Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
Хэргийн индекс | 188/2022/0733/Э |
Дугаар | 2022/ШЦТ/730 |
Огноо | 2022-06-06 |
Зүйл хэсэг | 17.3.1., |
Улсын яллагч | Р.Очирсүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 2022/ШЦТ/730
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,
улсын яллагч Р.Очирсүрэн,
хохирогч С.Ц,
шүүгдэгч Ж.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Ж.Ч-ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208006430844 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “А” ХХК-д нярав ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, Москвагийн гудамж, ** байр, ** тоотод түр оршин суух,
урьд Баянгол дүүргийн шүүхийн 1996 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 308 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2, 127 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийт 3 жилийн хорих ял шийтгэгдсэн, 1996 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Өршөөл үзүүлэх комиссын 121 дугаар тогтоолоор эдлээгүй үлдсэн 02 жил, 04 сар, 28 хоногийн ялаас өршөөгдөн суллагдсан, О овогт Ж-ын Ч(РД:*****).
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ж.Чнь Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, “А” ХХК-ийн “Б” жолооны дамжаанд салбар хариуцсан менежер нэрээр бусдыг хуурч, үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн хооронд жолооны курсын суралцагч нэр бүхий 22 хүний төлбөрийн мөнгөнөөс бэлнээр 6,330,000 төгрөг, 14 хүний төлбөрийн 2,650,000 төгрөгийг өөрийн Төрийн банкны ...тоот дансаар тус тус шилжүүлэн авч бусдад 8,980,000 төгрөгийн хохирол учруулсан залилах гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Ж.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Хохирол төлөхөөр хохирогчтой тохироод гэрээ байгуулсан. Санаатай ийм үйлдэл хийгээгүй. Цалин дээрээсээ буцаагаад өгнө гэж бодож байсан. Хохирогчоос уучлалт гуйж байна” гэв.
Хохирогч С.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2021 оны 9 дүгээр сарын 20-доор ажлын зараар Чирж бүртгүүлээд гуйгаад байсан. Тэгэхээр нь 3 сар дадлагажуулах маягаар ажилд авсан. Мөнгө шилжүүлэхгүй байхаар нь асуусан. 2022 оны 1 дүгээр сарын 14-нд очиж шалгахад мөнгө дутсан. Нэлээд араас нь хөөцөлдсөн. 1,300,000 төгрөг бэлнээр авсан. 7,680,000 төгрөгөөс хувцасны үнэ 784,000 төгрөг авсан, үлдэгдэл 6,896,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Туршилтын журмаар ажиллуулахаар болсон тул ажилд авсан тушаал гаргаагүй байсан. Ажилд орсны маргаашаас л өөрийн дансаар мөнгө авсан харагдсан. Цалингаа тавиад, бусад зардлаа өгөөд дууссан гэдэг байсан” гэв.
Эрүүгийн 2208006430844 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч С.Цгийн: “Миний бие “А” ХХК-д захирлаар ажилладаг. 2021 оны 9 дүгээр сард манай Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Б” жолооны курсийн салбарт салбар хариуцсан менежерээр ажилд хүн авна гэсэн зарыг байршуулсан. Улмаар Ч ирж уулзаад ажилд орохоор болж 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн туршилтаар сарын 850,000 төгрөгөөр цалинжуулж ажиллуулсан. 2021 оны 9 дүгээр 20-ны өдрөөс 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн хооронд манай жолооны курсийг сонгон ирж бүртгүүлсэн 55 иргэний 45 иргэнээс нь хагасалж болон бүтнээр өөрийн дансаар, бэлэн хэлбэрээр мөнгө шилжүүлэн авч 10,510,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь гар бүртгэлийн дэвтэрт Ч-тэй тулгалт хийхэд тогтоогдож гарын үсэг зурсан. Миний бие компанийн нэр хүндийг бодож дээрх иргэдэд учирсан хохирлыг компанийн зүгээс хохиролгүй болгосон. Ч бүртгүүлэхээр ирсэн иргэдийн төлбөрийг бүтнээр авахдаа тал төлбөр болох 300,000 төгрөгийг миний данс руу шилжүүлээд байсан болохоор би төлбөрийг нь тал өгсөн юм байна гэж ойлгож, мөн Ч итгэж найдаж байсан нь миний буруу болсон. “Чи энэ их мөнгийг юунд зарцуулсан юм бэ” гэж асуухад би “байрны төлбөрт болон хувьдаа хэрэглэчихсэн” гээд “учирсан хохирлыг барагдуулна” гээд нийт 1,784,000 төгрөгийн бэлэн хувцас, машины дагалдах хэрэгслийг надад өгсөн. Одоо үлдэгдэл мөнгө болох 8,726,000 төгрөгийн хохирлыг барагдуулаагүй байна. Би гомдолтой байна. Ч-ээс хохирлоо нэхэмжилж байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дэх тал),
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022.03.30-ны өдрийн 049 дугаартай дүгнэлтэд: “1. “Эн Би Эм Жи Аудит” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр гаргасан 22/12 дугаартай Хараат бус аудиторын дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэхээргүй байна. Учир нь дээрх дүгнэлтэд "...Ж.Ч нь Төрийн банкин дахь өөрийн 1024***** тоот дансаараа 3,310,000 төгрөг, бэлнээр 6,330,000 төгрөг, нийт 9,640,000 төгрөгийг хувьдаа авсан нь санхүүгийн анхан шатны баримт болон дансны хуулгаар тогтоогдож байна. Энэхүү төлбөрөөс 2022 оны 01-р сарын 28-ны өдөр 1,784,000 төгрөгийн бараа материал өгч барагдуулсан. Мөн 2022 оны 02-р сарын 26-ны өдөр захирал С.Цгийн ХААН банкин дахь төгрөгийн 5130***** тоот дансанд 500,000 төгрөг шилжүүлсэн. 2022 оны 3-р сарын 16-ны өглөө 320,000 төгрөг шилжүүлсэн. 2022 оны 3-р сарын 16-ны байдлаар 7,036,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна” гэснээс шинжилгээнд ирүүлсэн баримтын хүрээнд 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хоорондох хугацаанд 2,650,000 төгрөгийн орлогыг Ж.Ч нь Төрийн банкин дахь 1024****** тоот дансаараа хүлээн авсан боловч “А” ХХК-д тушаагаагүй байна. Харин бэлнээр авсан гэх 6,330,000 төгрөгийн төлбөрөөс барагдуулсан гэх 1,784,000 төгрөгийн баримтууд нь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтын шаардлага хангахгүй тул мөрдөн байцаалтаар тогтоохоор байна. С.Цгийн ХААН банкин дахь төгрөгийн 5130**** тоот дансны хуулга шинжилгээнд ирээгүй болно. Хүснэгт 1-ээр Ж.Ч-ийн Төрийн банкин дахь 1024***** тоот дансаараа хүлээн авсан (аудитын дүгнэлтэнд хамрагдсан) сургалтын төлбөрийн орлогын тооцоог дэлгэрэнгүй үзүүлэв. 3. Шинжилгээнд ирүүлсэн баримтаар Ж.Ч нь Төрийн банкин дахь 1024***** тоот дансаараа 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хоорондох хугацаанд (аудитын дүгнэлтэнд хамрагдаагүй) Сургалтын төвтэй холбоотой 10,730,000 төгрөгийн орлогын гүйлгээ, 5,840,400 төгрөгийн зарлагын гүйлгээ хийсэн байна. Зөрүү болох 4,889,600 төгрөгийг “А” ХХК-д тушаасан эсэх нь шинжилгээнд ирүүлсэн баримтаар тогтоогдох боломжгүй тул мөрдөн байцаалтаар тогтоохоор байна. Хавсралт 1-ээр Ж.Ч-ийн Төрийн банкин дахь 1024***** тоот дансаараа хийсэн (аудитын дүгнэлтэнд хамрагдаагүй) Сургалтын төвтэй холбоотой гүйлгээний тооцоог үзүүлэв” гэжээ (хавтаст хэргийн 118-121 дэх тал),
Гэрч Я.Э-ын: “...2021 оны 9 дүгээр сард манай салбар хариуцсан менежерээр Ч гэх эмэгтэй ажилд орсон. 2022 оны 01 дүгээр сард ажлаасаа гарсан. Жолоонд бүртгүүлэхээр ирж төлбөр төлсөн иргэдийн мөнгийг өөрийн дансаар болон бэлнээр авч хувьдаа ашигласан гэх асуудал нь ил болж ажлаас гарсан гэж би сонссон. Жолооны дамжаанд бүртгүүлж сурч байгаа иргэдийг менежер нэрсийг нь надад өгдөг, тэр өгсөн нэрстэй хүмүүсийг хотын жолоо болон дром дээр сургахаар гардаг. Манай жолооны дамжаанд сурч бүртгүүлэхээр ирсэн иргэдээс төлбөрийг зөвхөн салбарын менежер авч, улмаар данс бүртгэлд гараар хөтөлж захиралтай тооцоо нийлдэг гэж би сонссон. Манай салбарт менежер Ч-ээс өөр хүн жолооны сургалтын төлбөр огт авдаггүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39 дэх тал),
Шүүгдэгч Ж.Ч-ийн яллагдагчаар өгсөн: “...Миний бие “Амар Инвест” ХХК-ийн “Б” жолооны дамжаанд 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 8-ны өдрийн хооронд салбар хариуцсан менежерээр ажиллаж байх хугацаандаа уг жолооны курсын суралцагчдын төлбөрийг ашиглаж компанид хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Миний бие уг компаний захирал С.Цтай итгэмжлэл хийлгэж хохирлыг нь бүрэн барагдуулах болно. Одоогоор С.Цд хохирлын 1.300.000 төгрөг өгсөн байгаа. Үлдэгдэл мөнгийг итгэмжлэл хийлгэж сар бүр тогтмол өгөхөөр тохиролцсон байгаа болно...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 137 дахь тал),
“А” ХХК-аас цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл (хх-5), “А” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ (хх-14), кассын орлогын ордер (хх-113-116), шүүгдэгчийн банкны дансны хуулга (хх-57-108), шүүгдэгч, хохирогч нарын хооронд хийгдсэн гэх итгэмжлэл (хх-139),
шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-146), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-138), тээврийн хэрэгслийн лавлагаа (хх-143), оршин суугаа хаягийн лавлагаа (хх-147) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Ж.ЧСонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, “А” ХХК-ийн “Б” жолооны дамжаанд салбар хариуцсан менежер нэрээр бусдыг хуурч, үргэлжилсэн үйлдлээр буюу 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн хооронд жолооны курсын суралцагч нэр бүхий 22 хүний төлбөрийн мөнгөнөөс бэлнээр 6,330,000 төгрөг, 14 хүний төлбөрийн 2,650,000 төгрөгийг өөрийн банкны тоот дансаар шилжүүлэн авч бусдад 8,980,000 төгрөгийн хохирол учруулан бусдыг залилсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдох байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай, шүүгдэгчээс 6,896,000 төгрөг гаргуулж, хохирогчид олгуулах саналыг гаргаж байна...” гэж,
шүүгдэгч “Хэлэх зүйлгүй” гэж тус тус гэм буруугийн дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Ж.Чнь Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, “А” ХХК-ийн “Б” жолооны дамжаанд салбар хариуцсан менежер нэрээр бусдыг хуурч, үргэлжилсэн үйлдлээр буюу 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн хооронд жолооны курсын суралцагч нэр бүхий 22 хүний төлбөрөөс нь бэлнээр 6,330,000 төгрөгийг, 14 хүний төлбөрийн 2,650,000 төгрөгийг өөрийн банкны тоот дансаар тус тус шилжүүлэн авч “А” ХХК-д 8,980,000 төгрөгийн хохирол учруулан залилсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч С.Цгийн “...2021 оны 9 дүгээр 20-ны өдрөөс 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн хооронд манай жолооны курсийг сонгон ирж бүртгүүлсэн 55 иргэний 45 иргэнээс хагасалж болон бүтнээр өөрийн дансаар, бэлэн хэлбэрээр мөнгө шилжүүлэн авч манай байгууллагад 10,510,000 төгрөгийн хохирол учруулсан...” гэх мэдүүлэг (хх-23-24), шинжээчийн 049 дугаар “...Ж.Чнь Төрийн банкин дахь 1024***** тоот дансаараа 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хоорондох хугацаанд (аудитын дүгнэлтэнд хамрагдаагүй) Сургалтын төвтэй холбоотой 10,730,000 төгрөгийн орлогын гүйлгээ, 5,840,400 төгрөгийн зарлагын гүйлгээ хийсэн байна...” гэх шинжилгээ (хх-118-121), гэрч Я.Э-ын “...Манай жолооны дамжаанд сурч бүртгүүлэхээр ирсэн иргэдээс төлбөрийг зөвхөн салбарын менежер авч, улмаар данс бүртгэлд гараар хөтөлж захиралтай тооцоо нийлдэг гэж би сонссон. Манай салбарт менежер Ч-ээс өөр хүн жолооны сургалтын төлбөр авдаггүй...” гэх мэдүүлэг (хх-39), шүүгдэгч Ж.Ч-ийн “...А ХХК-ийн “Б” жолооны дамжаанд 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 8-ны өдрийн хооронд салбар хариуцсан менежерээр ажиллаж байх хугацаандаа уг жолооны курсын суралцагчдын төлбөрийг ашиглаж компанид хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хх-137) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ж.Ч-ийн үргэлжилсэн үйлдлээр “Амар Инвест” ХХК-ийн “Б” жолооны дамжаанд салбар хариуцсан менежер (тухайн албан тушаалд томилогдсон тушаал гараагүй)-ээр ажиллаж байх хугацаандаа бусдыг хуурч 8,980,000 төгрөгийг шилжүүлэн авсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан залилах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч “А” ХХК-д 8,980,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бэлнээр 1,300,000 төгрөг, 784,000 төгрөгийн хувцас шилжүүлж, шүүхийн шатанд 388,000 төгрөг, нийт 2,472,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан нь хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдож байна. Харин үлдэгдэл 6,508,000 төгрөгийг 2 жилийн хугацаанд хуваан төлөхөөр шүүгдэгч, хохирогч нар харилцан тохиролцон итгэмжлэл хийлгэсэн байгааг дурдан шүүгдэгч Ж.Ч-ээс 6,508,000 төгрөгийг гаргуулж, хохирогч “А” ХХК, хууль ёсны төлөөлөгч С.Ц (Баянзүрх дүүргийн **дугаар хороо, ** дүгээр байр, ** тоотод оршин суух, РД:****, утас:9911***)-д олгохоор шийдвэрлэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Ж.Ч-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай. Шүүгдэгч нь хохирол төлөөгүй тул торгох ял оногдуулах боломжгүй” гэж,
шүүгдэгч “Хохирогчоос уучлалт гуйж байна” гэж эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ тус тус танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Иймд шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч бусдыг хуурч, үргэлжилсэн үйлдлээр дамжаанд суралцагчдын төлбөрийн мөнгийг шилжүүлэн авч хохирогч хуулийн этгээдэд хохирол учруулсан, хохирогчийн хэт хайхрамжгүй байдал буюу санхүүгийн сахилга батгүй байдал гэмт хэрэг гарахад нөлөөлсөн), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчид 8,980,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан, хохиролд 2,472,000 төгрөг төлөгдсөн, үлдэгдэл хохирлыг 2 жилийн хугацаанд төлөхөөр тохиролцсон гэх, хохирогч “Гомдолтой байна” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа, эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Чулуунцэцэгийг 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Ч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О овогт Ж-ын Ч-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг үргэлжилсэн үйлдлээр шилжүүлэн авсан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ч-ийг 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ч нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ч-ээс 6,508,000 (зургаан сая таван зуун найман мянга) төгрөгийг гаргуулж, хохирогч “А” ХХК, хууль ёсны төлөөлөгч С.Ц (Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ** дүгээр байр, ** тоотод оршин суух, РД:****, утас:9911***)-д олгосугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Чцагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Ч-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР