| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2017/05097/и |
| Дугаар | 879 |
| Огноо | 2018-03-13 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 879
| 2018 оны 03 сарын 13 өдөр | Дугаар 101/ШШ2018/00879 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Э” Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М.З д холбогдох,
Сууц өмчлөгчдийн холбооны дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээний зардал 272,160 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Баянжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ тоотод оршин суугч иргэн М.З нь Сууц өмчлөгчдийн холбооны төлбөрөө төлөөгүй тул шүүхэд хандаж байна. Манай Сууц өмчлөгчдийн холбоо нь 2012 оны 6 дугаар сард байгуулагдаж, зургаадахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Иргэний хуулийн 148.2.3-т “Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох”, 149.1-д “Энэ хуулийн 148.2.3-т заасан үүргээ 6 сар ба түүнээс дээш сарын турш биелүүлээгүй бол”, 149..2-т “Энэ хуулийн 149.1-д заасан шаардлагыг сууц өмчлөгч сайн дураар биелүүлээгүй бол орон сууц өмчлөгчдийн холбоо өөрийн төлөөлөгчөөрөө дамжуулан шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иргэн М.З гаас Сууц өмчлөгчдийн холбооны төлбөр сарын 15,120 төгрөгийг 18 сараар тооцож 272,160 төгрөгийг гаргуулж, “Э” Сууц өмчлөгчдийн холбоонд олгуулж өгнө үү” гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие М.З нь тоотын хууль ёсны эзэмшигч бөгөөд тус байранд 2009 оны 7 дугаар сараас 2016 оны 8 дугаар сар хүртэл оршин суусан. Одоо түрээслэгч суулгаж байгаа билээ. Гэтэл тус нэхэмжлэл гаргагч “Э” сууц өмчлөгчдийн холбоо нь хууль бусаар байгуулагдсан буюу 2014 оны 1 дүгээр сараас өмнөх төлбөр болох 192,800 төгрөгийг надаас нэхэмжилсэн байгаад санал нийлэхгүй байна. Нэхэмжлэл дээр 2016 оны 5 дугаар сараас хойш огт төлбөр төлөөгүй гэсэн байсан нь үндэслэлгүй юм. Надаас нийт нэхэмжилсэн 272,160 төгрөгний 192,800 төгрөгийг төлөхгүй ба 2016 оны 5 дугаар сараас 8 дугаар сар хүртэл 4 сарын төлбөр 60,000 төгрөгийг төлнө. Харин сүүлийн 2017 оны 9 болон 10 дугаар сарын төлбөрийг түрээслэгч төлсөн байгаа. 2016 оны 9 сараас эхлэн түрээслэгч амьдарч байсан ба төлөөгүй байх ямар ч үндэс байхгүй болно“ гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Э” Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч М.З д холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал 272,160 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хариуцагч М.З нь нэхэмжилж буй үнийн дүнгээс 2016 оны 05 сараас 08 сар хүртэл 4 сарын төлбөр 60,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрнө, бусад төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гарган маргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 81 дүгээр байрны 57 айлын орон сууцны оршин суугчдын хурлын тогтоолоор “Э” Сууц өмчлөгчдийн холбоог байгуулж, Баянзүрх дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгүүлэн, дүүргийн Засаг даргаас 2014 оны 01 сарын 15-ны өдөр 45 дугаартай гэрчилгээ олгогджээ. /хх-4/
Хариуцагч М.З нь эрхийн улсын бүртгэлийн дугаартай, тоот орон сууцны өмчлөгчөөр бүртгэлтэй болох нь Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын лавлагаагаар тогтоогдож байх ба хариуцагч М.З нь орон сууцны өмчлөгчийн асуудлаар маргаагүй.
Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4-т “Орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна”, 147 дугаар зүйлийн 147.1-д “Сууц өмчлөгч нь ....дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлнө”, 148 дугаар зүйлийн 148.2.3-т “орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй” гэж заасан.
Нэхэмжлэгч нь 2014 оны 04-11 дүгээр сар, 2015 оны 09 дүгээр сар, 2016 оны 01, 02, 04, 07-11 дүгээр сар, 2017 оны 09 дүгээр сарын дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардалд нийт 272,160 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн.
“Э” Сууц өмчлөгчдийн холбооноос дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардлыг цэвэрлэгээ, материал /өрх/ 5,000 төгрөг, харуул /өрх/ 3,000 төгрөг, засвар, үйлчилгээ хуримтлал /м2/ 100 төгрөг, хогны төлбөр /өрх/ 2,000 төгрөгөөр тогтоосон байх бөгөөд хариуцагч нь сард нийт 15,120 төгрөгийг төлөх үүрэгтэй байх бөгөөд шүүхэд гаргасан хариу тайлбартаа 2016 оны 05 сараас 08 сар хүртэл 4 сарын төлбөр 60,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрнө гэснээс үзэхэд хариуцагч нь сард төлбөл зохих төлбөрийн талаар маргаагүй гэж үзэх үндэслэлтэй.
Хариуцагч нь “Э” сууц өмчлөгчдийн холбоо хууль бусаар байгуулагдсан буюу 2014 оны 01 дүгээр сараас өмнөх төлбөр болох 192,800 төгрөгийг нэхэмжилсэн гэх тайлбарыг гаргаж байх боловч “Э” Сууц өмчлөгчдийн холбоо нь 2014 оны 01 сарын 15-ны өдөр 45 дугаартай гэрчилгээ олгогдсоны дагуу үйл ажиллагаа явуулж байгаа, мөн нэхэмжлэгч нь 2014 оны 01 сараас өмнөх төлбөрийг нэхэмжлээгүй байх тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна..
Мөн хариуцагч нь орон сууцаа түрээслэж байгаа, түрээслэгч нь төлбөрийг төлөөгүй байх ямар ч үндэс байхгүй гэх тайлбарыг гаргаж байх боловч төлбөрийг төлсөн талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж, нотлоогүй болно.
Хариуцагч М.З нь орон сууцыг бусдад түрээслэн ашиглуулж байгаа нь нийтийн зориулалттай орон сууцны байрны дундын өмчлөлийн зүйлийг ашиглаагүй, холбогдох үйлчилгээг аваагүй гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд орон сууцны өмчлөгчийн хувьд хуульд заасны дагуу дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлөх үүрэгтэй, нэхэмжлэгч нь дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг шаардсан нь үндэслэлтэй, нэхэмжлэлд дурдсан хугацааны засвар үйлчилгээний зардлыг хариуцагч төлөх үүрэгтэй гэж үзнэ.
Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч М.З гаас дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардалд нийт 272,160 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Э” Сууц өмчлөгчдийн холбоонд олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хариуцагч М.З нь шүүх хуралдааны товыг мэдэж, мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурсан бөгөөд товлогдсон шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон, хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасныг баримтлан хариуцагч М.З гаас 272,160 /хоёр зуун далан хоёр мянга нэг зуун жаран/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Э” Сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,815 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.З гаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 8,815 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э” Сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР