Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Түндэвийн Энхмаа |
Хэргийн индекс | 128/2023/0497/З |
Дугаар | 221/МА2023/0741 |
Огноо | 2023-12-14 |
Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 221/МА2023/0741
2023 оны 12 сарын 14 өдөр | Дугаар 221/МА2023/0741 | Улаанбаатар хот |
“МЭВ” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл
Илтгэсэн шүүгч Т.Энхмаа
Давж заалдах нэхэмжлэл гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Б.С , П.О , хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Ө ;
Нэхэмжлэгч: “МЭВ” ХХК
Хариуцагч: БЗДТХ-ийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.С , П.О нар;
Нэхэмжлэлийн шаардлага: “...БЗДТХ-ийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.С , П.О нарын 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн НА-24220000*** дугаар нөхөн ногдуулалтын актын тогтоох хэсгийн 1, 2, 4 дэх заалтыг хүчингүй болгуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 685 дугаартай шийдвэр;
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Х,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Э,
Хариуцагч Б.С , П.О ,
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Ө нар;
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж
Хэргийн индекс: 128/2023/0497/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “МЭВ” ХХК нь БЗДТХ-ийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.С , П.О нарт холбогдуулан “...Татварын улсын байцаагч нарын 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн НА-24220000*** дугаар нөхөн ногдуулалтын актын тогтоох хэсгийн 1, 2, 4 дэх заалтыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 764 дугаартай шийдвэрээр: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.2,106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар тухай /2006, 2019 онуудын/ хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.2, 5 дугаар зүйлийн 5.2-т тус тус заасныг баримтлан “МЭВ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн, татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.С , П.О нарт холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Татварын улсын байцаагч нарын 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн НА-24220000*** дугаар нөхөн ногдуулалтын актын тогтоох хэсгийн 1, 2, 4 дэх заалтыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
3. Хариуцагч Б.С , П.О , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Ө давж заалдах гомдолдоо:
3.1. “МЭВ” ХХК-ийн 2018-2021 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд 2422802101 дугаар татварын хяналт шалгалт хийх томилолтын дагуу татварын улсын байцаагч П.О , Б.С нар нь санхүүгийн анхан шатны баримт болон татварын ногдуулалт, төлөлтийн тайлан, татвар төлөгчийн нягтлан бодох бүртгэл, ярилцлага зэрэгт үндэслэн хэсэгчилсэн шалгалт хийсэн. Татварын хяналт шалгалтаар 4 төрлийн зөрчил илрүүлсэн. Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйл 42.1, 79 дүгээр зүйл 79.1, 79.4.3 дахь заалтыг үндэслэн татварын улсын байцаагчийн 24220000113 дугаар нөхөн ногдуулалтын актыг 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр бичсэн. Татвар төлөгчийн маргасан зөрчлийг задалбал:
3.1.1. Актын 1 дэх маргаан: 2019 онд НӨАТ-ын тайлангаарх орлого болон ААНОАТ-ын тайлангаарх орлогын зөрүү 33,750,500.00 төгрөгийг ААНОАТ-ын тайланд дутуу тайлагнасан. Мөн дахин төлөвлөлтийн айлуудад өгсөн байрнуудыг борлуулалтаар тооцоогүй 969,299,093.98 төгрөгийн орлогыг тайлагнаагүй нийт 1,003,049,593.99 төгрөгийн орлого 969,299,093.98 төгрөгийн борлуулсан бүтээгдэхүүний өртгийг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд дутуу тусгаж, албан татвар ногдуулаагүй төсөвт төлөөгүй.
3.1.2. Актын 2 дахь маргаан: 2020 онд И-баримтын системд нийт 720,321,226.36 төгрөгийн борлуулалтын падаан шивж бусдад олгосон боловч ААНОАТ-ын тайланд 572,387,590.00 төгрөгийн орлого тайлагнаж 147,933,636.36 төгрөгийн орлогыг дутуу тайлагнасан албан татвар ногдуулаагүй нь татвар төлөгчийн тайлан болон татварын удирдлагын нэгдсэн систем дэх мэдээллээр давхар нотлогддог.
3.1.3. Актын 4 дэх маргаан: 2018 онд ААНОАТ-ын тайланд 967,475,600.00 төгрөгийн орлого тайлагнасан боловч НӨАТ-ын тайланд 41,977,272.73 төгрөгийн орлого тайлагнаж зөрүү 925,498,327.27 төгрөгийн орлого НӨАТ-ын тайланд дутуу тусгасан, 2019 онд дахин төлөвлөлтийн айлуудад өгсөн байрнуудыг борлуулалтаар тооцоогүй 969,299,093.98 төгрөгийн орлогыг тайлагнаагүй, 2020 онд И-баримтын системд нийт 720,321,226.36 төгрөгийн борлуулалтын падаан шивж бусдад олгосон боловч НӨАТ-ын тайланд 572,387,590.00 төгрөгийн орлого тайлагнаж 147,933,636.36 төгрөгийн орлогыг дутуу тайлагнасан нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй гэх зөрчлүүдэд татвар төлөгч маргаан үүсгэсэн. /НӨАТ бодсон/ Анхан шатны шүүхийн шийдвэр нь хэтэрхий нэг талыг барьсан, хэргийн оролцогчид мэтгэлцэх зарчмыг баримтлаагүй, хуулийг буруу хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэн дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:
3.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийн үйл баримт, хэргийн оролцогчийн буруутай үйл ажиллагаа, хууль зүйн үндэслэл, хууль хэрэглээний талаар нотлох болон үгүйсгэх байдлаар мэтгэлцэнэ” гэж заасан. Гэтэл шүүх хуралдаанд маргаан бүхий актын 1 дэх зөрчил болох дахин төлөвлөлтийн 18 айлын орон сууцанд НӨАТ ногдуулах нь зөв эсэх талаар маргаанд мэтгэлцсэн боловч бусад зөрчлийн /актын 2,4 дэх хэсэг/ талаар мэтгэлцэх боломж олгоогүй. Мөн хуулийн 34.3-д “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэх заалтыг шүүх хэрэгжүүлээгүй. Шүүх хуралдаанд шүүгч хөдөлбөргүй үнэн гэж дүгнэсний улмаас маргаан бүхий актын /2, 4 дүгээр хэсэг/-ийг хуралдааны явцад хэлэлцүүлээгүй гэж үзэхээр байна.
3.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан нотлох баримтыг үнэлээгүй. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэх хариуцагч нарын хариу тайлбар, татвар төлөгчийн тайлан татварын удирдлагын нэгдсэн систем дэх мэдээлэл зэрэг хэрэгт нотлох баримтаар авагдсан Нөхөн ногдуулалтын акт, болон бусад баримтыг шүүх үнэлсэнгүй. Шүүх хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгахaap хуулиар зохицуулж өгсөн. Гэтэл шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсэгт зөвхөн дахин төлөвлөлтийн 18 айлын орон сууцанд НӨАТ ногдуулах эсэх асуудалд дүгнэлт хийсэн.
3.4. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8-д “Учир нь дахин төлөвлөлтийн зорилго нь хуучин орон сууцыг шинээр солих, үлдэх орон сууцнаас иргэн, хуулийн этгээд ашиг олох зорилготой бөгөөд дахин төлөвлөлтөд хамрагдаж буй иргэдийн тухайд тэдгээрт борлуулалт хийсэн, татвар ногдох үйлчилгээ үзүүлсэн гэх үндэслэлгүй. Тодруулбал: Маргаан бүхий 18 айлын амьдрах нөхцөл сайжирснаас бус шинээр хөрөнгө бий болоогүй, зориулалт өөрчлөгдөөгүй тул хариуцагчийн борлуулалт хийсэн гэх, бартерын үйл ажиллагаатай адилтгаж буй үндэслэл хуульд нийцэхгүй” гэж тайлбарласан нь ойлгомжгүй бөгөөд “МЭВ” ХХК нь тухайн газар дээр шинээр барилга барьж борлуулах үйл ажиллагаа эрхэлсэн. Тухайн газар барилга барих зөвшөөрлийг хуучин байрны оршин суугчдын болон НЗДТ-аас авсан бөгөөд түүнийхээ төлбөрт шинээр барьсан орон сууцнаасаа өгөхөөр гэрээ байгуулсан. Гэтэл анхан шатны шүүх тухайн газар дээр шинээр хөрөнгө бий болгоогүй, бартерын үйл ажиллагаа гэж үзэх нь хуульд нийцэхгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй ямар хуулийн ямар зүйл заалтыг үндэслэн ингэж дүгнэсэн нь тодорхойгүй байна.
3.5. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 9-д Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4.1.1-д “борлуулалт” гэж барааг бусдын өмчлөлд шилжүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхийг, 4.1.2-т “бараа” гэж мөнгөн хөрөнгөнөөс бусад бүх төрлийн хөрөнгийг; хэлнэ гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгчээс дээрх оршин суугчдын өмчлөх эрхийг шилжүүлж аваагүй, өөрийн өмчийг тэдгээрт шилжүүлээгүй, зөвхөн гурван талд гэрээний үүргээ хэрэгжүүлсэн байхад дахин төлөвлөлтийг татвар ногдох орлогоос чөлөөлөх талаар хуулиар зохицуулаагүй гэх үндэслэлээр татвар ногдуулсан нь хуульд нийцэхгүй байна” гэж тайлбарласан. Гэтэл Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 3.1-д “Хувь хүн, хуулийн этгээдийн Монгол Улсад импортоор оруулсан, эсхүл Монгол Улсаас экспортод гаргасан болон Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулахад энэ хууль үйлчилнэ.” Мөн хуулийн 4.1.1-д “борлуулалт” гэж барааг бусдын өмчлөлд шилжүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхийг, 4.1.2-т “бараа” гэж мөнгөн хөрөнгөнөөс бусад бүх төрлийн хөрөнгийг, хэлнэ” гэж тус тус тодорхойлсон байдаг. Тухайн компани нь хуучин байрны оршин суугчдад ашиглалтын шаардлага хангахааргүй болсон байрыг нь шинэ орон сууцаар солих нөхцөлийг санал болгож өөрийн барих орон сууцнаас шилжүүлж өгөхөөр тохиролцон тухайн үйл ажиллагааг хэрэгжүүлсэн нь хуулийн дээрх заалтын дагуу борлуулалт гэж үзэхээр байтал шүүхээс өөрийн өмчийг тэдгээрт шилжүүлээгүй гэж дүгнэсэн нь илт алдаатай байна.
3.6. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Доор дурдсанаас бусад тохиолдолд татварыг зөвхөн Улсын Их Хурал татварын хуулиар бий болгох, тогтоох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох эрхтэй” гэж заасан бөгөөд хуулиар тухайлан татвар ногдуулахаар зохицуулаагүй, тодорхойлоогүй харилцааг төсөөтэй хэрэглэж, мөн чөлөөлөх талаар хуульд зохицуулаагүй гэх үндэслэлээр татвар ногдуулсан нь үндэслэлгүй гэж дүгнэсэн нь хуулийг илт буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлд нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх бараа ажил үйлчилгээг тухайлан заасан бөгөөд дахин төлөвлөлтийн айлуудад шилжүүлэн өгч буй орон сууцны барилгыг НӨАТ-с чөлөөлөх зохицуулалт тусгагдаагүй. Үүнээс харахад татварын улсын байцаагч нар хуулийн төсөөтэй хэрэглээгүй нь харагдаж байна.
Дээрх хуулийн 8 дугаар зүлийн 8.1-д “Албан татварыг доор дурдсан журмаар ногдуулна:”, 8.1.1-д “бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулсан, экспортод гаргасан, түүнчлэн борлуулсан бол тухай бүрд:”, 13.9-д “Бараа, ажил, үйлчилгээг үйлдвэрлэлийн дотоод эргэлтэд ашигласнаас бусад хэлбэрээр бусдад үнэ төлбөргүй шилжүүлсэн буюу хувийнхаа хэрэгцээнд ашигласан бол нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхгүй” гэж заасан байтал Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар татвар ногдуулахаар зохицуулаагүй гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна
3.7. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 10-д Нэхэмжлэгчээс дээрх дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэдийн нэрсийг үл хөдлөх эд хөрөнгийн захиалагчийн нэрсийн жагсаалтад бүртгэж, үнийг тодорхойлсон нь татвар ногдуулах үндэслэл болохгүй гэж дүгнэсний хувьд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 9.1-д “Албан татвар тооцох үнэлгээг доор дурдсан журмаар тодорхойлно”, 9.1.3-т “энэ хуулийн 7.2.1, 7.2.2-т заасан үйл ажиллагаанд албан татвар тооцох үнэлгээг тэдгээр бараа, ажил, үйлчилгээний тухайн үеийн зах зээлийн үнэ, тарифыг үндэслэн;” гэж заасны дагуу тухайн компанийн бусад байрны борлуулалтын үнийг үндэслэл болгож тодорхойлсон байтал гэж тодорхойлсон нь татвар ногдуулах үндэслэл болохгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.
Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2023/0764 дугаарт шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
7.1. Маргаан бүхий актын Тэмдэглэх нь хэсгийн 1-д тусгагдсан 2019 онд нэмэгдсэн өртгийн болон аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар орлогын зөрүү 33,750,500.00 төгрөгийг ААНОАТ-ын тайланд дутуу тайлагнасан зөрчлийн талаар;
7.2. Мөн актын Тэмдэглэх нь хэсгийн 2-д тусгагдсан “2020 онд 147,933,636.36 төгрөгийн татвар ногдуулах орлогод албан татвар ногдуулаагүй, төсөвт төлөөгүй ...”,
7.3. Мөн актын Тэмдэглэх нь хэсгийн 4-д тусгагдсан “2018 онд 925,498,327.27 төгрөгийн, 2019 онд 969,299,093.98 төгрөгийн, 2020 онд 147,933,636.36 төгрөгийн орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй, татвар ногдуулж төлөөгүй” гэх тус тус зөрчлийн талаар шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ захиргааны актын хууль зүйн үндэслэл болон талуудын маргасан үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийгээгүй, татварын төлөгчийн гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар хэргийн оролцогч талуудыг мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй, хавтаст хэрэгт авагдсан маргаан бүхий акттай холбогдуулан хэргийн оролцогчдоос гаргаж өгсөн болон шүүхээс цуглуулсан нотлох баримтуудыг тус тус үнэлээгүй байна.
8. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ”, 6.3-д “Хэргийн оролцогч,тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийн үйл баримт,хэргийн оролцогчийн буруутай үйл ажиллагаа, хууль зүйн үндэслэл, хууль хэрэглээний талаар нотлох болон үгүйсгэх байдлаар мэтгэлцэнэ”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-д “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 107 дугаар зүйлийн 107.4-д “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ,тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана”, 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах , хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй.” гэж заасантай нийцээгүй, маргаан бүхий актыг үнэлэх, хууль зүйн дүгнэлт хийх ажиллагааг хэрэгжүүлээгүй байна.
9. Иймээс давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.7 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2023/0764 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Т.ЭНХМАА