Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/197

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 166/2022/0180/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Ганхуяг,

Улсын яллагч Г.Уянга,

Шүүгдэгч А.С- нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар А.С-ид холбогдох эрүүгийн 2218000000179 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 30 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, А.С-

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.А.С- нь Дархан-Уул аймгийн ........................ томилогдон ажиллаж байх хугацаандаа 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс цэргийн албанаас зайлсхийх зорилгоор байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан “Цэргийн алба хаагч цэргийн албанаас зайлсхийх зорилгоор байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан гэмт хэргийг үйлдсэн” гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.А.С- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би өмнө нь эмнэлэгт хэвтэж байсан. Энэ хугацаанд хошууч н.О- ажилдаа ирээд ажлаа хий гэсэн. 2021 11 сард залгаж байсан. Тэрнээс хойш эмнэлэгт хэвтсэн. Өвдсөнөөс хойш 3 хоногийн дараа над руу залгаад, ажилдаа ир гэсэн тул дургүй хүрээд ажилдаа очоогүй. Акт өгснөөс хойш,  2022.02.16-ны өдөр эмчийн магадалгаатай байна гэж хэлснээс хойш над руу залгасан. Намайг өвчтэй байх хугацаанд над руу залгаад худал хэвтээд байгаа юм биш үү гээд байсан юм. Өмнө нь бас тэгсэн болохоор ажилдаа очоогүй нь миний буруу.” гэв.

 

Эрүүгийн 2218000000179 дугаартай хэргээс:

Гэрч Б.М- өгсөн: “...А.С-ийн зүүн талын нуруу татсан байдалтай орж ирсэн. Биед нь үзлэг хийгээд физик эмчилгээ болон эмийн эмчилгээ бичиж өгөөд 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүртэл эмнэлгийн магадалгаа бичиж өгсөн. 5 хоног эмчилгээ хийлгэ гэж хэлсэн. Надаа бичиг бичүүлж аваад эмчилгээ хийлгэсэн юм байхгүй дахин ирээгүй.” гэх мэдүүлэг /хх 25/,

 

Гэрч Н.О-ын өгсөн: “...Би 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс тус ангийн захирагчийн ажлыг одоог хүртэл хийж байна. 2022 оны 02 дугаар сарын 14-ний өглөө 9 цагийн үед А.А.С- миний гар утас руу залгаад “миний нуруу өвдөөд байна. Эмнэлэгт үзүүлчхээд би ажил дээр яваад очно гэж байсан. Тэгэхээр нь би “чи газрын эмчтэй холбогдоорой, бүртгүүлээрэй гэж хэлсэн.” Тэр өдрөөс хойш эмнэлгийн магадалгаа ч авч ирсэн юм байхгүй өнөөдрийг хүртэл ажилдаа ирээгүй байгаа. Би өөртэй нь холбоо барих гэж ************ гэх дугаар руу зөндөө залгаад сүүлдээ миний утсыг блок хийсэн. Тэгэхээр нь эхнэр рүү нь ************ гэсэн дугаар руу нь залгаад танай нөхрийн ажилдаа ирэхгүй байна, нуруу өвдөөд байна гэж нэг утсаар надад хэлээд дахин холбогдсон юм байхгүй, ажил таслаад ажилдаа ирэхгүй байна, юу болсон юм бол гэж асуухад эхнэр нь нуруу нь өвдсөн байгаа, харин ажилдаа яагаад явахгүй байгаа талаар мэдэхгүй байна. Надад бас юу ч ярихгүй байна гэсэн.” гэх мэдүүлэг /хх 28/,

 

Гэрч Б.Ц- өгсөн: “...хэд хоногийн дараа ангийн захирагч О- гэх хүн над руу залгаад цаадах чинь яасан юм, нуруу нь өвдөөд ажилдаа ирэхгүй байна, үнэн юм уу? энд ажил дээр хүн дэвтрийн мөнгө нэхэж ирээд байна гэхээр нь С- нуруу нь бол өвдөж байгаа гэж хэлсэн. Тэгээд орой ажлаа тарж хариад чи ажилдаа яагаад явахгүй байгаа юм бэ? гэхэд өөдөөс юу ч дуугарахгүй байхаар нь уур хүрээд би бас юу ч дуугараагүй. Тэрнээс хойш ажлын газраас нь залгаж байна гэж нэг хүн ярьсан, би ажилдаа яв гэж хэлсэн гэж хэлээд утсаа тасалсан. 2022 оны 03 дугаар сарын 02-ны орой 19 цагийн орчим хамт ажилладаг гэх хүн мэдэгдэх хуудас гэсэн зүйл авчирч А.С-ид өгөөрэй гэж өгсөн.” гэх мэдүүлэг /хх 30/,

 

Гэрч Д.Э- өгсөн: “...А.А.С-ийн эмнэлгийн магадалгааг надад 2022 оны 02 дугаар сарын 21-ний өглөө газрын жижүүр миний өрөөнд оруулж ирж өгсөн. Би эмнэлгийн магадалгааны талаар тодруулах үүрэгтэй тул үзүүлсэн эмнэлгийн эмчтэй очиж уулзаж тодруулахад а/а А.А.С-ийн биеийн байдал А54 буюу нуруу таталттай байсан гэсэн. Тэгээд өөрийнх нь утас болох ************ утас руу залгаж харьяа өрхийн эмнэлэгтээ үзүүлэхгүй яасан юм бэ гэхэд хамаатны эгчийнхээ байранд байсан юм аа, тэр хаягаар үзүүлсэн юм гэсэн. Тэгэхээр нь чи яагаад энэ үзүүлсэн өрхийн эмчдээ дахин ирж үзүүлээгүй юм бэ? энэ эмч лист өгөхгүй гэж байна гэхэд би өөрөө очоогүй юм аа, хая аа, хая гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх 32/,

 

Гэрч Б.Б- өгсөн: “...а/а А.А.С- нь 2015 онд **************** байгууллагын алба хаагчийн тангараг өргөсөн. 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Монгол Улсын цэргийн алба хаагчийн тангараг өргөсөн болохоор цэргийн алба хаагч мөн. ********** А.А.С- нь 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс хойш шалтгаангүйгээр ажил тасалсан байсан. 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр би өөрийн 803*********** дугаараас А.А.С-ийн ************ дугаар руу мэдэгдэх хуудас өгөх гэж залгасан боловч утсаа авахгүй байхаар нь **************** захирагч Н.О-т мэдэгдэх хуудсыг өгч явуулсан.” гэх мэдүүлэг /хх 34/,

 

************** ӨЭМТ-ийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн эмчийн магадалгаа /хх 46/,

 

***************** даргын 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/240 дугаар тушаалын 12-р  хавсралтаар баталсан **************** ажлын байрны тодорхойлолт /хх 48-49/,

 

****************** 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Б/666 дугаартай А.С-ийг 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс **************** томилсон тушаал /хх 64/,

 

Шүүгдэгч А.А.С-ийн цэргийн тангараг өргөсөн тухай баримт /хх 68-69/,

 

Шүүгдэгч А.А.С-ийн хувийн байдлыг тогтоосон Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Хууль сахиулах их сургуулийн ахлагчийн сургуулийн үнэмлэх, /хх 53-56/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх 59/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 70/ зэрэг бичгийн баримтуудыг судалсан болно.

 

Хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

 

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч А.А.С- нь *************** ажиллаж байх хугацаандаа 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс цэргийн албанаас зайлсхийх зорилгоор байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч А.А.С- нь ******************* ажиллаж байх хугацаандаа цэргийн албанаас зайлсхийх зорилгоор байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан үйлдэл нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн “...Өвдсөнөөс хойш 3 хоногийн дараа над руу залгаад, ажилдаа ир гэсэн тул дургүй хүрээд ажилдаа очоогүй.” гэх мэдүүлэг, гэрч Н.О-ын өгсөн: “...Тэр өдрөөс хойш эмнэлгийн магадалгаа ч авч ирсэн юм байхгүй өнөөдрийг хүртэл ажилдаа ирээгүй байгаа. Би өөртэй нь холбоо барих гэж ************ гэх дугаар руу зөндөө залгаад сүүлдээ миний утсыг блок хийсэн.” гэх мэдүүлэг /хх 28/, гэрч Б.Ц- өгсөн: “...орой ажлаа тарж хариад чи ажилдаа яагаад явахгүй байгаа юм бэ? гэхэд өөдөөс юу ч дуугарахгүй байхаар нь уур хүрээд би бас юу ч дуугараагүй. ....2022 оны 03 дугаар сарын 02-ны орой 19 цагийн орчим хамт ажилладаг гэх хүн мэдэгдэх хуудас гэсэн зүйл авчирч А.С-ид өгөөрэй гэж өгсөн.” гэх мэдүүлэг /хх 30/, гэрч Д.Э- өгсөн: “...чи яагаад энэ үзүүлсэн өрхийн эмчдээ дахин ирж үзүүлээгүй юм бэ? энэ эмч лист өгөхгүй гэж байна гэхэд би өөрөө очоогүй юм аа, хая аа, хая гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх 32/, гэрч Б.Б- өгсөн: “...********* А.А.С- нь 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс хойш шалтгаангүйгээр ажил тасалсан байсан. 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр би өөрийн 80********* дугаараас А.А.С-ийн ************ дугаар руу мэдэгдэх хуудас өгөх гэж залгасан боловч утсаа авахгүй байхаар нь 22 дугаар өнгийн захирагч Н.О-т мэдэгдэх хуудсыг өгч явуулсан.” гэх мэдүүлэг /хх 34/, *************** 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Б/666 дугаартай А.С-ийг 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс **************** томилсон тушаал /хх 64/ зэргээр хөдөлбөргүй тогтоогдсон байна.

 

Цэргийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “Цэргийн алба” гэж зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдлын байгууллагад Монгол Улсын иргэн цэргийн алба хаах үндсэн үүргийг биеэр гүйцэтгэх, эсхүл цэргийн бүртгэлд байхыг ойлгоно гэж заасан ба шүүгдэгч А.А.С- нь ***************2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Б/666 дугаартай тушаалаар *************** ажиллаж байсан байна.

 

Иймд шүүгдэгч А.А.С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан “Цэргийн алба хаагч цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги, байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан гэмт хэргийг ахлагч үйлдсэн” гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны ба шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

 

Шүүгдэгч А.А.С-ийн үйлдлийн улмаас бусдад хохирол учраагүй тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн улсын яллагч Г.Уянгын “...2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих ангид эдлүүлэх санал”, шүүгдэгч А.А.С-ийн “Би ажиллаж байх хугацаандаа сайн ажиллаж байсан, байгууллагаа төлөөлж тэмцээн уралдаанд тасралтгүй явсан. Ажлаа тасалсан нь миний буруу, цаашид өөрийнхөө алдааг анхаарна. Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх тайлбар зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн энэрэнгүй ёсны зарчмын үүднээс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учирсан төлбөргүй зэрэг байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан “зан үйлээ засах сургалтад хамрагдаж” мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн нь цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн,  1.2-д заасан бусдад төлөх хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч А.А.С- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй ба түүнд авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч А.С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан “Цэргийн алба хаагч цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги, байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан гэмт хэргийг ахлагч үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

 

   2.Шүүгдэгч А.А.С-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

   3.Шүүгдэгч А.А.С-ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан “зан үйлээ засах сургалтад хамрагдах”, 2.5-д заасан “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг тус тус хүлээлгэсүгэй.

 

   4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А.С- нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

   5.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

   6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.А.С-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

   8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.А.С-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                    

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                З.ТӨМӨРХҮҮ