Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 128/ШШ2020/0684

 

2020 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 128/ШШ2020/0684

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: Т.С, О.О, Х.Х

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/*******-р захирамж болон Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн А/*******-р захирамжаар Баянзүрх дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 33-р сургууль, 61-р цэцэрлэгийн дунд байрлаж байсан ** гараашийг албадан буулгаж, газрыг хүчээр чөлөөлсөн боловч нэхэмжлэгчийн эзэмшлийн гараашийг албадан буулгасны нөхөн олговрыг олгохгүй байгаа Нийслэлийн болон Баянзүрх дүүргийн Засаг дарга нарын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, иргэн Т.С, О.О, Х.Х нарт гараашны нөхөн олговор олгох тухай захирамж гаргахыг даалгах

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.О, Х.Х, Т.С, тэдгээрийн өмгөөлөгч В.Э, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө, Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оюу-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Нэхэмжлэгч нар нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2000 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн ******* дугаар захирамж, ** тоот газар ашиглах эрхийн гэрчилгээний үндсэн дээр уг байршилд ** гарааш анх барьсан иргэн М.Гаас өөрсдийн мэдлийн гараашаа худалдан авч, эдгээр гараашийн шударга өмчлөгч, эзэмшигчид болсон. Өнгөрсөн хугацаанд төрийн эрх бүхий байгууллагаас шаардсан газар ашигласны төлбөрийг төлж байснаас гадна өөрсдийн гараашны доорх газрыг төрийн байгууллагуудын зөвшөөрөл, хяналттайгаар ашиглаж байсан.

Гэвч Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/******* дугаар болон Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн А/******* дүгээр захирамжийн дагуу бидний өмчийн гараашийг нурааж, газар албадан чөлөөлөх ажиллагааг зохион байгуулсан. Бид Засаг дарга нарын дээр дурдсан захирамжуудыг хууль бус, үндэслэлгүй гэж маргахгүй байгаа бөгөөд гагцхүү бидний гараашийг албадан буулгасны нөхөн олговрыг бусад иргэдэд олгодог жишгийн дагуу олгохыг шаардаж, гомдол, нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэгч иргэдийн төрийн өмчийн газар дээрх өөрсдийн нь өмч, мэдлийн гараашийг албадан нураалгасны улмаас тэдэнд учирсан хохирлыг төрөөр нөхөн барагдуулах учиртай гэж үзэн Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг даргад гомдол гаргасан боловч Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба нь 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн ******* тоот албан бичгээр тэдэнд ойлгомжгүй хариу өгсөн.

Иймд Нийслэлийн Засаг дарга болон Баянзүрх дүүргийн Засаг дарга нарын нэхэмжлэгч нарт нөхөн олговор олгохгүй байгаа эс үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, бусад иргэдэд олгодог жишгийн дагуу бидэнд нөхөн олговор олгох тухай захирамж гаргахыг даалгах агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргаж байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4, 106.3.7-д заасны дагуу шийдвэрлэж өгнө үү.

2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 139 дугаар Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн гишүүний тогтоол хэрэгт авагдсан байгаа. Бидний хувьд энэ асуудалтай холбоотой уг тогтоолд мөн Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан байгаа. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.6-д заасан заалтыг бид мэдэж байгаа. Монгол Улсын иргэн хууль шүүхийн өмнө /ялангуяа хувийн эрх зүйн хувьд/ эрх тэгш байх Үндсэн хуульд заасан зарчим бий. Газрын тухай хуульд ч зааснаар газар ашиглах, эзэмших, өмчлөх тохиолдолд төрийн оролцоотой тохиолдолд эрх тэгш, шударга байна гэсэн зохицуулалт байдаг. Мөн Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д тухайн газар дээрх үл хөдлөх хөрөнгө нь тухайн газрын бүрдэл хэсэг байна гэж заасан байдаг. Иргэний эрх зүйн болон захиргааны эрх зүйн зохицуулалт талаасаа ч Үндсэн хуульд заасан заалтаас харахад гэрчилгээгүй гэх боловч тухайн хоосон газрыг иргэд зохих журмын дагуу авчихсан. гэжээ.

Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/******* дугаар захирамж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны А/******* дүгээр захирамжаар Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ** дугаар сургууль, ** дүгээр цэцэрлэгийн дунд байрлаж байсан ** гараашийг албадан буулгаж газрыг хүчээр чөлөөлсөн боловч нэхэмжлэгчийн эзэмшлийн гараашийг албадан буулгасны нөхөн олговрыг олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, гараашийн нөхөх олговрыг олгох тухай захирамж гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Нэхэмжлэлийн агуулгатай танилцахад бидэнд учирсан хохирлыг төрөөс нөхөн барагдуулах гэж тодорхойлсон байна. Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/******* дугаар захирамж нь хууль ёсны үндэслэл бүхий захиргааны акт бөгөөд нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх, ашиг сонирхолд хохирол учруулсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Нөгөө талаар иргэд гэм хор, хохирлын асуудлыг нэхэмжилж байгаа бол энэ нь захиргааны шүүхийн харьяаллын асуудал биш байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болно.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/******* дугаар захирамж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны А/******* дүгээр захирамжаар Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ** дугаар сургууль, ** дүгээр цэцэрлэгийн дунд байрлаж байсан ** гараашийг албадан буулгаж, газрыг хүчээр чөлөөлсөн боловч нэхэмжлэгчийн эзэмшлийн гараашийг албадан буулгасны нөхөн олговрыг олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, гараашийн нөхөн олговрыг олгох тухай захирамж гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Засаг дарга болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

... Гарааш эзэмшигч нарт 2018, 2019 оны 4, 8 дугаар сард газар чөлөөлөх мэдэгдлийг өгч байсан. 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр газар албадан чөлөөлөх болсон тухай мэдэгдэж, 9 дүгээр сарын 13-нд албадан чөлөөлөх арга хэмжээг авч ажилласан.

 

 

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 56 дугаар зүйлийн 56.5, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4, нийслэлийн засаг даргын 2019 оны *******, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны А/238, А/******* дүгээр захирамжийн хүрээнд гараашийг албадан буулгасан тул нөхөн олговор олгох үндэслэлгүй.

Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу нөхөн олговор олгох хуулийн зохицуулалттай. Газар ашиглах эрхтэй этгээдэд нөхөн олговор олгох асуудал хамааралтай асуудлаар Газрын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6-д зааснаар газар ашиглаж байгаа иргэдэд хамаарахгүй гэдэг талаар заасан байдаг.

Нэхэмжлэгч нарын ашиглаж байгаа газар дээр төрийн байгууллагаас нөхөн олговор олгох хууль зүйн үндэслэлгүй юм. Мөн нэхэмжлэгч нарын тухайд газар ашиглах эрхгүй этгээдүүд байгаа. Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжаар газар ашиглах эрхийг олгодог бөгөөд нэхэмжлэгч Т.С, О.О, Х.Х нарын тухайд газар ашиглах эрхийг олгосон Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамж гарч байгаагүй. Газар ашиглах талаар гэрээ байгуулж байгаагүй, ийм үйл баримт хэрэгт авагдаагүй. Нэхэмжлэгч талын дурдсан газар ашиглах захирамж буюу 2000 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн ******* дугаар захирамжийн тухайд нэхэмжлэгч Т.С, О.О, Х.Х нарт эрх олгоогүй, харин худалдан авсан гэж яриад байгаа М.Г гэх хүнд газар ашиглах эрх олгож байсан байдаг. Нэхэмжлэгч нар нь ашиглах эрхгүй бөгөөд ашиглах эрхтэй байсан ч нөхөн олговор олгох хууль зүйн үндэслэл байхгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.С, О.О, Х.Х нар нь нийслэлийн Засаг дарга болон Баянзүрх дүүргийн Засаг даргад тус тус холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/******* дугаар, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн А/******* дүгээр захирамжаар Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ** дугаар сургууль, ** дүгээр цэцэрлэгийн дунд байрлаж байсан ** гараашийг албадан буулгаж, газрыг чөлөөлсөн боловч нэхэмжлэгчийн эзэмшлийн гараашийг албадан буулгасны нөхөн олговрыг олгохгүй байгаа Нийслэлийн болон Баянзүрх дүүргийн Засаг дарга нарын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, иргэн Т.С, О.О, Х.Х нарт гараашийн нөхөн олговор олгох тухай захирамж гаргахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан.

Нийслэлийн Засаг даргын 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн А/******* дугаар захирамжаар Газрын зөрчил арилгах арга хэмжээг зохион байгуулж ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгож, 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн ******* дугаар захирамжаар чөлөөлөх газрын байршлыг тогтоожээ.

1.Нэхэмжлэгч Т.С нь 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 3/33-с-з-1 тоот Газрын төлбөр тодорхойлох актаар Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, ** дугаар сургуулийн зүүн талд 1 дугаартай гараашийн төлбөрийг ямар хэмжээгээр хэрхэн төлөх талаар тогтоож, 4 дэх заалтаар түр барилга байгууламж буюу гараашийн зориулалтай газрыг шаардлагатай үед нөхөн олговоргүйгээр чөлөөлж өгөх талаар тохиролцож, Баянзүрх дүүргийн Газрын албаны дарга, Газрын төлбөрийн байцаагч болон Т.С нар гарын үсэг зурсан байна.

Үүнээс үзэхэд Т.С гараашийн зориулалтаар газар ашиглаж, газрын төлбөр төлж байсан боловч дээрх актад түр барилга байгууламж буюу гараашийн зориулалтай газрыг шаардлагатай үед нөхөн олговоргүйгээр чөлөөлж өгөх-ийг зөвшөөрсөн байна.

Түүнчлэн Газрын тухай хуулийн /2002 оны/ 43 дугаар зүйлийн 43.6-д Нөхөх олговор нь газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хамаарахгүй., 56 дугаар зүйлийн 56.5-д Газар эзэмших, ашиглах хугацаа дууссан, тэрчлэн зохих зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар чөлөөлөх тухай мэдэгдлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас өгсөн тохиолдолд тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага заасан хугацаанд багтааж газар чөлөөлөх үүрэгтэй. талаар зохицуулсан тул Т.Сд гараашийн газрыг чөлөөлж өгсний төлөө нөхөн олговор авах эрх үүсэхгүй бөгөөд хариуцагч нийслэлийн Засаг дарга болон Баянзүрх дүүргийн Засаг даргаас нэхэмжлэгч Т.Сд нөхөн олговор олгох боломжгүй гэж үзсэн нь хуульд нийцжээ.

Иймд нэхэмжлэгч Т.Сгийн ... эзэмшлийн гараашийг албадан буулгасны нөхөн олговрыг олгохгүй байгаа Нийслэлийн Засаг дарга болон Баянзүрх дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, иргэн Т.Сд гараашийн нөхөн олговор олгох тухай захирамж гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3-т Энэ хуулийн 42.2-т заасан Засгийн газрын шийдвэрийг үндэслэн тухайн шатны Засаг дарга иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулан тухайн газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авна. гэж заасан тухайн шатны Засаг дарга-д нийслэлийн Засаг дарга хамаарахгүй, өөрөөр хэлбэл нийслэлийн Засаг дарга нэхэмжлэлд дурдсан нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэх үүрэггүй болохыг дурдах нь зүйтэй.

2. Нэхэмжлэгч О.О, Х.Х нар өөрсдийн эзэмшиж байсан гараашийг 2000 онд М.Гаас худалдаж авсан гэж тайлбарлажээ.

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2000 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Б/93 дугаар захирамжаар 0.014 га газрыг гараашийн зориулалтаар М.Гт ашиглуулахаар шийдвэрлэсэн боловч М.Гаас газар ашиглах эрхийг нэхэмжлэгч нарт шилжүүлсэн шийдвэр гараагүй байна.

2002 оны Газрын тухай хууль хэрэгжихээс өмнө газар ашиглах эрхийг шилжүүлж авсан гэх нэхэмжлэгч нарын тайлбарт дурдсаны дагуу 1994 оны Газрын тухай хуулийн зохицуулалтыг судлан үзэхэд уг хуулийн 38 дугаар зүйлийн 1-т Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад төрийн өмчийн газрыг тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр, хууль тогтоомжийн дагуу ашиглуулж болно., мөн зүйлийн 3-т Газар ашиглах тухай хүсэлт гаргах, түүнийг хянаж шийдвэрлэх, газар ашиглах гэрээний агуулгыг тогтоох, түүнийг байгуулахад энэ хуулийн 30,31,З2 дугаар зүйлийн 1,З,4 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 1-8, 10-т заасан журмыг баримтална. өөрөөр хэлбэл, газар ашиглах эрх олгох, эрх шилжүүлэх шийдвэр гаргах журам газар эзэмших эрхийн нэгэн адил зохицуулагдах, газар ашиглах гэрээний хугацааг газар эзэмших гэрээний нэгэн адил гэрээгээр зохицуулахаар заажээ.

Гэтэл нэхэмжлэгч О.О, Х.Х нарт гараашийн газрыг ашиглуулах шийдвэр гараагүй, гэрээ хийгдэж, гэрчилгээ олгогдоогүй, газрын төлбөр төлж байсан нь тогтоогдоогүй, газар ашиглах эрх үүсээгүй болох нь тогтоогдож байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д зааснаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэн нэхэмжлэгч О.О, Х.Х нарын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байна.

Ингээд нэхэмжлэгч Т.Сгийн ... эзэмшлийн гараашийг албадан буулгасны нөхөн олговрыг олгохгүй байгаа Нийслэлийн Засаг дарга болон Баянзүрх дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, иргэн Т.Сд гараашийн нөхөн олговор олгох тухай захирамж гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч О.О, Х.Х нарын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14, 109.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Сгийн Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/******* дугаар захирамж болон Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн А/******* дүгээр захирамжаар Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ** дугаар сургууль, ** дүгээр цэцэрлэгийн дунд байрлаж байсан ** гараашийг албадан буулгаж, газрыг хүчээр чөлөөлсөн боловч нэхэмжлэгчийн эзэмшлийн гараашийг албадан буулгасны нөхөн олговрыг олгохгүй байгаа нийслэлийн Засаг дарга болон Баянзүрх дүүргийн Засаг дарга нарын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, иргэн Т.Сд гараашийн нөхөн олговор олгох тухай захирамж гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасныг баримтлан О.О, Х.Х нарын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгч Т.С, О.О, Х.Х нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, О.О, Х,Хулан нарт тус бүр 23400 төгрөгийг гаргуулан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр 114.1-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН