Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/206

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                   Хэргийн индекс:166/2022/0191/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагч Г.Уянга,

Шүүгдэгч Г.Г.Э- нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Э-ид холбогдох эрүүгийн 2218001260154 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 31 настай, эрэгтэй, бүрэн_дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ах, эгч, дүү нарын хамт оршин суух хаягтай, урьд:

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар,

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн 205 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 234 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, 3 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан Г.Э-

 

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч Г.Г.Э- нь 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 11-нд шилжих шөнө хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох Дархан-Уул аймгийн Дархан сумын ************* тоотод байрлах Ч.Ч.Б-гийн эзэмшлийн байшингийн хаалгыг зэвсэг буюу лоом ашиглан эвдэн нэвтрэн орж 20662000 төгрөгийн үнэ бүхий алт, монетон ээмэг, бөгж, кулон болон бэлэн 500000 төгрөгийг нууцаар, хууль бусаар авч 21162000 төгрөгийн хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан “учрах саадыг арилгах зорилгоор зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, хүн байнга амьдрах зориулалттай оронд байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Г.Э- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өмнө үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахиж мэдүүлэг өгөхгүй.” гэв.

 

Эрүүгийн 2218000000186 дугаартай хэргээс:

Хохирогч Ч.Ч.Б-гийн өгсөн: “...Би нөхөр 2 хүүхдийн хамт 2022 оны 02 дугаар сарын 03-нд *********** гэрээсээ ************* сум руу ажлаар яваад өнөөдөр 2022 оны 02 дугаар сарын 12-ны 11 цаг 30 минутын үед буцаж гэртээ ирсэн. Тэгсэн манай хувийн байшингийн хашааны жижиг хаалга онгорхой, байшингийн гадаа үүдний төмөр хаалгыг хөшсөн байдалтай байхаар нь онгойлгоод гэрт орж иртэл манай гэрийн гал тогооны хөргөгч онгорхой, шүүгээ онгойлгосон байдалтай, 2 давхарт миний өрөөний хувцасны шүүгээг онгичсон байдалтай хулгайч орсон байхаар нь цагдаад дуудлага өгсөн. ... Унждаг цэцгэн хэлбэртэй Сингапур алтан ээмэг 1 хос, талстай зүрхэн хэлбэртэй шигтгэдэг Сингапур алтан ээмэг 1 хос, Саран дугуй хэлбэртэй монгол алтан ээмэг 1 хос, Эрчилсэн хээтэй, талсттай өргөн кольцо хэлбэртэй Сингапур алтан ээмэг 1 хос, талсттай өргөн кольцо хэлбэртэй Сингапур бөгж 1 ширхэг, эрчилсэн хээтэй, кольцо хэлбэртэй монгол алтан бөгж 1 ширхэг, цагариган хэлбэртэй товгор дээрээ хөндлөн зураастай монгол алтан бөгж 1 ширхэг, талсттай кольцо дээрээ зүрхэн хэлбэртэй титэм мэт дүрстэй Сингапур алтан бөгж 1 ширхэг, талсттай цагариган хэлбэртэй Сингапур алтан бөгж 1 ширхэг, титэм хэлбэртэй монгол монетон бөгж 1 ширхэг, ягаан шигтгээтэй орос монетон бөгж, монетон хос ээмэг 1 хос, эрэгтэй хүний хаан бугуйвч дүрстэй хуримын монгол монетон бөгж 1 ширхэг, чулуун шигтгээтэй, зүрхэн хэлбэртэй монетон ээмэг, бөгж, кулон 1 хос, хатгаж зүүдэг, талсттай монетон ээмэг, бөгж, кулон 1 хос, талсттай унжуурган зүрхэн хэлбэртэй солонгос монетон ээмэг 1 хос, эмэгтэй хүний хуримын монгол монетон бөгж 1 ширхэг, талсттай дундаа шигтгээтэй дугуй хэлбэрийн монетон кулон болон бэлэн мөнгө 490000 төгрөг хүүхдийн мөнгөний гахайнд байсан 10000 төгрөг зэрэг эд зүйл алдагдсан байна.” гэх мэдүүлэг  /1-р хх 73-74/,

 

Иргэний нэхэмжлэгч У.Ч- өгсөн: “...Алт, монетон эдлэл авах уу гэхээр нь би авна гэж хэлэхэд өөдөөс хуучин ломбард ажиллуулдаг байсан юм хэдэн алт, монетон эдлэл өгье гэж хэлэхээр нь за тэгвэл 10 дугаар хороололд хүргээд өгөөч би жаахан хүүхэдтэй гарч чадахгүй байна гэхэд би Дарханд байна гэж хэлсэн. Тэгээд тухайн үед Дарханд байсан М- гэж найзыгаа 95********* дугаарын утсаар холбогдож байгаад алт, монетон эдлэл аваад явуулаад өгөөч гэж гуйсан. ...13 төрлийн алт монетон ээмэг бөгжийг болон кулоныг 7.110.000 төгрөгийг Галбадрахын Г.Э- гэсэн 51********** дугаарын данс руу шилжүүлсэн. Тэгээд тухайн эд зүйлээ эгчээрээ замын таксинд дайлгаад манай нөхөр 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Драгон дээрээс тосож авч ирээд надад өгсөн. Тэгээд би өөрийн алт, монет зарна гэсэн фейсбүүк хаягаас 85********* дугаарын утсаа байрлуулж алт, монетон эдлэл зарна гэж зар байршуулаад нийт 7 ширхэг болон хос алт, монетон эдлэлийг зараад харин үлдсэн 5 ширхэг болон хос алт, монетон эдлэлийг цагдаагийн байгууллагад хураалгасан” гэх мэдүүлэг /1-р хх 83-84/,

“...7.110.000 төгрөгөөр худалдан авсан. Үүнээс 5.200.000 төгрөгийн эд зүйл зарж борлуулсан. Одоо би 1.910.000 төгрөгийн алдагдалд орсон байгаа.” гэх мэдүүлэг /1-р хх 86/,

 

Иргэний нэхэмжлэгч Ц.Ц.Ц-гийн өгсөн: “...Өөрийн бэр охин У.Ч-гээс талсттай монетон бөгжийг 190.000 төгрөгөөр бэлэн төлж аваад хэд хоног зүүсэн. Өчигдөр буюу 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр манай бэр охин У.Ч- миний утас руу залгаад ээж таны авсан бөгж хулгайд алдагдсан бөгж байсан байна гэж хэлсэн. Би бөгж худалдаж авсан 190000 төгрөгөө нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /1-р хх 89/,

 

Иргэний нэхэмжлэгч Т.Т- өгсөн: “...Би 2022 оны 02 дугаар сарын 14- ний өдөр намайг ****** ломбардын шинэ дархан салбар дээр ажиллаж байхад З- гэх эмэгтэй орж ирээд 4.3 грамм орчим монетон ээмэг 1 ширхэг, 1 граммтай монетон бөгж нийт 370.000 төгрөгт барьцаалж зээл авсан. Үүнээс хойш 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 1 грамм монетон бөгжийг 50.700 төгрөг төлөөд авсан харин монетон ээмгийг үлдээсэн байсан. Одоо монетон ээмэгний 320.000 төгрөг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /1-р хх 92/,

 

Гэрч П.О- өгсөн: “...95********* гэсэн дугаараас “Манайх ломбард байж байгаад дампуураад үлдсэн монетон эдлэлүүдээ хямд зарж байгаа юм. Хэдэн алтан монетон эдлэл байна. Зургийг нь одоо явуулчихъя” гэж хэлээд “***********” гэсэн фейсбүүк хаягаас алт монетын зургууд явуулсан. Тэгээд бид хоёр 95********* дугаар луу залгаж тохиролцоод Дарханы толгойтын төмс дээр уулзахаар тохирсон. Тэгээд манай эхнэр эмэгтэй найз руугаа яриад очиж үзээд хараад шалгаад аваадхаач гэж хэлээд эмэгтэй найзыгаа Дарханы толгойтын темс рүү явуулсан. Яг цагийг нь хэлж мэдэхгүй байна. 15-16 цагийн хооронд байх. Тэгээд манай эхнэрийн эмэгтэй найз 95********* дугаар луу залгаад ирчихлээ гээд залгатал хүүхдээ явуулчихъя гэж хэлж байсан. Тэгээд манай эхнэрийн эмэгтэй найз уулзахад үл таних эрэгтэй хүн байсан бөгөөд алт монетон эдлэлээ үнэ тохирч хаан банкны 51********** гэсэн дугаартай Г.Э- гэсэн эзэмшигчтэй данс руу 7.110.000 төгрөгийг 15 цаг 05 минутад шилжүүлчхээд нөгөө алт монет авахаар тохирсон хүн залгаад “Мөнгө чинь ороод ирлээ” гэж хэлсэн. Тэгээд Дархан-Уул аймгаас 2022 оны 02 дугаар сарын 14-ний өглөө замын унаанд дайн өгч явуулаад 2022 оны 02 сарын 14-ний 14 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн “Драгон центр” автовокзал дээрээс би ганцаараа тосож авсан.” гэх мэдүүлэг /1-р хх 99/,

 

Гэрч Б.М-ын өгсөн: “...замын эсрэг талаас 1 эрэгтэй хүн гарч ирээд манай машины хойд талын суудал дээр суугаад алт , монетон ээмэг бөгжөө үзүүлсэн. Харин би тухайн үед У.Ч-тэй гар утсаараа видео колл хийгээд шууд авах гэж байгаа ээмэг бөгжийг нь граммладаг зориулалтын багажин дээр граммлаад алт, монет мөн эсэхийг шалгаж өгсөн. Харин У.Ч- нөгөө хүнтэйгээ 7.000.000 болох уу гэж хэлсэн, харин нөгөө хүн болно гэж хэлээд тухайн хүн У.Ч-д дансаа өгсөн. ...Миний санаж байгаагаар Солонгос монетон ээмэг, бөгж, кулон том хийцтэй хослол байсан. Мөн зүрхэн хэлбэртэй 5 өнгийн шигтгээтэй улаан турк монетон бөгж, кулоны хослол, ягаан шигтгээтэй монетон ээмэг, бөгжний хослол, цагаан шигтгээтэй монетон ээмэг, бөгжний хослол, Сингапур алтан унждаг болон унждаггүй болон нийтдээ 3 ширхэг ээмэг байсан. Мөн Сингапур болон монгол алтан бөгж 3 ширхэг байсан. Талсттай настай хүний турк улаан монетон бөгж 1 ширхэг, дундаа шигтгээтэй монетон кулон 1 ширхэг, монетон 3 унжлагатай дугуй түгжээтэй ээмэг байсан.” гэх мэдүүлэг /хх 102-103/,

 

Гэрч С.З- өгсөн: “...2022 оны 02 дугаар сард буюу одоогоос 7 хоногийн өмнө санагдаж байна. Манай нагац дүү У.Ч- над руу залгаад хүнээс очоод алт, монетон эдлэл аваад хот руу явуулаад өгөөч гэхээр нь би У.Ч-гийн найзын гэрээс очижалт, монетон эдлэл авсан. Тухайн үед дотроос нь үзэж харж байгаад 3.4 грамм унждаг монетон ээмгийг нь авъя хэдэн өгөх юм гэж асуухад 370.000 төгрөг гэж У.Ч- хэлсэн. Тэгээд тухайн үед 370.000 төгрөгийг У.Ч-гийн данс руу шилжүүлж, тухайн ээмгийг аваад үлдэгдэл ээмэг, бөгжнүүдийг У.Ч- рүү явуулсан. Тухайн ээмгийг шинэ хорооллын 11 дүгээр байрны “Нөр эх” ломбардад 370.000 төгрөгөөр барьцаанд тавьсан.” гэх мэдүүлэг /хх 105-106/,

 

Гэрч Б.М- өгсөн: “...Г.Г.Э- нь 24 төлбөр авагчийн 5197000 төгрөгийн төлбөртэй байсан. Үүнээс хорих ангиас суллагдах үедээ ажил хийсний цалин 350000 төгрөг, үүн дээр 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 800000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 4.100.000 төгрөг манай ШШГ-ын дансанд тушаасан. Одоо манай шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой ямар нэг төлбөрийн үлдэгдэл байхгүй.” гэх мэдүүлэг /1-р хх 113/,

 

“Капитал зууч” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт: “гадна төмөр бүргэд хаалга /ашиглаж байсан/ 1 ширхэг нь 1700000 төгрөг.” /1-р хх 128/,

 

“Капитал зууч” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт: “17 нэр төрлийн Сингапур, Монгол, Солонгос, улсад үйлдвэрлэсэн алт, монетон эдлэл 20662000 төгрөг.” /1-р хх 137/,

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт “...гадна хаалга нь бор өнгийн 2 хавтастай бүргэд хаалга байх ба хаалганы хавтасны доод захаас дээш 0,70м зайд 0,45м урттай газар хаалганы төмөр эвлэрч гэмтсэн, хаалганы жижиг хавтасны хэсэгт доод ирмэгээс дээш 0,77м зайд 0,36м урттай газар хаалга эвдэрч гэмтсэн байсныг шинжээч гэрэл зургаар бэхжүүлэн авав. /1-р хх 5-17/,

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1-р хх 40, 46/,

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт “...өрөө рүү орох хаалганы зүүн талд байрлах хувцасны шүүгээний цонх талын хаалгыг нээж дотор шургуулгаас үнэт эдлэл хулгайлсан, харин хэдэн ширхэг зүйл авснаа санахгүй байна гэж хулгайлж авсан газрыг өөрөө зааж байсныг зургийн аргаа бэхжүүлэв. Зураг №25, 26, 27, 28 /1-р хх 57-68/,

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт “...3 дугаартай зургийг зааж “энэ хүн надад Дархан сумын 5-р багт үйл ажиллагаа явуулдаг ТМСҮТ-ийн урд машин дотор алт, монетон эд зүйл зарсан хүн мөн байна. Харин бусад зураг дээрх хүмүүсийг танихгүй гэж алт, монет зарсан хүнийг заасныг бэхжүүлэв. /1-р хх 69-70/,

 

Хохирогч Ч.Ч.Б-гийн хохирлын тооцоо /1-р хх 248-249/,

 

Шүүгдэгч Г.Г.Э-ийн хувийн байдлыг тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолуудын хуулбар /1-р хх 169-204/, Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх 215-216/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /1-р хх 217/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /1-р хх 218/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх 219/ зэрэг бичгийн баримтуудыг судаллаа.

 

Хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

 

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч Г.Г.Э- нь 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 11-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын *********************** байрлах Ч.Ч.Б-гийн байшингийн хаалгыг лоомоор эвдэж хууль бусаар нэвтрэн орж 20.662.000 төгрөгийн үнэ бүхий алт, монетон ээмэг, бөгж, кулон болон бэлэн 500000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 21.162.000 төгрөгийн хохирол учруулан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна гэж дүгнэлээ.

 

Хулгайлах гэмт хэрэг гэдэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох зорилго сэдэлтэйгээр хүч хэрэглэхгүйгээр эзэмшигчийн эзэмшлээс нууцаар, хууль бусаар авч өөрийн эзэмшилд авч зарцуулах эрх олж авахыг хэлнэ.

Хүч хэрэглэхгүйгээр гэж эзэмшигчийн амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулахгүйгээр халдахыг, хууль бусаар авах гэж эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр нууц далд аргаар авч өөрийн мэдэлд шилжүүлэхийг тус тус ойлгоно.

 

Учрах саадыг арилгах зорилгоор зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, хүн амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн  гэдэг нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөөгүй, түүнчлэн...хориг саад, хамгаалалтыг бусдад мэдэгдэхээр байрлуулсан, эсвэл хориг саадыг анхааруулсан тэмдэг, тэмдэглэгээтэй байх бөгөөд шүүгдэгч энэхүү хоригийг мэдсээр эзэмшигч өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр зэвсгийн чанартай зүйл ашиглан ...цонх, хаалга, түгжээг эвдэх, цоож цуургыг сугалах байдлаар орсон бол хууль бус нэвтрэлт гэж тус тус ойлгоно.

 

Шүүгдэгч Г.Г.Э- хохирогч Ч.Ч.Б-гийн хашаан дахь цасан дээр гутлын мөр гараагүй, гэрт харагдах гэрэлгүй байгааг судалж мэдээд, цоожтой хаалгыг эвдэх зорилгоор зэвсгийн зүйл хашаанаас эрж олсоноор өөрийн хүсэл зоригийг хэрэгжүүлэн шууд санаатай, шунахай сэдэлтээр, хохирол хор уршгийг хүсч гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлджээ.

 

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч нь Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 163 дугаар захирамж-“Хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих тухай”-аар  Дархан-Уул аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 14-ны өдрийн 234 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 01 сар 11 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, бусдад 6778550 төгрөгийн хохирол төлбөртэй байсан байна./хх195 ху/

 

Дээрх гэмт хэргийн хохирол төлбөрийг төлөхийн тулд шунахай сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэн байна.

 

Иймд шүүгдэгч Г.Г.Э-ийн үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан тул түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны ба шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн арван долдугаар бүлэг буюу Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдлоо.

 

Хохирол, хор уршгийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Ч.Б-д 21.162.000 төгрөгийн хохирол учирсан ба 8.885.500 төгрөгийн эд зүйлийг биед байдлаар, мөн 1.380.000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан нь хэрэгт авагдсан эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1-р хх 40, 46/-ээр тогтоогдож байх бөгөөд үлдэгдэл 10.896.500 төгрөг, бүргэд хаалганы төлбөр 1.700.000 төгрөг, шинжээчийн дүгнэлт гаргуулахад гарсан зардал 150.000 төгрөг нийт 12.746.500 төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч У.У.Ч-гийн нэхэмжилсэн 1.910.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ц.Ц.Ц-гийн нэхэмжилсэн 190.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Т.Т-ын нэхэмжилсэн 320.000 төгрөгийг тус тус төлж барагдуулаагүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Г.Э-оос 15166500 төгрөг гаргуулж,

-хохирогч Ч.Б- /-д  12746500 /арван хоёр сая долоон зуун дөчин зургаан мянга таван зуу/ төгрөг,

-иргэний нэхэмжлэгч У.Ч- -д 1910000 /нэг сая есөн зуун арван мянга/ төгрөг,

-иргэний нэхэмжлэгч Ц.Ц- -д 190000 /нэг зуун ерэн мянга/ төгрөг,

-иргэний нэхэмжлэгч Т- -д 320000 /гурван зуун хорин мянга/ төгрөг тус тус олгохоор шийдвэрлэв.

 

 

Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн улсын яллагчийн “...5 жил 6 сарын хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх санал”, шүүгдэгч Г.Г.Э-ийн шүүхийн хэлэлцүүлэгт эцсийн болгож хэлсэн “Хулгай хийж болохгүй юм байна гэдгийг ойлгосон. Хүлээн зөвшөөрч байна. Ялыг багасгаж өгнө үү. Хохирол төлбөрөө төлөх гэж хулгай хийсэн“ гэх тайлбар зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Г.Г.Э- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй ба түүнд авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс тоолж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Ебаримт, 1 ширхэг цэнхэр маскийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж,  битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Г.Э-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах оронд байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан  гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар шүүгдэгч Г.Г.Э-ийг 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г.Э-ид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй..

 

4.Шүүгдэгч Г.Г.Э- нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Г.Э-оос 15166500 төгрөг гаргуулж,

-хохирогч Ч.Б- -д  12746500 /арван хоёр сая долоон зуун дөчин зургаан мянга таван зуу/ төгрөг,

-иргэний нэхэмжлэгч У.Ч- -д 1910000 /нэг сая есөн зуун арван мянга/ төгрөг,

-иргэний нэхэмжлэгч Ц.Ц- -д 190000 /нэг зуун ерэн мянга/ төгрөг,

-иргэний нэхэмжлэгч Т- -д 320000 /гурван зуун хорин мянга/ төгрөг тус тус олгосугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Г.Э-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс тоолсугай.

 

7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Ебаримт, 1 ширхэг цэнхэр маскийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Г.Э-ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                    

 

 

           

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ТӨМӨРХҮҮ