Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хувсааралын Дашдэчмаа |
Хэргийн индекс | 182/2018/00152/и |
Дугаар | 684 |
Огноо | 2018-04-10 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 684
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, шүүгч И.Амартөгс, шүүгч Ж.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М.Т.И ХХК /РД:0000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.О.А.Ж.Я холбогдох,
Хохиролд 35,244,274 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Азжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дэлгэрцэцэг, иргэдийн төлөөлөгч Л.Төгссайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оюу-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Азжаргал шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манай компани Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Богдхан уулын дархан цаазат улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/27 тоот тушаалаар 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдөр газар ашиглах гэрчилгээг авсан.
Гэвч уг газартай холбогдуулан Азийн ирээдүй ХХК манай компанийн ашиглаж байсан зөвшөөрөлтэй газар хэмээн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд 3 шатны шүүхийн шийдвэрээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн.
Манай компанид олгогдсон газар эзэмших эрх хүчингүй болсон учраас тэмдэгтийн хураамжид төлсөн 12,000,000 төгрөг, гэрчилгээний үнэ 22,500 төгрөг, нөхөн сэргээлтийн зардал 1,000,000 төгрөг, газрын төлбөрт төлсөн 22,056,774 төгрөг, газрын хатуужилт тогтоолгосны төлбөр 165,000 төгрөг, нийт 35,244,274 төгрөгийн хохирол учирсан.
Ийм учраас төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирол 35,244,274 төгрөгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас гаргуулж өгнө үү ... гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Дэлгэрцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Захиргааны хэргийн анхан шатны шүүх бол нэхэмжлэгчид газар олгосон шийдвэрийг биш, Азийн ирээдүй ХХК-д газар эзэмших эрх олгосон өмнөх сайдын тушаалыг хүчингүй болгосон. Нэхэмжлэгчид газар олгосон сайдын 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн А/266 тоот тушаал нь анхнаасаа хууль зөрчиж гарсан байсан.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасны дагуу эхлээд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны саналыг авах ёстой байхад Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн А/266 дугаар тушаал гарсны дараа Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны санал 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр санал нь гарсан байдаг.
Мөн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны санал дээр дарга гарын үсэг зурах ёстой байхад мэргэжилтэн нь гарын үсэг зурсан байсан.
Газрын төлбөрийг манай байгууллагад биш Хан-Уул дүүргийн Газрын албанд төлдөг.
Сайдын 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн А/266 тоот тушаал нь анхнаасаа хууль зөрчиж гарсан, илт хууль бус акт байсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Монгол технологи интернэйшнл ХХК нь хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдуулан хохиролд 35,244,274 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нь Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн А/266 тоот тушаал нь анхнаасаа хууль зөрчиж гарсан, илт хууль бус акт байсан, мөн газрын төлбөрийг яаманд биш Хан-Уул дүүргийн Газрын албанд төлдөг учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Нэхэмжлэгч Монгол технологи интернэйшнл ХХК 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглуулах тухай 2015/252 тоот гэрээг Хан-Уул дүүргийн Засаг дарга болон Богдхан-Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай байгуулжээ.
Энэхүү гэрээгээр нэхэмжлэгч нь Богдхан-Уулын Дархан цаазат Нүхтийн амны хязгаарлалтын бүсэд нийт 2.4 га газрыг 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаатайгаар нэг ээлжиндээ 320-450 хүн хүлээн авах хүчин чадалтай үйлчилгээний төв бүхий амралт, аялал жуулчлалын цогцолборын зориулалтаар ашиглаж, жилд 31,680,000 төгрөгийг газрын төлбөрт, 1,000,000 төгрөгийг байгалийн унаган төрхийг хамгаалах, нөхөн сэргээх зардалд тус тус төлөх үүргийг хүлээжээ.
Монгол технологи интернэшнл ХХК-д Богдхан-Уулын Дархан цаазат Нүхтийн амны хязгаарлалтын бүсэд нийт 2.4 га газрыг олгосон Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн А-266 тоот Газар ашиглах эрх цуцлах, газар ашиглах зөвшөөрөл олгох тухай тушаалыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 02 дугаар шийдвэрээр илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож шийдвэрлэсэн байх ба Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2017/0170 дугаар магадлалаар хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Монгол улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 194 дүгээр тогтоолоор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2017/0170 дугаар магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Монгол технологи интернэшнл ХХК-д Богдхан-Уулын Дархан цаазат Нүхтийн амны хязгаарлалтын бүсэд нийт 2.4 га газрыг олгосон Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн А-266 тоот Газар ашиглах эрх цуцлах, газар ашиглах зөвшөөрөл олгох тухай тушаал хууль бус байсан болох нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 02 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2017/0170 дугаар магадлал, Монгол улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 194 дүгээр тогтоолоор тус тус тогтоогдлоо.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/353 тоот Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай тушаалаар ...Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн А-266 тоот тушаалын хавсралтын 70 дахь заалтын Монгол технологи интернэшнл ХХК-д олгосон 2.4 га газрын холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Монгол технологи интернэйшнл ХХК-ийн Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн А-266 тоот тушаалын үндэслэн Хан-Уул дүүргийн Засаг дарга болон Богдхан-Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглуулах тухай 2015/252 тоот гэрээний дагуу тэмдэгтийн хураамжид 2015 оны 8 дугаар сарын 06-нд 12,000,000 төгрөг, гэрчилгээний үнэд 22,500 төгрөг, нөхөн сэргээлтийн зардалд 2015 оны 10 дугаар сарын 23-нд 1,000,000 төгрөг, газрын төлбөрт 2016 оны 6 дугаар сарын 21-нд 7,920,000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 10-нд 7,920,000 төгрөг, Глобал бридж ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 13-нд газрын төлбөрт 6,216,774 төгрөг, Газрын хатуужилт тогтоолгох төлбөрт 2016 оны 3 дугаар сарын 30-нд 165,000 төгрөгийг Ди Жи Пи ХХК-д тус тус төлсөн байна.
Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуй нэгж байгууллага зохих хууль тогтоомж, гэрээний дагуу газрын төлбөр төлнө гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн Засаг дарга болон Богдхан-Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглуулах тухай 2015/252 тоот гэрээний 2.4-т зааснаар жилд 31,680,000 төгрөгийг улирал бүрийн эхний сарын 25-ны дотор 7,920,000 төгрөгөөр төлөх үүргийг хүлээжээ.
Монгол улсын Засгийн газрын тухай хуульд орсон 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн нэмэлт, өөрчлөлтөөр Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны нэрийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам болгон өөрчилсөн байх тул Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны эрх, үүрэг нь Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд шилжсэн гэж үзнэ. /Legalinfo.mn Монгол улсын Засгийн газрын тухай хууль/ Мөн зохигч энэ талаар маргаагүй болно.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгахаар зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч нь төрийн албан хаагчийн буюу Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын буруутай үйл ажиллагааны улмаас өөрт учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй учраас нэхэмжлэгч Монгол технологи интернэйшнл ХХК-иас 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдөр тэмдэгтийн хураамжид төлсөн 12,000,000 төгрөг, гэрчилгээний үнэд төлсөн 22,500 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нөхөн сэргээлтийн зардалд төлсөн 1,000,000 төгрөг, газрын төлбөрт 2016 оны 6 дугаар сарын 21-нд төлсөн 7,920,000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 10-нд төлсөн 7,920,000 төгрөг буюу нийт 28,862,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.
Харин Глобал бридж ХХК-иас газрын төлбөрт 2015 оны 11 дүгээр сарын 13-нд төлсөн 6,216,774 төгрөг, Газрын хатуужилт тогтоолгох гэрээний дагуу төлбөрт Ди Жи Пи ХХК-д 2016 оны 3 дугаар сарын 30-нд төлсөн 165,000 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй юм.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Глобал бридж ХХК-ийг 13 охин компани бөгөөд Монгол технологи интернэйшнл ХХК нь нэг охин компани нь учраас санхүүгийн хувьд нэг байдаг болохоор Глобал бридж ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 13-нд газрын төлбөрт 6,216,774 төгрөг, Газрын хатуужилт тогтоолгох төлбөрт 2016 оны 3 дугаар сарын 30-нд 165,000 төгрөгийг Ди Жи Пи ХХК-д тус тус төлсөн гэж тайлбарласан бол хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч газрын төлбөрт төлсөн данс нь гэрээнд тусгагдсан данс биш, баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэж тус тус тайлбарласан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна гэж тус тус заасан.
Компанийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т Компанийн нийт гаргасан энгийн хувьцааны 50-аас дээш хувийг өөр /толгой/ компани дангаараа буюу нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшдэг бие даасан компанийг охин компани гэнэ гэж заасан бөгөөд хэрэгт авагдсан Монгол технологи интернэйшнл ХХК-ийн 000022085 дугаартай Улсын бүртгэлийн гэрчилгээнд гишүүдийн тоо 1, Дамиран овогтой Баянзулыг захирлаар томимлсоныг бүртгэв гэсэн байх ба мөн Үүсгэн байгуулагчийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 03 тоот шийдвэрийн 1 дүгээр хавсралт болох Компанийн дүрэмд ...Компанийн үүсгэн байгуулагч, 100 хувийн хувьцаа эзэмшигч нь Дамирангийн Баянзул..., ...компанийн хувьцаа эзэмшигч нь гүйцэтгэх захирал байж болно... гэсэн байх тул нь нэхэмжлэгчийг Глобал бридж ХХК-ийн охин компани гэж үзэх үндэслэлгүй тогтоогдсонгүй.
Мөн Монгол технологи интернэйшнл ХХК-ийн Хан-Уул дүүргийн Засаг дарга болон Богдхан-Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглуулах тухай 2015/252 тоот гэрээний 2.4.в-д төлбөр хийх хугацаа гээд Газрын төлбөрийг тэнцүү хэмжээгээр улирал бүрийн эхний сарын 25-ны дотор Хан-Уул дүүргийн Өмч газрын харилцааны албаны Улаанбаатар хотын банк 2603007906 тоот дансанд төлнө гэсэн байх ба нэхэмжлэгч нь гэрээнд заагдсан дансанд газрын төлбөрт 2016 оны 6 дугаар сарын 21-нд 7,920,000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 10-нд 7,920,000 төгрөг тус тус төлсөн болох нь Улаанбаатар хотын банкны баримтууд /хх-ийн 20, 21 х/-аар тогтоогдож байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.
Ийм учраас хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 28,862,500 төгрөгийг гаргуулан Монгол технологи интернэйшнл ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас Глобал бридж ХХК-ийн 2015 оны 11 дүгээр сарын 13-нд газрын төлбөрт төлсөн 6,216,774 төгрөг, Газрын хатуужилт тогтоолгох төлбөрт 2016 оны 3 дугаар сарын 30-нд төлсөн 165,000 төгрөг буюу нийт 6,381,774 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т зааснаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 28,862,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Монгол технологи интернэшнл ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,381,774 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Монгол технологи интернэшнл ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 334,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 302,262 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ДАШДЭЧМАА
ШҮҮГЧИД И.АМАРТӨГС
Ж.БАЙГАЛМАА