шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 120000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн,  1.2-д заасан бусдад учруулсан хохирол төлбөрөө төлж барагдуулсныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Г.Г.Л- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй ба түүнд авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйл, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Г.Л-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

   2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г.Л-ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г.Л-ид оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 120000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлсүгэй.

 

   4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г.Л- нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

   5.Шүүгдэгч Г.Г.Л- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

   6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

   7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г.Л-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

   9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Г.Л-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                З.ТӨМӨРХҮҮ