Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Заминдийн Төмөрхүү |
Хэргийн индекс | 240/2016/0090/Э |
Дугаар | 95 |
Огноо | 2016-10-18 |
Зүйл хэсэг | 098.1., 099.1., |
Улсын яллагч | Н.Ундрах |
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 95
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,
Нарийн бичгийн дарга: Э.Өлзийнасан,
Улсын яллагч: Н.Ундрах,
Шүүгдэгч / хохирогч/: Д.Алдар-Энх-Од
Шүүгдэгч /хохирогч/-ийн өмгөөлөгч: Н.Сундуй,
Шүүгдэгч /хохирогч/: Н.Түвшинбаатар,
Шүүгдэгч /хохирогч/-ийн өмгөөлөгч: М.Батмөнх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Боржигон овогт Доржийн Алдар-Энх-Од, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Халзанморьт овогт Наранбатын Түвшинбаатар нарт холбогдох 201616000163 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1983 оны 09 дүгээр сарын 07-нд Дорноговь аймгийн Говьсүмбэр суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, халх, боловсролгүй, малчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Өмнөговь аймаг Ханхонгор сум Өгөөмөр 2 дугаар баг Зам омог гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Доржийн Алдар-Энх-Од /регистрийн дугаар: ЕЙ83090711/
Монгол улсын иргэн, 1987 оны 03 дугаар сарын 19-нд Өмнөговь аймгийн Ханхонгор суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, ам бүл 3, аав, ээжийн хамт, Өмнөговь аймаг Ханхонгор сум Жаргалант 4 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Халзанморьт овогт Наранбатын Түвшинбаатар /РД: КК87031916/
Холбогдсон хэргийн талаар:
Д.Алдар-Энх-Од нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Хондот багийн нутагт 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хохирогч Н.Түвшинбаатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргаж, улмаар бие эрх чөлөөнд нь халдаж түүний биед эрүүний зүүн булангийн шугаман хугарал, зүүн нүдний дээд болон доод зовхины цус хуралт, хамрын язарсан шарх бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт,
Н.Түвшинбаатар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Хондот багийн нутагт 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хохирогч Д.Алдар-Энх-Одтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргаж, хутга барьж бие эрх чөлөөнд нь халдан түүний биед зүүн дал, хэвлийн хана /хөндий рүү нэвтрээгүй/, зүүн тохойн дотор хэсгийн мэдрэл гэмтсэн зүсэгдсэн шарх бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шүүх хуралдаанд шинжлэн судлаад
шүүгдэгч Д.Ардар-Энх-Одын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...тэгээд явж байтал манай эхнэр Адъяа намайг машины ард тэвшин дээр байгаа ачаагаа сайн харж яваарай гэж хэлсэн чинь Түвшинбаатар надад ачаа чинь гээгдвэл яавны янданг чинь бариулаад буцаагаад хөөгөөд явуулчихна шүү гэсэн. Тэгэхээр би Түвшинбаатарыг чи унаагаараа боогоод байгаа юм уу гэхэд өөдөөс Түвшинбаатар чи ерөөсөө юу гээд байгаа юм гээд бид хоёр хоорондоо хэрэлдэж байгаад би Түвшинбаатарыг машинаа зогсоо гэж хоёр удаа хэлэхэд Түвшинбаатар машинаа зогсоохгүй яваад байхаар нь би Түвшинбаатарын толгойны арын үснээс баруун гараараа зулгаахад Түвшинбаатар машинаа тооромзлоод зогссон. Би тэгээд машинаас үсэрч буугаад Түвшинбаатарыг машины руль дээр сууж байхад шанаа толгой руу нь хэд хэдэн цохиж авсан. Тэгтэл Түвшинбаатар намайг зөрүүлээд толгой руу хоёр удаа цохиж аваад цээжний хавьд нэг удаа тийрчихээд машинаас буухаар нь шанаа, толгой руу нь 2 удаа цохьсон. Тэгтэл Түвшинбаатар эвхдэг жижиг тонгорог хутга гаргаж ирээд миний гэдэс хэвлий хавьд нь хоёр удаа хутгалаад дараа нь зүүн мөр далны хавьцаа хоёр удаа хутгалсан. Тэгээд зүүн гарын шууны хавьд нэг удаа зүссэн. Тэгээд Дэлгэрцэцэг бид хоёрыг хоёр тийш нь салгахад би Түвшинбаатарт чи намайг хутгалчихлаа гэхэд Түвшинбаатар би чамайг хутгалчихлаа одоо болъё гэсэн. Тэгээд Дэлгэрцэцэг Түвшинбаатарыг авч яваад машинд суулгасан, Түвшинбаатар машинаас буугаад хүрч ирээд миний хэвлий хэсгээс цус гарч байсныг миний цамцаар хэвлий хэсгээр боочихоод Түвшинбаатар түргэн дуудъя гэхэд нь хэрэггүй би чамайг хэрэг төвөгт хиймээргүй байна гэж хэлэхэд Түвшинбаатар утсаар Нялхдүү рүү ярьж байсан. Тэгээд цаашаа юу болсныг сайн мэдэхгүй байна. ...би пиво уучихсан халамцуу байсан. ...Түвшинбаатар намайг хүрэн, жижиг, эвхдэг хутгаар хутгалсан. ...миний бие одоо зүгээр болсон, надад гомдол санал байхгүй ” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17, 50 дугаар хуудас/.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Ардар-Энх-Од мэдүүлэхдээ: “...2016 ны 06 дугаар сарын 27-ны өдөр Бор хошууны Өвөр бууц гэх газраас эхнэр Адъяа, Түвшинбаатарын аав Наранбат, Дэлгэрцэцэг, Түвшинбаатар бид тав аймгийн төвд орж ирсэн. Ингээд эхнэр Адъяа бид хоёр ажлаа амжуулчихаад Түвшинбаатарын машин дээр хүрч очсон. Тэгээд Түвшинбаатар бид хоёр зүүнсайханд нэг айлд очиж яавны яндан гагнуулсан. Бид хоёр тэндээ нэг пиво хувааж уусан. Тэгээд аймгийн төвөөс гарч явцгаасан. Замдаа мөн нэг пиво хувааж уусан. Түвшинбаатар замд явж байгаад ачаагаа харж яваарай гэсэн. Би ачаагаа харсан. Түвшинбаатар ачаа гээгдвэл янданг чинь бариулаад алахуулна шүү гэсэн. Тэгээд би унаагаараа боогоод байгаа юм уу гэж хэлсэн. Тэгээд би Түвшинбаатарыг зогс гээд хоёр удаа хэлсэн, харин тэр очиж байгаад болъё гэсэн. Тэгээд би түүний араас нь нэг цохиж аваад үснээс нь татахад Түвшинбаатар зогссон. Тэгээд би Түвшинбаатарын нүүр лүү нь хэд хэдэн удаа цохисон юм. Тэгээд нэг мэдэхэд Түвшинбаатар намайг хутгалчихсан байсан. Тэр намайг мөрөнд 2 удаа, хэвлий хавьд 2 удаа, тохойн хэсгийн дотор талд хутгаар зүссэн. Миний бие одоогоор сайн байгаа. Санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй, хохирол төлбөр төлөгдөж дууссан” гэв.
Шүүгдэгч Н.Түвшинбаатарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...цаашаа явцгааж байгаад би замдаа Алдар-Энх-Одыг машины тэвшин дээр байгаа ачаа бараагаа харж яваарай, гээгдсэн байх юм бол янданг чинь бариулаад алхуулана шүү гэхэд Алдар-Энх-Од чи унаа тэргээрээ боож байна уу гэхээр нь би үгүй гэхэд чи муу унаа тэргээрээ боолоо зогс гээд бид хоёр хоорондоо хэрэлдээд явж байтал Алдар-Энх-Од миний толгойны араас нэг удаа цохиж авчихаад толгойны оройгоос үсдэж татаад нэг гараараа намайг боохоор нь би машиныхаа арааг салгаад замаас гарч хажуу талд зогссон. Тэгтэл Алдар-Энх-Од машинаас үсэрч буугаад намайг машины руль дээр сууж байхад миний шанаа, толгой руу хэд хэдэн удаа цохиж авахаар нь би зөрүүлээд толгой руу хоёр удаа цохиж аваад цээжний хавьд нэг удаа тийрчихээд би машинаас буутал Алдар-Энх-Од өөдөөс дайраад миний шанаа, толгой руу 2 удаа цохьсон. Тэгэхээр би айлгах санаатай баруун талын өмдний халаасанд байсан эвхдэг жижиг тонгорог хутга гаргаж ирээд Алдар-Энх-Одын гэдэс хэвлий хавьд нь хоёр удаа хутгалаад дараа нь зүүн мөр далны хавьцаа хоёр удаа хутгалсан. Тэгээд зүүн гарын шууны хавьд нэг удаа зүсссэн. Тэгээд Дэлгэрцэцэг бид хоёрыг хоёр тийш нь салгахад би Алдар-Энх-Одыг би чамайг хутгалчихлаа одоо болъё гэхэд Алдар-Энх-Од яаж байгаа юм бэ намайг хутгалчихсан байна шүү дээ гэхэд Дэлгэрцэцэг намайг авч яваад машинд суулгасан. Тэгээд би машинаас буугаад Алдар-Энх-Од дээр очиход хэвлий хэсгээс нь цус гарч байхаар нь би цамцаар нь хэвлий хэсгээр нь боочихоод би түргэн дуудъя гэтэл Алдар-Энх-Од хэрэггүй би чамайг хэрэг төвөгт хиймээргүй байна гэхээр нь би утсаар ээж Нялхдүүд хэлээд дараа нь ах Мөнгөнзул руу хэлсэн. Тэгээд Алдар-Энх-Одыг гэрлүүгээ авч яваад гэрт ирэхэд Алдар-Энх-Одын хадам ээж Батхүрэл ирчихсэн байхаар би Алдар-Энх-Одыг хутгалчихлаа түргэн дуудахгүй бол болохгүй байхаа гэж хэлсэн тэгээд удаагүй байж байтал манай гэрт нэг цагдаа машинаар хүрч ирээд намайг аваад Хондот багийн төв рүү аваад явсан. ...ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22, 45-46 дугаар хуудас/.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Түвшинбаатар мэдүүлэхдээ: “...Ханхонгор сумын Хондот багийн Өвөр бууц гэх газраас хойш 5 км орчим зайд болсон явдал юм. ...би Алдар-Энх-Одыг ачаагаа харж яваарай, гээгдсэн байх юм бол янданг чинь бариулаад алхуулна шүү гэж хэлсэн. Тэгтэл Алдар-Энх-Од чи унаагаараа боогоод байгаа юм уу гэсэн, би үгүй гэж хэлсэн. Тэр машинаа зогсоо гээд намайг үснээс зулгааж, цохисон. Тэгээд би машинаа зогсоосон. Алдар-Энх-Од машинаас бууж ирээд намайг нэг цохисон, би зөрүүлээд Алдар-Энх-Одыг нэг цохиж, нэг тийрсэн. Тэгээд бууж очоод зууралдаж байгаад хутгалчихсан юм. Миний биед учирсан гэмтэл тухайн үед бид хоёр зодолдож байсан учраас хутгалахаас өмнө, хойно учирсан эсэхийг мэдэхгүй байна. Миний биед учирсан гэмтэл бид хоёрын үйлдлээс болж үүссэн. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, миний бие одоо бүрэн эдгэсэн.” гэв.
Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Гэрэлмаа мэдүүлсэн: ”...жолооч Түвшинбаатар Алдар-Энх-Одыг яавны янданг бариулаад буулгана гэж хэлэх шиг болсон. Тэгтэл Алдар-Энх-Од чи унаагаараа боогоод байгаа юмуу гээд хэлэхэд өөдөөс нь Түвшинбаатар чи тэгвэл аштайхан яваарай гээд нээх сүртэй юм болоогүй. ...тэгээд Түвшинбаатар машинаа жолоодоод явж байтал Алдар-Энх-Од гэнэт Түвшинбаатарын араас нь үснээс нь зулгаагаад татах шиг болохоор нь би зогс хөөе гэсэн. Тэгээд машин зогстол Алтар-Энх-Од Түвшинбаатарын үснээс зулгаагаад зуураад зогсож байсан. ...Алдар-Энх-Од машинаас буучихсан Түвшинбаатарыг машин дотор сууж байхад нь хоёр гараараа цохиод байгаа харагдсан. ...тэгээд би жаахан байж байгаад машин дээр очиход Алдар-Энх-Одын эхнэр манай нөхрийг Түвшинбаатар хутгалчихлаа гэсэн. ...Алдар-Энх-Одын гэдэс хэвлий хавиар цус болчихсон, гар цус болсон байсан. ...намайг харахад Алдар-Энх-Од Түвшинбаатарын нүүр шанаа хавьд нь хоёр гараараа ээлжлээд цохиод байгаа харагдсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Дэлгэрцэцэг мэдүүлсэн: ” ...Түвшинбаатар Алдар-Энх-Одод машины тэвшин дээр байгаа ачаагаа сайн харж яваарай, сайн харж явахгүй бол янданг чинь аваад явган алхуулна шүү гэхэд Алдар-Энх-Од өөдөөс нь тэг тэг гээд Түвшинбаатарыг би бөх хүн гээд чи чадах юм уу, амжих юм уу машинаа зогсоо гээд хэрүүл өдөөд байхаар нь Түвшинбаатар машинаа зогсоохгүй явж байтал Алдар-Энх-Од Түвшинбаатарын араас үсдээд шанаа руу нь нэг удаа цохиж аваад Түвшинбаатарын араас нь нэг гараараа боосон. Тэгтэл Түвшинбаатар машинаа зогсооход Алдар-Энх-Од машинаас буугаад Түвшинбаатарын сууж байсан талын хаалгыг онгойлгоод нүүр шанаа руу нь цус гартал нь зодсон. Тэгтэл Түвшинбаатар машинаас буугаад Алдар-Энх-Одтой зууралдаж байгаад Алдар-Энх-Од Түвшинбаатарын дээр гарч мордож суучихаад нүүр шанаа руу нь цохиод байхаар нь би хүүхдээ машин дотор үлдээчихээд тэр хоёр дээр очоод салгах гэтэл би дийлээгүй. Тэгээд би Түвшинбаатарыг зовж байж салгаад машинруугаа аваад ороход араас Алдар-Энх-Од хүрч ирээд Түвшинбаатарын нүүр лүү цохиод байсан. Тэгтэл Түвшинбаатар өмднийхөө халааснаас хүрэн иштэй жижиг тонгорог гаргаж ирээд ...Алдар-Энх-Одын нурууны ар талд нь хоёр удаа хутгалахад Алдар-Энх-Од Түвшинбаатарын нүүр лүү нэг удаа цохиод авсан, Түвшинбаатар дахиад Алдар-Энх-Одын гэдэс рүү нь хоёр удаа хутгалсан. Тэгээд дараа нь зүүн гарын булчинд нь нэг удаа зүсчихсэн. ...Түвшинбаатарын нүүр нүд нь хавдаж хөхрөөд, нүүр ам нь цус болчихсон, хамарны дод хэсэгт нь язарсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Батхүрэлийн мэдүүлсэн: ” ...Би 2016 оны 06 дугаар сарын 27-ны үдээс хойш 05 цагийн үед Ханхонгор сумын Өвөр бууц гэдэг газарт байгаа Түвшинбаатарынд очсон. Гэрийн гадаа машины хажууд Алдар-Энх-Од хэвтэж байхаар нь хүрээд очиход цээж нүцгэн байсан, цамцаар нь гэдсийг нь боочихсон тэр цамц нь цус болчихсон байхаар бид нар гэрт оруулаад байж байтал удаагүй сумын их эмч ирж Алдар-Энх-Одыг үзээд Өмнөговь аймаг руу түргэний машинаар аваад явсан. ...Би Алдар-Энх-Одыг Түвшинбаатар хутгалж байхыг хараагүй, харин Алдар-Энх-Одын биеийг нь үзэхэд гэдэс хавьд нь 2 удаа, зүүн талын мөрөн далны хавьд 2 удаа, зүүн гарын шууны хавьд нэг удаа хутгалсан байсан. Тухайн үед Алдар-Энх-Од надад хэлэхдээ Түвшинбаатар бид хоёр жаахан маргалдаж байгаад намайг хутгалчихсан гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/
- Хураан авсан тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-13 дугаар хуудас/
- Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 14 дүгээр хуудас/
- Өмнөговь аймаг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 376 дугаар дүгнэлт
- Өмнөговь аймаг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 377 дугаар дүгнэлт
1. Түвшинбаатарын биед эрүүний зүүн булангийн шагаман хугарал, зүүн нүдний дээд болон доод зовхины цус хуралт, хамрын язарсан шарх гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохой зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой
3. Эрүүний хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заалтаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтэл нь 2.4.1-д заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 35 дугаар хуудас/
Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч Д.Алдар-Энх-Од нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Хондот багийн нутагт 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хохирогч Н.Түвшинбаатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргаж, улмаар бие эрх чөлөөнд нь халдаж түүний биед эрүүний зүүн булангийн шугаман хугарал, зүүн нүдний дээд болон доод зовхины цус хуралт, хамрын язарсан шарх бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь:
хохирогч Н.Түвшинбаатарын мэдүүлсэн: “...Алдар-Энх-Од миний толгойны араас нэг удаа цохиж авчихаад толгойны оройгоос үсдэж татаад нэг гараараа намайг боохоор нь би машиныхаа арааг салгаад замаас гарч хажуу талд зогссон. Тэгтэл Алдар-Энх-Од машинаас үсэрч буугаад намайг машины руль дээр сууж байхад миний шанаа, толгой руу хэд хэдэн удаа цохиж авахаар нь би зөрүүлээд толгой руу хоёр удаа цохиж аваад цээжний хавьд нэг удаа тийрчихээд би машинаас буутал Алдар-Энх-Од өөдөөс дайраад миний шанаа, толгой руу 2 удаа цохьсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22, 45-46 дугаар хуудас/.
гэрч А.Гэрэлмаагийн мэдүүлсэн: ”... Алдар-Энх-Од гэнэт Түвшинбаатарын араас нь үснээс нь зулгаагаад татах шиг болохоор нь би зогс хөөе гэсэн. Тэгээд машин зогстол Алтар-Энх-Од Түвшинбаатарын үснээс зулгаагаад зуураад зогсож байсан. ...Алдар-Энх-Од машинаас буучихсан Түвшинбаатарыг машин дотор сууж байхад нь хоёр гараараа цохиод байгаа харагдсан. ...намайг харахад Алдар-Энх-Од Түвшинбаатарын нүүр шанаа хавьд нь хоёр гараараа ээлжлээд цохиод байгаа харагдсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/
гэрч Б.Дэлгэрцэцэгийн мэдүүлсэн: ” ... Алдар-Энх-Од Түвшинбаатарын араас үсдээд шанаа руу нь нэг удаа цохиж аваад Түвшинбаатарын араас нь нэг гараараа боосон. Тэгтэл Түвшинбаатар машинаа зогсооход Алдар-Энх-Од машинаас буугаад Түвшинбаатарын сууж байсан талын хаалгыг онгойлгоод нүүр шанаа руу нь цус гартал нь зодсон. ...Алдар-Энх-Од Түвшинбаатарын дээр гарч мордож суучихаад нүүр шанаа руу нь цохиод байхаар нь ...Түвшинбаатарыг зовж байж салгаад машинруугаа аваад ороход араас Алдар-Энх-Од хүрч ирээд Түвшинбаатарын нүүр лүү цохиод байсан. ...Түвшинбаатарын нүүр нүд нь хавдаж хөхрөөд, нүүр ам нь цус болчихсон, хамарны дод хэсэгт нь язарсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/-үүд, Өмнөговь аймаг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 377 дугаар -Түвшинбаатарын биед эрүүний зүүн булангийн шугаман хугарал, зүүн нүдний дээд болон доод зовхины цус хуралт, хамрын язарсан шарх гэмтлүүд тогтоогдлоо... гэх дүгнэлт болон шүүгдэгч Д.Алдар-Энх-Одын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон байх тул түүнийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Н.Түвшинбаатар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Хондот багийн нутагт 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хохирогч Д.Алдар-Энх-Одтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргаж, бие эрх чөлөөнд нь халдан түүний биед зүүн дал, хэвлийн хана /хөндий рүү нэвтрээгүй/, зүүн тохойн дотор хэсгийн мэдрэл гэмтсэн зүсэгдсэн шарх бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:
хохирогч Алдар-Энх-Одын мэдүүлсэн: “...Түвшинбаатар намайг зөрүүлээд толгой руу хоёр удаа цохиж аваад цээжний хавьд нэг удаа тийрчихээд машинаас буухаар нь шанаа, толгой руу нь 2 удаа цохьсон. Тэгтэл Түвшинбаатар эвхдэг жижиг тонгорог хутга гаргаж ирээд миний гэдэс хэвлий хавьд нь хоёр удаа хутгалаад дараа нь зүүн мөр далны хавьцаа хоёр удаа хутгалсан. Тэгээд зүүн гарын шууны хавьд нэг удаа зүссэн. ...Түвшинбаатар намайг хүрэн, жижиг, эвхдэг хутгаар хутгалсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17, 50 дугаар хуудас/.
гэрч А.Гэрэлмаагийн мэдүүлсэн: ”... машин дээр очиход Алдар-Энх-Одын эхнэр манай нөхрийг Түвшинбаатар хутгалчихлаа гэсэн. ...Алдар-Энх-Одын гэдэс хэвлий хавиар цус болчихсон, гар мөн цус болсон байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/
гэрч Б.Дэлгэрцэцэгийн мэдүүлсэн: ”...Түвшинбаатар өмднийхөө халааснаас хүрэн иштэй жижиг тонгорог гаргаж ирээд ...Алдар-Энх-Одын нурууны ар талд нь хоёр удаа хутгалахад Алдар-Энх-Од Түвшинбаатарын нүүр лүү нэг удаа цохиод авсан, Түвшинбаатар дахиад Алдар-Энх-Одын гэдэс рүү нь хоёр удаа хутгалсан. Тэгээд дараа нь зүүн гарын булчинд нь нэг удаа зүсчихсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/
- гэрч Б.Батхүрэлийн мэдүүлсэн: ” ... Алдар-Энх-Одын биеийг нь үзэхэд гэдэс хавьд нь 2 удаа, зүүн талын мөрөн далны хавьд 2 удаа, зүүн гарын шууны хавьд нэг удаа хутгалсан байсан. Тухайн үед Алдар-Энх-Од надад хэлэхдээ Түвшинбаатар бид хоёр жаахан маргалдаж байгаад намайг хутгалчихсан гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/-үүд, Өмнөговь аймаг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 376 дугаар -Алдар-Энх-Одын биед зүүн дал, хэвлийн хана /хөндий рүү нэвтрээгүй/, зүүн тохойн дотор хэсгийн мэдрэл гэмтсэн зүсэгдсэн шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо. гэх дүгнэлт болон шүүгдэгч Н.Түвшинбаатарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон байх тул түүнийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Д.Алдар-Энх-Одыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Н.Түвшинбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл тус тус оногдуулах нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу авагдсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Д.Алдар-Энх-Од, Н.Түвшинбаатар нарт холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэгт цугларсан нотлох баримтаар хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна.
Шүүгдэгч Н.Түвшинбаатар, Д.Алдар-Энх-Од нь анх удаа хүндэвтэр, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлж барагдуулсан нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.
Шүүгдэгч Н.Түвшинбаатар анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогч шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн, гэм хорыг арилгасан байх тул хуульд заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Алдар-Энх-Од нь хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан, гэм хорыг арилгасан байх тул түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн өнгийн иштэй хутга нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.Алдар-Энх-Од, Н.Түвшинбаатар нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Алдар-Энх-Од, Н.Түвшинбаатар нарт урд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.