Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
Хэргийн индекс | 128/2023/0696/З |
Дугаар | 221/МА2023/0696 |
Огноо | 2023-11-23 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 221/МА2023/0696
“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү,
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Н.Хонинхүү,
Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,
Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагчийн төлөөлөгч Д.Б
Нэхэмжлэгч:“С” ХХК
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 568 дугаар шийдвэртэй,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Мөнхтуяа
Хэргийн индекс: 128/2023/0375/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “С” ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан ““С” ХХК-ийн Төв аймгийн Баянцагаан сумын нутагт орших Шохойт уул нэртэй 619.13 гектар талбай бүхий XV-0213xx тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалсан 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 07 дугаар шийдвэрийн “С” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 568 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан “С” ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 07 дугаар шийдвэрийн “С” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн төлөөлөгч Д.Б-аас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч байна. Үүнд: ...
3.1. “Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д "Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө" гэж, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т "Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө" гэж, 34.6-д "Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна" гэж, 34.7-д "Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална" гэж хуульчилсан.
3.2. Гэтэл "С" ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан тусгай зөвшөөрлийг олгосон өдөр буюу 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн дотор төлөх ба мөн зүйлийн 34.7-д заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс өмнө төлөөгүй ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хурал дээр тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт хуулийн хугацаанд төлөөгүйд маргаагүй.
3.3. Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д "Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална" гэж заасны дагуу ашигт малтмалын хайгуулын ХV-0213xx дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 07 дугаар шийдвэрээр цуцалсан нь үндэслэлтэй байна.
3.4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: "...Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т... тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн талаар тусгай зөвшөөрөл эзэмшигчид урьдчилан мэдэгдэх үйл ажиллагааг нарийвчлан зохицуулсан байх ба тухайн тохиолдолд хариуцагч нь хариуцагч нь хуулиар хүлээсэн энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна. Тодруулбал, хариуцагчаас 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 8/3628 тоот мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлсэн гэх боловч уг мэдэгдэл нэхэмжлэгч хуулийн этгээдээс үл хамаарах шалтгаанаар хүргэгдээгүй болох нь... хаяг алдаатай шалтгаанаар илгээгчид буцааж... гардуулсан болох нь тогтоогдож байна" гэжээ.
3.5. Шүүхээс хаяг алдаатай шалтгаанаар илгээгчид буцаагдсан гэж "Монгол шуудан" ХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 18/18 дугаар албан бичгээр ирүүлсэн Ашигт малтмал, газрын тосны газраас 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр "С" ХХК, СБДүүрэг 5 дугаар хороо, "701188xx" хаягаар илгээсэн RD1658909xxMN бүртгэлийн дугаар илгээмжийг алдаатай шалтгаанаар илгээгчид буцаасан гэх илтэд худал мэдээлэл, нотлох баримтыг үндэслэн дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна.
3.6. Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.12-т "Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хаяг, цахим шуудан, утас, факсын дугаар өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ." гэж заасан.
3.7. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т "Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана" гэж заасны дагуу "Цуцлах үндэслэл бүрдсэн тухай" мэдэгдлийг 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 8/3628 тоот албан бичгээр "С” ХХК-д АМГТГ-ын Кадастрын бүртгэлийн систем /СМСЅ/-д бүртгүүлсэн албан ёсны хаяг болох Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг x дугаар хороо 3-x тоот. Утас: 701188xx, 991143xx хаягаар нэхэмжлэгчид хүргүүлсэн ба энэ талаар холбогдох нотлох баримтуудыг 2023.06.12-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргаж хэргийн материалд авагдсан байна.
3.8. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн "Тусгай зөвшөөрөл цуцлах тухай" 07 дугаар шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүх дээрх хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтад заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Шүүх гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхив. Үүнд:
2.1. Нэхэмжлэгч “С” ХХК-ийн хүчингүй болгуулахаар маргаж буй Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 07 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг үндэслэн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт хуульд заасан хугацаанд бүрэн төлөөгүй гэсэн үндэслэлээр тус компанийн XV-0213xx дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалжээ.
2.2. Нэхэмжлэгч компани нь тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн дотор төлөх ёстой байсан боловч төлөөгүй бөгөөд “...хариуцагч байгууллага 2022 оны 06 дугаар сард тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жил буюу 2025 он хүртэл сунгахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-т заасан нөхцөл шаардлагыг хангасан гэж үзсэн. Гэтэл ...2022 оны 08 дугаар сард тусгай зөвшөөрлийг цуцлахдаа хуульд заасан журмын дагуу сонсох ажиллагаа хийгээгүй” гэж маргасан.
2.3. Хариуцагч давж заалдах гомдолдоо “...тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана гэж заасны дагуу “Цуцлах үндэслэл бүрдсэн тухай” мэдэгдлийг 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 8/3628 тоот албан бичгээр “С” ХХК-д кадастрын бүртгэлийн систем /CMCS/-д бүртгүүлсэн албан ёсны хаяг болох ...хаягаар нэхэмжлэгчид хүргүүлсэн. Шүүхээс ...бүртгэлийн дугаартай илгээмжийг алдаатай шалтгаанаар илгээгчид буцаасан гэх илтэд худал мэдээлэл, нотлох баримтыг үндэслэн дүгнэж байгаа нь үндэслэлгүй” гэжээ.
2.4. Нэхэмжлэгч компаниас ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө”, 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж заасны дагуу 2019-2021 оныг хүртэл төлж ирсэн боловч 4 дэх жилийн төлбөр буюу 2022 оны төлбөрийг дээрх хуульд заасан хугацааны дотор төлөөгүй тул Ашигт малтмал, газрын тосны газраас 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 8/3628 тоот “Цуцлах үндэслэл бүрдсэн тухай” албан бичгийг “С” ХХК-ийн албан ёсны хаягаар илгээсэн байна.
2.5. Хэдийгээр хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч компанийн албан ёсны хаяг болох Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, x дугаар хороо, 3-x тоотод бүртгэлтэй хаягаар “Цуцлах үндэслэл бүрдсэн тухай” мэдэгдлийг 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 8/3628 тоот албан бичгээр явуулсан гэж тайлбарлаж байх боловч уг албан бичиг нэхэмжлэгч компанид хүргэгдээгүй буюу буцаалт хийгдсэн болох нь “Монгол шуудан” ХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн “...хаяг алдаатай шалтгаанаар илгээгчид буцааж, ...Ашигт малтмал газрын тосны газрын ажилтан А.М-д гардуулсан” гэх 18/18 тоот албан бичиг, Ашигт малтмал, газрын тосны газраас 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 10/1374 тоот албан бичгийн хавсралтаар ирүүлсэн “Баримт бичиг хүлээлцэх дэвтэр”-ийн хуулбар зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул энэ талаарх хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.
2.6. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан мэдэгдэл хүргүүлэх бөгөөд хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсэгт зааснаар мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол түүнийг нотлох эрхийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгосон.
2.7. Маргаан бүхий энэ тохиолдолд “нэхэмжлэгч компаниас тусгай зөвшөөрлийн 2019-2021 оны жил бүрийн төлбөрийг бүрэн төлсөн, 2022 оны ээлжит жилийн төлбөрөө төлсөн гэж төөрөгдөлд орсон цаашид үйл ажиллагаа явуулах хүсэлтэй байх тул мэдэгдэл авснаар төлбөр бүрэн төлөгдөх боломжтой байсан, ...хайгуулын талбайд гаргасан зардал, ...гүйцэтгэх захирал хүнд өвчний улмаас мэс засалд орж, гадаад, дотоодод олон сараар эмчлүүлсэн зэрэг үйл баримтыг харгалзан үзсэнийг буруутгах боломжгүй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
2.8. Тодруулбал, Ашигт малтмал, газрын тосны газраас 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 8/3628 тоот “Цуцлах үндэслэл бүрдсэн тухай” албан бичгийг “С” ХХК-ийн албан ёсны хаягаар илгээсэн боловч шуудангийн буцаалт ирсэн байхад энэ талаар тодруулж нэхэмжлэгч компанид ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана”, 56.3-д “Энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ”, 56.4-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.3-д заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ” гэж тус тус заасныг хариуцагч захиргааны байгууллага хэрэгжүүлээгүй, мэдэгдэлд заасан үндэслэлийг арилгах боломжийг нэхэмжлэгч компанид олгоогүй гэж үзэхээр байна.
Иймд гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 568 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН