Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/707

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч Н.Ундрах,

хохирогч Т.З, өмгөөлөгч Р.Мэндсайхан,

шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч С.Б-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208008050862 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 2, хүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Хилчин ** дүгээр гудамж, ** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Т овогт С-ын Б(РД:-******).

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч С.Б согтуурсан үедээ 2022 оны 2 дугаар сарын 05-ны өдөр 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, Баянголын задгай тоотод гэр бүлийн хамаарал бүхий хадам ээж Т.З-ийг урьдын таагүй харилцааны улмаас агсам тавьж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, нүүрэнд униар цохиж эрүүл мэндэд тархи доргилт, духанд зулгаралт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, баруун нүдний доод зовхинд шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч С.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2022 оны 2 дугаар сарын 05-ны өдөр золголт хийхээр утсаар ярьж очсон. Эдний охинтой 15 жил амьдарсан. Ноднингоос зан нь хувирахаар нь гомдоод уйлж тийм асуудал болсон байсан. Болсон үйл явдлыг санахгүй байгаа. Тэнд байсан хүмүүсээс намайг униар цохисон гээгүй. Гарахгүй гээд 2 гараараа унинаас барьсан байсан л гэж хэлсэн. Хохиролд 200,000 төгрөг өгсөн. Гэм буруугаа хүлээж байна” гэв.

Хохирогч Т.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Бямбасүрэнд гомдсон. 2-3 удаа ирж “ална” гэж байсан. 2022 оны 2 дугаар сарын 05-нд уусан орж ирээд орилоод унинуудыг бүгдийг унагасан. Баруун гар нь сул байсан, тэр гараараа цохисон. Цус гоожсон. Хохиролд 200,000 төгрөг өгсөн. Гомдолтой байна. Баримттай зардлыг гаргуулж өгнө үү” гэв.

Эрүүгийн 2208008050862 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Т.Зийн: “2022 оны 2 дугаар сарын 05-ны өдөр 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, Баянголын задгай тоотод гэртээ байхад охины нөхөр С.Б золгуут хийхээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ирсэн. С.Б уйлаад “та нарыг ална” гээд байх үед манай гэрийн унь унагааж 1 ширхэг униар миний баруун нүд хэсэгт нэг удаа цохиход хүүхэд нь аавыгаа аваад гэрээс гарсан. Гэмтлийн эмнэлэгт оёдол тавиулсан. Харин манай охин З.О цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. Миний биед учирсан гэмтлийг эмчлүүлж, хуулийн дагуу шийдүүлмээр байна. Гомдолтой байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-14, 16 дахь тал),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022.02.10-ны өдрийн 2639 дугаар шинжилгээний дүгнэлтэд “1. Т.Зийн биед тархи доргилт, духанд зулгаралт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, баруун нүдний доод зовхинд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь 3 хоногийн дотор үүсгэгдсэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь тэгш бус гадаргуутай, хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. 4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэжээ (хавтаст хэргийн 48-49 дэх тал),

Гэрч Д.О-ын: “2022 оны 2 дугаар сарын 05-ны өдөр эхнэр Ц.З, зээ хүүхэд 15 настай Ж.А нарын хамт гэртээ байсан. 20 цагийн үед манай дундах охины нөхөр Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай өөрийн хүүхэд Г , эрэгтэй эмэгтэй хоёр хүнтэй ирсэн. Б орж ирээд орилоод, уйлаад байхаар нь би цай хийж өгсөн чинь манай эхнэр З рүү “танай гэр бүлийнхнийг ална” гээд орилоод байхаар Г , А  нар барьж аваад гаргах үед монгол гэрийн унинаас хоёр гараараа барьчихаад гарахгүй байсан. Гэрийн унь унах үед баруун гартаа барьсан униар Бнь Зийн баруун талын нүд хэсэг рүү нэг удаа түлхэж цохисон. Б г Г , А нар гэрээс авч гарсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38 дахь тал),

Насанд хүрээгүй гэрч Ж.А ын: “2022 оны 2 дугаар сарын 05-ны өдөр эмээ, өвөө болох Д.О Т.З нарын хамт байсан. 20 цагийн үед ээжийн эгчийн нөхөр С.Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай хүүхэд Г ийн хамт ирсэн. Тэгээд өвөө, эмээ хоёртой золгоод сууж байгаад гэнэт уйлаад байхаар өвөө болиулах үед С.Б гэрээс гарахгүй “өвөө, эмээ хоёрыг ална” гээд хэл амаар доромжлоод байхаар би Б гийн хүүхэд Г ийн хамт гэрээс гаргах үед “ална” гээд гэрээс гарахгүй, өвөөгийн овгийг хэлээд монгол гэрийн унинаас бариад унагаасан. С.Б г гэрээс гаргаад буцаад орж ирэх үед эмээ Т.З ийн баруун нүд болон духнаас цус гарсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46 дахь тал),

Гэрч З.О ийн: “2022 оны 2 дугаар сарын 06-ны өдөр аав ээжийгээ цай уулгах гээд хүргэн Б ийг явуулахад ээж З ийн хамар дагаад цус гоожиж байсан. “Яасан юм бэ” гэж асуухад “зүгээр миний хүү” гэхээр нь “таны нүд хавдаад хөхөрчихсөн байна, яасан юм бэ” гэхэд өчигдөр хүргэн Б ирж золгоод агсам тавиад унь хугалаад хугалсан униараа цохисон гэж хэлэхээр нь би “эмнэлэг орж үзүүлье” гэхэд ээж “үзүүлэхгүй, зээ хүүгээ бодож байна” гээд үзүүлээгүй гэхээр нь би дүү нартаа хэлж цагдаад өргөдөл гаргаж байгаа юм. 2021 онд Б согтуу ээжийг ирж зодож байсан, тухайн үед цагдаад хандаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дахь тал),

Гэрч Ц.Д ын: “...2022 оны 2 дугаар сарын 05-ны өдөр 11 цагийн үед Бхүүхэд Г ийн хамт манайд ирсэн. ...Тэгээд би Б тэй архи уусан. Манай эхнэр ирээд бид нар Б гийн хадам аавынх руу золгуут хийхээр явсан. Бид нар гэрт нь ороод хоол цай ууж идээд Б гийн хадам аав нэг шил виски задлахаар би 3-4 удаа татсан. Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байсан. Удаагүй байхад Б монгол гэрийн баруун хойд талд уйлаад байсан. Би согтоод тасарсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дэх тал),

Шүүгдэгч С.Б гийн яллагдагчаар өгсөн: “2022 оны 2 дугаар сарын 05-ны өдөр өөрийн хадам, аав, ээж нарын гэрт найз Д , Г  болон өөрийн хүүхэд Б Г  нарын хамт 20 цагийн үед очсон. Архи согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглэсэн байсан. Манай эхнэр О.П  нь хүү бид хоёроос тусдаа буюу Турк улсад амьдарч байгаа, эхнэр маань Турк улс руу яваад өөр залуутай хамтран амьдарч байгаа талаар хүмүүсээс сонсоод удаж байсан болохоор би золгуут хийхдээ өөрийн эхнэрт гомдсон зан байдлыг буруугаар гаргаж хадам ээжтэй маргаан үүсгэсэн. Би униар цохисон талаараа санахгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 66 дахь тал),

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл (хх-22-26), шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-78), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-74), эд хөрөнгө бүртгэгдээгүй лавлагаа (хх-79), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хх-80), бусдад төлбөргүй болох тодорхойлолт (хх-81), хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар (хх-82), хохирогчид хохирлын 200,000 төгрөг шилжүүлсэн баримт (хх-84) зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг,

хохирогчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргаж өгсөн 8 хуудас хохирлын баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч С.Б согтуурсан үедээ 2022 оны 2 дугаар сарын 05-ны өдөр 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн  ** дүгээр хороо, Баянголын задгай тоотод гэр бүлийн хамаарал бүхий хадам ээж Т.З ийг урьдын таагүй харилцааны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, агсам тавьж, нүүрэн тус газарт нь униар цохиж эрүүл мэндэд тархи доргилт, духанд зулгаралт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, баруун нүдний доод зовхинд шарх, цус хуралт бүхий мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч хохиролд 200,000 төгрөг төлсөн. Хохирогчоос гаргаж өгсөн бензиний зардлыг хамруулах үндэслэлгүй байна. Харин эмийн зардал болох 15,150 төгрөгийг тооцож, төлөгдсөн гэж үзэхээр байна. 750,000 төгрөг гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэдэг нь тогтоогдохгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шүүгдэгч төлөх төлбөргүй гэж үзэхээр байна...” гэж,

хохирогчийн өмгөөлөгч “Гэм буруугийн талаар маргахгүй гэсэн тул хэлэх зүйлгүй байна. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэдгийг дэмжиж байна. Шүүгдэгч өөрөө ойлгох ёстой...” гэж,

шүүгдэгч “Миний хүү насанд хүрээгүй байгаа. Гэм буруугаа хүлээж байна. Хадмууд ч бас ойлгох хэрэгтэй. Би нэг өдөр л ажил хийхгүй бол миний хүүхэд хоосон хононо, хэн ч түүнийг тэжээхгүй” гэж тус тус гэм буруугийн дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч С. Б согтуурсан үедээ 2022 оны 2 дугаар сарын 05-ны өдөр 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, Баянголын задгай тоотод гэр бүлийн хамаарал бүхий хадам ээж Т.Зийг урьдын таагүй харилцааны улмаас агсам тавьж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, нүүрэнд униар цохиж эрүүл мэндэд тархи доргилт, духанд зулгаралт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, баруун нүдний доод зовхинд шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Т.Зийн “...С.Б архи согтруулах ундааны зүйл хэрэглсэн үедээ уйлаад “та нарыг ална” гээд гэрийн унь унагааж униар миний баруун нүд хэсэгт нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг (хх-12-14), шүүх эмнэлгийн 2639 дугаар “1. Т.Зийн биед тархи доргилт, духанд зулгаралт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, баруун нүдний доод зовхинд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-48-49), гэрч З.О-ийн “...2022 оны 2 дугаар сарын 05-ны өдөр хүргэн Бирж золгоод агсам тавиад унь хугалаад униараа цохисон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-28), гэрч Д.О-ын “...манай эхнэр З рүү Б“танай гэр бүлийнхнийг ална” гээд орилоод байхаар ...баруун гартаа барьсан униар Зийн баруун талын нүд хэсэг рүү нэг удаа түлхэж цохисон...” гэх мэдүүлэг (хх-38) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч С.Б-гийн хохирогч хадам ээж Т.Зийг хувийн таарамжгүй харилцааны улмаас агсам тавьж, нүүрэнд униар цохиж хөнгөн гэмтэл учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Т.З-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохиролд 200,000 төгрөг төлөгдсөн, хохирогчийн “Гомдолтой” гэх мэдүүлгийг тус тус үндэслэн шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс “шатахуун, эмийн зардал, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний төлбөр 1,047,000 төгрөг нэхэмжилсэн” баримт гаргасан бөгөөд үүнээс эмийн 14,150 төгрөг, 2022.02.21-ний өдрийн 21,000 төгрөгийн шатахууны зардлыг гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэн шүүгдэгчээс 35,150 төгрөгийг гаргуулахаар байна. Харин шүүгдэгчийн хувьд хохирогчид хохирол төлбөрт баримтгүйгээр 200,000 төгрөг төлсөн тул дээрх 35,150 төгрөгийг төлөгдсөнд тооцлоо. MNBC-ийн хураамж 18,000 төгрөгийг энэ хэрэгт хамааралгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож, “Жинст” эмнэлэгт 2022.03.03-нд хэвтэн эмчлүүлсэн гэх 750,000 төгрөг, шатахууны зардлын баримтуудыг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөр гэж хууль зүйн хувьд дүгнэх боломжгүй байх тул холбогдох нотлох баримтуудыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч С.Б хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх боловч орлого олдогоо нотлоогүй. Нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч С.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай” гэж,

хохирогчийн өмгөөлөгч “Шүүгдэгчийн үйлдсэн хэрэгт тохирсон байх ёстойг анхаарч үзнэ үү. Улсын яллагчийн саналыг эсэргүүцэхгүй” гэж,

шүүгдэгч “500 цаг надад амаргүй байна. Насанд хүрээгүй хүүхэдтэйгээ хоёулаа байдаг, хүүхдээ хоосон хонуулахгүйн тулд хөдөлмөрлөдөг” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (хохирогч согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ хадмынхаа гэрт хэрүүл маргаан, урьдын харилцаанаас шалтгаалсан хувийн таарамжгүй харилцаа үүсгэн хохирогчийн эрх, эрх чөлөөнд халдаж, нүүрэнд нь униар нэг удаа цохин гэмтэл учруулсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохиролд баримтгүйгээр 200,000 төлөгдсөн, хохирогч “Гомдолтой” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, тодорхой орлоготой, 16 настай хүүхдийн хамт амьдардаг ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч С.Бямбасүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 930 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 930,000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж (хувиараа хөдөлмөр эрхэлдэг, тодорхой орлого олдог гэх)-ийг харгалзан шүүгдэгч С.Бямбасүрэнг 930,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Улсын яллагчийн “Нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзэв. Өөрөөр хэлбэл нийтэд тустай ажил хийлгэх ял нь тодорхой цаг хугацаа, орон зайгаар шүүгдэгчийн ажил хөдөлмөр хийх, чөлөөтэй зорчин явах эрхийг хязгаарладаг ял бөгөөд тухайн шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхэлж амжиргаагаа залгуулах нөхцөл байдал, амьдралын ахуй, нөхцөл (ам бүл 2, 16 настай хүүгийн хамт амьдардаг)-ийг дордуулахаар байна гэж үзээд улсын яллагчийн санал болгосон 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулсан болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.Б цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт С-ын Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-г 930 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 930,000 (есөн зуун гучин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-г 930,000 төгрөгөөр торгох ялыг 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.Б цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч Т.З гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой бусад нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Л.БААТАР