Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/343

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

улсын яллагч Ж.Энхжаргал,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хандсүрэн,

шүүгдэгч М.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт шүүгдэгч М.Хишигбатыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2103003600015 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, машинист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Хангайн **дугаар гудамж, ** тоотод оршин суух,

урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 692 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ял,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 287 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар нэмж нэгтгэн нийт 2 жил 1 сар 6 хоногийн хорих ял шийтгүүлж, 2020 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Б овогт М-ын Х(РД:*********).

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.Х нь 2021 оны 11 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө 01 цаг 30 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхоны зүүн урд талын замд “Toyota Prius-20” маркийн ***УАО улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1, 18.3-т заасан заалтуудыг зөрчсөнөөс явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан хохирогч Д.Чийг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч М.Х шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Тухайн үед 80 км/цагийн хурдтай явсан. Гэнэт хүн гараад ирсэн. Тухайн үед жолоочийн үнэмлэхээ хаячихсан байсан тул үнэмлэхгүй явсан. Хохиролд нийт 1,400,000 төгрөг төлсөн, эм тариа 200,000 төгрөгөөр авч өгсөн. Цаашид гарах зардлыг төлнө. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

 

Эрүүгийн 2103003600015 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Д.Чийн:2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 17 цагийн орчим Улиастайд байдаг хамаатны охин Тий гэрт нь том савтай 1,5 литрийн пиво уусан. Шөнө 00 цагийн үед такси бариад явсан. Явах замдаа Э руу яриад замаараа авахаар болсон. Шөнө 01 цаг болж байхад уулзаад Э намайг “гэрт ороод амрая” гэхэд нь би “согтуу байгаа болохоор орохгүй, хоёулаа буудал оръё” гээд таксигаар цааш яваад буудлын гадаа зогссон. Би түрүүлээд машины зүүн урд талын хаалгаар буугаад явган хүний гарцаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш зам хөндлөн гарч байхад урдаас хойшоо чиглэлтэй 2 дугаар эгнээнд явж байсан машин надад зам тавьж өгөхөөр нь тэр машины урдуур явтал нэгдүгээр эгнээнд явж байсан машин намайг мөргөж унагаасан. Нэг мэдсэн Гэмтлийн эмнэлэгт байсан. Хнадад эмчилгээний зардал 932,342 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Одоо 2,000,000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хх-18, 19, 21),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2021.11.11-ний өдрийн 10843 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Д.Чийн биед баруун бугалга ясны хугарал, суудал ясны хугарал, сүүж ясын дэлбэнгийн хугарал, их тархины аалзан хальсан доорх цус харвалт, дагзны хуйханд шарх, баруун хөмсөг, зүүн хөмсөгт зулгаралт, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмлтийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэжээ (хх-86-88),

Материалаар хийсэн шүүх эмнэлгийн 2022.01.21-ний өдрийн 105 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Д.Чийн биед баруун умдаг ясны их бие, дээд, доод салааны зөрөөтэй хугарал, зүүн умдаг ясны их бие, доод салааны хугарал, ууц ясны баруун латерал массын зөрөөтэй хугарал, баруун сүүж ясны дэлбэнгийн хугарал, зүүн зулай, дагз хэсгийн хуйханд цус хуралт, дагзны хуйханд шарх, тархины аалзан хальсан доорх цус харвалт, баруун атгаал ясны хугарал, баруун хөмсөг, зүүн хөмсөгт зулгаралт, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр буюу авто ослын үед үүсгэгдэх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.15-д /аарцаг ясны цагираг тасрал/ зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэжээ (хх-166-169),

Гэрч С.Эы: 2021 оны 11 сарын 02-03д шилжих шөнө 01 цаг болж байхад Ч гэрийн гадаа ирэхээр нь уулзсан. Ч бага зэрэг согтуу байсан. Хилчин хотхоны баруун урд байрлах зочид буудал орох гээд такситайгаа буудлын замын эсрэг талд зогссон. Ч машины зүүн урд хаалгаар буугаад түрүүлээд явган хүний гарцаар зам хөндлөн гарах гээд явсан. Би таксины тооцоо хийгээд араас нь зам хөндлөн гарсан. Тухайн үед би хойноос ирж явсан машиныг өнгөрөөчихөөд замаар гарч байтал хоёрдугаар эгнээгээр явж байсан машин Чт зам тавьж өгөхөд тэр машины урдуур гараад явтал нэгдүгээр эгнээгээр явж байсан машин мөргөөд унагаасан. Автомашин зүүн урд талаараа Чийн баруун талаас бөгсөн бие орчмоор нь мөргөхөд машины урд талын салхины шилийг дагз орчмоороо мөргөөд шидэгдээд унасан...” гэх мэдүүлэг (хх-75-76),

Иргэний хариуцагч Н.Э-ын: “...“Toyota Prius-20” маркийн ***УАО улсын дугаартай тээврийн хэрэгсэл “А” ББСБ-ын нэр дээр байдаг, би энэ машиныг барьцаалж мөнгө авсан. Миний зүгээс хохирлыг төлж барагдуулахад татгалзах зүйлгүй...” гэх мэдүүлэг (хх-46),

Хас үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 11 сарын 16-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний 726 дугаартай тайланд: ““Toyota Prius-20” маркийн ***УАО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд шууд зардал 300,000 төгрөг, шууд бус зардал 30,000 төгрөг, нийт 330,000 төгрөг” гэжээ (хх-112),

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2021.12.20-ны өдрийн 346 дугаар магадлагаанд: “1. ***УАО улсын дугаартай “Toyota Prius-20” маркын тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч М.Хнь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1. “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө”, 18.3. “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна. 2. Явган зорчигч Д.Ч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэжээ (хх-116-117),

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-5-12),

шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-147), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-129), Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018.05.14-ний өдрийн 692 дугаар шийтгэх тогтоолын хуулбар (хх-132-136), Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019.03.07-ны өдрийн 287 дугаар шийтгэх тогтоолын хуулбар (хх-137-140), хохирлын баримтууд (хх-142-145), тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа (хх-150) зэрэг хэрэгт авагдсан баримтуудыг,

шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн “Хохирогчид 500,000 төгрөг шилжүүлсэн” банкны шилжүүлгийн баримт 1 хуудсыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч М.Хнь 2021 оны 11 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө 01 цаг 30 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхоны зүүн урд талын замд “Toyota Prius-20” маркын ***УАО улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1, 18.3-т заасан заалтуудыг зөрчсөнөөс явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан хохирогч Д.Чийг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

               Энэ нь хохирогч Д.Чийн “...явган хүний гарцаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш зам хөндлөн гарч байх үед ...нэгдүгээр эгнээнд явж байсан машин намайг мөргөж унагаасан...” гэх мэдүүлэг (хх-18-21), шүүх эмнэлгийн 105 дугаар “1. Д.Чийн биед баруун умдаг ясны их бие, дээд, доод салааны зөрөөтэй хугарал, зүүн умдаг ясны их бие, доод салааны хугарал, ууц ясны баруун материал массын зөрөөтэй хугарал, баруун сүүж ясны дэлбэнгийн хугарал, зүүн зулай, дагз хэсгийн хуйханд цус хуралт, дагзны хуйханд шарх, тархины аалзан хальсан доорх цус харвалт, баруун атгаал ясны хугарал, баруун хөмсөг, зүүн хөмсөгт зулгаралт, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр буюу авто ослын үед үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.15-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-166-169), гэрч С.Эы “...хоёрдугаар эгнээний машин Чт зам тавьж өгөхөд тэр машины урдуур гараад нэгдүгээр эгнээгээр явж байхад машин мөргөөд унагаасан...” гэх мэдүүлэг (хх-75-76), шүүгдэгч М.Хишигбатын яллагдагчаар өгсөн “...гэнэт гэрлийн гялбаанд ороод зогссон. Тэгтэл хажуунаас хүн орж ирээд салхины шилэнд цохигдон унасан. Буруугаа ойлгож байна” гэх мэдүүлэг (хх-178), хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-5-12) зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч М.Х-ын тээврийн хэрэгсэл жолоодох үедээ явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирэхдээ хурдаа хасаагүй, гарцаар гарч байсан явган зорчигчид зогсож зам тавьж өгөөгүй, гэрлийн гялбаанд орсон тохиолдолд хурдаа хасаагүй, зогсоогүйн улмаас хохирогч Д.Чийг мөргөж эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан болгоомжгүй үйлдэл нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1, 18.3 дахь заалтыг зөрчсөн тул шүүгдэгч М.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан буюу автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Чийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад 932,342 төгрөгийн хохирлын баримт гаргаж өгсөн, нийт 1,432,342 төгрөгийг төлж барагдуулсан болох нь талуудын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, нотлох баримт (хх-21, шүүх хуралдааны тэмдэглэл)-аар тус тус тогтоогдсон тул гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн зардлыг нөхөн төлсөн байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч М.Хишигбатыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч Д.Чийн хор уршиг бүрэн арилаагүйг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч М.Хнь 2021 оны 11 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө 01 цаг 30 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхоны зүүн урд талын замд “Toyota Prius-20” маркийн ***УАО улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1, 18.3-т заасан заалтуудыг зөрчсөнөөс явган зорчигч Д.Чийг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хорих ял оногдуулах, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Мөрдөгчийн магадлагаагаар шүүгдэгч буруутай, явган зорчигч буруугүй гэж гарсан. Тухайн үед хохирогч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ч гарцаар гарч явсан учраас буруутгах үндэслэл байхгүй. Шүүгдэгч эмчилгээний зардалд 932,342 төгрөг, нэмж 500,000 төгрөг төлсөн. Хохирогчоос цаашид эмчилгээтэй холбоотой зардлын баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх улсын яллагчийн саналыг дэмжиж байна. Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлбөрийг төлсөн зэрэг нь ял хөнгөрүүлэх үндэслэл болж байна. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээр хасаж, 1 жил хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзаж өгнө үү...” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (жолооч тээврийн хэрэгсэл жолоодох үедээ явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигчид зам тавьж өгөх, хурдаа хасах, гэрлийн гялбаанд орвол хурдаа хасах, зогсох зэрэг үүргээ биелүүлээгүйн улмаас хохирогчийг мөргөн гэмтэл учруулсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, баримтаар тогтоогдсон хохирол бүрэн төлөгдсөн, хохиролд нийт 1,432,342 төгрөг төлөгдсөн, хохирогч “Бусад хохирлоо нэхэмжилнэ” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М.Хишигбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Хцагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б овогт М-ын Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Тэнссэн хугацаанд шүүгдэгч М.Х-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Х-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5, 6-д зааснаар шүүгдэгч М.Х тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй эсхүл шинээр гэмт хэрэг үйлдвэл тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Х энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

             

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   Л.БААТАР