Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дорлигийн Лувсандорж |
Хэргийн индекс | 108/2016/0048/Э |
Дугаар | 46 |
Огноо | 2016-09-20 |
Зүйл хэсэг | 181.2.1, |
Улсын яллагч | С.Энхмаа |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 46
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Лувсандорж даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Пүрэвдулам,
улсын яллагч С.Энхмаа,
шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Өлзийсайхан /ҮД:2064/,
хохирогч Х.Давааням,
шүүгдэгч Б.Баасанбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Чинос овогт Батбаярын Баасанбаярт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 0108 0118 дугаар, 108/2016/0048/Э индекстэй хэргийг 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1995 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Үндэсний Технологийн дээд Их Сургуулийн Сантехникийн инженерийн 2 дугаар курсэд суралцдаг, ам бүл 4, эцэг, эх, хүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 14 дүгээр гудамжны 561а тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн УИ95112454 дугаартай, Чинос овогт Батбаярын Баасанбаяр нь: согтууруулах ундааны зүйл хэрэглэн үедээ 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн орой 22 цагийн үед Налайх дүүргийн 5 дугаар хороо 78-79 дүгээр байрны дунд Х.Даваанямыг илтэд үл хүндэтгэн, тавьсан зүй ёсны шаардлагыг эсэргүүцэж, танхайн сэдэлтээр түүнийг үсдэж нүүр лүү нь өвдөглөн газар унагааж хөлөөрөө өшиглөх, гараараа цохих зэргээр бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулан нийгмийн хэв журам зөрчин танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Баасанбаяр нь 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэн Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 78-79 дүгээр байрны дунд орой 22 цагийн үед Х.Даваанямыг илтэд үл хүндэтгэн, тавьсан зүй ёсны шаардлагыг эсэргүүцэж, түүнийг үсдэж нүүр лүү нь өвдөглөн газар унагааж хөлөөрөө өшиглөн, гараараа цохих зэргээр бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулан нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Баасанбаярын: “... Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв,үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа ...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Даваанямын: “... Би ач охин болон эхнэрийн хамт амьдардаг. Тэр өдөр Дэлгэрдалайгийн охин манай гэрт орж ирж ач охинтой минь тоглосон. Би орой 21 цагийн үед Дэлгэрдалайгийн гэрт охиныг нь оруулж өгөөд Дэлгэрдалайтай юм ярьж байгаад 23 цагийн үед гэрээс нь гараад харих гээд 79 дүгээр байрны гадаа явж байтал нэг согтуу залуу Мөнхбаяр гэдэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг цохиж байхад нь би “болиоч, наад хүүхэд чинь тахир дутуу хөгжлийн бэрхшээлтэй” гэж хэлэхэд намайг ирж зодсон. Үснээс минь зулгааж, нүүр лүү өвдгөөрөө өшиглөсөн, өөр хаана цохисныг би санахгүй байна. Нэг мэдэхэд намайг Монголжин гэдэг хүн ирж салгасан байсан. Би хохиролд 1.500.000 төгрөг авсан, гомдолгүй. Яагаад гэвэл энэ хүүхдийн амьдралаар тогломооргүй байна. Миний бие гайгүй сайн болсон, хөнгөн ял шийтгэл өгнө үү” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад хохирогч Х.Даваанямын өгсөн: “... 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдөр манай найз Дэлгэрдалайгийн хүүхэд манай гэрт орж ирж ач охинтой минь тоглож байгаад би орой Дэлгэрдалайгийн гэр лүү 21 цагийн үед охиныг нь оруулж өгөхөөр гэрт нь ороод Дэлгэрдалайтай хууч хөөрч сууж байгаад 23 цагийн үед гэр лүүгээ харихаар гартал 79 дүгээр байрны урд танил дүү хөгжлийн бэрхшээлтэй Мөнхбаярын баруун гуя руу нь нэг согтуу залуу өшиглөөд хэл амаар доромжлохоор нь би наанаас нь гүйж очоод “хөөе наад тахир дутуу, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг битгий цохиод дээрэлхээд бай” гэтэл над руу эргэж хараад үснээс 2 гараараа зулгааж татаад нүүр лүү өвдөглөхөөр нь би шууд доошоо унахад миний дээрээс өшиглөөд би нүүрээ 2 гараараа таглаад хэвтэж байсан ба хэсэг зуур ухаан алдсан байсан. Нэг мэдэхэд Монгол гэх залуу намайг ирээд татаж босгоод саравчин дотор суулгасан ба нөгөө залуу бас миний урдаас хараад газар сууж байсан, тэгээд цагдаа нар ирээд аваад явсан. Би бол маргалдсан зүйл огт байхгүй. Дэлгэрдалайгийн гэрээс гарч иртэл 79-р байрны урд Мөнхбаярыг нэг залуу өшиглөж байхаар нь би “боль, наад ядарсан хүнээ яаж байгаа юм” гэж хэлтэл шууд л эргэж хараад миний толгойноос үсдэж доош нь дараад нүүр лүү өвдөглөөд дээрээс өшиглөөд байсан. Миний нуруу огт өвддөггүй байсан, тухайн залууд зодуулснаас хойш маш их өвдөх болсон. Намайг зодсон залуу нэлээн согтуу байсан. Учир нь юу ч мэдэхгүй хөгшин настай хүнийг ч харахгүй галзуурсан юм шиг л дайраад орилж хашгирч байсан. Би зүгээр л “боль” гэж хэлэхэд л урдаас тэгж дайрч байна лээ ... би нийт 5.276.050 төгрөг нэхэмжилж иргэний нэхэмжлэлийн тооцоог дэлгэрэнгүй гарган өгсөн байгаа ...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-14 дүгээр тал/,
Мөрдөн байцаалтад гэрч С.Чимэдсүрэнгийн өгсөн: “... тэгтэл 23 цагийн үед хүүхэд уйлахаар нь сэрээд хүүхдээ шээлгээд буцаад хэвтэх гэтэл гадаа Баасанбаяр “та тавиач ээ” гэх шиг болохоор нь би цонхоор хартал харанхуйд нэг хүн газар хэвтсэн Баасанбаярын мөрнөөс нь зуурсан юм шиг харагдсан, тэгэхээр нь би цонхоор “миний хүү” гэж дуудахад сонсоогүй бололтой зууралдсан хэвээрээ байхаар нь “Баасанбаяр аа” гээд дахиад дуудахад сонсохгүй байсан ба хүүхэд уйлаад байхаар нь хувцаслаад салгахаар гартал Баасанбаяр нөгөө хүнтэй өөд өөдөөсөө хөраад суусан юм ярьж байхаар нь очоод “миний хүү гэртээ орооч ээ” гэхэд юу ч хэлэхгүй чимээгүй байсан. Хүүхэд уйлаад байхаар нь айлд хүүхдээ оруулчихаад буцаад ирье гэж бодоод Нацагдорж гэх айлд ороод хүүхдээ үлдээх гэхэд уйлаад байхаар нь тэвэрч зогсож байгаад хүн гаргах гэтэл Нацагдорж хөлөө хугалсан босч чадахгүй гэхээр нь эхнэр Цэцэгээд нь хэлэхэд хүү рүүгээ утасдаад “очоод салгаад өг” гэж хэлтэл удалгүй “гадаа байхгүй байна” гээд Цэцэгээ рүү хүү нь залгахаар нь би гэртээ ороод унтсан юм болов уу гэж бодоод тухайн үед 01 цаг өнгөрч байсан болохоор унтаад өгсөн, өглөө 7:20 цагийн үед босч гараад зодолдож байсан газар нь очтол Баасанбаярын утас нь газар байхаар нь аваад гэртээ ортол Баасанбаяр байхгүй байхаар нь аав луу нь залгаж хэлээд хайгаад байж байтал 11 цагийн үед “Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэс дээр байна” гэж Баасанбаяр над руу залгасан. Баасанбаяртай цуг байсан хүнийг би танихгүй, намайг очиход настайвтар хүн харагдсан. ... Миний хүү 1995 онд Улаанбаатар хотод төрсөн, бага насаа Сүхбаатар дүүргийн 131-р цэцэрлэгт явж хүмүүжсэн ба 2001 онд Сүхбаатар дүүргийн 57-р сургуулийн 1-р ангид 6 настайдаа элсэн суралцаад 2010 онд 9-р ангиа төгсөөд буцаад Улаанбаатар хотод ирж амьдарч 2014 онд Швед улс руу ажиллаж амьдрахаар би өөрөө дагуулаад явсан боловч 22 нас хүрээгүй учир цагаачид оруулж чадалгүй 2014 оны 9-р сард буцаад ирсэн. Тэгээд Шведээс ирснээсээ хойш эрхэлсэн тодорхой ажилгүй ажил олдохгүй байгаа. Миний хүү зан байдлын хувьд зөөлөн цагаан сэтгэлтэй, их өрөвч, хүнд тусархуу сэргэлэн зантай, найз нөхөд олонтой, хүнтэй эвсэг харьцдаг, харилцааны соёл сайн. Ганц муу чанар нь сайн муу найзаа ялгадаггүй хэн ч дуудсан очиж байдаг тал байгаа. Мөн түргэн ууртай мөртлөө дорхоноо уур нь гарчихдаг, хүн зууж өс хонзон санах зүйл байдаггүй. Өөртөө арчаатай хувцасаа цэвэрхэн өмсөн, хоол ундаа өөрөө хийгээд идчихэнэ ...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17 дугаар тал/,
Мөрдөн байцаалтад гэрч Э.Мөнхбаярын өгсөн: “... 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 22 цагийн үед гэрээсээ гараад нохой салхилуулаад 78, 79 дүгээр байрны голд хүүхдийн тоглоомын садны хажууд алхаж явтал нэг залуу Мөнхцэцэг эгчийн машин луу шээгээд зогсож байхаар нь “хөөе болиоч ээ” гэсэн чинь нөгөө залуу “чамд ямар хамаатай юм” гээд бид 2 маргалдтал нөгөө залуу урдаас алхаж ирээд миний зүүн гар луу хальт цохитол Давааням ах нөгөө залууг “хөөе болиоч ээ, хөгжлийн бэрхшээлтэй хүн зодоод байхдаа яадаг юм” гэхэд нөгөө залуу “чамайг ална шүү” гээд хоорондоо маргалдаж байх шиг байсан ба нөгөө залуу шууд очоод Давааням ахын толгойны дээрээс доошоо дараад өвдөглөөд газар унагаад нүүр лүү өшиглөхөөр нь би хүн дуудаж салгая гэж бодоод орц луугаа айлуудын хаалга тогшиход хаалгаа онгойлгохгүй байсан, тэгээд би орцны үүдэнд буцаж гарч ирээд 78-р байрны 1-р орцонд байдаг Монгол ахыг дуудаад гарч ирээд очтол Давааням ах газар хэвтсэн дээр нь нөгөө залуу суусан нүүр лүү нь гараараа цохиж байсан. Давааням ах эрүүл байсан байх, харин нөгөө залуугийн хэл ам нь ээдэрсэн нэлээн согтолттой юм шиг харагдсан. Намайг өмөөрөөд Давааням ах тэр залууг “чи хөгжлийн бэрхшээлтэй хүн зодлоо” гээд хоорондоо маргалдаад нөгөө залуу Давааням ахыг шууд өшиглөөд газар унагасан. Давааням ах тухайн залууг зодож цохьсон зүйл байхгүй. Намайг харахад доор нь орсон дээрээс нь нөгөө залуу өшиглөж цохиод байсан. Энэ 2-ыг зодолдох үед хажууд нь надаас өөр хүн байгаагүй, гадаа орой болсон байсан болохоор бүгд гэртээ амарцгааж байсан байх. Гадаа харанхуй ямар нэг гэрэлтүүлэг байхгүй болохоор бас яг яаж зодож цохиж байгаа нь харагдахгүй байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр тал/,
Мөрдөн байцаалтад гэрч Н.Шархүүхэний өгсөн: “... 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдөр манай найз Дэлгэрдалайгийн охин манай зээ охинтой тоглож байгаад цаг оройтсон болохоор Давааням “гэрт нь оруулж өгөөд ирье” гэж хэлээд 21 цагийн үед гараад явсан. Тэгээд би зурагтаар кино үзэж байгаад 23 цагийн үед унтаад өгсөн байсан, тэгтэл өглөө үүрээр 04 цагийн үед унтаж байтал Давааням орж ирсэн ба “хүүхэд хүргэж өгчихөөд буцаад орж ирэх гээд явж байтал хүнд зодуулаад Цагдаагийн хэлтэс дээр байж байгаад ирлээ” гэсэн нүүр нь битүү хавдаад хөхөрсөн, уруул нь омголтсон, “нуруу нь өвдөөд бүх бие нь өвдөөд байна” гээд хэвтэхээр нь очоод үзтэл халуурч байсан. Тэгээд тэр шөнөө ёолоод нэлээн зовж хоносон. Урьд нь Давааням ер нь өвчин хэлдэггүй, бие их сайтай хүн, “нуруу өвдөж байна” гэж хэлж байгаагүй. Гаднаас орж ирэхдээ нүүр нь хавдаад нүд нь хөхөрсөн, толгойн зулай хэсэгт бага зэрэг газарт зулгараад цус шүүрсэн байсан, 1 гарын тохой нь шалбарсан байсан ба “нуруу өвдөөд байна” гээд хэвтээд өгөхөөр нь очоод халууныг нь үзэхэд халуурч байсан, тэгээд л маргааш нь шууд эмнэлэгт очиж үзүүлсэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр тал/,
Мөрдөн байцаалтад гэрч Д.Монголжингийн өгсөн: “... 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 22 цагийн үед байх тухайн үед цаг хараагүй болохоор мэдэхгүй байна, гэртээ унтаж байтал гадаа хүмүүс шуугилдахаар нь босоод цонхоор хартал 2 хүн газар хэвтэж байхаар нь гүйгээд гартал хүүхдийн тогтоомын саадан дотор Давааням гуай газар хэвтсэн, нөгөө залуу дээр нь суусан арагшаа харсан байсан ба гараараа дээрээс нь цохиод л байх шиг байсан, араас нь харсан болохоор яг хаашаа цохьсоныг бол хараагүй, тэгээд би гүйж очоод нөгөө залуугийн баруун сугаар нь гараа оруулаад зүүн мөрөөр нь нөгөө гараараа давуулж бариад газар хойш нь татаад би өөрөө доош нь ороод хэвтсэн. Тэгээд нөгөө залуу намайг тавиулах гээд тийчлээд гар хөлөө сарвагануулаад байсан ба миний баруун гарын булчингаас хазсан, би тавихгүй бариад л байсан, учир нь тавих юм бол ахиад зодоон болж магадгүй байсан учир цагдаа дуудчихсан, иртэл нь би бараг 30 орчим минут тэвэрч хэвтсэн ба цагдаа нар ирэхээр нь би тавиад нөгөө залуу болон Давааням гуайг аваад явсан. Би тухайн үед нөгөө залууг зодож цохьсон зүйл огт байхгүй. Миний харахын Давааням гуай доор нь хэвтсэн нөгөө залуу дээрээс нь цохиж байх шиг байсан, хаашаа нь яаж цохьсоныг бол хараагүй, ямар ч байсан Давааням гуай бол зодож цохьсон зүйл байхгүй. Нөгөө залуугийн биед хэн гэмтэл учруулсаныг бол мэдэхгүй, Давааням гуай, бид 2 л лав цохиж зодсон асуудал байхгүй, би залууг тэврээд хэвтэж байсан газар чулуутай байсан ба тэрэнд нураа гараа цохьсон ч байж магадгүй, тухайн залуу нэлээн согтолттой байсан, орилж хашгираад намайг “ална, шулна” гээд л байсан. Давааням гуай бол гаднаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэсэн зүйл мэдэгдээгүй, харин нөгөө залуу бол тэврээд хэвтэж байхад архи үнэртэж байсан, мөн тухайн залуу орилж чарлаад цагдаа ирсэний дараа би тавиад босгоход куртикээ хайгаад тэрүүгээр явахдаа хөл дээрээ гуйваад куртикээ хаана хаясанаа ч мэдэхгүй явж байна лээ, дараа нь хэзээ гэдгийг нь санахгүй байна нөгөө залуугийн ээж манайд ирээд надад “баярлалаа, би хүүдээ хэлсэн, салгасан ахдаа баярлалаа гэж хэлээрэй, тэр хүн салгаагүй бол тэр настай хүнийг чи алчих байсан юм билүү, энэ хүүхдүүд үгэнд орохгүй юм аа” гэж надад бүр гэрт орж ирж хэлж байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар тал/,
Мөрдөн байцаалтад шинжээч эмч С.Төгсбуянгийн өгсөн: “... ГССҮТ-ийн рентген оношлогоонд нурууны /сээрний/ нугаламыг харж оношлоогүй, цээжний хөндийн КТГ шинжилгээнд нурууны 3-р нугаламын арын сэртэн зөрөөгүй хөндлөн хугаралтай байсан гэж оношилсон. Хавирга яс, сээрний /нурууны/ 3-р нугаламын арын сэртэн нь 2 өөр яс /эрхтэн/ юм. 2 өөр эрхтний тухай яригдаж байна. BRILLIANCE эмнэлгийн толгойн КТГ шинжилгээнд илэрсэн “хамар ясны хуучин хугарлыг хуучин гэж бичээгүй учир хуучин хугаралд тооцохгүй ...” гэх мэдүүлэг /хх-иуйн 87-88 дугаар тал/,
Мөрдөн байцаалтад гэрч Д.Батбаярын өгсөн: “... Миний хүү Баасанбаяр нь цагаан цайлган зантай, хүнд тусархуу, сэргэлэн зантай хүүхэд, найз нөхөд олонтой, хамт олонч, бусадтай харьцахдаа эвлэг, хүмүүс их хөөрхөн ааштай хүүхэд гэж байнга магтаж сайшааж байхыг олон удаа сонсож байсан, архи ууж, тамхи татдаггүй, элдэв муу хорт зуршилгүй. Аав ээждээ хайр халамжтай, гэрийн ажилд сайн, эцэг эхийнхээ үгэнд сайн ордог. Би хүүгээ мундаг сайн гэж боддог, миний чихэнд муу зүйл сонсголгүй өдий зэрэгт хүрсэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар тал/,
Мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагч Б.Баасанбаярын өгсөн: “... 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдөр найз Баяраагийн төрсөн өдөр болоод Тэлмэн, Баяраа, Дашка нартай хамт тэмдэглээд машин дотор 1 шил 0.75 литрийн архи хувааж уугаад машинаас буугаад Баярааг гэрт нь оруулж өгөөд буцаад гараад гэр лүүгээ орох гээд 79-р байрны урд явж байтал орцны үүдэнд нэг ах “тамхи байна уу” гэж асуухаар нь би “байхгүй” гэж хэлтэл хажууд нь нохой бариад явж байсан хүн “чи яагаад энд шээгээд байгаа юм бэ” гэхээр нь би “чи дуугүй бай” гэж хэлээд маргалдаад зогсож байтал нөгөө надаас тамхи асуудаг хүн “чи яагаад хүүхэд дээрэлхээд байгаа юм” гэхээр нь би “таны оролцох хэрэг биш” гэж хэлээд бид 2 маргалдаад би саад руу алхаад араас нь нөгөө хүн дагаад ирэхээр нь миний уур хүрээд эргэж хараад “та юу гээд байгаан юм” гээд түлхтэл миний зүн хацар луу алгадахаар нь нүүр лүү нь нэг удаа гараараа цохиод барьцалдаж аваад би хойшоо болтол юманд тээглээд унахад миний дээр дараад унасан, тэгээд зөрж дээр нь гараад нүүр лүү 3 удаа гараараа цохитол нөгөө эрэгтэй намайг заамдаад авсан, тавихгүй байсан тэгэхэд 78-р байрны 1 давхарын цонхоор эрэгтэй хүн “болиоч ээ” гээд орилохоор нь би “энэ ах чинь өөрөө тавихгүй байна” гэж хэлээд байж байтал нөгөө цонхоор орилдог хүн гараад ирсэн, би эргэж хараад буцаад заамдсан хүнийг тавиулах гээд байж байтал ар нуруу луу маш хүчтэй юмаар цохиод би газар унасан, тэгтэл нөгөө эрэгтэй шууд миний хүзүүг боогоод газар дараад хэвтсэн, удалгүй ээж гараад ирсэн хүн дуудах гээд явж байсан, би нөгөө эрэгтэйг “намайг одоо тавиач ээ, наад хүн өөрөө намайг заамдаад тавихгүй байсан шүү дээ” гэж хэлсэн, огт тавихгүй байсан ба цагдаа нар ирээд салгаад шууд Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэс дээр авч ирсэн. Би бие засах гээд нэг машин луу шээх гэтэл нохой хөтөлж яваа хүн “болиоч ээ” гэхээр нь “чи дуугүй бай” гэхэд хажуунаас тэр эрэгтэй “чи яагаад хүүхэд дээрэлхээд байгаа юм” гэхээр нь би “танд хамаагүй” гэж хэлтэл урдаас “чиний шээх газар энэ юм уу, настай хүн, хүүхдүүд чиний шээсэн дээр тоглож байна” гэх мэтчилэн хэрүүл хийгээд араас дагаад яваад байхаар нь би эргэж хараад түлхтэл намайг алгадсан. Би бага зэрэг согтолттой байсан, болсон асуудлыг бүгдийг санаж мэдэж байна, 0.75 литрийн архинаас 100 граммын аяганы дундуур 4 удаа уусан. Өөр ууж идсэн зүйл байхгүй. Давааням гуай орцноос арч ирэхдээ гуйваад, надтай маргалдаж байхад амнаас нь архи үнэртэж байсан, согтуу гэдэг нь илт мэдэгдэж байсан. ... Би Даваанямын баруун шанаа руу гараараа 2 удаа, толгойн ар дагз хэсэгт нь 1 удаа гараараа тус тус цохьсон, өөр цохиж зодсон зүйл байхгүй, миний хөл хөдлөх ямар ч боломж байгаагүй, Давааням миний дээр гараад суусан байсан учир ...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-59 дүгээр тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №08 шэ/129 тоот дүгнэлтэд:
1. Х.Даваанямын биед сээрний 3-р нугаламын арын сэртэнгийн хугарал, тархи доргилт, нүүр, зүүн чамархайд цус хуралт, нүүрэнд зулгаралт, нүүр, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. /хх-ийн 30 дугаар тал/,
Хохирол нэхэмжилсэн баримтууд /хх-ийн 62-65 дугаар тал/,
Б.Баасанбаярын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 66 дугаар тал/,
Б.Баасанбаярын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 67-70, 72, 77-83 дугаар тал/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71 дүгээр тал/,
Хохирогч Х.Даваанямд хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 98 дугаар тал/,
Хохирогч Х.Даваанямын тус шүүхэд гаргасан “иргэн Х.Давааням миний бие нь хохирлоо бүрэн авсан тул цаашид Баасанбаяраас нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй болно” гэсэн хүсэлт /хх-ийн 113 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Б.Баасанбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Б.Баасанбаярыг бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Х.Давааням “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Баасанбаярт ял шийтгэл оногдуулахдаа хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг хэрэглэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чинос овогт Батбаярын Баасанбаярыг бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Батбаярын Баасанбаярыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Баасанбаярт оногдуулсан 3 жил 10 хоног хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Б.Баасанбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Х.Давааням “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Б.Баасанбаярт оногдуулсан 3 жил 10 хоног хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Баасанбаярт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЛУВСАНДОРЖ