Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 549

 

 

 

 

 

 

2019           6              4                                              2019/ДШМ/549                                   

 

Б.Бод холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Зориг, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Л.Соёмбо,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ж.Батбаяр,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 283 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч Ж.Батбаярын гаргасан давж заалдах гомдлоор Б.Бод холбогдох 1905003910078 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Т овгийн Б-ын Б, 1990 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Дорноговь аймагт хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “МАК” ХХК-д ажиллаж байсан гэх, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн ..... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:......../,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 568 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан;

 

Б.Б нь 2019 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 17 цагийн орчим Баянгол дүүргийн 6 дугаар хороо, “Сити” 18 дугаар байрны 1 дүгээр орцонд иргэн Б.Ун эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Т овгийн Б-ын Бийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 /дөрөв/ жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Б.Б энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Б.У нь хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг флашыг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бийн цагдан хоригдсон 43 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч Ж.Батбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Бийн гэм буруу дээр маргахгүй байна. Харин түүнд оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. Б.Б нь мөрдөн байцаалтын шатнаас гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирол төлбөргүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан 4 жилийн хорих ялыг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар 1 жилийн хорих ял болгон багасгаж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Надад оногдуулсан 4 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

         

            Прокурор Л.Соёмбо тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Бийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан анхан шатны шүүхээс 4 жилийн хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

 

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 17 цагийн орчим Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Сити 18 дугаар байрны 1 дүгээр орцонд иргэн Б.Ун эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон болох нь:

 

Хохирогч Б.Ун “...лифтээ дуудаад бууж ирэхийг нь хүлээгээд зогсож байхад нэг эрэгтэй хүн миний хойхон талд ирээд зогссон...тэр хүн гэнэт миний хойноос хоолой боогоод газарт унагаагаад, хэвлийн тус газарт гараараа 3-4 удаа цохисон...туслаарай гээд их чанга орилсон...гэнэт цохиж байснаа гараад явсан, би ухаан балартаад үлдсэн. ...” /хх 13-14/, гэрч Б.Баярсүхийн “...дүү Бийг дээрмийн гэмт хэрэгт холбогдож шалгагдаж байгаа гэхээр нь facebook-р бичлэг гарсан гэснийг үзэхэд манай дүү Б.Б орцонд лифтний үүдэнд нэг танихгүй хүнийг дарж унагаагаад цохиж байгаа бичлэг байсан. ...” /хх 23-24/, шүүгдэгч Б.Бийн “...орцон дотор нэг охин зогсож байхаар нь тэр охиныг дарж унагаагаад гуя, хөл рүү нь гараараа хэд хэдэн удаа цохисон... би буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байна, хийсэн хэрэгтээ гэмшиж байна.  ...” /хх 40-41, 51-53/ гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 1608 дугаартай “Б.Ун биед баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг хамаарахгүй. Гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...” болохыг тогтоосон дүгнэлт /хх 30/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 3-5/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 6-7/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Бийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйчлэл зөв байна.

 

Шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч Ж.Батбаяр “...Б.Бод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан түүнд оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Дээрэмдэх гэмт хэргийн хувьд, гэмт этгээд санаа зорилгоо хэрэгжүүлсэн, хэрэгжүүлээгүйгээс үл шалтгаалан хүч хэрэглэснээр эсхүл хүч хэрэглэхээр заналхийлсэн үеэс төгсдөг онцлогтой. Шүүгдэгч Б.Б хохирогч Б.Ун эд зүйлийн авахаар хүч хэрэглэн довтолсныг дээрэмдэх гэмт хэрэг төгссөн, тухайн гэмт хэргийн шинж, шалгуурыг бүрэн хангасан гэж үзнэ.

 

Нөгөөтэйгүүр шүүгдэгч Б.Б нь хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа талаараа давж заалдах гомдолдоо дурдсан хэдий ч түүний хүч хэрэглэн довтолсон байдал, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэж боломжгүй байна гэж үзлээ.

 

Харин давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Б.Бийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан 4 жилийн хорих ялыг 2 жилийн хорих ял болгон, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 283 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...шүүгдэгч Б.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэснийг “...шүүгдэгч Б.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгүүдийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                            Б.ЗОРИГ

                        ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН