| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2018/00122/и |
| Дугаар | 901 |
| Огноо | 2018-03-15 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 901
| 2018 оны 03 сарын 15 өдөр | Дугаар 101/ШШ2018/00901 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г.М -ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х.Д -д холбогдох,
Бусдын хууль бус эзэмшлээс автомашин гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, “Тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-г цуцалж, 2,438,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.З, хариуцагч Х.Д хариуцагчийн өмгөөлөгч А.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Баянжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Г.М нь 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Х.Д тэй “Тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээ” гэх нэртэй гэрээг байгуулж Toyota Prius 11 маркийн, 2001 онд үйлдвэрлэгдсэн, сувдан цагаан өнгөтэй, суудлын зориулалттай 01367737 гэрчилгээний дугаартай тээврийн хэрэгслийг худалдан авагчид шилжүүлэн өгөхөөр болсон. Ийнхүү гэрээ байгуулахаас өмнө Х.Д нь гурван өдөр ирж машиныг үзэж шалгасан. Улмаар гэрээ байгуулахдаа машины үнийг 7,350,000 төгрөгөөр тохиролцож, төлбөрийг 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл сар бүрийн 12, 27-ны өдрүүдэд 325,000 төгрөгийг худалдан авагч тал худалдагчид төлөхөөр тохиролцсон. Бидний хооронд байгуулсан гэрээний 2.6-д зааснаар худалдан авагч тал нь машиныг хүлээн авахдаа шалгаж авах үүрэгтэй байсан бөгөөд Х.Д нь машиныг хүлээж авахаас 3 хоногийн өмнөөс үзэж шалгасан. Гэтэл машиныг шилжүүлж авснаас хойш удалгүй машинаа буцаамаар байна, мөнгийг маань өг гэсэн. Би машинаа буцааж авахаар очсон боловч машины хамар хэсэгт тоосго унасан гээд хонхойсон байсан тул буцааж аваагүй бөгөөд хэд хоногийн дараа засаад өгөхөөр болсон. Х.Д нь 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр машиныг өөртөө шилжүүлж авсан бөгөөд миний машиныг буцааж өгнө гэсэн боловч одоог хүртэл унаж, тохиролцсоны дагуу миний эзэмшилд буцааж өгөхгүй байна. Иймд Х.Д ий хууль бус эзэмшлээс ******* ******* дугаартай автомашиныг гаргуулж өгнө үү. Талуудын ярьж байгаагаар гэрээг цуцлая гэдэг шаардлага тавьж гэрээг цуцалсан буюу цуцлах санал гаргасан өдрөөс хойш хугацаа өнгөрсөн тул 1,500,000 төгрөгийг гаргуулахгүйгээр машиныг эзэмшилд гаргуулах хүсэлтэй байна. Сөрөг нэхэмжлэлтэй холбоотойгоор хавтаст хэрэгт авагдсан баримтыг харахаар тухайн үед аль аль тал доголдлын талаар гомдол гаргаагүй байдаг. Өөрөөр хэлбэл машин маань ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байсан. Тухайн үед шалгаад үзэх боломжтой байсан тул тухайн эд хөрөнгийн доголдолгүй байсан гэж үзэх нь зүйтэй. 2,438,000 төгрөгийн засвар оруулсан байгаа нь машиныг Х.Д өөрөө эзэмшиж байх явцдаа эвдэлж, тэрийг зассан гэж харагдахаар нотлох баримтуудыг хэрэгт өгсөн байгаа. Тиймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар, сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Г.М гэдэг хүнтэй харилцан тохиролцож ******* ******* дугаартай автомашиныг худалдан авах талаар ярилцсан. Тэр үед Г.М нь энэ миний машин байгаа юм, хийх зүйл байхгүй гэсэн, үнээ 7,350,000 төгрөгөөр тохирч, урьдчилгаа 1,500,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. Ингээд тохиролцсоны дагуу 2017 оны 09 сарын 12-ны өдрийн 17 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 502 дугаар байрны гадаа очиход түүний эхнэр гэх хүн гарч ирэн уулзаж гэрээнд гарын үсэг зуруулаад, намайг мөнгө шилжүүлсний дараа машины бичиг баримтыг өгөөд явсан. Миний хувьд тэд нарын ямар ч асуудалгүй машин гэдэгт итгээд мөнгөө шилжүүлсэн, ингээд машины гэрчилгээг харахад Г.М ын биш Л.Б гэдэг хүний нэр дээр байхаар нь гайхаад асуутал, манай ахын машин байгаа юм, надад итгэмжлэл нь байгаа гэж хэлж байсан. Г.М ын үг яриа нь зөрж эхэлсэн, дээр нь өөрөө машины талаар сайн мэдлэггүй учир юмыг яаж мэдэх вэ гээд гэрээ хийсний маргааш буюу 2017 оны 09 сарын 13-ны өдөр Баянзүрх дүүрэг, Шар хаданд байрлах Харх автосервист очин оношилгоонд оруулахад “явах эд анги бүтэн доголдолтой, засахад 1,640,000 төгрөгийн засвар үйлчилгээ шаардлагатай” гэж оношилсон. Үүнийг сонсоод би Г.М д наймаагаа буцаая гэхэд засвар үйлчилгээг нь хийлгэж өгөөд, гарсан засварын үнийг үндсэн үнээс хасахаар тохиролцож 2017 оны 09 сарын 14-ний өглөө 11 цагт гучин хоёрын тойргийн дэргэд байрлах Сансар супермаркетын үүдэнд уулзахаар тохиролцсон. Товлосон цагтаа ирэхгүй болохоор нь гэрт нь очиход эхнэр нь л гэртээ байсан. Эхнэрт нь машин чинь гэмтэлтэй байна ш дээ гэхэд итгэхгүй маргалдаад байсан учир хамтдаа Баянбүрдийн тойрогт байрлах Панда засварын газар үзүүлэхэд Харх автосервисийн оношилгоотой яг таарч байсан. Эхнэр нь үүнийг мэдээд, за наймаагаа буцаая, маргааш урьдчилгаа мөнгийг чинь шилжүүлье гээд салцгаасан. 2017 оны 09 сарын 15-ны өдөр манай хөрш айлын хашаанаас барилгын блок шидэгдэж машины хамрыг гэмтээсэн байсан ба би тэр үед цагдаа дуудаж бүртгүүлэн хөрш Ч******* гэх хүн блок шидсэнээ зөвшөөрч хохирол барагдуулахаар болсон ба энэ өдрийн 15-16 цагийн орчим Г.М болон түүний эхнэр, машины эзэн гэх хоёр үл таних эрэгтэйтэй ирсэн. Гэвч тэд нарын утсаар ярьж байхаас сонсоход дагуулж ирсэн хоёр хүн нь Батцэнгэл биш Н******* гэгч болох нь мэдэгдсэн. Г.М эхнэрийн хамт 1 сая төгрөг авчирч өгөөд машинаа аваад явъя гэсэн боловч банк ороод алга болсон ба нөгөө хамт ирсэн хоёр хүн нь яваад өгсөнөөс хойш хэн ч надтай холбогдоогүй, утастахаар дуудлага авдаггүй байсан. Би дахин 2017 оны 09 сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороололд байрлах Приус сервист бүтэн оношилгоонд оруулахад мотор нь муудсан доголдолтой удаан явсан машин байна, 800,000 төгрөгөөр засварлана гэж байсан Үүний дараа 9 сарын сүүлээр Г.М тай арай гэж хөөцөлдөж байж олж уулзахад “миний Батцэнгэлээс авсан итгэмжлэл өмгөөлөгч дээр байгаа, чи засвараа хийлгэчих, тэр мөнгийг чинь үндсэн мөнгөнөөс хасаж тооцоцгооё гээд өөрийн гараар бичиг бичиж өгсөн. Өмгөөлөгч гэх хүнтэй нь уулзахад тийм итгэмжлэл огт байгаагүй учир би Г.М ыг надад хулгайн машин зарж намайг залилсан байж магадгүй гээд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст гомдол гаргасан, гэрээтэй юм байна, иргэний асуудал гээд хүлээж авахаас татгалзсан. Одоо Г.М нь миний хууль бус өмчлөлөөс машинаа гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ч бодит байдал дээр энэ машин нь түүний өмчлөлийнх бус, харин ч надад биет байдлын болон эрхийн доголдолтой автомашин зарах гэрээ байгуулан 1,500,000 төгрөг авсан байна. Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д “худалдах, худалдан авах гэрээний зүйл нь биет байдлын болон эрхийн доголдолгүй зүйл байх ёстой” гэсэн заалтыг зөрчсөн учир уг гэрээ хүчин төгөлдөр бус, мөн түүний нэхэж буй зүйл нь өөрийнх нь өмчлөлийн бус хөрөнгө учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-д “Эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль нь ч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу дээрх машин зээлээр худалдах, худалдан авах гэрээг цуцалж, түүнд машины мөнгө гэж урьдчилгаанд төлсөн 1,500,000 төгрөг, мөн оношилгоо болон засвар үйлчилгээнд зарцуулсан 938,000 төгрөг, нийт 2,438,000 төгрөгийг Г.М ас гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Иймд Г.М ас 2,438,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.М нь хариуцагч Х.Д д холбогдуулан бусдын хууль бус эзэмшлээс автомашин гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг,
хариуцагч Х.Д нь нэхэмжлэгч Г.М д холбогдуулан “Тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-г цуцалж, 2,438,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргасан.
1/ Хариуцагч Х.Д д холбогдох бусдын хууль бус эзэмшлээс автомашин гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагын талаар
Нэхэмжлэгч Г.М нь ******* ******* дугаартай, Toyota Prius 11 маркийн автомашиныг хариуцагч Х.Д өөс гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Г.М , хариуцагч Х.Д нар нь 2017 оны 09 сарын 12-ны өдөр “Тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, Г.М нь Toyota Prius 11 маркийн, ******* ******* улсын дугаартай автомашиныг Х.Д ий эзэмшилд шилжүүлж, Х.Д нь урьдчилгаа төлбөрт 1,500,000 төгрөгийг Г.М д бэлнээр төлсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй. /хх-4-5/
Хариуцагч нь нэхэмжлэгчийг эрхийн зөрчилтэй автомашин худалдсан гэх тайлбарыг гарган маргасан.
Иргэн, хуулийн этгээд нь хуульд зааснаар хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах эрхтэй ба Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар өөрийн өмчийн зүйлээ бусдын эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор чөлөөтэй эзэмших, ашиглах, үр шимийг хүртэх, захиран зарцуулах эрхтэйгээс гадна бусдын хууль бус эзэмшлээс буцаан шаардах, өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, өмчлөх эрхийг хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй. Өмчлөгч нь тухайн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмч мөн гэдгийг баталж, өмчлөгч гэдгээ нотолсон байх шаардлагатай.
Нэхэмжлэгч Г.М нь уг автомашиныг 2017 оны 04 сарын 24-ний өдрийн “Тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-гээр Л.Б ээс худалдан авсан, тээврийн хэрэгслийн гэрчилгээг нэр дээрээ шилжүүлж авалгүй худалдсан гэх тайлбарыг гаргаж байх бөгөөд ******* ******* улсын дугаартай, Toyota Prius 11 маркийн автомашины эзэмшигч нь Л.Б болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /хх-7-8/
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар заасан тул нэхэмжлэгч Г.М , хариуцагч Х.Д нарын хооронд ******* ******* улсын дугаартай, Toyota Prius 11 маркийн автомашиныг худалдаж, худалдан авахаар тохиролцсон 2017 оны 09 сарын 12-ны өдрийн “Тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзнэ.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан бөгөөд зохигчдын хооронд Toyota Prius 11 маркийн, ******* ******* улсын дугаартай автомашиныг худалдах, худалдан авахаар тохиролцсон гэрээ нь хүчин төгөлдөр бус байх тул 2017 оны 09 сарын 12-ны өдрийн “Тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулагдсан гэж үзэхгүй.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөхөөр зохицуулсны дагуу нэхэмжлэгч Г.М нь автомашины урьдчилгаа төлбөрт авсан 1,500,000 төгрөгийг хариуцагчид, хариуцагч Х.Д нь автомашиныг нэхэмжлэгчид тус тус буцаан өгөх нь хуульд нийцнэ.
Иймд Toyota Prius 11 маркийн, ******* ******* улсын дугаартай автомашиныг хариуцагч Х.Д өөс гаргуулж нэхэмжлэгч Г.М д олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
2/ Нэхэмжлэгч Г.М д холбогдох “Тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-г цуцалж, 2,438,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар
Хариуцагч нь эрхийн зөрчилтэй автомашин худалдсан тул гэрээг цуцалж, урьдчилгаа төлбөрт төлсөн 1,500,000 төгрөг, автомашины оношилгоо, засвар үйлчилгээнд зарцуулсан 938,000 төгрөг, нийт 2,438,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагч Х.Д автомашиныг 2017 оны 09 сараас хойш ашиглаж байгаа, автомашиныг хариуцагч өөрөө үзэж шалгаж авсан, эвдрэл гэмтэлгүй автомашин өгсөн, Х.Д өөрөө эзэмшиж ашиглаж байх хугацаандаа эвдрэл гэмтэл гарсаныг зассан нь нэхэмжлэгчид хамааралгүй гэх тайлбар гарган маргасан.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд зохигчдын хооронд 2017 оны 09 сарын 12-ны өдөр байгуулсан “Тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасныг баримтлан хэлцэл хийсэн талууд нь хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөхөөр зохицуулсны дагуу нэхэмжлэгч Г.М нь автомашины урьдчилгаа төлбөрт авсан 1,500,000 төгрөгийг хариуцагчид, хариуцагч Х.Д нь автомашиныг нэхэмжлэгчид тус тус буцаан өгөх нь хуульд нийцэх талаар дүгнэж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс 1,500,000 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгох үндэслэлтэй.
Хариуцагч нь Toyota Prius 11 маркийн, ******* ******* улсын дугаартай автомашины эвдрэл, гэмтэлийн оношилгоо, засвар үйлчилгээнд зарцуулсан 938,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар нэхэмжилж авто засвар, оношилгооны газрын баримт болон зарлагын баримтыг ирүүлсэн боловч нэхэмжлэгч Г.М , хариуцагч Х.Д нар нь 2017 оны 09 сарын 12-ны өдөр Toyota Prius 11 маркийн, ******* ******* улсын дугаартай автомашиныг шилжүүлэхдээ уг автомашиныг хүлээлцсэн баримт үйлдээгүй, автомашиныг хүлээлцэх үед уг автомашины биет байдлын доголдлын талаар хэн алиндаа шаардлага тавиагүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул автомашины оношилгоо, засвар үйлчилгээнд зарцуулсан гэх 938,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах үндэслэлгүй.
Иймд нэхэмжлэгч Г.М ас 1,500,000 төгрөгийг гаргуулж хариуцагч Х.Д д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 938,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Х.Д өөс Toyota Prius 11 маркийн, ******* ******* улсын дугаартай автомашиныг гаргуулан нэхэмжлэгч Г.М д олгож үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Г.М ас 1,500,000 төгрөгийг гаргуулан хариуцагч Х.Д д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 938,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч Г.М нь шүүх хуралдааны товыг мэдэж, мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурсан бөгөөд хувийн шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон, өмгөөлөгчийг нь оролцуулан хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар шийдвэрлэв.
Хариуцагч Х.Д Toyota Prius 11 маркийн, ******* ******* улсын дугаартай автомашиныг ашиглаж байх хугацаанд уг автомашины урд хэсэгт тоосго унаж хонхойсон талаар зохигчид хэн аль нь тайлбартаа дурдаж байх боловч нэхэмжлэгч нь уг асуудалтай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Х.Д өөс Toyota Prius 11 маркийн, ******* ******* улсын дугаартай автомашиныг гаргуулан нэхэмжлэгч Г.М д олгож, нэхэмжлэгч Г.М ас 1,500,000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгийг гаргуулан хариуцагч Х.Д д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 938,000 /есөн зуун гучин найман мянган/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Д өөс 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.М д олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53,958 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.М ас сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хангасан дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 38,950 төгрөгийг гаргуулж хариуцагч Х.Д д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР