| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 188/2019/0328/Э |
| Дугаар | 498 |
| Огноо | 2019-05-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.2.2., |
| Улсын яллагч | М.Амарзаяа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 498
2019 5 23 2019/ДШМ/498
Г.Б, Г.Б нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мягмаржав, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор М.Амарзаяа,
шүүгдэгч Г.Бын өмгөөлөгч Л.Батаа,
шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 378 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр, шүүгдэгч Г.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Г.Б, Г.Б нарт холбогдох 1808051450209 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Б овгийн Г Б, 1974 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, эгчийн хамт Сонгинохайрхан дүүргийн ....... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:....../,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1999 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 161 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 20000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,
Нийслэлийн шүүхийн 2002 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 11 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2, 123 дугаар зүйлийн 4, 239 дүгээр зүйлийн 2, 125 дугаар зүйлийн 2, 241 дүгээр зүйлд зааснаар оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн 10 жил хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хугацаа дуусч суллагдсан,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан,
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 654 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 9 сар 22 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн;
2. Б овгийн Г-ын Б, 1991 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Сонгинохайрхан ........ оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:......./;
Г.Б, Г.Б нар нь 2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ж.Батгэрэлээс архины мөнгө нэхэж, түүнийг түлхэн унагааж, улмаар Г.Б нь нүүр, шанаан тус газар нь, Г.Б нь цээжин тус газар нь өшиглөж, түүний баруун гарын чигчий хуруунд байсан монетон бөгжийг дээрэмдсэн,
Г.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ж.Батгэрэлийн нүүр, баруун шанаан тус газар өшиглөж баруун хөмсөг, баруун чамархайн хуйханд шарх, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Г.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт,
Г.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Г-ийн Б, Б овогт Г-ын Б нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх хэргийг бүлэглэж үйлдсэн, Б овогт Г-ын Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бт 3 /гурав/ жил, шүүгдэгч Г.Бт 2 /хоёр/ жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бийг 320 /гурван зуун хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бт оногдуулсан 2 жил хорих ял дээр 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн, нийт 2 /хоёр/ жил 40 /дөч/ хоног хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Бт оногдуулсан 3 жил хорих ялыг нээлттэй дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих байгууллагад, Г.Бт оногдуулсан 2 жил 40 хоногийн хорих ялыг нээлттэй дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бын цагдан хоригдсон 13 /арван гурав/, шүүгдэгч Г.Бийн цагдан хоригдсон 8 /найм/ хоногийг тус тус тэдгээрийн эдлэх хорих ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Б, Г.Б нараас хувь тэнцүүлэн 258.000 /хоёр зуун тавин найман мянган/ төгрөг гаргуулан хохирогч С.Батгэрэлд олгож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг, хохирогч нь энэ хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршгийн асуудлаа иргэний журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Г.Б, Г.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Г.Б гаргасан давж заалдах гомдолдоо: “...Би ээж, эгч хоёрынхоо хамт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 21 дүгээр гудамжны 7 тоотод оршин суудаг. Миний ээж Д.Цэрэннадмид нь хөдөлмөрийн чадваргүй, эрүүл мэндийн байдлын улмаас 2011 оноос хойш хэвтрийн дэглэм сахидаг, эмчлэх боломжгүй гэсээр өнөөдрийг хүртэл эмчийн хяналтад байдаг. Мөн төрсөн эгч Б нь 2014 оноос хойш толгойндоо гэмтэлтэй, зүрхний архаг өвчтэй гэсэн оноштойгоор эмчийн хяналтад байдаг. Би хийсэн хэрэгтээ гэмшиж, хэргийн үйлдэл болон болсон зүйлийн талаар цагдаа, шүүхийн өмнө үнэн зөвөөр илчилж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарлаж байна. Надаас өөр ээж, эгч хоёрт маань туслах ойр дотны хүн байхгүй. Миний ээж 78 настай, эгч 52 настай бөгөөд би ажил хөдөлмөр эрхэлж, тэр хоёрыгоо асардаг. Өндөр настай ээж, эгч хоёрыгоо асрахын оронд ийм газар байгаадаа харамсаж байна. Иймд миний гэм буруугаа ойлгосон, ар гэрийн байдал зэргийг харгалзан надад оногдуулсан 3 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.
Шүүгдэгч Г.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би анх удаа гэмт хэрэг үйлдэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэндээ маш их гэмшиж, гэм буруугаа хүлээж, хохирогч Ж.Батгэрэлээс уучлалт гуйж байна. Би 2013-2016 оны хооронд 3 хүүхэд төрүүлсэн, өрх толгойлсон эмэгтэй. Зургаан настай хоёр ихэр, гурван настай охидууд нь маань одоогийн байдлаар 70 гаруй настай ээжтэй минь хамт амьдарч байгаа. Ээжийн минь бие муу, тэтгэвэр авдаггүй. Би ганцаараа ажил хийж гэр бүлээ тэжээдэг байсан. Цагдан хоригдож байх хугацаандаа эх үрийн хагацал гэж ямар аймшигтай зүйл болохыг чин сэтгэлээсээ ойлгож ухаарлаа. Би ар гэртээ маш их санаа зовниж байна. Энэ намар хоёр ихэр охид маань сургуульд орно. Надаас болж хичээлээсээ завсардах вий гэж маш их зовж байна. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, гэм буруугаа хүлээж байна. Иймд миний хувийн байдал, ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан надад оногдуулсан 2 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Г.Бийн өмгөөлөгч А.Буяндэлгэр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.Б нь урьд гэмт хэрэгт холбогдон ял эдэлж байгаагүй, анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэгт холбогдсон. Тэрээр 3 хүүхэдтэй, 2 ихэр хүүхэд нь сургуульд орох гэж байгаа. Мөн хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг тул ял шийтгэлийг хөнгөрүүлэх боломжтой гэж үзэж байна. Гэм буруугийн хурлын дараа хохирол төлөх хугацаа авах хүсэлт гаргасныг хүлээн авалгүй хэргийг шийдвэрлэсэн нь ялыг хөнгөрүүлэх боломж олгоогүй. Хүсэлтийг хүлээн аваагүй үндэслэл нь “5 хоногийн хугацаанд төлбөр төлөх бололцоогүй байна” гэж үзсэн. Анхан шатны шүүх хурлын дараа ар гэрээс нь хохирлын мөнгийг нь авч төлбөрт тушаасан.
Иймд Г.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар ялын доод хэмжээний хоёрын нэгээс багагүй ял оногдуулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Г.Бын өмгөөлөгч Л.Батаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.Бын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүх Г.Быг хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар мараагүй гэж дүгнэсэн. Г.Б нь өөрт оногдох хохирлыг анхан шатны шүүх хурлын дараа төлсөн. Тэрээр урьд нь 4 удаа ял шийтгүүлж байсан ч ялаа биеэр эдэлж дууссан. Иймд Г.Бт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан багасгаж өгнө үү. ...” гэв.
Прокурор М.Амарзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Тэдний гэм бурууд тохирсон ял шийтгэл оногдуулсан тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:
Шүүгдэгч Г.Б, Г.Б нар нь 2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ж.Батгэрэлээс архины мөнгө нэхэж, түүнийг түлхэж унагаан, улмаар Г.Б нь нүүр, шанаан тус газар нь, Г.Б нь цээжин тус газар нь өшиглөж, баруун гарын чигчий хуруунд нь байсан монетон бөгжийг дээрэмдсэн,
шүүгдэгч Г.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ж.Батгэрэлийн нүүр, баруун шанаан тус газар өшиглөж, эрүүл мэндэд нь баруун хөмсөг, баруун чамархайн хуйханд шарх, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Ж.Батгэрэлийн “...үл таних нэг залуу ирээд “1 шил архи аваад өг” гэхээр нь “та нарт архи авч өгдөг би хэн юм бэ” гэж хэлсэн чинь тэр залуу намайг “чи яасан овоо муу хулгайч вэ” гэж хэлээд намайг газарт түлхэж унагаасан. Тэгтэл нэг эмэгтэй ирээд миний баруун талын нүдэнд өшиглөсөн, ...намайг түлхэж унагаасан залуу миний баруун гарын чигчий хуруунд байсан монетон бөгжийг булааж авсан. ...” /1хх 11-12/,
гэрч Ц.Энхтүвшингийн “...үл таних хүн нүүрнээс нь цус гарсан байдалтай байж байснаа над дээр ирээд “би мөнгө өгье, намайг зодсон хүнийг олоод өг” гэхээр “та ямар хүнд зодуулсан юм бэ” гэсэн чинь “нэг эмэгтэй, нэг эрэгтэй хүн байсан” гэхээр нь би “мэдэхгүй” гэж хэлээд Баярхүүг дагуулан Г.Бын гэрт нь ороод уулзаад байж байсан чинь цагдаа ирээд бид нарыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн эрүүлжүүлэх байранд хийсэн. ...” /1хх 18/,
Г.Бийн яллагдагчаар өгсөн “...Г.Б ах тэр үл таних согтуу хүнтэй зууралдаад газарт унахаар нь би тэр хүний нүүр лүү баруун хөлөөрөө баруун нүдэнд нь хоёр удаа өшиглөсөн. ...Г.Б ах босч ирээд тэр хүний баруун гарт байсан монетон бөгжийг аваад цээж рүү нь хоёр гурван удаа өшиглөж байгаа харагдсан. …” /1хх 145-147/,
Г.Бын яллагдагчаар өгсөн “...үл таних хүнтэй би маргалдаад хавсарч унагаасан. Тэгсэн Г.Б тэр хүний нүүрэнд нь өшиглөсөн. Тэгэхээр нь би баруун гарт нь байсан монетон бөгжийг мулталж аваад зугтаасан. …” /1хх 168-169/ гэх мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 13369 дугаартай “...Ж.Батгэрэлийн биед баруун хөмсөг, баруун чамархайн хуйханд шарх, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, цээжинд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учирсан. ...” гэх дүгнэлт /1хх 171/,
хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 41-43/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгч Г.Б, Г.Б нар нь Ж.Батгэрэлээс архины мөнгө нэхэж, түүнийг түлхэж унагаан, улмаар Г.Б нь нүүр, шанаан тус газар нь, Г.Б нь цээжин тус газар нь өшиглөж, түүний баруун гарын чигчий хуруунд байсан монетон бөгжийг хүч хэрэглэн дээрэмдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан,
шүүгдэгч Г.Б нь Ж.Батгэрэлийн нүүр, баруун шанаан тус газар өшиглөж, эрүүл мэндэд нь баруун хөмсөг, баруун чамархайн хуйханд шарх, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тус тус гэмт хэргийн шинжтэй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн Г.Б, Г.Б нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх хэргийг бүлэглэж үйлдсэн, Г.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн тус тус гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Г.Б, Г.Б болон Г.Бийн өмгөөлөгч А.Буяндэлгэр нар нь “...анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар ялын доод хэмжээний хоёрын нэгээс багагүй ял оногдуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.
Шүүгдэгч Г.Бын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд тухайн зүйлд зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон байх тул ял хөнгөрүүлэх талаар гаргасан түүний гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.
Харин гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрх хэмжээг хуулиар шүүхэд олгожээ.
Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Б.Бийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлсөн болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан 1 жилийн хорих ял болгон хөнгөрүүлж, түүний нийт эдлэх ялын хэмжээг 1 жил 40 хоногийн хугацаагаар тогтоож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Бийн давж заалдах гомдолд дурдсан “...би гурван хүүхэд төрүүлсэн, өрх толгойлсон эмэгтэй. ...” гэх талаар хэрэгт ямар нэг баримт авагдаагүй, мөрдөн шалгах ажиллагаанд болон анхан шатны шүүхэд хэрэг хэлэлцэгдэх үед дээрх нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул давж заалдах шатны шүүхээс энэ талаар дүгнэлт хийх боломжгүй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Г.Б, Г.Б болон Г.Бийн өмгөөлөгч А.Буяндэлгэр нарын “...анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар ялын доод хэмжээний хоёрын нэгээс багагүй ял оногдуулж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлуудаас Г.Б болон түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр нарын гаргасан гомдлыг хүлээн авч, шүүгдэгч Г.Бын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч Г.Б, Г.Б нар нь хохирогч Ж.Батгэрэлийн ХААН банкны 5755005505 тоот дансанд хохирлын 258.000 /тус бүр 129.000 төгрөг/ төгрөгийг төлсөн болохыг дурдаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт шүүгдэгч Г.Быг 4 удаа ял шийтгүүлсэн гэж бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан шаардлагад нийцээгүй байна. Цаашид шүүхээр шийтгүүлсэн байдлыг дэлгэрэнгүй тусгаж байвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дугаар сарын 3-ны өдрийн 378 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бт 3 /гурав/ жил, шүүгдэгч Г.Бт 2 /хоёр/ жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бийг 320 /гурван зуун хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бт 3 /гурав/ жил, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бийг 1 /нэг/ жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бийг 320 /гурван зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй. ...” гэж,
3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бийн 2 /хоёр/ жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт оногдуулсан 320 /гурван зуун хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт 2 /хоёр/ жил 40 /дөч/ хоног хорих ялаар тогтоосугай. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 320 /гурван зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, 40 /дөч/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил 40 /дөч/ хоногоор тогтоосугай. ...” гэж,
4 дэх заалтад “..., ...Г.Бт оногдуулсан 2 /хоёр/ жил 40 /дөч/ хоногийн…” гэснийг “...,...Г.Бт оногдуулсан 1 /нэг/ жил 40 /дөч/ хоногийн…” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Бын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Шүүгдэгч Г.Б, Г.Б нар нь хохирогч Ж.Батгэрэлийн ХААН банкны 5755005505 тоот дансанд хохирлын 258.000 /тус бүр 129.000 төгрөг/ төгрөгийг төлсөн болохыг дурдсугай.
4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН