Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 181/ШШ2018/00894

 

2018 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 181/ШШ2018/00894

Улаанбаатар хот

                                            

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ж.Э-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Т.Х-д холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 273.672.900 төгрөг гаргуулах тухай  хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Э, түүний өмгөөлөгч С.У, хариуцагчийн төлөөлөгч П.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Байгалмаа нар оролцов.

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ж.Э миний бие өөрийн найз Т.Х-тай 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 2 сарын хугацаатай, сарын 4%-ийн хүүтэй 200.000.000 төгрөгийг барьцаагүйгээр зээлдүүлсэн.

Т.Х нь нөхөртэйгээ хамтран хийж байгаа эрчим хүчний тендерийн ажилаа дуусгаж хүлээлгэж өгөх гэтэл мөнгө хэрэгтэй болоод байна, төсвөөс мөнгө ороод ирэхээр төлчихнө гээд гуйгаад байхаар нь зээлдүүлсэн бөгөөд нөхөртэйгээ хамт ирж мөнгийг хүлээн авсан.

Үүнээс хойш хэд хоногийн дараа мөнгө хэрэгтэй байна гэхээр нь 2014 оны 8 дугаар сард 100.000.000 төгрөгийг нэмж зээлдүүлсэн.

Надаас зээлсэн мөнгийг өгөхгүй байсаар дахин шинэ тендерийн ажил авах болсон, миний нэр дээр үл хөдлөх хөрөнгө шилжүүлж барьцаа хөрөнгөтэй болоход туслаач, үүний хариуд тухайн үл хөдлөх хөрөнгөний үнэлгээний 10%-ийг сар болгон өгч байя гэхээр нь 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах өөрийн өмчлөлийн объектыг барьцаанд тавиулахаар Т.Х-ы нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэхэд бэлэглэлийн гэрээтэй хөрөнгийг барьцаанд тавиулахгүй гэхээр нь худалдах, худалдан авах гэрээ хийж түүний нэр дээр шилжүүлсэн. Уг үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ нь 420.000.000 төгрөг болсон тул сар бүр 4.200.000 төгрөг өгч байхаар аман тохиролцоо хийсэн. Уг барьцааны хугацаа нь 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр дуусч объектоо буцаан шилжүүлж авсан.

Т.Х нь зээлсэн мөнгийг өгөх боломжгүй байна гэсээр 2015 оны цагаан сарын өмнө ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй байна, дахиад мөнгө зээлдүүлээч гэхээр нь 28.000.000 төгрөгийг нэмж зээлдүүлэн түүний дансаар шилжүүлэн өгсөн.

Ж.Э-ны дансанд 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 20.000.000, 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 12.000.000, 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 15.000.000, 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 3.000.000, 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 50.000.000 төгрөгийг 2 удаа, 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 5.000.000 төгрөгийг 2 удаа, 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 2.000.000, 2016 оны 2 дугаар сарын 02-ны өдөр 1.500.000, 2016 оны 2 дугаар сарын 03-ны өдөр 100.000.000, 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 10.000.000, 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 15.000.000 төгрөг, нийт 302.100.000 төгрөгийг  хариуцагч Т.Х тус тус шилжүүлсэн нь үнэн.

Харин 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 20.000.000 төгрөгийг Т.Х  Худалдаа хөгжлийн банкны 453082217 дугаартай А.Туяагийн дансанд шилжүүлсэнийг Ж.Э-д өгсөн гэж үзэх боломжгүй тул хүлээн зөвшөөрөхгүй

Бидний хооронд 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэг 216.000.000 төгрөг болж байгаа бөгөөд гэрээнд заасны дагуу зээл, хүү төлөгдөх хүртэлх алданги 36.472.900 төгрөг болж байна.

Мөн Үл хөдлөх эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээгээр тохиролцон өмчлөлд нь шилжүүлж барьцаанд тавиулсаны төлбөрт өгөхөөр тохирсон 109.200.000 төгрөг, сүүлд зээлсэн 128.000.000 төгрөгийг тус тус нэмэхээр нийт 273.672.900 төгрөг болж байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Х 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 200.000.000 төгрөгийг сарын 4%-ийн хүүтэй 2 сарын хугацаатай зээлдүүлсэн зээлийг хүүгийн хамт төлсөн  тул зээлийн гэрээний алданги 36.472.900 төгрөг, сүүлд нэмж авсан 100.000.000 төгрөг, 28.000.000 төгрөг, үүн дээр Иргэний хуулийн 287 дугаар зүйлд заасан үндэслэлээр үл хөдлөх эд хөрөнгөө барьцаанд тавиулсан 26 сарыг нэг сарын мөнгө болох 4.200.000 төгрөгөөр бодоход 109.200.000 төгрөгийг гаргуулан, нийт 273.672.900 төгрөгийг хариуцагчаас гаргуулан өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Хариуцагч Т.Х нь нэхэмжлэгч Ж.Э-тай 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 2 сарын хугацаатай, сарын 4%-ийн хүүтэй 200.000.000 төгрөгийг барьцаагүйгээр зээлдэж авсан нь үнэн. Үүний дараа 100.000.000 төгрөг, 28.000.000 төгрөгийг тус тус зээлсэн нь ч үнэн.

Зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө буюу 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 13.600.000 төгрөгийг Ж.Э-д өгсөн.

Хариуцагч Т.Х нь 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 20.000.000, 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 12.000.000, 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 15.000.000, 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 3.000.000, 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 50.000.000 төгрөгийг 2 удаа, 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 5.000.000 төгрөгийг 2 удаа, 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 2.000.000, 2016 оны 2 дугаар сарын 02-ны өдөр 1.500.000, 2016 оны 2 дугаар сарын 03-ны өдөр 100.000.000, 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 10.000.000, 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 20.000.000, 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 15.000.000 төгрөгийг тус тус шилжүүлж, нийт 322.100.000 төгрөгийг  нэхэмжлэгч Ж.Эд төлсөн.

Т.Х нь Худалдаа хөгжлийн банкны  453082217 дугаартай  А.Т-ийн дансанд 20.000.000 төгрөг шилжүүлэхдээ “Халиунаас Энх-Оюунд зээл төлөв” гэж бичсэн байх тул хариуцагчаас нэхэмжлэгчид төлсөн 322.100.000 төгрөгт оруулан тооцсон болно.

Зээлийн гэрээний алдангид  30 гаруй сая төгрөг төлөх үлдэгдэлтэй байгаа гэж үзэж байна.

Харин үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавиулсны төлбөрт 109.200.000 төгрөгийн ямар үндэслэлээр  нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч 109.200.000 төгрөгийг эд хөрөнгө хөлслөх гэрээ гэж тайлбарлаж байгаа ч уг хөрөнгийг Т.Х эзэмшиж, ашиглаж байгаагүй тул эд хөрөнгө эзэмшиж, ашигласны хөлсийг төлөх үүрэггүй гэв.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

                                                                                                             ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэстэй.

Нэхэмжлэгч Ж.Э нь хариуцагч Т.Х-аас 273.672.900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч Т.Х нь нэхэмжлэгч Ж.Э-аас 200.000.000 /хоёр зуун сая/ төгрөгийг 2 сарын хугацаатай зээлж, 4 хувийн хүүтэйгээр 0,1 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцож 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Зээлийн гэрээ байгуулжээ. /хх-ийн 6-р хуудас/

Дараа нь 2014 оны 8 дугаар сард 100.000.000 төгрөг, хэсэг хугацааны дараа  28.000.000 төгрөгийн тус тус зээлж авсан болох нь зохигчийн тайлбар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 7-р хуудас/

НЭГ. 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Зээлийн гэрээтэй зээлийн тухайд:

2014 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хариуцагч /зээлдэгч/ Т.Х нь нэхэмжлэгч /зээлдүүлэгч/ Ж.Э-аас 2 сарын хугацаатай, 4%-ийн хүүтэй, 0,1%-ийн алданги төлөхөөр харилцан тохиролцож 200.000.000 /хоёр зуун сая/ төгрөгийг зээлдэн авч Зээлийн гэрээ  байгуужээ.  /хх-ийн 6-р хуудас/

Зохигчид Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хүү, анз  тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсэг зурснаар зээлийн гэрээ хүчин төгөлдөр болжээ.

Хариуцагч Т.Х нь 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад буюу 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр зээлийн хүүд 13.600.000 төгрөгийг өгч гэрээний хугацаа 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр дууссан байна.

Зээлдэгч Т.Х нь зээлийн гэрээний дагуу зээлийн хүүд 13.600.000 төгрөгийг төлж, зээлийн гэрээний хугацаа дуусахад үндсэн зээл 200.000.000 төгрөг, 2 сарын хугацааны хүүний үлдэгдэл 2.400.000 төгрөг, нийт 202.400.000 төгрөгийг гэрээнд заасны дагуу 0,1%-ийн алдангитай нь төлөх үүрэгтэй.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэгтэй.

Гэрээний хугацаа 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр дууссан боловч хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул зээл, хүү төлөх үүрэгтэй болно.

2014 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0,1%-ийн алдангийг гэрээний үндсэн дүн 200.000.000 төгрөг, хүүгийн үлдэгдэл 2.400.000 төгрөг, нийт 202.400.000 төгрөгийг бүрэн төлсөн 2016 оны 2 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл тооцоход /2014.11.28-нд 11.941.600, 2014.12.26.-нд 5.107.200, 2015.01.26 нд-5.282.400, 2015.02.04-нд 1.398.600, 2015.7.08-нд 3.495.400, 2015.10.26-нд 5.659.200, 2015.11.27-нд 1.314.400, 2016.2.2-нд 2.666.400/ алдангид нийт 34.198.700 төгрөгийн алданги төлөх үүрэгтэй байна. /хх-ийн 51-64,66-68,90-122-р хуудас/

Иймд  2014 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн зээлд  200.000.000 төгрөг, хүүд 2.400.000 төгрөг, алдангид 34.198.700 төгрөг, нийт 236.598.700 төгрөгийг зээлдүүлэгчид төлөх үүрэгтэй байна.

ХОЁР. 2014 оны 8 дугаар сард 100.000.000 төгрөг, хэсэг хугацааны дараа  28.000.000 төгрөгийн зээлийн тухайд:

Нэхэмжлэгч /зээлдүүлэгч/ Ж.Э нь хариуцагч /зээлдэгч/ Т.Хд 2014 оны 8 дугаар сард 100.000.000 төгрөг, хэсэг хугацааны дараа  28.000.000 төгрөгийн зээлийг өгч тэмдэглэл үйлдсэн байна. /хх-ийн 7-р хуудас/

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4.-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасны дагуу талуудын хооронд зээл авсан тухай тэмдэглэл үйлдэн 128.000.000 төгрөгийг Т.Х-д шилжүүлсэн боловч талууд хэлэлцэн тохирч хүү, алданги төлөхөөр тохиролцон зээлийн гэрээг бичгээр хийсэн гэж үзэх үндэсгүй байна.  

Мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3.-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэсэн байх тул 128.000.000 төгрөг зээлдүүлсэн гэрээнд хүү, алданги тооцох үндэсгүй.

Зээлдэгч Т.Х нь  2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 20.000.000, 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 12.000.000, 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 15.000.000, 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 3.000.000, 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 50.000.000 төгрөгийг 2 удаа, 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 5.000.000 төгрөгийг 2 удаа, 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 2.000.000, 2016 оны 2 дугаар сарын 02-ны өдөр 1.500.000, 2016 оны 2 дугаар сарын 03-ны өдөр 100.000.000, 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 10.000.000, 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 15.000.000 төгрөгийг тус тус шилжүүлж, нийт 302.100.000 төгрөгийг зээлдүүлэгч Ж.Э хүлээн авсан, болох нь хэрэгт авагдсан депозит дансны хуулгууд, бэлэн мөнгөний баримтууд зэрэг нотлох баримтаар нотлогдож байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй болно. /хх-ийн 51-64,66-68,90-122-р хуудас/

Хариуцагч Т.Х нь 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны  453082217 дугаартай  А.Туяагийн дансанд 20.000.000 төгрөг шилжүүлснийг Ж.Э-ны зээлийн төлбөрийг төлсөн гэж үзэх үндэсгүй тул хариуцагчаас нэхэмжлэгчид төлсөн 322.100.000 төгрөгнөөс хасч тооцсон болно.

Хариуцагч Т.Х нь талуудын хооронд 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан  зээлийн гэрээний үндсэн зээл 200.000.000 төгрөг, хүүд 2.400.000 төгрөг, алдангид 34.198.700 төгрөг, нийт 236.598.700 төгрөгийг,

2014 оны 8 дугаар сард зээлсэн 100.000.000 төгрөг, хэсэг хугацааны дараа зээлсэн 28.000.000 төгрөгийг,  нийт 364.598.700 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байснаас  302.100.000 төгрөгийг нэхэмжлэгч Ж.Э-д төлсөн байх тул үлдэх 62.498.700 төгрөгийг хариуцагч Т.Х-аас гаргуулан нэхэмжлэгч Ж.Э-д олгох үндэстэй. /364.598.700-302.100.000=62.498.700/

ГУРАВ. үл хөдлөх эд хөрөнгөө барьцаанд тавиулсан 26 сарыг нэг сарын мөнгө болох 4.200.000 төгрөгөөр бодоход 109.200.000 төгрөг гаргуулах тухайд:

Нэхэмжлэгч Ж.Э нь 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр  Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгат гудамж, 5 дугаар байрны 1 дүгээр давхарын хэсэгт байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд тавих, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, барьцаалбар үйлдэх, зээлийг хүлээн авах, барьцааг бүртгүүлэх, зээлийг захиран зарцуулах, лавлагаа авах зэрэг эрхийг Т.Х-д олгож итгэмжлэл үйлдэн нотариатаар батлуулсан байна. /хх-ийн 171-р хуудас/

Дээрх итгэмжлэлийн дагуу зээлдэгч Энх-Өглөө ХХК-ийн төлөөлж Т.Х нь Төрийн банк ХХК-тай 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 1340 дугаартай Зээлийн эрх нээх гэрээ байгуулан 420.000.000 төгрөгийг сарын 2,4%-ийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлдэж, Ж.Э-ны өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж мөн өдөртөө 1341 дугаартай барьцааны гэрээ байгуулан барьцаалбар үйлджээ. /хх-ийн 158-177-р хуудас/

Төрийн банк ХХК нь 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 26/12360 дугаартай Барьцаа хөрөнгө чөлөөлөх тухай албан бичгийг Чингэлтэй дүүргийн бүртгэлийн хэлтэст явуулснаар барьцаа хөрөнгө нь барьцаанаас чөлөөлөгджээ. /хх-ийн 180-182-р хуудас/

Дээрх зээлийн болон барьцааны гэрээнд Т.Х нь Ж.Э-ны өмнө ямар нэгэн үүрэг хүлээгээгүй байна.

Нэхэмжлэгч Ж.Э нь өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 287 дугаар зүйлд заасны дагуу Т.Хд хөлслүүлсэн гэж мэтгэлцэж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар өөрийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй тул үл хөдлөх эд хөрөнгөө барьцаанд тавиулсан 26 сарыг нэг сарын мөнгө болох 4.200.000 төгрөгөөр бодоход 109.200.000 төгрөгийг гаргуулах тухай Ж.Э-ны нэхэмжлэлийн шаардлагагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй

Иймд хариуцагч Т.Х-аас 62.498.700 төгрөгийг гаргуулан  нэхэмжлэгч Ж.Эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 211.174.200 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрээгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,  116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

            1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1., 232 дугаар зүйлийн 232.6-т заасныг баримтлан Т.Х-аас 62.498.700 /жаран хоёр сая дөрвөн зуун ерөн найман мянга долоон зуу/ төгрөг гаргуулж Ж.Э-д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 211.147.200 /хоёр зуун арван нэгэн сая нэг зуун дөчин долоон мянга хоёр зуу/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтйин хураамжид төлсөн 2.022.450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж , хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 470443 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Э-д олгосугай.

         3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

                                         

                                     ДАРГАЛАГЧ                            Ч.ИЧИНХОРЛОО