Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/207

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                     Хэргийн индекс:166/2022/0192/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат,

Улсын яллагч Б.Батсүх,

Шүүгдэгч С.С.Г- нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Г-т холбогдох эрүүгийн 2218000000201 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, экскаваторын оператор мэргэжилтэй, урьд:

 -Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 219 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн албадан ажил хийлгэх ял шийтгэгдсэн,

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 200 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 648.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн С.Г-

 

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч С.С.Г- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр ****************** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Г.Г.Н-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.С.Г- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өмнө мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй.” гэв.

 

Эрүүгийн 2218000000201 дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч С.С.Г-ийн яллагдагчаар өгсөн: “...Г.Н- найзынхаа хамтаар машинтайгаа байрны гадаа ирж зогсоод байхгүй суугаад байсан. Манай хүү цонхоор “ээж гэртээ орооч” гээд орилоод байхаар нь би наанаас нь очоод машиных нь цонхоор “чи гэрт орохгүй юм уу” гэхэд одоо ингээд орлоо гэсэн. Би түрүүлээд гэртээ орсон боловч араас орж ирэхгүй байж байгаад 01 цагийн үед орж ирээд “чи хүүхэд хаяж явлаа” гээд над руу уурлаад дайрч давшлаад байхаар нь миний уур хүрээд нүүрэн тус газарт нь гараараа 2-3 удаа цохисон.” гэх мэдүүлэг /хх 34/,

 

Хохирогч Г.Г.Н-ийн өгсөн: “...С.Г- бол миний нөхөр байсан юм аа. Бид хоёр 2000 оноос хойш хамт амьдарч байгаад 2009 онд салж тусдаа амьдрах болсон. Энэ хугацаанд хоёр хүүхэдтэй болсон бөгөөд таарч тохирохгүй болоод салсан. Манай хоёр хүүхэд над дээр буюу Улаанбаатар хотод амьдардаг бөгөөд хичээлийн амралт нь болж аав дээрээ ирж амрах гээд 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр ********* ирсэн...Хүүгээ аваад гарах санаатай байж байтал араас С.Г- согтуу орж ирээд үгийн зөрөөгүй намайг газар унагаад дараа нь миний толгой болон нүүр рүү гараараа хэд хэдэн удаа цохисон. Тэгэхээр нь би гараад зугтах гэсэн боловч миний араас татаж дахин газар унагаад миний толгой руу гараараа цохисон.” гэх мэдүүлэг /хх 16-18/,

 

Насанд хүрээгүй гэрч Г.Б* өгсөн: “...Ээжийг цамцны энгэрээс нь татаж байгаад нүүрэн тус газар нь 2-3 удаа алгадсан. Энэ үед ээж газар унахад аав өөрийнхөө гар утсаар төрсөн эгч рүү гээ залгаж Н* гэрт агсан согтуу тавиад байна, манай гэрт хүрээд ир гэж хэлсэн чинь аавын эгч нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байсан.” гэх мэдүүлэг /хх 22/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 397 дугаартай шинжээчийн дүгнэлт:

-Г.Н* биед баруун нүд, хамар, баруун шуунд зулгаралт, баруун нүд, хүзүү, зүүн гарын 4-5 дугаар хурууны 1 дүгээр шивнүүрт цус хуралт, дээд уруулд язралт, баруун нүдний зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

-Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид гэмтэл нь эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” /хх 26-27/,

 

Шүүгдэгч С.С.Г-ийн хувийн байдлыг тогтоосон арилжааны банкуудад харилцах болон хадгаламжийн данстай эсэх тодорхойлолт, дансны дэлгэрэнгүй хуулга /хх 37-50/, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, оршин суух газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх 54-60/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх 69-72/ зэрэг бичгийн баримтуудыг судалсан болно.

 

Хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

 

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч С.С.Г- нь 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Дархан-Уул аймгийн *******************тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Г.Г.Н-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна гэж дүгнэлээ.

 

“Гэр бүлийн хүчирхийлэл” гэдгийг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор тодорхойлсон байна.

 

Шүүгдэгч С.С.Г-, хохирогч Г.Г.Н- нар нь гэрлэлтээ төрийн эрх бүхий байгууллагад 2003 оны 01 сарын 29-ны өдөр бүртгүүлжээ./хх-55 ху/ Хэдийгээр тэдний мэдүүлэгт “салсан” гэх боловч гэрлэлт дуусгавар болсон гэх баримт хэрэгт авагдаагүй тул  хууль ёсны эх нөхөр байна.

 

Шүүгдэгч С.С.Г- эхнэр Г.Г.Н-ийг үл ялих зүйлээр шалтаглан газар цохиж унагаасан, толгой нүүр рүү цохиж хүч хэрэглэсэн үйлдэл нь хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүйн/-н улмаас хохирол, хор уршиг учруулсныг гэмт хэрэгт тооцох зохицуулалттай.

 

Иймд шүүгдэгч С.С.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны ба шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

 

Хохирогч Г.Г.Н- нь “миний эмчилгээнд 1 сая гаран төгрөгийн зардал гарсан бөгөөд хохирлыг бүрэн барагдуулсан” гэх мэдүүлэг /хх 18/ өгсөн байх тул шүүгдэгч С.С.Г-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн улсын яллагч Б.Батсүхийн “...600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох санал”, шүүгдэгч С.С.Г-ийн “гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн” зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж үзэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй.” гэж заасан тул шүүхээс торгох ялыг хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй гэж үзсэн болно.

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан бусдад учруулсан хохирол төлбөрөө төлж барагдуулсныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч С.С.Г- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй ба түүнд авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч С.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.С.Г-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.С.Г- нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

   4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

   5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.С.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

   7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.С.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                    

 

 

           

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ТӨМӨРХҮҮ