Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/406

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч С.Ууганбаяр /томилолтоор/

шүүгдэгч Ц.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн Б.Ц.Цад холбогдох эрүүгийн ................ дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр ......... төрсөн, ... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа ногоо тарьдаг, ам бүл 2, нөхрийн хамт, ............... тоотод оршин суух хаягтай, Урьд ял шийтгэлгүй Б.Ц.Ц (РД: ......)

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Ц нь 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, 70в-189 тоотод хамтран амьдрагч Д.Д нь “танай хүүхдүүд надаар зээл авхуулдаг” гэж хэлэн уурлахад гал тогооны тавцан дээр байсан бор иштэй хутгыг авч түүний зүүн хөлийн гуя тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг: 

 

          Шүүгдэгч Ц.Ц: “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч Д.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр гэртээ эхнэр Ц.Цын хамтаар 2 шил архи хувааж уусан. Тэгээд архи ууж байгаад гэнэт дургүй хүрээд эхнэр лүүгээ танай хүүхдүүд надаар зээл авхуулаад тэрийгээ төлдөггүй гээд мөнгөнөөс болоод маргалдсан. Тэгсэн чинь манай эхнэр Ц.Ц намайг согтуу хэвтэж байхад миний зүүн хөлийн гуяны ар хэсэг рүү гал тогоонд байсан хутгыг аваад зоочихсон. Тэгээд нэг мэдсэн бага хүү маань ирчихсэн түргэн дуудсан. Миний зүүн хөлийн гуяны ард талд зүсэгдэж оёдол тавиулсан...” (хавтас хэргийн 13-14 дэх тал) гэсэн,

 

Гэрч Б.Батдорж мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...хойд аав Д.Д маань том өрөөнд хэвтэж байсан ба хөнжил нь цус болчихсон байхаар нь гайхаад сөхөөд харсан чинь гуяны араас нь цус гарчихсан байсан. Тэгээд ээж Ц.Цаас асуухад аав, ээж хоёр зээлийн асуудлаас болоод хэрэлдээд ээж маань хойд аавын гуя руу хутгаар хатгачихсан гэж хэлсэн...” (хавтас хэргийн 17 дахь тал) гэсэн,

 

Яллагдагчаар Ц.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...нөхөр Д.Д маань над руу агсраад танай хүүхдүүд чинь надаар зээл авхуулсан зээлээ төлөхгүй байна гэх мэтээр уурлаад байсан, тэгээд гэнэт миний уур хүрээд ухас хийж босоод гал тогооны ширээн дээр байсан хутгийг аваад Д.Дын гуя руу зоосон...” (хавтас хэргийн 52 дахь тал) гэсэн,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 4957 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний хэсэг газрын үзлэгт “...Зүүн гуяны ар доод хэсгээс доод хэсэг хүрсэн 13,0x0,2 см мэс заслын оёдол бүхий хүрэн өнгийн тав бүхий зарим хэсгээр тав нь унасан эдгэж буй шархтай” гэх (хавтаст хэргийн 23-24 дэх тал)

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 4-р сарын 19-ны өдрийн шинжээчийн 376 дугаар “...Д.Дын биед зүүн гуянд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир, үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” (хавтаст хэргийн 27-29 дэх тал) гэсэн дүгнэлт

 

Яаралтай тусламжийн хуудас “хутганы шархны гүн 10 см орчим” онош "зүүн гуяны хутгалагдсан шарх” гэх (хавтаст хэргийн 34 дэх тал),

 

102 тусгай дугаарт гомдол мэдээлэл ирүүлсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 4 дэх тал),

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 5-9 дэх тал),

Хохирогчийн өвчний түүх (хавтаст хэргийн 32-42 дахь тал),

        

          Шүүгдэгч Ц.Цын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 54-60 дахь тал),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 62 дахь тал),

Хохирогч Д.Д хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 64 дэх тал) зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

1. Шүүгдэгч Ц.Ц нь 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, 70в-189 тоотод хамтран амьдрагч Д.Д нь “танай хүүхдүүд надаар зээл авхуулдаг” гэж хэлэн уурлахад гал тогооны тавцан дээр байсан бор иштэй хутгыг авч түүний зүүн хөлийн гуя тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Д.Д болон шүүгдэгч Ц.Ц нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны №376 дугаартай дүгнэлт, Хохирогч Д.Д хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 64 дэх тал) зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хохирогч Д.Дын эрүүл мэндэд нь “...биед зүүн гуянд шарх...” бүхий гэмтэл нь шүүгдэгч Ц.Ц түүний хөл хэсэгт хутгаар үүсгэсэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Ц.Ц, хохирогч Д.Дын эрүүл мэндэд нь “...биед зүүн гуянд шарх...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Цын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ц.Ц нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Мөн энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь хохирогчийн зүй бус зан харилцаа нөлөөлснийг тэмдэглэх нь зүйтэй.

 

2. Шүүгдэгч Ц.Ц нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нөхөн төлөхөө илэрхийлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч Ц.Цыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал (хавтаст хэргийн 33-85 дахь тал) зэргийг харгалзан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавь) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.Ц Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 6 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар Ц.Цад оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд сэргээх үүрэгтэй бөгөөд Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол гэм хорын мөнгөөр нөхөн төлнө, ” гэж Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан. 

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Дын эрүүл мэндэд биед зүүн гуянд шарх бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч Д.Д нь гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардал төлбөр нэхэмжлээгүй гомдол саналгүй гэсэн нь хавтаст хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн 2210007500559 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Ц.Цыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ц.Ц торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 6 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Ц.Цад оногдуулсан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч Ц.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Ц урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

7. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ