Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/713

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч Д.Ууганцэцэг,

шүүгдэгч А.М, өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч А.Мийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208000000334 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Төв аймгийн Зуунмод сумын ** дугаар баг, Лансын ** гудамж, **тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Одонтын ** дугаар гудамж, ** тоотод түр оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт А-ийн М (РД:*******).

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.М согтуурсан үедээ 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Одонтын ** дүгээр гудамж, ** тоотоос хохирогч Т.Аийн эзэмшлийн годон гутлыг хулгайлан авч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсны улмаас 1,000,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч А.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өглөө нь манайд 2-3 шил архи уусан. Тэгээд ээжийндээ очсон. Нөхөр А нь гутлаа надад гаргаж өгсөн. Би хулгай хийгээгүй. Анхаарал болгоомжгүйгээсээ болж ийм хэрэгт холбогдсондоо харамсаж байна” гэв.

 

Эрүүгийн 2208000000334 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Т.Аийн: “2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр ...хадам ээжийн гэрт нөхрийн хамт ирээд байж байтал гаднаас М гэх хүн орж ирээд хоол идээд гарсан. Гарсных нь дараа би годон гутлаа хайгаад олоогүй. Мийг авсан байна гэж бодоод хайтал олоогүй. Нэг эгчтэй нь утсаар ярьтал “битгий цагдаад өгөөрэй, хоорондоо тохирчихгүй юу, манай дүү гутлыг чинь таксинд тавиад мартаад явуулсан гэж байна” гэхээр нь “за” гээд хэд хоногийн дараа дахиад ярьтал “бид нарт хамаагүй, өөрсдөө учраа ол” гэхээр нь цагдаад хандсан. 2021 оны 2 дугаар сард 1,500,000 төгрөгөөр авсан, бараг өмсөөгүй, шинээрээ байгаа. Гомдолтой байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8 дахь тал),

“Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2022.01.25-ны өдрийн 22/005 дугаар тайланд: “Годон гутал 1 хос 1,000,000 төгрөг” гэжээ (хавтаст хэргийн 26-27 дахь тал),

Гэрч Ц.А-гийн: “...2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр эхнэр Т.А бид хоёр ээжийн гэрт байж байтал гаднаас М согтуу, хашаанд орж ирэхээр нь би уулзаад хашаанаас гаргасан. Дахиад гэрт орж ирээд хоол идээд баигаад гараад явсан. Гарсных нь дараа эхнэр годон гутлаа хайгаад олоогүй. Би Мийг авсан байна гэж бодоод араас нь гараад Улаан дэлгүүрийн тэнд байх архи уудаг хүмүүсээс асуутал түрүүнд М эмэгтэй хүний годон гутал барьсан зарна гээд явж байсан, эндээс такси бариад явсан гэсэн. Тэрнээс хойш Мтэй тааралдаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дахь тал),

Гэрч А.Т-ын: “...Эрэгтэй, эмэгтэй 2 хүн эгчийн гэрт очиж Мийг асуусан байсан. Тэр 2 хүн “М годон гутал аваад яваад өгсөн” гээд хайгаад явсан гэж сонсоод гутлын хэрэгт орсон юм байна гэж бодсон. Тухайн үед манай дүү над руу залгаад годон гутал зарах гэж байна гэхээр нь хажууд байгаа хүнтэйгээ яриул гэсэн чинь нэг эрэгтэй хүн яриад манай эхнэрийн гутал байгаа юм гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал),

Шүүгдэгч А.Мийн яллагдагчаар өгсөн: “2022 оны 1 дүгээр сарын 20-ны орой Улаан дэлгүүрээс 1 шил архи аваад А-тэй хамт уугаад салаад А-гийн гэрт очоод хоол идчихээд гараад орой 17 цагийн үед дахиж А-тэй уулзсан чинь “гутлаа зармаар байна” гэхээр нь “би зараад өгье” гээд аваад явсан. Би гутлыг авч яваад таксинд суугаад 7 дугаар хорооны автобусны буудал дээр очиж дэлгүүр орчихоод гараад ирсэн чинь миний сууж явсан такси яваад өгсөн байсан. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, хохирол мөнгөө барагдуулна....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42 дахь тал),

шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-45), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-49) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч А.М нь 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Одонтын ** дүгээр гудамж, ** тоотоос хохирогч Т.Аийн эзэмшлийн годон гутлыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1,000,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар, анхнаасаа хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгчээс 1 сая төгрөг гаргуулж хохирогчид олгуулах саналтай...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Зүйлчлэл, гэм буруугийн талаар маргах зүйлгүй, няцааж үгүйсгэх зүйлгүй” гэж тус тус гэм буруугийн дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх хуралдаанаар шүүгдэгч А.М согтуурсан үедээ 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Одонтын **дүгээр гудамж, ** тоотоос хохирогч Т.Аийн эзэмшлийн годон гутлыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдэн бусдад 1,000,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Т.Аийн “...М гэх хүн орж ирээд хоол идээд гарсан ба гарсных нь дараа би годон гутлаа хайгаад олоогүй. Мийг авсан байна гэж бодоод хайтал олоогүй...” гэх мэдүүлэг (хх-8), “Мастер Үнэлгээ” ХХК-ийн “Годон гутал 1 хос 1,000,000 төгрөг” гэх үнэлгээний тайлан (хх-26-27), гэрч Ц.Амартүвшингийн “...М согтуу орж ирсэн. Мийг гарсны дараа эхнэр годон гутлаа хайгаад олоогүй. Мийг авсан байна гэж бодоод араас нь гараад Улаан дэлгүүрийн тэнд байх архи уудаг хүмүүсээс асуутал түрүүнд М эмэгтэй хүний годон гутал барьсан зарна гээд явж байсан, эндээс такси бариад явсан гэсэн...” гэх мэдүүлэг (хх-10), шүүгдэгч А.Мийн “...Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, хохирол мөнгөө барагдуулна” гэх мэдүүлэг (хх-42) зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч А.Мийн хохирогчийн гэрээс түүний 1 хос годон гутлыг хулгайлан авч 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Т.Ат 1,000,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогчийн “Гомдолтой, хохирлоо авмаар байна” гэх мэдүүлэг (хх-8)-ийг үндэслэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлөөгүй байна гэж шүүх дүгнэн шүүгдэгч А.Мээс 1,000,000 (нэг сая) төгрөг гаргуулж, хохирогч Т.А (Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, Паоквиве хотхон, ** дүгээр байр, *** тоотод оршин суух, РД:*******, утас:8689**, 9491***) олгохоор шийдвэрлэлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч А.Мэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 620 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Улсын яллагчийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг дэмжиж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү” гэж тус тус эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч согтуурсан үедээ хохирогчийн байсан гэрт хоол идээд гарахдаа годон гутлыг нууцаар, хууль бусаар авч хохирогчийн өмчлөх эрхэд халдсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчид 1,000,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогчийн “Гомдолтой, хохирлоо барагдуулж авмаар байна” гэх хүсэлт), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эрхэлсэн тодорхой ажилгүй, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх үзээд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мийг 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэлээ.

Хэдийгээр шүүгдэгч А.М “Би хулгайн гэмт хэрэг хийгээгүй. Хохирогчийн нөхөр нь уг гутлыг надад гаргаж өгсөн” гэж мэдүүлж байгаа ч хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлгээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан нөхцөл байдал бүрэн дүүрэн тогтоогдож байгааг тэмдэглэж байна.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.М цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36,3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б овогт А-ийн Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мийг 480 (дөрвөн зуун ная) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.М цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мээс 1,000,000 (нэг сая) төгрөг гаргуулж, хохирогч Т.А (Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, Паоквиве хотхон, ** дүгээр байр, ** тоотод оршин суух, РД:*******, утас:868****, 9491***)-т олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Мэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                          Л.БААТАР