Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2020/0662

 

 

 

 

 

 

2020 оны 10 сарын 19 өдөр Дугаар Улаанбаатар хот

128/ШШ2020/0662

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: Ш Т ХХК

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А/788 тоот захирамжийн Ш Т ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, түүний өмгөөлөгч О.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, Я.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш Т ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ш Т ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутагт байрлах *** газарт Ашигт малтмал газрын тосны газраас 2007 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 30 жилийн хугацаатай ****А тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшсэн. Тус ордод түшиглэн Барилга хот байгуулалтын яамнаас олгосон аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн дагуу материал үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж байна.

Бид үйл ажиллагаагаа байгаль орчин, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаатай холбогдох бүхий л хууль тогтоомж, дүрэм, журмыг баримтлан явуулдаг бөгөөд эдгээртэй холбоотой дараах баримт бичгүүдийг эрх бүхий байгууллагаар батлуулан үйл ажиллагаандаа мөрдлөг болгож байна. Үүнд Эрдэс баялгийн үндэсний зөвлөлөөр батлагдсан техник, эдийн засгийн үндэслэл, түүний тодотгол, Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг батлуулан хэрэгжүүлж ажиллуулж байгаа. Жил бүрийн Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн удирдлагын газраар батлуулсан. Тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийг Нийслэлийн байгаль орчны газарт хүргүүлж дүгнүүлж, жил бүрийн ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөөг Нийслэлийн байгаль орчны газраар батлуулан, мөн газарт жилийн эцсийн тайланг хүргүүлж ажиллаж байна.

Мөн жил бүрийн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтуудад хамрагддаг бөгөөд тухай бүрд өгөгдсөн үүрэг даалгаврыг биелүүлэн хангалттай дүгнүүлж ажиллаж байна.

Хамгийн сүүлд 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хяналт шалгалт хийж 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 02-05-198-/774 тоот Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 34.5.2, Газрын тухай хуулийн 31.1, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7.1, 9.2, 9.3, Ил уурхайн аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрмийн холбогдох заалтыг биелүүлж ажиллаж байна гэж дүгнэгдсэн.

Гэтэл Нийслэлийн Байгаль орчны газраас 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн байгаль орчны газрын улсын байцаагчид манай компани болон зэрэгцээ тусгай зөвшөөрөл эзэмшдэг компаниуд дээр хүрэлцэн ирж сонсох ажиллагаа хийх тухай гэсэн нэртэй бичгийг үзүүлсэн бөгөөд түүнд Нийслэлийн Засаг даргын 2019 оны Иргэдийн аюулгүй, ая тухтай орчныг хангахад чиглэсэн зарим арга хэмжээний тухай 05 дугаар албан даалгаврыг хэрэгжүүлж ажилласан талаар болон иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахаар суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалж, дуусгавар болгох гэж байгаад сонсох ажиллагаа хийж байна гэсэн байсан.

Тус бичигтэй холбогдуулан манай компани болон тухайн газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй нэр бүхий компаниуд Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн байгаль орчны газарт хандан 2020 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүсэлт гаргаж, өмгөөлөгч Ө.Э 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 09 тоот албан бичгээр Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн Байгаль орчны газарт хандан Захиргааны ерөнхий хуулийн 27.5, 15.1.1, 24.1, 2.5.1-д заасан үүргээ тус тус биелүүлж, шийдвэр гаргах ажиллагаанд компаниудын төлөөлөл, өмгөөлөгчийг оролцуулан холбогдох баримтыг нягтлан шалгаж, бодит нөхцөл байдлыг тогтоосны үндсэн дээр явуулах, тусгай зөвшөөрлийг цуцлах хуульд заасан үндэслэл үүсээгүйг анхаарч үзэхийг хүссэн.

Гэвч дээрх хүсэлт, шаардлагад хариу өгөхгүй байсаар 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн Байгаль орчны газраас тусгай зөвшөөрлийг цуцлах тухай Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А/788 тоот захирамжийг гардуулсан.

Тус захирамжид Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6, 7, 8, 11, 12 дугаар хороодын нутаг дэвсгэрт шавар олборлож, тоосгоны үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа нь хүн амын эрүүл мэндэд аюултай байдал бий болгож байгаа тул хэмээн дурдаад Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35.1.3-д заасныг үндэслэж манай компанийн түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалжээ.

Манай компанийн үйл ажиллагаа хүн амын эрүүл мэндэд аюултай байдал бий болгож байгаа зүйл байхгүй. Бид Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг хэрэгжүүлж, жил бүрийн Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг Нийслэлийн байгаль орчны газраас хангалттай үнэлэгддэг бөгөөд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас ирсэн шалгалтаар мөн тухай бүрд сайн үнэлгээ авсаар ирсэн.

Иймд Захиргааны ерөнхий хууль болон Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль зөрчсөн Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А/788 тоот тушаалын Ш Т ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий акт 6 дугаар сарын 02-ны өдөр гарсан. Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг явуулахгүй байх хуульд заасан үндэслэл байгаагүй, түүнтэй холбоотой шийдвэр гараагүй. 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Нийслэлийн Засаг даргад сонсох ажиллагаа явуулах тухай өмгөөлөгчийн зүгээс шаардлага хүргүүлсэн.

Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн байдлаар мэдэгдэх, сонсох ажиллагаа явуулаагүй, оролцогчийг сонсохгүй байна, ямар үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалж байгаа талаар хуульд заасан үндэслэлээ нэрлэн заагаагүй байна. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд заасан үндэслэлийг нэрлэн заавал бид нар түүнтэй холбоотой баримтууд болон тайлбарыг гаргаж өгье гэсэн хүсэлтийг өгсөн боловч эдгээрийг аль ч шатанд хэлэлцэж, хүлээж аваагүй байж байгаад актыг гардуулсан, цуцалж байгаа үндэслэлээ захирамжид дурдаагүй.

Засаг даргын захирамжаар үүнийг цуцалж байгаа бол Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд заасан ямар үндэслэлээр цуцалж байгаа талаар актад дэлгэрэнгүй дурдах ёстой. Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа, хүн амын эрүүл мэндэд аюултай байдал бий болгож байгаа гэдэг үндэслэл нь тогтоогдоогүй, энэ бодит үндэслэлийг шалган шийдвэрлээгүй.

Ш Т ХХК-ийн хувьд батлагдсан техник, эдийн засгийн үндэслэлийн дагуу байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэсэн. Нарийвчилсан үнэлгээнд заасан хуваарийн дагуу жил болгон уг ажлын төлөвлөгөө, байгаль орчинд үүсэх нөлөөллийг бууруулахтай холбоотой байгаль орчныг нөхөн сэргээх ажлын төлөвлөгөөг Нийслэлийн Байгаль орчны газраар батлуулаад жилийн эцэст тайлагнадаг. Уг тайланд хангалттай үнэлгээ авсан байдаг. Байгаль орчны газар болон Мэргэжлийн хяналтын газрын хяналт шалгалтын дунд үйл ажиллагаа явуулдаг. Зөвлөмжийн дагуу арга хэмжээ аваад буцаагаад тайлагнаж байсан. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37-д заасан аль нэг үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцлах бол энэ үндэслэлийн талаар тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэх үүрэгтэй. Мөн хуулийн 37.2-т зааснаар тухайн үндэслэл үүссэнээс хойш 10 хоногийн дотор тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэнэ.

Тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийг хүлээж аваад тус хуулийн 37.3-т заасны дагуу уг үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл, тайлбар баримтуудаа Засаг даргад өгөх ёстой. Засаг дарга түүнийг хүлээж аваад мөн хуулийн 37.4-д зааснаар хянаад үндэслэлтэй байна гэж үзвэл өмнөх мэдэгдлээ хүчингүй болгоно, үндэслэлгүй байна гэх юм бол тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэр гаргана. Түгээмэл тархацтай ашигт малтмалын 37.2, 37.3, 37.4-т заасан процесс аль нь ч болоогүй. Мэдэгдэл хүргүүлэхгүйгээр шууд цуцлах тухай шийдвэр гаргасан. Тэгэхээр энэ нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг ноцтой зөрчдөг. Захиргаанаас ямар нэгэн дүгнэлт, шийдвэр гаргаж байгаа бол энэ талаар нотлох баримтыг цуглуулж, нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа явагдах ёстой. Гэтэл үүнтэй холбоотой ажлыг алийг нь ч явуулаагүй.

Ш Т ХХК-ийн үйл ажиллагаа нь хүн амын эрүүл мэндэд аюултай байдал бий болгоогүй гэдгийг жил болгоны Байгаль орчны нөлөөлөх байдлын үйл ажиллагааны тайланг өгөхдөө шинжилгээ хийлгэдэг. Жил болгоны шинжилгээгээр Монгол улсын холбогдох стандартад нийцэж байна, хүн болон байгаль орчинд үзүүлэх хортой нөлөөллийн хэмжээг даваагүй байна гэж дүгнэлт гарсан.

Гэтэл мэргэжлийн байгууллагууд нь дүгнэлтээрээ хүн болон байгаль орчинд аюултай байдал бий болгож байна гэж дүгнээгүй байхад шууд хийсвэрээр дүгнэсэн, бодит үндэслэлгүй захиргааны акт гаргаж байна. Захиргааны акт гаргах үйл ажиллагаа Захиргааны ерөнхий хуулийн 23.1-т зааснаар аль нэг иргэн, хуулийн этгээдийн өргөдөл гомдол, эсвэл дээд шатны байгууллагын чиглэл, чиг үүрэгтэй холбогдуулж гаргах ёстой. Иргэдийн өргөдөлд үндэслэсэн гэж хариу тайлбартаа дурдсан байна. 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрүүдэд иргэдээр гарын үсэг зуруулсан. Гэтэл 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн акт 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн гомдол дээр үндэслэсэн байх боломж байхгүй. Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороотой жил болгон гурвалсан хамтран ажиллах гэрээг нутгийн өөрөө удирдах нийтийн хурал, цагдаагийн байгууллагатай байгуулж ажилладаг. Үүгээр усалгаа, хөдөлгөөний аюулгүй байдлыг сахихтай холбоотой үүргүүдийг Ш Т ХХК хүлээдэг. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг Байгаль орчны тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тухай хуульд зааснаар тухайн хорооны Иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлдэг. Уг нөлөөлөх байдлын үнэлгээг Иргэдийн нийтийн хурлаар дэмжсэн. Тэгэхээр нутгийн удирдах байгууллага тухайн орон нутгийн хүн амтай ямар нэгэн асуудал гаргахгүй.

Ш Т ХХК-ийн туслан гүйцэтгэгч компаниуд нь 8 дугаар хорооны иргэд өөрсдөө ажилладаг. Захиргааны ерөнхий хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тухай хууль, Байгаль орчны тухай хууль, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтуудыг бүхэлд нь зөрчсөн. Процессын болон хэм хэмжээний хууль зүйн хэрэглээний хувьд алдаатай захиргааны акт гарсан. Маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээж өгнө үү.

Маргаан бүхий актад Газрын хэвлийн тухай хуулийг үндэслэсэн. Ш Т ХХК нь газрын хэвлий ашиглах эрх эзэмшдэггүй, түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах, олборлох тусгай зөвшөөрлийг эзэмшдэг. Тэгэхээр Газрын хэвлийн тухай хууль нь Газрын тухай хууль болон Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулиас өмнө нь батлагдсан. Сүүлд батлагдсан хуулиараа ашигт малтмалын зориулалттай уурхай ашиглах гэдэг нь Ашигт малтмалын тухай хуулиараа тусгайлан зохицуулагдсан учраас Газрын хэвлийн тухай хуульд заасан ашигт малтмалын уурхайн эдэлбэр ашиглах гэдэг заалтыг холбогдох хуулийг баталсантай холбогдуулан хүчингүй болгосон. Тэгэхээр газрын хэвлий ашиглах гэдэг агуулгаар Газрын хэвлийн тухай хуулийг хэрэглэх ямар ч үндэслэлгүй. Энэ нь тусгайлж заасан түгээмэл тархацтай ашигт малтмалын уурхайн эдэлбэр ашиглах харилцаа юм.

Төрийн хяналт шалгалт нь өөрийн өмнө гаргасан дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрөх гэсэн үндсэн зарчим дээр явагддаг. Төрийн үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуульд зааснаар хууль болон холбогдох нотлох баримт дээр үндэслэсэн мэргэжлийн үйл ажиллагаа байх ёстой. Улсын их хурлын сонгуультай холбогдуулаад гишүүн дэвшиж байгаа гэдэг үндэслэлээр хэвийн үйл ажиллагаа явуулж, хяналт шалгалтад хамрагдаж байсан байгууллагын тусгай зөвшөөрлийг улс төрийн зорилгоор цуцалсан нь харамсалтай байна. Би тодорхой ажиллагаанд нь оролцоод баримтууд гаргаж өгөхийг оролдсон боловч хүлээж аваагүй. Тусгай зөвшөөрлийг цуцлахдаа дурдаад байгаа хүн амын эрүүл мэндэд аюултай байдал бий болгож байгаа гэсэн дээр мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлтэд холбогдох уурхайн босоо хануудын налуулалд хийгдсэн байна гэсэн. Босоо хануудын налуулалд нь ил уурхайн дүрмээрээ тодорхой градустай, өндөртэй байх ёстой. Иймд маргаан бүхий актыг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:

... Нийслэлийн Газрын алба /хуучин нэрээр/-ны мэдээллээр Найрамдал шаврын ордод түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг аж ахуйн нэгжүүдийн зөвшөөрөл бүхий талбайд 170 иргэний эзэмшил газрууд давхацдаг байна. 2014 онд нийслэлийн Засаг даргын орлогчийн баталсан удирдамжийн дагуу Ажлын хэсэг Найрамдал ордод олборлох үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг шалгаж, үр дүнг нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн улмаар нийслэлийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 01/970 дугаартай албан бичгээр тухайн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг 2015 оноос эхлэн хааж, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг-т дурдагдсан бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх болсныг мэдэгдсэн.

Иргэдийн гаргасан гомдол мэдээллийн дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Байгаль орчны газраас хамтарсан шалгалтыг 2017 оны 4-р сарын 14-ноос 28-ны хооронд гүйцэтгэсэн. Улмаар Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/609 дүгээр захирамжаар С ХХК, Э ХХК -ийн тус бүр 1 тусгай зөвшөөрлийг цуцалсан ч Э ХХК-ийн тусгай зөвшөөрлийг 2018 онд сэргээсэн.

Дүүрэг, нийслэлийн Засаг даргад хандан дээр дурдсан нөхцөл байдал нь иргэдийн эрүүл аюулгүй амьдрах нөхцөлийг доройтуулж байгаа талаар гомдол гарч, тухайн ордод үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах хүсэлт олон удаа ирсэн. Хамгийн сүүлд Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаас Нийслэлийн Засаг даргад дээрх аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүсэлт ирсэн. Уг хүсэлтийн дагуу нийслэл, дүүргийн Мэргэжлийн хяналтын байгууллагаас зохион байгуулсан төлөвлөгөөт бус хяналт шалгалтын дүн, өмнөх үзлэг шалгалтуудаар илэрсэн зөрчил, дутагдал хэвээр байгаа нөхцөл байдлыг харгалзан зөрчилтэй аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох захирамж гарсан болно. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш Т ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А/788 дугаар захирамжийн Ш Т ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Ш Т ХХК нь Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн *** нэртэй газар 25 гектар талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах MV-00**** тусгай зөвшөөрлийг 2007 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс 30 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болсон.

Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 сарын 02-ны өдрийн А/788 дугаар захирамжаар Ш Т ХХК-ийн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ... Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6, 7, 8, 11, 12 дугаар хороодын нутаг дэвсгэрт ... үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа нь хүн амын эрүүл мэндэд аюултай байдал бий болгож байгаа... гэсэн үндэслэлийг дурдаж хүчингүй болгожээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас тус газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн даргын удирдамжаар 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хяналт шалгалт хийж, 02-04-311/190 дугаар улсын байцаагчийн зөвлөмж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.С, нийслэлийн Засаг даргын тамгын газраас ирүүлсэн үүрэг даалгаврын дагуу Ш Т ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулж 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 02-05-198/774 дугаар дүгнэлтийг тус тус гаргасан байна.

Дээрх дүгнэлтэд ... Тусгай зөвшөөрөл эзэмшигч Ш Т ХХК эрх зүйн баримт бичгийн бүрдүүлэлт хангаж олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5.2, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 9 дүгээр зүйлийн 9.2, 9.3, Гамшгаас хамгаалах төлөвлөгөө, Ил уурхайн аюулгүй ажиллагааны дүрэмд заасныг тус тус биелүүлсэн. гэж дүгнэжээ.

Түүнчлэн хариуцагчийн гаргасан тайлбарт ... иргэд хүсэлт гаргасан... талаар дурдаад 18 иргэний нэр бүхий хүсэлтийг хавсаргажээ. Уг хүсэлт 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр буюу маргаан бүхий акт гарсан 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс хойш ирсэн болохыг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч Ш Т ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо болон Иргэдийн нийтийн хурал, Цагдаагийн байгууллагатай иргэдийн эрүүл аюулгүй амьдрах нөхцөлийг хангах, хөдөлгөөний аюулгүй байдлыг сахих талаар гурвалсан гэрээ байгуулж, түүнийгээ хангаж ажилладаг бөгөөд Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг хорооны Иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлж батлуулсан, Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газарт агаарын бохирдлыг хэмжүүлж, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гэрээ байгуулан ажиллажээ.

Түүнчлэн Ш Т ХХК-ийн тусгай зөвшөөрлийн дагуу эзэмшиж байсан газарт шүүхээс хийсэн үзлэг болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 02-07/3234 дүгээр албан бичгээр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороонд байрлах ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөлтэй **** А тоот лицензтэй 10 га талбай нь Улаанбаатар хотын суурьшлын бүсэд хамаарахгүй болно. гэсэн баримтуудаар хариуцагчийн тайлбарт Нийслэлийн Газрын алба /хуучин нэрээр/-ны мэдээллээр Найрамдал шаврын ордод түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг аж ахуйн нэгжүүдийн зөвшөөрөл бүхий талбайд 170 иргэний эзэмшил газрууд давхацдаг гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37-д Тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлийг 37.1.Аймаг, нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг доор дурдсан үндэслэлээр цуцална:

37.1.3.тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөөгүй, байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллага дүгнэлт гаргасан; гэж заажээ.

Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А/788 дугаар захирамжаар мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцлахдаа Ш Т ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулж, ... Тусгай зөвшөөрөл эзэмшигч Ш Т ХХК эрх зүйн баримт бичгийн бүрдүүлэлт хангаж олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5.2, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 9 дүгээр зүйлийн 9.2, 9.3, Гамшгаас хамгаалах төлөвлөгөө, Ил уурхайн аюулгүй ажиллагааны дүрэмд заасныг тус тус биелүүлсэн. гэж дүгнэсэн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 02-05-198/774 дугаар дүгнэлтийг үндэслэл болгосон эсэх нь эргэлзээтэй байна.

Хэрэв уг дүгнэлтийг үндэслэл болгосон бол Ш Т ХХК-ийн үйл ажиллагаанд Мэргэжлийн хяналтын байгууллагын хувьд хяналт шалгалт явуулж, үйл ажиллагааг хууль, журамд нийцсэн гэж дүгнэсэн дүгнэлтийг хэрхэн үнэлж, тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл болгож буй нь ойлгомжгүй.

Түүнчлэн Нийслэлийн Байгаль орчны газраас 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Сонсох ажиллагаа хийх тухай мэдэгдлийг хүргүүлж, уг мэдэгдлийн дагуу Ш Т ХХК-иас гаргасан тайлбарыг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3.Энэ хуулийн 37.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг аймаг, нийслэлийн Засаг даргад ирүүлнэ., 37.4. Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 37.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж, шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ. гэсэн журмын дагуу Ш Т ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах үйл ажиллагаа явагдаагүй нь хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.

Иймд Ш Т ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А/788 дугаар захирамжийн Ш Т ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.3, 37 дугаар зүйлийн 37.3, 37.4-д зааснаар нэхэмжлэгч Ш Т ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А/788 дугаар захирамжийн Ш Т ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр 114.1-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН